2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/83

 

 

 

 

 

 

 

2025       01          06                                    2025/ШЦТ/83

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч М.Сумъяа,

шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ****** овогт Х-ын Тд холбогдох эрүүгийн 2406 05140 2141 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ***** дугаар хороо, ******** байрны **** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ***** дугаар хороо, ******** тоотод оршин суух,

            Урьд, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж, хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

            ******** овогт Х-ын Т /регистрийн дугаар: *********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Х.Т нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, *********** гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин Т.Агийн биед халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, шанаа зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2406 05140 2141 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгасан баримтууд, жолоочийн үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49, 51-58-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч М.Сумъяа шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “... шүүгдэгч Х.Т нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, ******** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин Т.Агийн биед халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, шанаа зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгч Х.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед манай охин нэлээн гадуур явдаг байсан болохоор ийм зүйлээс болж л маргаан гарах болсон. Манай өсвөр насны охин гадуур, шөнө орой яваад байсан болохоор 2-3 удаа ширээний ард суугаад ярилцаж үзсэн боловч сайн ойлгуулж чадаагүй юм шиг байна. Эмээ, өвөө хоёр нь “хүний өрөнд ормооргүй байна. Энэ охин дийлдэхээргүй боллоо” гэж хэлээд явсан. Одоо бол ер нь тухайн үйл явдлаас хойш үнэхээр сайхан байгаа. Манай охин хоёр дүүдээ ээж шиг нь байгаа...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Х.Т нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин Т.Агийн биед халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, шанаа зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Насанд хүрээгүй хохирогч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Өнөөдөр 14 цагийн үед манай хичээл тарсан. Би маргааш өөр ангид эрүүл мэндийн хичээл орох ёстой байсан. Би тухайн хичээлд бэлдээд 2 цаг 30 минут орчим болсон. Тэр талаараа эмээ, аав хоёртоо хэлсэн. Хичээлээ бэлдэж дуусчхаад би 17 цагийн үед гэртээ харьсан. Би гэр лүү очтол аав маш их ууртай намайг чи юу хийгээд хаагуур яваад байгаа юм гэж надад хэлсэн. Аав уурласаар байгаад надад гар хүрсэн. Эхлээд миний нүүр лүү дөрвөн удаа алгадсан. Гар, хөл, гэдэс рүү гурван удаа өшиглөсөн. Мөн миний толгойны зүүн тал руу 2 удаа гараараа цохисон. Тэгээд бас намайг нэг удаа алгадаад шүүгээнээсээ хутга гаргаад над руу дайрсан. Тухайн үед эмээ аавыг болиулсан. Тэгээд аав пизда, лалар, гичий, янхан, бие үнэлэгч, нохойн гөлөг гэх зэрэг үгсээр харааж доромжилж над руу уурласан. Тэгээд аав хамтран амьдрагч руугаа гараад явсан. Би аавыг гарсны дараа мессенжер видеогоор ээж рүүгээ залгаж, намайг аваач надад хэцүү байна гэж хэлсэн. Өнөөдөр намайг би даалт хийж байгаад итгээгүй. Мөн намайг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гар утсаа алдсан гэж уурлаж гар хүрсэн. Намайг зодож, загнаж байх үедээ тэгж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тухайн үедээ мэдсэн бөгөөд АНУ-д цагийн зөрүүтэй учраас Монголд үйл явдлынх нь дараагийн өдөр нь Агийн хэлснээр мэдсэн. Ерөнхийдөө болсон үйл явдлын талаар А нь надад хэлсэн. Гэхдээ АНУ-д байсан учраас энэхүү асуудалд оролцох ямар нэгэн боломжгүй байсан...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12171 дугаартай “Т.Агийн биед баруун нүдний зовхи, шанаа, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг ба энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон.

 

Насанд хүрээгүй хохирогч Т.А, шүүгдэгч Х.Т нарын мэдүүлэг болон тэдний хувийн байдлыг тодруулсан лавлагаа зэрэг нотлох баримтуудаар насанд хүрээгүй хохирогч Т.А нь шүүгдэгч Х.Т-ын төрсөн охин, тэд хамтын амьдралтай нэг гэр бүлийн гишүүд байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамаарах этгээдүүд” гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “... гэр бүлийн хүчирхийлэл...” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг…” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Х.Т нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, ***** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин Т.Агийн биед халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, шанаа зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Х.Т-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Насанд хүрээгүй хохирогч Т.А нь өөрийн биед учирсан гэмтэл, хохиролтой холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж, хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Х.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч Х.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх,

 

            Шүүгдэгч Х.Т нь эрүүгийн хариуцлагын талаар “...хэлэх зүйлгүй...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Х.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Х.Т нь төрсөн охин Т.Аы биед олон удаагийн үйлдлээр цохиж гэмтэл, хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт Х-ын Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тулгыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд оногдуулсан торгох ялыг зургаа (6) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СиДи-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Тд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР