| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 105/2025/0039/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/107 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/107
2025 01 08 2025/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүгдэгч Б.И, Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.И, Г.Д нарт холбогдох эрүүгийн 2306 04152 3423 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “РМ” эмнэлэгт бүртгэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ***** дүүргийн *** дүгээр хороо, ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
***** овогт Г-ын Д /регистрийн дугаар: *********
Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ “РМ” эмнэлэгт бүртгэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан, одоогоор ***** эмнэлэгт дуудлага хүлээн авагчаар ажиллаж байгаа гэх, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Налайх дүүргийн **** дүгээр хороо, ******* тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Налайх дүүргийн *** дүгээр хороо, ******** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
******** овогт Б-ийн И /регистрийн дугаар: ********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.И, Г.Д нар нь бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож Баянзүрх дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “РМ” эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр эмчилгээ, үйлчилгээний төлбөр болох 16,123,000 төгрөгийг бэлнээр авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.И, Г.Д нарыг үргэлжилсэн үйлдлээр завших гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2306 04152 3423 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
“РМ” ХХК-ийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирал Л.Ж-гээс бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, хавсралт баримтууд /хх-ийн 19-35-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Хийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
Гэрч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,
Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/,
“Анализ стар аудит” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Т/24-01 дугаартай аудитын дүгнэлт /хх-ийн 72-84-р хуудас/,
Ажилд томилох тухай Б/36, Б/51 дугаартай, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/99, Б/98 дугаартай тушаалуудын хуулбар, 23/19 болон 60 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар, албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 94-116-р хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын шийтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131-155-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2306 04152 3423 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Н.Ганчимэг шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх гаргасан дүгнэлтдээ: “...Б.И, Г.Д нар нь бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцож Баянзүрх дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “РМ” эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр эмчилгээ, үйлчилгээний төлбөр болох 16,123,000 төгрөгийг бэлнээр авч хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Б.И шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж,
Шүүгдэгч Г.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Б.И, Г.Д нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “РМ” эмнэлэгт бүртгэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр эмчилгээ, үйлчилгээний төлбөр болох 16,123,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хохирол болох 16,170,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо аудит хийлгэсэн 5,500,000 төгрөгийн төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна. У 2023 оны 04 сард ажлаасаа гарсан. Тухайн үед үйлчилгээ хариуцсан албаны даргаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай байгууллагын буюу РМ эмнэлгийн эмч нар үзсэн хүнийхээ тооноос хамааралтай цалинждаг юм. Зүрх судасны эмч А 2023 оны 4 дүгээр сарын сүүлээр захирал Ж-нд “миний үзсэн үйлчлүүлэгч нарын тоо санхүүгийн албан дээрх бүртгэлээс алга болоод байна, энэ асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн. Тэгээд захирал Ж уг асуудлыг шийдэхээр намайг судлуулахаар томилсон. Би тухайн асуудлыг шалгаж байгууллагынхаа e-clinic нэртэй цахим программ руу нэвтрэн орж эмчийн үзлэгт орсон үйлчлүүлэгч нарыг тулгаж, тухайн үедээ өдөр өдрийн кассын орлогоо тулгаж шалгасан. Гэтэл эмчийн үзлэг хийсэн баримт болон кассын орлого хоёр зөрсөн учир кассын ажилтны ажлын байран дээр байрлуулсан байсан хяналтын камерын бичлэгийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс урагш огноогоор 10 орчим хоногоор шүүхэд касс дээр сууж байсан Д, И гэх манай байгууллагын хоёр ажилтан камерын бичлэгт орлогын бэлэн мөнгө авч байгаа нь харагдсан. Энэ тухай захирлуудад 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн бөгөөд захирлууд Д, И хоёроор өөрсдөөр нь мөнгөн авсан нь үнэн тухай тайлбар бичүүлсэн ба тухайн өдрийнх нь камерыг ахин шүүхэд Д, И хоёрын нэг нь ахиад үйлчлүүлэгчээсээ мөнгө авсан байсан нь харагдсан тул тухайн орлогын мөнгийг нь өөрсдөөр нь гаргуулж авсан. Ингээд манай байгууллагаас Д, И нарт мөнгөө буцааж өгөх хугацаа олгосон боловч мөнгөө бүрэн өгөөгүй тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. И нь 150,000 төгрөг өгсөн байх. Хэрхэн мөнгө авсан тухай тайлбарлавал, үйлчлүүлэгч ирээд бэлэн мөнгөөр тооцоогоо хийгээд эмчид үйлчлүүлэгч үзүүлэхдээ харуулж шалгуулдаг. Баримтаа үйлчлүүлэгч өөрөө аваад үлддэг. Эмч үзлэгээ хийж дууссаныхаа дараа e-clinic программ дээр үзлэг хийсэн тэмдэглэл үйлддэг. Энэ үйл явц дууссаныхаа дараа касс дээр ажиллаж байсан Д, И нар нь цахим сан дээр үйлчлүүлэгчийн бүртгүүлсэн бүртгэлийг устгачихдаг ба тухайн үйлчлүүлэгч бэлэн мөнгөөр тооцоо хийсэн учир тухайн үедээ устгасан нь мэдэгдэхгүй үлдчихдэг байсан байна. Гэхдээ устгасан ч гэсэн цаад төв сервер дээрээ хадгалагддаг бөгөөд тухайн серверээр бид нар 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хугацааны устгуулсан мэдээллийг сэргээлгэж файлаар авсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажилд орж эхэлсэн. Ороод бүртгэл мэдээллийн ажилтан албан тушаалтанд ажилладаг байсан. Тус эмнэлгээс 2023 оны 05 дугаар сард ажлаасаа гарсан. И, Д хоёр миний бүртгэлийн хаягаар байгууллагын мөнгө завшсан нь тогтоогдсон... И, Д нарыг хэзээ орсныг сайн санахгүй байна. Д бол намайг орсны дараа нэг их удаагүй орж ирсэн шиг санагдаж байна. И бол 2023 оны 1 сард орсон шиг санагдаж байна. Би тус хаягаа ашиглаж байгаад 2023 оны 03 дугаар сараас би үйл ажиллагаа хариуцан менежерийн ажилд томилогдож ажиллах болсон. Тэр үед би тус байгууллагыг IT инженерт “одоо И бүртгэл дээр байнга суух юм чинь Ид эрх нээж өг гэж” хэлсэн нэг хаяг нээж өгсөн боловч тухайн хаяг нь болохгүй алдаа заагаад байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө бүртгэлийн хаягийг Ид өгөөд энийг түр ашиглаж бай гэж хэлсэн. Манай дотоодын IT инженерүүд илрүүлсэн. Би тухайн үед чөлөөтэй байсан болохоор сайн мэдээгүй. Чөлөөгөө дуусгаад очиход намайг чиний хаягаар мөнгө завшсан байна. Чи энэ 2-т зааж өгсөн үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би “би бишээ, И миний хаягаар ордог байсан, камераа шүүгээд үз” гэсэн. Тэгсэн чинь камер шүүж үзсэн бичлэг дээр нь тэр 2 байсан гэж хэлсэн. Би харъя гэхэд чи бишээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,
“Анализ стар аудит” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн Т/24-01 дугаартай “байгууллагын 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд гарсан эмчилгээ, үйлчилгээний орлогоос 23 нэр төрлийн үйлчилгээний төлбөр 12,738,000 төгрөг, эмчийн үзлэг 79 ширхэг үйлчилгээний 3,385,000 төгрөг, нийт 259 ширхэг үйлчилгээний төлбөр болох 16,123,000 төгрөгийн орлогыг бүртгэл мэдээллийн нэр бүхий ажилтнууд компанийн санхүүгийн журмын дагуу бэлэн мөнгөний кассад тушаагаагүй, бүртгэл тайланд тусгаагүй болох нь анхан шатны баримт, туслах бүртгэлүүдээс нотлогдож байна” гэх аудитын дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Шүүгдэгч Б.И, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар “РМ” эмнэлгийн эмчилгээний төлбөр болох 16,123,000 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн буюу өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр 16,123,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр авсан үйлдэл нь Завших гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Тодруулбал, “РМ” эмнэлгийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/36 дугаартай тушаалаар “Б.Иг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Бүртгэл мэдээллийн ажилтан албан тушаалд”, мөн эмнэлгийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/51 дугаартай тушаалаар “Г.Дыг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Бүртгэл мэдээллийн ажилтан албан тушаалд” тус тус томилж, ажиллуулжээ.
“РМ” эмнэлэг Б.И, Г.Д нарыг албан тушаалд томилохдоо тэдэнтэй 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №60, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23/19 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, тэд ажлын байрны тодорхойлолтын дагуу “үйлчлүүлэгчийг угтаж хүлээн авах, журам зааврын дагуу бүртгэлийг хийж цаг товлох үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тарифын дагуу төлбөр тооцоог хийж баталгаажуулах, төлбөр тооцоо, бэлэн мөнгөний тооцоог санхүүгийн ажилтантай тулган тайлагнаж, баталгаажуулах үүргийг тус тус хүлээсэн байна.
Үүнд: “РМ” эмнэлэг болох хуулийн этгээд нь тус эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийг хүлээн авч, бүртгэх, эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээ хийлгэх иргэдийн төлбөр тооцоог санхүүгийн ажилтантай тулган тайлагнахыг Бүртгэл мэдээллийн ажилтан буюу Б.И, Г.Д нарт тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу хариуцуулж, Б.И, Г.Д нар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээжээ.
“Анализ стар аудит” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон нийт 259 ширхэг үйлчилгээний төлбөр болох 16,123,000 төгрөгийн орлогыг Б.И, Г.Д нар бүртгэл мэдээллийн ажилтнаар ажиллах хугацаандаа компанийн санхүүгийн журмын дагуу бэлэн мөнгөний кассад тушаагаагүй, бүртгэл тайланд тусгаагүй байхын зэрэгцээ 16,123,000 төгрөгийг Б.У-ын бүртгэл мэдээллийн эрхээр цахим сан дээр тодорхой цаг хугацаануудад үйлчлүүлэгчийн бүртгүүлсэн бүртгэлийг устгаж, улмаар тухайн төлбөрийг өөрсдийн хувийн хэрэгцээнд хэрэглэсэн байна.
Ийнхүү үйлдлээ хэрэгжүүлэхдээ Б.И, Г.Д нар нь Б.У-н цахим эрхийг ашигласан, тухайн үйлдэл нь 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хооронд үргэлжилсэн байх ба тэдний “РМ” эмнэлэгт гаргаж байсан үйлчилгээний төлбөрийг хувьдаа авсан талаарх хүсэлтүүд, хохирлыг тэнцүү хуваан төлсөн зэрэг үйл баримтаас үзэхэд тэд гэмт хэргийг нэгдэж үйлдсэн буюу бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Б.И, Г.Д нарыг бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ “шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар хийсэн дүгнэлт тодорхойгүй, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр нь хэрэгт авагдсан баримтаар хэрхэн тогтоогдсон талаар нотлоогүй тул зохих өөрчлөлт оруулсан болно.
Иймд шүүгдэгч Б.И, Г.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч нар хохирогчид учирсан 16,123,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “үндсэн хохирлыг авсан. Аудит хийлгэсэн төлбөр болох 5,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэх талаар мэдэгдсэн байна.
Хавтаст хэргийн 124-130 дугаар хуудаст авагдсан баримтуудаар хохирогч “РМ” эмнэлэг нь “Анализ старт Аудит” ХХК-нд тусгайлсан аудитын ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус компанид 5,500,000 төгрөгийг төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.И, Г.Д нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч “РМ” ХХК-д олгуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Н.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч нарын үйлдсэн гэм хэргийн шинж, хувийн байдал зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах...” гэх саналыг,
Шүүгдэгч Б.И эрүүгийн хариуцлагын талаар: “...Хэлэх зүйл байхгүй...” гэх,
Шүүгдэгч Г.Д эрүүгийн хариуцлагын талаар: “...Хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.И, Г.Д нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “... учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Д, Б.И нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Д, Б.И нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй” гэж өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ***** овогт Б-н И, **** овогт Г-ын Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И, Г.Д нарт тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И, Г.Д нарыг өөрсдийн оршин суух Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тэднийг оршин суух газраас ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И, Г.Д нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Игоос 2,750,000 төгрөг, шүүгдэгч Г.Доос 2,750,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч “РМ” ХХК-д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И, Г.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР