2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/116

 

 

 

 

 

 2025       01          09                                   2025/ШЦТ/116

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Г.Манилцэцэг,

шүүгдэгч А.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ***** овогт А-ны Пд холбогдох эрүүгийн 2406 05065 3684 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эцгийн хамт **** аймгийн ***** сум **** дүгээр баг, ***** хороолол, ****** байрны **** тоотод оршин суух, урьд

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 9 сарын хорих ял шийтгүүлсэн,

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солисон,  

            ****** овогт А-ны П /регистрийн дугаар: **********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.П нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Мээс түүний эзэмшлийн Айфоне 12 про маркийн гар утсыг худалдан авахаар тохиролцож, хохирогч У.Мт хуурамч амжилттай гүйлгээний утгыг харуулж, түүний эзэмшлийн ай фоне-12 маркийн гар утсыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч, 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Пг залилах гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406 05065 3684 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч У.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,

Гэрч Ш.Ш-рын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

Гэрч Г.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19 хуудас/,

Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-24 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн БЗД2-24-1539 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-42 хуудас/,

Скайтел ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 24/7945 дугаартай албан бичиг /хх-ийн 86 хуудас/,

 Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 94-95 хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 96-101 хуудас/,

Хаан банкны ********* дугаартай тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 114-115 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Г.Манилцэцэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...А.П нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Мээс түүний эзэмшлийн Айфоне 12 про маркийн гар утсыг худалдан авахаар тохиролцож, хохирогч У.Мт хуурамч амжилттай гүйлгээний утгыг харуулж, түүний эзэмшлийн ай фоне-12 маркийн гар утсыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч, хохирогчид 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг.

Шүүгдэгч А.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч А.П нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Мээс түүний эзэмшлийн Айфоне 12 про маркийн гар утсыг худалдан авахаар хуурамч амжилттай гүйлгээний утгыг харуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1,175,000 төгрөгийн үнэ бүхий ай фоне-12 маркийн гар утсыг авч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

 Хохирогч У.Мийн “... Би өөрийнхөө барьж байсан Айфоне 12 про маркийн гар утсаа худалдан борлуулах гээд 2024 оны 07 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг 30 минутын үед хамаатны дүү болох Д.Д-ээр фейсбүүк цахим орчинд зар оруулсан юм. Манай дүү Д-тэй ********** дугаараас холбогдоод эрэгтэй яриад тань руу чатаар хандлаа та холбогдоод миний утсыг үзүүлэхээр болсон байсан. Тэгээд тухайн залуу манай байрны гадаа ирсэн байна гэхээр нь би гарсан чинь миний урдаас буржгар хар өнгийн үстэй, эрээн өнгийн футболктой, цэнхэр өнгийн женсэн өмдтэй, 168-170 орчим см өндөртэй, 18-20 орчим насны эрэгтэй хүн ирээд... гар утсаа үзүүлтэл худалдаж авъя гэж хэлээд миний хаан банкны дансыг аваад интернэт банкны гүйлгээ амжилттай харуулаад яараад яваад өгсөн. Араас нь хоёр удаа дуудтал эргэж хараад би мөнгөө шилжүүлчихсэн та интернэт банкаа шалгаарай гэж хэлчхээд явчихсан. Тэгээд мөнгө нь орохгүй болохоор нь өөрийгөө залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Ш-ын “... ********* тоот дансыг 2015 онд нээж байсан үүнээс хойш өнөөдрийг хүртэл буюу ойролцоогоор 9 жил орчим ашиглаж байна... 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний данс руу орсон 900.000 төгрөгийн гүйлгээ нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би үл таних иргэнээс айфоне 12 про загварын гар утас худалдаж авсан, тэр утсаа цааш нь үл таних хүнд худалдан борлуулаад олсон мөнгө байна. Би Айфоне 12 про загварын гар утсыг худалдаж авахдаа фейсбүүк дээрээс зар харж байгаад худалдаж авсан, чухам ямар фейсбүүк хаягаар ямар хүнтэй холбогдсон талаараа санахгүй байна... ямар ч байсан нэг эрэгтэй хүн байсан, нас нь багцаагаар 25 орчим насны залуухан хүн байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Х-ийн “...2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хуучин таньдаг байсан залуу А.П нь над руу ********** гэх нэртэй өөрийнхөө ашигладаг фейсбүүк хаягаасаа яаралтай уулзах хэрэг байна гэсэн чат явуулсан учраас би А.Птэй 3 дугаар эмнэлгийн ойролцоо 19 цагийн орчимд уулзсан. А.П нь би өөрийнхөө утсыг зарах хэрэгтэй байна, чиний фейсбүүк хаягаар зар тавьчихъя гэж хэлээд Хүч Ганбаяр гэх нэртэй фейсбүүк хаягаас хэд хэдэн групп дээр зар тавиулсан. Tedy гap утас худалдааны төв дээр хоёр ченжид очиж гар утсаа үзүүлсэн боловч аваагүй, би хүнтэй уулзана гээд тохирчихсон байсан учраас явлаа гэхэд А.П хамт явъя гээд дагаад явсан, орой болсон хойн цагийг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна, 21-22 цагийн хооронд Нарны гүүр даваад Дөрвөн улирал хотхоны гадаа Н/*****/-тай уулзсан. Төд удалгүй байж байтал гар утас худалдаж авахаар хүн залгаад Алтай хотхоны автобусны буудал дээр машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирчихсэн байсан. Тухайн үед А.П гap утас худалдан авахаар ирсэн хүний тээврийн хэрэгсэл рүү орсон, удалгүй надад утас байхгүй болж байгаа учраас данс байхгүй, чи дансаа өгчих гэж хэлэхээр нь би хаан банкны ********* дугаарын дансаа өгсөн. Миний данс руу 750.000 төгрөг орж ирсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.А-ын “...******* гэх утасны дугаар нь миний төрсөн эх Д.Г /*******-ын нэр дээр бүртгэлтэй байдаг, гэхдээ тухайн дугаарыг би өөрөө ашигладаг. Уг дугаарыг ашиглаад 6-7 cap орчим болж байгаа. 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр миний ******** гэх утасны дугаарыг П гэх танил ах маань ашигласан. Тухайн үед буюу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би Улаанбаатар хотод ирээд нээх удаагүй байсан, инстаграмм хаягаар Птэй холбоо бариад өдөрхөн тийшээгээ 10 дугаар хороолол багцаа уулзсан, өөрөө тухайн үедээ утасгүй байсан бөгөөд утсаа өгөөч, ажил төрлөө амжуулчхаад өгье гэж хэлээд асуухаар өөрийн ашиглаж байсан ******** дугаарын сим карттай гар утсаа өгсөн....” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Н.Э-рын “... 2024 оны 07 дугаар сарын сүүлээр Хан- Уул дүүрэг 120 мянгатын Наадам центрийн хажуу замаас үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээс 900,000 төгрөг дансаар шилжүүлж худалдаж авсан. Худалдаж авснаас хойш ***** дугаарыг хийн ашигласан. 2024 оны 07 дугаар сарын сүүлээр энэ утсыг худалдаж авсан...” гэх мэдүүлэг,

Хөрөнгө үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн БЗД2-24-1539 дугаартай “...Айфоне 12 про маркийн гар утасны үнэлгээ 1.175.000 /нэг сая нэг зуун далан таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл... цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж..., эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тэрээр хохирогч У.Мт гар утасны төлбөр шилжүүлсэн мэт хуурамч гүйлгээний төлбөрийн мэдээлэл үзүүлэн хуурч, гар утсыг үнэ төлбөргүйгээр өөрт авах гэсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан буюу Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзлээ.

Тодруулбал, залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч А.П нь өөрийн амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн хэрэгцээ шаардлагаа хангахын тулд хуурамч гүйлгээний баримт үзүүлэн бодит байдлыг нуун бусдыг төөрөгдөлд оруулан хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авчээ.

 

Иймд шүүгдэгч А.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч А.П “надад гомдол, саналгүй, сэтгэл санааны хохирол байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлт /хх-ийн 137-р хуудас/-ийг гаргасан байх ба хохирогч А.Пд гар утсыг биет байдлаар түүнд хүлээлгэн өгсөн /хх-ийн 102-р хуудас/, мөн гар утас худалдан авсан Г.Ш, Н.Э нар гар утасны төлбөрийг шилжүүлсэн авсан талаар шүүхийн тамгын газарт мэдэгдсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч төлөгдсөн талаар давхар дүгнэлт гаргасан тул шүүгдэгч А.Пг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Г.Манилцэцэг эрүүгийн хариуцлагын талаар: “....Шүүгдэгч А.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.П эрүүгийн хариуцлагын талаар “…Хэлэх зүйлгүй…” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч А.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Пд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “... учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч А.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас нийтэд тусгай ажил хийлгэх ялыг сонгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт А-ы Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пг дөрвөн зуу /400/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР