Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/79

 

 

 

 

 

 

 2021             01           14                                       2021/ДШМ/79                                                                                                                                               

Б.Б-өд холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

хохирогч “Эс Ти Эй” ХХК-ийн өмгөөлөгч Л.Нинжбат,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Булгантамир, Б.Минжүүрдорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/716 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Б.Булгантамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-өд холбогдох 1710006420459 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Б-ийн Б-, Булган аймагт 1960 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Шаргын зам” ХХК-ийн зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, “Мишээл” хотхоны 00-00 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Б.Б- нь “Эс Ти Эй” ХХК-ийн захирал Ц.М-ийг “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд амины орон сууц барихад хамтарч ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээ байгуулан 15,765,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг шилжүүлэн авсан, мөн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 35,000,000 төгрөгийн үнэ бүхий “Toyota tundra” загварын тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлж, “Үлэмж мэлмий” ББСБ-д 25,000,000 төгрөгийн барьцаанд тавьж хувийн хэрэгцээндээ зарцуулан “Эс Ти Эй” ХХК-д нийт 50,765,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-өөс 40,765,000 төгрөг гаргуулан хохирогч “Эс Ти Эй” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-т олгож, 10,000,000 төгрөг төлснийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүхийн шийдвэр, мөрдөгчийн хэрэг мөрдсөн, прокурорын хяналт тавьсан байдлыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй. Миний дансны хуулгыг нарийвчлан шалгаагүй тул энэ хэрэгт холбоотой ямар гүйлгээ, төлбөр хийгдсэн болохыг шалгаж өгнө үү.

Ц.М-ээс авсан автомашины рулийн аппарат гацдаг эвдрэлтэй байсан. Үүнийг  тухайн үед нь Ц.М-т хэлэхэд зөвшөөрч байсан атлаа шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрөөгүй. Энэ асуудлыг шалгуулах хүсэлтэй байна. Автомашины үнэлгээг гаргахдаа хэдэн онд орж ирсэн болон орж ирээд хэдэн жил явсан, өнгө үзэмж, эвдрэл гэмтэлтэй эсэхийг нарийвчлан шалгах ёстой байсан. Мөн тухайн автомашин урдаа мосттой, мостгүй гэж хоёр янз байхад мосттой автомашинаар үнэлсэн. Гэтэл уг автомашин урдаа мостгүй. Иймд үнэлгээг өөр газраар хийлгэх хүсэлтэй байна.

“Хөх Монгол говь транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ууганбаатараас Арцатын аманд баригдах барилгын төсөлд хамтарч ажиллах санал тавьсан тул үүнийг шалгуулах хүсэлтэй байна. Эдгээр асуудлаар удаа дараа шалгуулах хүсэлт гаргасан боловч хүлээж авалгүй миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн. Энэ хэрэгт ганц хохирогчийн талыг давуу байдлаар авч үзсэнд гомдолтой байна.

Хэрэгт “Үлэмж мэлмий” ББСБ-ыг иргэний хариуцагчаар оролцуулж, барьцаанд тавьсан автомашиныг яагаад бага үнээр худалдан борлуулсныг тодруулах шаардлагатай. М-тэй автомашин авах гэрээ хийснээс хойш тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр нь миний нэр дээр шилжиж ирснийг хүртэл тодруулан шалгах ёстой.

Би хохирлыг барагдуулж эхэлсэн. Цаашид ч хохиролгүй болгох боломжтой гэдгээ дахин мэдэгдэж байна. Одоо 61 настай, биеийн эрүүл мэндийн байдал хүнд, даралт ихсэх өвчтэй, зүрхний эмгэгтэй. Мөн гэр бүлийн хүний сахарын өвчин нь хүндэрч хүнд шатандаа ороод бөөр, нүдэнд нь нөлөөлсөн учир байнгын үнэтэй эм, тариа хэрэглэн, эмнэлэгт хэвтэж эмчийн хяналтанд байгаа. 12 дугаар ангид сурдаг хүү маань бөөрний өвчтэй зэргийг харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б- уг тээврийн хэрэгслийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй болох нь хэргийн 74-76 дахь талд авагдсан гэрч Ш.Ганбаярын “... машиныг Б.Б-ийн нэр дээр шилжүүлээд өгчих гэхээр нь шилжүүлж өгсөн ...” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн ажлын байранд, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “Сөүл плаза” төвийн кафед тус тус байгуулсан. Харин автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Б.Б-өд холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх байтал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж миний үйлчлүүлэгчийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн.

Хохирлын хэмжээ эргэлзээтэй байна. Тээврийн хэрэгслийг шилжүүлэн авахад уг тээврийн хэрэгслийн рулийн аппарат эвдрэлтэй байсан. Энэ байдлыг хохирогч хүлээн зөвшөөрсөн, уг зардал, бусад холбогдох засварын зардлыг хохирлоос хасч тооцоогүй учраас миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн үнэлгээ хийхдээ мосттой тээврийн хэрэгсэл гэж үзсэн бодитой үнэлгээ болоогүй. Худалдаж авсан тээврийн хэрэгсэл нь мостгүй байсан.

“Үлэмж мэлмий” ББСБ 35,000,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр худалдсан гэх боловч холбогдох баримт хэрэгт авагдаагүй, 10,000,000 төгрөгтэй холбогдох асуудлаар тухайн байгууллагыг иргэний хариуцагчаар оролцуулаагүй, Б.Б- банк бус санхүүгийн байгууллагад 700,000 төгрөгийн хүү төлсөн гэх боловч уг асуудлыг тодруудлан шалгаагүй.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг 8.1 дэх заалтад заасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх”, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид ногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх, шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, боловсролын түвшин, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, хохирол төлбөрийг цаашид төлөх болон төлөхөө илэрхийлсэн, насны байдал /60 нас/, гэр бүлийн байдал /эхнэр нь сахарын хүнд өвчтэй/ зэргийг харгалзахгүйгээр ял ногдуулалаа. Түүнчлэн анхан шатны шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийг заавал дүгнэхийг хуульд заасан байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх талаар нэг ч дүгнэлтийг тогтоолд хийгээгүй төдийгүй өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг няцаагаагүй. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн бүхий л шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлын 10,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг шийтгэх тогтоолд заасан хугацаанд үүрэг болгож төлөх боломжтой талаарх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй байна.

Хэргийг дутуу шалгасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн зүйлчлэлд хохирлын хэмжээ ач холбогдолтой. Б.Б- нь “Тоёото тундра” загварын 99-97 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эд хөрөнгийн доголдолтой буюу рулийн аппарат нь эвдэрсэн талаар хохирогч Ц.М-т тэр даруй мэдэгдэж байсан гэдгээ гэрч, яллагдагчаар тогтвортой мэдүүлж, уг эвдрэл болон үнэлгээний талаар хүсэлт, гомдол гаргаж байсан. Мөн уг эвдрэлийг засварласан /2-р хх 127-р хуудас/ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоогүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлсөн.

Түүнчлэн Б.Б- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд амины орон сууцны төсөл хэрэгжүүлж байсан эсэх талаар, хохирогч Ц.М- нь “Б.Б- надад тухайн газарт зураг төсөл үзүүлж байсан” гэж мэдүүлсэн зэрэг нөхцлийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, цагаатгах болон яллах нөхцөл байдлыг заавал тодруулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Б.Б- төсөл хэрэгжүүлсэн эсэх, бетон зуурмаг нь төслийн зургийн төлбөрт ашигласан эсэх, 50,000,000 төгрөгийг залилах шинж агуулсан эсэхийг тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх хүсэлт, гомдлуудыг хүлээн авч, хангаж өгнө үү” гэв.

            Хохирогч “Эс Ти Эй” ХХК-ийн өмгөөлөгч Л.Нинжбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдолд залилж авсан эд хөрөнгийн чанарын байдлын талаар ярьдаг. Бид иргэний хэрэг яриагүй. Автомашин ямар ч доголдолгүй зүгээр байсан. Мөн чанарын талаар ярьж иргэний хэрэг, худалдах, худалдан авах гэрээний хэлцлийн хүрээнд юм шиг тайлбарладаг. Гэвч энэ нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хэрэг тул залилж авсан эд хөрөнгийн чанарын байдал яригдахгүй. Мөн өмгөөлөгч нар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэлгүй хүнд ял оногдуулсан гэж байгаа боловч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын хамгийн бага ялыг оногдуулсан. Миний үйлчлүүлэгч “Эс Ти Эй” ХХК 40,760,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Б-өөс авч чадаагүй. Анхан шатны шүүх хөнгөн ял оногдуулсан ч бидний зүгээс энэ талаар гомдол гаргаагүй, нэн даруй хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

            Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн. Өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, “Үлэмж мэлмий” ББСБ-ыг иргэний хариуцагч мөн эсэх, өөр бусад нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны  хүрээнд бүрэн тогтоосон. Иймд шийтгэх тогтоол хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-өд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогчид хамтран ажиллах санал тавьж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 15,765,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг, 35,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 35,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн “Тоёота тундра” автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулан хүлээлцэх үед тухайн автомашин нь эд хөрөнгийн доголтой буюу эвдрэл гэмтэлтэй байсан талаар шүүгдэгч Б.Б- “... тухайн үед рулийн аппарат эвдрэлтэй байсныг Ц.М-т хэлсэн, 2,000,000 төгрөгөөр засуулсан ...” /1-р хх 81-82/ гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн нь үндэслэлтэй эсэхийг тогтоох нь хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөр байхад мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр шалгалгүй шүүхэд ирүүлсэн байна.  

            Шүүхээс хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.    

            Шүүгдэгч Б.Б- нь Арцатын аманд амины орон сууц барих төсөл хэрэгжүүлж байсан эсэхийг тодруулах зохих ажиллагаа хийгдсэн, зээлдэгч үүргээ биелүүлээгүй учир зээлийн барьцаанд тавигдсан автомашиныг борлуулсан нь эрүүгийн хэрэгт хамааралгүй, шинжээч автомашины үнийг тогтоохдоо ашиглалтад орсон хугацаа, хийц, худалдсан нөхцөл, цаг хугацаа, зах зээлд ижил төстэй хөрөнгийг худалдсан тухай мэдээлэл, цахим орчинд байршуулсан үнийн санал зэргийг харьцуулан судалж үзсэний үндсэн дээр үнэлгээг гаргасан гэдгээ дүгнэлтдээ тодорхой тайлбарлаж, зургаар баримтжуулсан /1-р хх 95-100/ байх тул эдгээр үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

             Хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасантай холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар гарсан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/716 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-өд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Б.Б-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН