Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0773

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: T***** **** ХХК,

Хариуцагч:, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.О********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: T***** **** ХХК-ийн ашигт малтмал хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах,

 

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Анх T***** **** ХХК-ийн гаргасан тусгай зөвшөөрөл сэргээх нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.11-д заасан шүүхээс гарах шийдвэрүүдийн төрлүүдэд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг T***** **** ХХК-ийн ашигт малтмал хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах гэж тодруулж байна.

T***** **** ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын Өлзийт нэртэй ****.* гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар буюу 3 жилээр 1 удаа сунгуулсан байна. Ашигт малтмал тухай хуулийн 22 дугаар сарын 22.1 дэх хэсгийг зааснаар T***** **** ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ашигт малтмал, газрын тосны газарт хандах байсан. Гэвч компанийн гүйцэтгэх захирал болон геологич нарт коронавирусын халдварын шинж тэмдэг илэрч, өвчилснөөс шалтгаалан өөрийгөө тусгаарлаж, компани үйл ажиллагаа явуулаагүй тул хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаар эрх бүхий байгууллагад хандаж чадаагүй байна.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй гээд 12.1-д эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх 12.2.4-д цар тахлын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах, 12.2.6-д цар тахлын халдварын үед тусгаарлах, ажиглах хүчнийг уул уурхайн компаниудын нэгэн адилаар нэг удаагийн хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулдаг. Гүйцэтгэх захирал Д.Б****** болон геологич Г.Б******* нарт 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хоолой өвдөх, халуурах, хуурай ханиах зэрэг коронавирусын халдварын шинж тэмдэг илэрч, өрхийн эмчийн заавраар өөрийгөө тусгаарласан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн болон 13-ны өдрийн шинжилгээгээр тус тус халдвар авсан болох нь тогтоогдсон.

T***** **** ХХК нь гүйцэтгэх захирал болон геологич нар нь нийгмийн өмнө болон цар тахалтай тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж цар тахлын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үеэс эдгэрэх буюу шинж тэмдэг арилах хүртэл өөрийгөө тусгаарлаж, эрх бүхий байгууллагаас тогтоосон 14 хоногийн хугацаа дуустал буюу 10 дугаар сарын сүүл хүртэл тусгаарлалтын дэглэмийг чанд сахисан.

Татварын ерөнхий хуулийн 6.1.41 дэх заалтад хүндэтгэн үзэх шалтгаан гэж дараах нөхцөл, шалтгааныг ойлгоно гээд 6.1.41.а-д эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдсон.. гэж заасан. Мөн Улсын Дээд шүүхийн Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмжийн 2.1-д хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг ...хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй, эсхүл хүндрэлтэй байгаа, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг олгох нь зүйтэй зүйтэй гэж тайлбарласан бол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны 33 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 28 дахь хэсэгт ...гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон... зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ хэмээн тайлбарласан байдаг.

 

Энэхүү нөхцөл байдлыг дүгнэж Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02/** тоот Гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйл /Folce majeure/ гэрчилгээг T***** **** ХХК-д олгосон.

Дээрх тайлбарласан үйл баримтууд, хуулийн зохицуулалтаас үзэхэд компанийн гүйцэтгэх захирал, геологич нарт үүссэн нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэж байна.

Компанийн хэвийн үйл ажиллагаа эхэлсэн даруйд бид үүссэн нөхцөл байдлыг тайлбарлан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А/21-** дугаар албан тоотоор ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандаж захиргааны байгууллагад алдаагаа засахыг хүссэн боловч 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8/5605 дугаар албан бичгээр татгалзсан хариу авсан. Тус хариуг эс зөвшөөрч дээд шатны шатны албан тушаалтан болон ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргасан боловч 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/*** дугаар албан тоотоор ...гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу иржээ

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа бодит нхөцлөд тохирсон байх ёстой. энэ нь тус хуулийн 24.1 дэх хэсэгт захиргааны байгууллага захиргааны шийдвэр гарах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно 24.2-т энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж зааснаар хэрэгжүүлнэ.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга нь бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаас хоцорсон шалтгаан, нөхцөлийг тодруулаагүй, компаниас үүссэн нөхцөл байдлыг тайлбарласан өргөдөл, түүнд хавсаргасан нотлох баримтуудыг харгалзаж үзээгүй нь захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

Дээрхээс дүгнэхэд T***** **** ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаас хоцорсон нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тус тусгай зөвшөөрлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх T***** **** ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын Өлзийт нэртэй газарт 3117 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаатай авсан байдаг. Тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуусах хүртэл хугацаагаар буюу 3 жилийн хугацаагаар 1 удаа сунгуулсан. Энэ нь 2018 онд сунгуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар T***** **** ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын буюу 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны газарт хандах ёстой байсан. Гэвч компанийн гүйцэтгэх захирал болон ерөнхий геологич нарт Корона вирусийн халдварын шинж тэмдэг илэрч өвчилснөөс шалтгаалан өөрийгөө тусгаарлаж компанийн үйл ажиллагаа явуулаагүй тул хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар эрх бүхий байгууллагад хандаж чадаагүй. Корона вирус, Ковид 19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх, 12 дугаар зүйлийн 12.2.4-д цар тахлын халдварын чанд сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах, 12 дугаар зүйлийн 12.2.6-д цар тахлын халдварын үед тусгаарлах, ажиглах журмыг чанд сахих, 12 дугаар зүйлийн 12.2.7-д халдварлагдсан байж болзошгүй бол эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцөл, хугацаанд тусгаарлалтын дэглэмд байх үүрэгтэй гэж зааснаар хуулийн дагуу үүрэг болгосон.

Нэхэмжлэгч компанийн хувьд гүйцэтгэх захирал болон геологич гэсэн 2 үндсэн ажилтантай. Геологич Г.Б*******тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулдаг. Гүйцэтгэх захирал Д.Б****** болон геологич Г.Б******* нарт 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хоолой өвдөх, халуурах, хуурай ханиалгах зэрэг коронавирус халдварын шинж тэмдэг илэрч эхэлсэн байдаг. Тухайн үед Монгол улсад Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар өндөржүүлсэн бэдэн байдлын улбар шар гэсэн ангилалд хамаарсан үе байсан. Тухайн нөхцөл байдалд коронавирусын делта гэсэн хувилбар ихээхэн хурдацтай тархсан нөхцөл байдал байсан тул гүйцэтгэх захирал Д.Б****** болон геологич Г.Б******* нарын хувьд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өрхийн эмчид үзүүлж, өрхийн эмчийн заавраар өөрийгөө тусгаарласан. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болон 13-ны өдрийн эрх бүхий байгууллагын албан ёсны лабораторийн шинжилгээгээр коронавируст халдвар авсан гэдэг нь албан ёсны шинжилгээний хариугаар тогтоогдсон байдаг. Иймд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах ёстой байсан хугацаа буюу 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ковид 19 цар тахлын улмаас эрх бүхий байгууллагад тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ гаргаж өгч чадаагүй. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлсон байдаг.

Тус зүйлийн 6.1.41.а-д эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн үнэлгээгээр эвлүүлэх шаардлагатай нь нотлогдсон бол Татварын ерөнхий хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулж оруулж өгсөн. Монгол Улсын Дээд гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт мөн хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлж өгсөн байдаг. Үүнд хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй эсхүл хүндрэлтэй байгаа нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалан бодит тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй гэж тайлбарлаж өгсөн. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаар тогтоолд мөн хүндэтгэн үзэх шалтгааныг тайлбарлаж өгсөн. Үүнд гомдол гаргаг нь хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон зэрэг өөрөөс үл хамаарах шалтгаанаар гомдол гарах боломжгүй байсан гэдгийн хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулахаар заасан.

Яагаад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бэ гэвэл Ашигт малтмалын тухай хууль буюу тухайн харилцааг нарийвчилсан зохицуулсан тухайд хүндэтгэн үзэх шалтгааны талаар тодорхойлсон тодорхойлолт байхгүй. Иймд ижил төстэй хууль тогтоомжид болон хүндэтгэн үзэх шалтгаанд гэдэгт юуг оруулж тайлбарласан бэ гэсэн тайлбаруудаас үзэхэд T***** **** ХКК-ийн хувьд тухайн үед хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Энэхүү нөхцөл байдлыг дүгнэж Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 02/** тоот захирамжийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн форс мажор гэрчилгээг нэхэмжлэгч компанид олгосон. Тус баримтуудаас үзэхэд тухайн үед T***** **** ХХК-ийн гүйцэтгэх захирал болон геологич нар нь өөрөөс хамаарахгүйгээр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсан байсан гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нотлогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстой гэсэн хуулийн шаардлага тавигдсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах шийдвэр ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дох хэсэгт энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан. T***** **** ХХК-ийн хувьд 2015 онд зөвшөөрөл авч 2018 онд 1 удаа сунгуулсан. Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийг ямар нөхцөл шаардлагын хүрээнд сунгуулах талаар мэддэг, туршлагатай субъект. Хэрвээ нэхэмжлэгч тал 2018 онтой адил энгийн байсан бол хүсэлтээ гаргах боломжтой байсан.

Гэтэл 2020 он, 2021 онд корона вируст халдвар дэлхий нийт болон Монгол Улсын хэмжээнд маш эрчимтэй тархсан байсан. Өөрсдийн эзэмшиж байгаа зөвшөөрлийг сунгуулах бүрэн боломжтой байсан байтал сунгуулахгүйгээр орхих, хүчин төгөлдөр хугацааг дуусгах ашиг сонирхол байгаагүй. Бодит нөхцөл байдал бий болсон байгаа тул энэ бүхнийг харгалзан үзэж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрлийн дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч тал сунгуулах хүсэлт гаргаснаараа автоматаар сунгагдана гэж болохгүй. Сунгуулах хүсэлтийг захиргааны байгууллага хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 31 дүгээр зүйлд заасан болзол шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж үзээд сунгах эсэхийг шийддэг. Сунгах хүсэлтийг авснаар автоматаар сунгагдана гэсэн ойлголт биш тул тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл авч T***** **** ХХК ажиллаж байгаа. Монгол улс өөрөө суурь судалгааны ажлыг өөрийн төсвийн хөрөнгөөр хийж, нарийвчилсан судалгааг хувийн хэвшлийн компаниуд өөрсдийн хөрөнгөөр эдийн засгийн үр ашигтай ашигт малтмал байна уу гэж хайж байгаа. Монгол Улсад хайгуулын тусгай зөвшөөрөл маш цөөхөн болсон. Уул уурхайн салбар нь Монголын экспортын 93 хувь, гадаадын борлуулалтын 70 хувь, аж үйлдвэрийн 47 хувь, төсвийн орлогын 30 хувийг бүрдүүлдэг том салбар байдаг. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөд хамгийн бага хайгуул зарцуулах төсөв мөнгөө зарцуулаад 6 жил болж 7 дох жил дээрээ сунгах хугацааны үед геологич болон гүйцэтгэх захирал би өөрөө корона вирус авсан.

Энэ нь делта вирус Монгол Улсад хүчтэй өрнөж байсан үе. Тодруулж хэлэхэд Г.Б******* нь зүрхний хагалгаатай, би өөрөө тархины хагалгаатай тул корона вирусийг анх удаагаа тусаж байгаа тул айдастайгаар хүлээн авч 9 дүгээр сард шинж тэмдэг илэрснээр тус тусдаа өөрсдийгөө тусгаарлан гайгүй болсон үедээ 9 дүгээр сарын 28-ны өдөр сунгуулах хүсэлтээ өгч, хэдийн масктай ч гэсэн 1 сая төгрөгийг төлөөд, хүсэлтээ өгөхөд орон нутгаас тухайн бичиг нь ирж амжаагүй байсан тул Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн аваагүй. 2021 оны байдлаар тусгай зөвшөөрлийг 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл авч байсан онцлог жил байсан. Тухайн үед би өөрөө 10 дугаар сарын 13-ны өдөр корона вирус авсан.

Өрхийн эмнэлэгт очиход 14 хоног гэртээ тусгаарла гэсэн. Тус 28-ны өдөртэй давхацсан. 28-ны өдрийн хугацаандаа амжиж хүсэлтээ өгөөгүй тул хайгуулын тусгай зөвшөөрөл нь сунгагдах нөхцөл бололцоогоор түдгэлзсэн байдаг. Нэхэмжлэгч тал 6 гаруй сая төгрөг төлдөг. Гэхдээ олон татвар төлөгчдийн мөнгөөр төсөв бүрдээд Монгол Улсын үйл ажиллагаа явагдаж байгааг шүүгч холбогдох материалуудыг харгалзан үзнэ үү гэж тайлбарлаж байна. 2021 оны хувьд тусгай нөхцөл байдал үүсээд орон нутаг явж болдоггүй, корона вирусийн делтагийн үед 14 хоног гэртээ тусгаарла гэж зөвхөн гэртээ тусгаарлахаас гадна эхнэр, хүүхэд зэрэг өвдөж хугацаа алдсаныг харгалзан үзэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн захиргааны байгууллага Дорнод аймгийн Гурванзагал сумын нутагт байрлах Өлзийт нэртэй ****.* га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XY-****** дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "T***** ****" ХХК-д олгожээ. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана", 22.1.1-т "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар"; 22.1.2-т "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт"; 22.1.3-т "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт"; 22.1.4-т "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт" гэж хуульчилсан. "T***** ****" ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XY-****** дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. Иймд төрийн захиргааны байгууллагын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар 53.1-т "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно": 53.1.1-т "Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" гэж заасныг үндэслэн Дорнод аймгийн Гурванзагал сумын нутагт байрлах "Өлзийт" нэртэй ****.* га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XY-****** зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэжээ.

 

"T***** ****" ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХҮ-****** дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бөгөөд уг өргөдлөө хугацаанд нь өгөхгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн дагуу ашигт малтмалын хайгуулын хY-****** дугаартай тусгай зөвшөөрөл дуусгавар болохыг мэдэж байсан. Энэ нь тус компаниас төрийн захиргааны байгууллагад ирүүлж байсан албан бичгүүдээр нотлогдож байгаа болно. Төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн ямар ч зүйл заалтыг зөрчөөгүй болох нь нотлох баримтаар нотлогдож байна. Гурав: Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэж хуульчилсан.

Татварын ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх суутган тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоож, Монголын Татварын алба /цаашид "Татварын алба" гэх/, татвар төлөгч болон энэ хуулийн дагуу татварын албаны өмнө үүрэг хүлээсэн бусад этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино" гэж хуульчилсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөхөд Татварын ерөнхий хуулийн 6.1.41 дэх заалтад заасан нэр томьёоны тайлбар хамааралгүй гэж үзэж байна. Иймд "T***** ****" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2021 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсон. 2021 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө 2021 оны 4 дүгээр сараас эхлэн улбар шар түвшин буюу 11 байгууллагын үйл ажиллагааг хориглосон болохоос бус тус үйл ажиллагаа нь хэвийн болсон. Бүх үйл ажиллагаа хэвийн болж, цар тахал гайгүй болж, хил нээгдээд үйл ажиллагаа хэвийн болж байсан үе. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тусгай зөвшөөрөл эзэмшигч T***** **** ХХК нь тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөөгүй. Мөн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх боломжтой байсан нь нотлох баримтуудаар нотлогдож байна. Энэ нь нотлох баримтыг шинжлэн судлахад тодорхой болох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   

 

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч нь T***** **** ХХК-ийн ашигт малтмал хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 770 дугаар шийдвэрээр T***** **** ХХК-ийн Дорнод аймгийн Гурванзагал сумын нутагт орших XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан байна.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гэж заасан байна.

3. Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч T***** **** ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргах хуулийн зохицуулалттай байна.

4. Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хариуцагчид гаргаж байсан хүсэлт[1], уг хүсэлтэд хариу өгсөн хариуцагчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8/5605 тоот албан бичиг[2], нэхэмжлэгчийн болон хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирал Д.Б****** болон геологич Г.Б******* нар нь эрүүл мэндийн шалтгаантай буюу коронавирусын халдвар авч өвчилж, өөрийгөө тусгаарласны улмаас хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаж чадаагүй гэж тайлбарлан, эмнэлгийн тодорхойлолт, магадалгаанууд[3], Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгч байх боловч үүнийг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээргүй байна.

6. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаа дуусахаас 1 сарын өмнө гэсэн хугацааг заавал 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэж ойлгохгүй, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө хэдийд ч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ өгөх боломжтой гэж ойлгохоор байна.

7. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй, гүйцэтгэх захирал болон геологич нь эрүүл мэндийн шалтгаантай байсан бол тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө баталгаат шуудангаар, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргах боломжтой байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах үйлчилгээний төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн гэж тайлбарлан Богд банкны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн баримтыг[4] шүүхэд гаргаж өгдөг боловч энэ нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргасныг нотлох баримт биш юм.

9. Иймд нэхэмжлэгчийн XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон системд бүртгэсэн хариуцагчийн үйлдэл хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан T***** **** ХХК-ийн ашигт малтмал хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий T***** **** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч T***** **** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ