Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 143

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Н.Баярмаа, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

иргэдийн төлөөлөгч О.Доржсүрэн,

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Б.Энхтайван, түүний өмгөөлөгч Ц.Ариунзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овгийн Бямбын Энхтайванд холбогдох эрүүгийн 201725030102 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар  сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бэсүд овогт Бямбын Энхтайван, 1982 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Горхийн 21 дүгээр гудамж 18 тоотод суух, урьд ял шийтгэл байхгүй, регистрийн дугаар ХЛ82042511.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/,

Шүүгдэгч Б.Энхтайван нь 2017 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж 926 тоотод иргэн Д.Одхүүтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа маргалдсаны улмаас түүнийг зодож биед нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий шингэн хуралт, баруун уушигны няцрал, бүрэн бус уналт, баруун сарвууны 1, 2 дугаар шивнүүрт шарх бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:        

Шүүгдэгч б.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Одхүү бид хоёр заамдалцчихсан зогсож байгаад над руу дайрсан, тэр үед бид хоёр барилцаад ноцолдож байгаад цонх руу хамтдаа унасан санагдаад байгаа. Надад Х.Одхүүтэй маргалдаж, муудалцах шалтгаан байхгүй, санаатай гэмтэл учруулаагүй …” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Хохирогч Д.Одхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би хэдний өдөр байсныг санахгүй байна. Ямар ч байсан 5 дахь өдөр байсан. Өмнөх өдөр нь найз Баярцогтын Nissan March маркийн автомашиныг нь янзлаад дууссан байсан. 5 дахь өдөр Баярцогтын хамт ах Нанзаддорж компрессор хүргэж өгсөн. Гэртээ Баярцогтын хамт 0.5 литрийн хараа нэртэй архи аваад ороход манай гэрт Энхтайван, Батмөнх, Баяраа ах нар хүлээгээд сууж байсан. ...Тэгээд авсан архиа хувааж уусан. Тэгээд нөгөө архи дуусаж байхад Баяраа ах архинд гарсан. Баяраа ах орж ирэхдээ 0.75 литрийн хараа нэртэй архи авч ирснийг бид нар хувааж уусан. Уг архийг ууж байхад 16 цагийн үед Баярцогт явлаа гээд яваад өгсөн. Энхтайван, Батмөнх, Баяраа ах бид хэд дахин 1 шил архи уусан. Тэрнээс хойш болсон зүйлийг хагас дутуу санаж байна. Бид 5 архи ууж байгаад Энхтайвантай маргалдсан. Юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Гэрийн орон дээр зууралдсан. Би нилээн согтуу байсан болохоор орон гаран санаад байна. Тэгээд нэг хэсэг тасарсан байж байгаад сэргэтэл түргэн тусламж ирчихсэн миний баруун гарын эрхий хурууны хэсэгт оёдол тавьсан. Энхтайван ямар ч л гэсэн эмчид туслаад хажууд нь байсан. Өөр хэн байсныг мэдэхгүй байна. Би цээжин дээрх шархаа хэрхэн, яаж авснаа мэдэхгүй, санахгүй байна. Манай гэрийн том цонхны дотор талын цонх нь хагарчихсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энхтайван бид хоёрт өс хонзонгийн зүйл байхгүй…” гэжээ /хх-28-29/. 

Гэрч М.Баярцогт мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр машиныг маань янзлаад дуусчихсан гээд Одхүүгийн хамт машин будсан компрессорыг нь нэг айлд хүргэж өгсөн. Тэр айлынхан хүнийг танихгүй. Машин янзалж өгсөн болохоор нь би Одхүүтэй нэг шил архи уухаар болсон юм. Одхүүгийн хамт дэлгүүр орж Хараа нэртэй 0.5 литрийн архи аваад гэрт нь очиход 10 цаг өнгөрч байсан. Гэрт нь орсон чинь Баяраа ах, Энхтайван, Батмөнх нар Одхүүг хүлээгээд сууж байсан. Баяраа ахыг бол би танина, урд нь манай хөрш айл байсан. Харин Энхтайван, Батмөнх нарыг нь танихгүй, тухайн үедээ танилцсан. Танилцаад байж байтал Баяраа ах гэрээс гараад удалгүй эргэж орж ирсэн тэгэхдээ Хараа нэртэй 0.75, 0.5 литрийн багтаамжтай хоёр шил архи барьж орж ирсэн. Энхтайван, Батмөнх, Баяраа ах, Одхүү бид тав уг архиа хувааж уугаад 16 цаг хүртэл уусан. Бид нар хоорондоо ууж байхдаа бие биенийгээ танилцуулаад, нохой сонирхдог талаар ярилцсан 13 цагийн үед Пушкин гэх нэртэй залуу Одхүүгийнд ирсэн. Мөн тухайн үед Пушкинтай танилцсан юм. Пушкин нь махлаг хуузан сахалтай залуу байсан. Бид нартай нийлж авсан архийг маань хувааж уулзсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад бид нарын ууж байсан архи дуусаад би ч явахаар болсон. Би тэр тавыг үлдээгээд явсан. ...Тэгээд би гэртээ харих замдаа Одхүүгийн гэрээр дайраад орсон. Одхүүгийн гэрт нь орсон чинь Одхүү байшингийнхаа зуухны дэргэд толгой нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан, цээж хэсэг нь дээшээ харсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан. Одхүүгийн биеийнхээ цээжний баруун дээд хэсэгт цус ганцаас, гарын баруун зүүн эрхий хурууны алийг нь санахгүй байна, нэг талынхан л эрхий хурууны хэсгээс цус нилээн ганцаас байдалтай харагдсан. Намайг ороход Одхүүгийн толгойны орчим нэг хүн суучихсан Одхүү гээд дуудаад байсан. Би юу болсон талаар асуусан чинь тэр хүн “зүгээрээ зүгээр” гэж хариулсан. Тэгээд би түргэн тусламж дуудсан юм уу? гэж асуухад түргэн дуудсан, чи яв яв гэхээр нь би Одхүүгийн байшингаас гараад явсан. Хашааны хаалга руу явж байтал өөдөөс Энхтайван орж ирсэн. Энхтайванд би “Одхүү яагаад ийм болчихов оо вэ? гэж асуусан чинь “харин тиймээ, ийм болчихлоо” гэж хэлсэн...” гэжээ /хх-31-32/.

Гэрч Б.Тогтохбаяр мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 6-ны өглөө 08 цагийн үед би ...Одхүүгийн гэрт орсон. Одхүүгийн гэрт байж байтал Одхүүгийн машин будсан компрессороо хүргэж өгнө гээд хүн хүлээгээд сууж байсан. Тэгтэл удалгүй Энхтайван гаднаас орж ирсэн хөлөө боолгуулах гэж байна гэсээр нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи бариад ороод ирсэн. Тэр архийг нь Энхтайван, Одхүү бид гурав хувааж уугаад дуусгасан. Тэгтэл Одхүүгийн хүлээж байсан хүн нь ирээд дагуулаад явсан. Энхтайван надад 10.000 төгрөг өгөөд архинд явуулсан би дэлгүүрээс 0.5 литрийн Хараа архи аваад Одхүүгийн гэрт орсон. Энхтайван бид хоёр авчирсан архиа задлаад ууж байхад Энхтайван руу нэг хүн ярьсан, Энхтайван тэр хүнийг Одхүүгийнд хүрээд ир гэж дуудсан. Нилээн хэсэг хугацааны дараа гаднаас Батмөнх гэх халзан толгойтой залуу орж ирсэн. Тэгээд уг залуутай танилцаад Энхтайван бид гурав үлдэгдэл архиа хувааж уусан. Гаднаас Одхүү, машинаа янзлуулсан гэх залуугийн хамт 0.5 литрийн Хараа архи бариад ороод ирсэн, би Энхтайванаас мөнгө аваад дэлгүүр орж 0.5, 0.75 литрийн Хараа архи 2 шилийг аваад Одхүүгийн гэрт орсон. Тэгээд тэр дунд Одхүүг таньдаг хэрнээ бусад бие биенийгээ таньдаггүй хүмүүс цугларсан байсан болохоор архиа уунгаа хоорондоо бие биетэйгээ танилцсан. Одхүүгийн машин янзлуулсан гэх залууг Баярцогт, халзан залууг нь Батмөнх гэх хүмүүс байсан. Бид нар авсан архиа уугаад нилээн удаан суусан. Бид нар хоорондоо элдэв янзын зүйлээр ярьж байсан, хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байгаагүй. Тэгтэл гаднаас Пушкин гэх сахалтай залуу орж ирээд Баярцогттой танилцаж архинаас уусан. 16 цагийн үед шиг санаж байна, машин янзлуулсан гэх Баярцогт “явлаа” гэж хэлээд гараад явсан. Би ч удалгүй “караокед манай дүү дуудаад байна, би караокед жоохон сууж байгаад ирье” гэж хэлээд гарсан. Одхүүгийн гэрт нь Энхтайван, Пушкин, Батмөнх, Одхүү дөрөв үлдсэн...” гэжээ /хх-35-36/.

Гэрч Н.Батмөнх мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 6-ны өглөө Энхтайван би Одхүүгийн гэрт нь байна, хүрээд ир гэхээр нь би очсон юм. Одхүүгийн гэрт очтол Энхтайван, Одхүүгийн гэрийнхэн урд талд байдаг нэг залуу байсан. Тэр хоёр архи уусан бололтой дундаа тал шил 0.5 литрийн Хараа нэртэй архи тавьчихсан байсан. Би тэр хоёртой цуг сууж архинаас нь уусан. Энхтайван, Баяраа бид нарыг сууж байхад гаднаас Одхүү, найз гээд нэг залуугийн хамт орж ирсэн. Найз гэх залууг нь Баярцогт гэж байсан. Одхүүгээр өөрийнхөө машиныг янзлуулсан гэж хэлж байсан. Тэр хоёр 0.5 литрийн хараа нэртэй архи авчирсан байсан. Баярааг архинд гаргаад 0.75 литрийн Хараа нэртэй архи дахиж авчруулаад бид тав хоорондоо танилцаад архиа уусан. Энхтайван, Одхүү, Баяраа, Баярцогт бид тавыг сууж байхад гаднаас Пушкин орж ирсэн. Тэгээд Пушкинтай нийлээд бүгдээрээ архи уугаад танилцаад суусан. Би архи их уусан байсан болохоор юу болсныг мэдэхгүй байна. Одхүүгийн гэрээс хэдийд гарсныгаа ч мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л би Сансарт явж байсан. ...Маргааш өглөө нь би Ганбаагийнхаас гараад Одхүүгийн гэрт нь очсон чинь гэрт нь хүн байхгүй байсан. Гэрийнхэн хашаанаас гараад явж байтал Энхтайван над руу залгаад “цаад Одхүү чинь гэрийнхээ цонхыг хагалаад өөрийгөө зүсчихлээ, цагдаа сэргийлэх гээд бөөн юм болж байна₮ гэж надад хэлсэн...” гэжээ /хх-37-38/.

Гэрч Д.Энхбаатар мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр би Д.Одхүүгийн гэрт нь 15 цагийн үед очсон. Тэдний гэрт Батка, Баяраа ах, Тайванаа, Одхүү, тэгээд нэг танихгүй залуу байсан бөгөөд эд нар нилээн халамцуу байдалтай байсан. Би тэр танихгүй залуутай нь танилцсан Баярцогт гэж өөрийгөө танилцуулж байсан. Одхүү Баярцогтын машиныг янзалсан гээд архи ууж байсан. Баяраа ах Одхүүгийн гэрээс гараад архинд яваад ирсэн. Тэгээд бид нар хоорондоо нохой, машин зэрэг талаар ярилцсан юм. Тэгээд сууж байтал Баяраа ах нүүрс шуудайлна гээд гараад явсан, сүүлд танилцсан Баярцогт бас гараад яваад өгсөн. Батка, Одхүү, Тайванаа бид дөрөв үлдсэн. Батка нилээн муудчихсан байж байгаад харилаа гээд гараад яваад өгсөн. Би ч хүнтэй утсаар ярих гээд гэрээс нь гарсан, намайг гарах үед Одхүү, Тайванаа хоёр үлдсэн. Тэр хоёр хоорондоо юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна, хоорондоо заамдалцаад л байсан. Би ч найзууд юм чинь гайгүй биз гээд утсаар ярингаа дэлгүүр орж тамхи авахаар явсан. Дэлгүүр ороод тамхи авчихаад бие засаад Одхүүгийн гэрт орсон. Тэгтэл Одхүү доошоо харчихсан хамраас нь цус гарчихсан юм шиг сууж байсан. Би эхлээд хамраас нь цус гарчихаж гэж харсан чинь гараа зүсчихсэн байсан. Одхүү хөдөлж чадахгүй байна гэхээр нь би газар дээш нь харуулж хэвтүүлсэн тэгтэл Одхүүгийн цээжний баруун дээд хэсэгт нь цээжний хөндий нэвтэрсэн шархтай байсан. Би тэр шархыг нь цэвэрлэх гээд гэрээс нь тамадены уусмал олж авсан. Тэгээд би Энхтайван руу залгасан чинь доор явж байна гэхээр нь буцаад хурдан ир гэж дуудсан. Би ч тэр хооронд түргэн тусламж руу дуудлага өгсөн. Энхтайван ч ороод ирэхээр нь “юу болсон юм бэ” гэж асуухад надад хариулахгүй байсан. Түргэн тусламж ирж үзээд гарынх нь зүсэгдсэн хэсэгт нь оёдол тавиад яаралтай гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд Энхтайвангийн хамт Одхүүг гэмтлийн эмнэлэг рүү авч явах гэтэл Одхүү намайг үлдээд гэр орноо цэвэрлэ би Энхтайвантай яваад ирье гэсэн. Би ч Одхүүгийн гараас гарсан шалан дээр туссан цусыг нь цэвэрлээд, хагарсан цонхыг нь ваннд хийгээд гадаа гаргаж тавиад гэрийг нь түгжээд явсан...” гэжээ /хх-42-43/.    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1278 дугаар дүгнэлт:

“1. Д.Одхүүгийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий шингэн хуралт, баруун уушигны няцрал, бүрэн бус уналт, баруун сарвууны 1, 2-р шивнүүрт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-45/.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-107/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-108/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-105-106/, хохирогч Д.Одхүүгийн өвчний түүх /хх-63-81/, түргэн тусламжийн хуудас /хх-25/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-8/, хохирогч Д.Одхүү нь /...хохиролд 350.000 төгрөг хүлээн авсан болон гомдолгүй тухайгаа илэрхийлсэн хүсэлт.../хх-128, 133/ зэргийг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Энхтайванг 2017 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж 926 тоотод хохирогч Д.Одхүүтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа маргалдсаны улмаас түүнийг зодож биед нь санаатай хүнд гэмт учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг санаатай үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл болсон явдлын талаар хохирогч, шүүгдэгчийн хэн аль нь санахгүй, хэдийгээр хоорондоо маргалдсан санагдаж байна гэх боловч уг хэргийг үзсэн харсан гэрчгүй байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхтайван нь “…би Одхүүгийн гэрт орж ирээд зарим зүйлсийг санахгүй согтчихсон байсан. Нэг мэдэхэд Одхүүтэй маргалдаж байсан, яг юунаас болсноо санахгүй байна, Одхүү бид хоёр заамдалцчихсан зогсож байгаад над руу дайрсан, тэр үед бид хоёр барилцаад ноцолдож байгаад цонх руу хамтдаа унасан санагдаад байгаа. Надад Х.Одхүүтэй маргалдаж, муудалцах шалтгаан байхгүй, санаатай гэмтэл учруулаагүй…” гэж мэдүүлжээ. Дээрх байдлуудаас дүгнэхэд шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Б.Энхтайваныг хохирогч Д.Одхүүд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Энхтайванд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч Д.Одхүү нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгчээс эмчилгээний зардал болох 350.000 төгрөг хүлээн авсан, гомдол, санал байхгүй гэснийг дурьдав.

Шүүх, шүүгдэгч Б.Энхтайванд ял оногдуулахдаа түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокуророос шүүгдэгч Б.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Бэсүд овогт Бямбын Энхтайваныг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Энхтайванд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Энхтайваны энэ хэргийн учир цагдан хоригдсон 10 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн хар хөх өнгийн фудболк 1 ширхэг, 12 см урттай шилний хагархай, 15 см урттай эвхдэг хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Энхтайванд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхтайванд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН