2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/134

 

 

 

 

 

 

 

 

2025       01          13                                    2025/ШЦТ/134

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч М.Нямжав,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,****** овогт А-гийн Бд холбогдох эрүүгийн 2406 01285 3464 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дуу дүрсний операторч мэргэжилтэй, “**********” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хэсэг гудамжны **** дугаар байрны **** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

            ********* овогт А-ийн Б /регистрийн дугаар: ********,  

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Стай хувийн таарамжгүй харилцааны явцад маргалдаж түүний биед нь халдаж, эрүүл мэндэд нь эрүүний зүүн үений сэртэнгийн цууралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад зулгаралт, баруун доод 8-р шүдний эмтрэл, дух, баруун хацар, нуруунд зулгаралт, зүүн тохойд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406 01285 3464 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Гэрч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2961 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн халамж, дэмжлэг, туслалцаа, зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч М.Нямжав шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Стай хувийн таарамжгүй харилцааны явцад маргалдаж түүний биед нь халдаж, эрүүл мэндэд нь эрүүний зүүн үений сэртэнгийн цууралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад зулгаралт, баруун доод 8-р шүдний эмтрэл, дух, баруун хацар, нуруунд зулгаралт, зүүн тохойд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Шүүгдэгч А.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Хохирогч Л.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн үед таньдаг ах Т-гийн 805 дугаар цэргийн анги дээр байдаг айлд очоод Т ах түүний эхнэр Н болон миний хоёр найз П, Э нарын хамт тавуулаа хоёр том пиво уусан. Би нойргүй явж байсан болохоор шөнө 02 цагийн үед унтсан. Унтаад сэрсэн чинь 03 цагийн үед нэмээд гурван залуу, гурван эмэгтэй нэмээд ирчихсэн байсан. Би гарч бие засчхаад орж ирсэн чинь Бөөрий гэдэг залуу намайг муухай хараад байна уу гээд чи намайг таних уу гээд араас гараад ир дээ гээд гадаа гарч байгаад миний нүүрлүү хоёр удаа цохиод, унасны дараа нүүр лүү хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр үед Т ах салгаад манай найз П цагдаа дуудчихсан шүү гэж хэлж айлгаад нөгөө хэд машиндаа суугаад явчихсан... Би тэр залуутай зодолдоогүй, цохиулаад нуруугаараа хойшоо унасан. Би Бөөрийн гэдэг залууг хоёр жилийн өмнө л Т ахын гэрт байхад нь тааралдаж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 02 дугаар сард манай гэрт С хоёр найзын хамт ирсэн. Тэгээд бид хэд нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, удалгүй Б хоёр найзын хамт манай гэрт ирсэн. Бид хэд нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад С, Б нар нийлж хоорондоо бие биеийнхээ үгийг даахгүй муудалцаж байгаад тэр хоёр манай гэрээс гараад явсан. Би араас нь гарахад тэр хоёр би биеэ заамдалдсан зогсож байгаад тэр хоёр зодолдоод эхэлсэн. Би очоод тэр хоёрыг салгаж би Быг цааш нь авч явсан... Б нь С-гийн нүүрний шанаа руу 1-2 удаа цохиж, доош тонгойх үед нь нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн... Миний харснаар С Бы биед гар хүрээгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2961 дугаартай “Л.Сын биед эрүүний зүүн үений сэртэнгийн цууралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад зулгаралт, баруун доод 8-р шүдний эмтрэл, дух, баруун хацар, нуруунд зулгаралт, зүүн тохойд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:

 

А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Стай “муухай харлаа” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед нь халдаж, “эрүүний зүүн үений сэртэнгийн цууралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад зулгаралт, баруун доод 8-р шүдний эмтрэл, дух, баруун хацар, нуруунд зулгаралт, зүүн тохойд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч А.Б нь хохирогч Л.Сыг муухай харлаа гэх  зүйлээр шалтаглан маргалдаж, түүний биед халдан хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул А.Быг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч А.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хохирогч Л.С өөрт учирсан гэмтэл, хохиролтой холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хавтаст хэрэгт гаргаж, хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч А.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Л.С энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаа болон цаашид энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд А.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч А.Б нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон эрүүгийн хариуцлагын талаар “... тусгайлан санал гаргаагүй...” болно.

 

Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

            Шүүгдэгч А.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт А-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бд оногдуулсан торгох ялыг гурав (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Л.С энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаа болон цаашид энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд А.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР