| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2019/00899/И |
| Дугаар | 151/ШШ2019/01151 |
| Огноо | 2019-11-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 151/ШШ2019/01151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: К.Э
Хариуцагч: М””” /ТӨҮГ/ харьяа Ш.а.а үйлдвэр
Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайнболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 1990 оноос эхлэн М””” ХХК-ийн харьяа үйлдвэрүүд болон Шижир алт ХХК-д өнөөг хүртэл ажиллаж байсан ба 2017 оноос даргын даргаар ажиллаж байсан болно. Гэтэл Ш.а.а”” үйлдвэрийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар намайг Ш.а.а”” үйлдвэрийн удирдлага, зохион байгуулалт, бүтэц орон тоонд өөрчлөлт орсонтой холбогдуулан үйлдвэрийн ажилчдын дунд буруу ташаа ойлголт төрүүлж, ухуулга хийн, үйлдвэрийн хэвийн ажиллагаанд саад хийх оролдлого гаргаж, ажилчдад үймээн дэгдээх, ажил хаялт зарлах талаар хэд хэдэн хүнд ярьж санал болгосон гэх үндэслэлээр чөлөөлсөн болно.
Миний бие дээр дурдсан үйлдэл гаргаагүй, энэ нь нотлогдоогүй бөгөөд ажлаас чөлөөлөх үндэслэл бус тул хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж гомдолтой байна. Мөн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр халагдсан тушаалаа авах гэж очиход тушаал гараагүй гээд өгөөгүй ба хэд хэдэн удаа бичиг хэргийн ажилтан байхгүй гэх шалтгаанаар авч чадахгүй явсаар 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бичиг хэргийн ажилтнаас тушаалын хуулбарыг авч шүүхэд гомдол гаргаж байна. Ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д заасныг үндэслэл болгосон байтал Шижир алт ХХК-ийн аль салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны орон тоог цөөрүүлсэн эсэх талаар бидэнд мэдэгдээгүй, дээрх заалтыг үндэслэсэн бол мөн хуулийн 40.5-д зааснаар надад нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байсан.
Иймд Шижир алт ХХК-ийн захирлын Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн К.”““ нь 1990 оноос хойш цахилгаанчны мэргэжлээр Монголросцветмет-эд ажиллаж ирсэн хүн юм. К.”““ нь Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Шижир алт ХХК-ийн драгын даргын албан тушаалд 2017 оны 05 сарын 25-ны өдөр томилогдон ажиллаж байсан. Монголросцветмет ХХК болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Шижир Алт ХХК-ийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 91 дүгээр тогтоолоор Монголросцвтемет-ийн бүтцэд оруулсан, үүнтэй холбоотойгоор Шижир алт алтны үйлдвэрийн Удирдах зөвлөлийн 03 дугаартай тэмдэглэл гарч Шижир Алт ХХК-д ажиллаж байсан ажилчдыг орон тоотой нь Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын Шижир Алт алтны үйлдвэрт шилжүүлсэн байдаг. Иргэн К.”““ нь Шижир алт алтны үйлдвэрт ажиллаж байх явцад 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль бус юм. Ажилд эгүүлэн тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна. Энэ чөлөөлсөн тушаалдаа Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 91 дүгээр тогтоол, Шижир алт алтны үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 03 дугаартай тэмдэглэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 гэсэн зүйлүүдийг үндэслэл болгосон. Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар тогтоол нь Монголросцветмет ХХК-ийг Монголросцветмет ТӨҮГ болгож өөрчилсөн, уг байгууллагын дүрмийг баталсан тогтоол юм. Энэ нь ажлаас чөлөөлөхөд шууд хамааралтай үндэслэл болохгүй гэж үзэж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 91 дүгээр тогтоол нь Засгийн газрын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Шижир Алт ХХК-ийг Монголросцветмет ТӨҮГ-ын бүтцэд оруулсан тогтоол юм. Энэ мөн адил ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалт нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэл байдаг. Тухайн үед бол энэ үндэслэлүүд тогтоогдохгүй байсан байгаа юм. Тийм учраас уг тушаал үндэслэлгүй гарсан гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гончигбал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монголросцветмет ТӨҮГ нь Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Монголросцветмет ХХК-ийг татан буулгаж Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газар болгон шинээр байгуулсан, үүнтэй холбогдуулан харьяа салбар, үйлдвэрийн бүтэц орон тоонд өөрчлөлт орж, үйлдвэрийн захирал, тамга, тэмдэг өөрчлөгдсөн. Шижир алт ХХК нь татан буугдаж Шижир алт Алтны үйлдвэр болж шинээр байгуулагдан захирал Б.Ариун-Эрдэнэ нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр томилогдож ажилчдыг түр тушаалаар авч, түүнд эрх шилжиж, тамга, тэмдэг өөрчлөгдөж, шинээр тушаал, шийдвэр гаргах, дотоод журам, компанийн дүрмийг шинэчлэх, шинэ ажилчид авах, тэдэнтэй шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах болсон ба тухайн үед нэг ч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан.
Шижир алт ХХК-ийн захирал О.Баттөмөр 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, энэ өдрөө Б/41 тоот тушаалаар компанийн бүх ажилчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. Тухайн үед Б.Ариун-Эрдэнийг захирлаар томилогдоход хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцсэн хүмүүс байсны нэг нь К.”““ бөгөөд өөрийн шууд удирдлага дахь үйлдвэрийн ажилчдын дунд буруу ташаа ойлголт төрүүлж, ухуулга хийн, үйлдвэрийн хэвийн ажиллагаанд саад хийх оролдлого гаргаж, ажилчдад үймээн дэгдээх, ажил хаялт зарлах талаар хэд хэдэн хүнд ярьж санал болгосон байдаг. Мөн драгын даргаар ажиллаж байхдаа тус компани нь нэг ч сар, жид алтны төлөвлөгөө биелэж байгаагүй, драгын засвар үйлчилгээ хийгдээгүй, драг аваар, ослын нөхцөлд ойрхон байсан, удалгүй зогссон. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан К.”““ыг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан. К.”““ нь түр тушаалаар ажиллаж байсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлаас халагдах сургаар алга болсон, халагдах тушаал авья гэж нэг ч удаа ирж байгаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй, санаатайгаар ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваагүй тул тушаалыг гарсан өдрөөс нь тооцож шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.”““ нь тодорхой байдлаар драгийн дарга гэх чухал албан тушаал хашдаг байсан. Нэхэмжлэгч нь ажлын байраа орхиж явснаас болж ажил цалгардаж байсан гэж хариуцагч ярьдаг. Монголросцветмет ТӨҮГ-т Засгийн газрын шийдвэрээр бүтэц, орон тоо өөрчлөгдсөн учраас ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна, ажилгүй байсан хугацааны цалин хэд гэдэг нь тодорхой байх ёстой, сая тайлбартаа тодорхой хэлсэнгүй. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.”““ ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Шижир алт Алтны үйлдвэр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлиийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заажээ. Нэхэмжлэгч ... 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр халагдсан тушаалаа авах гэж очиход тушаал гараагүй гээд өгөөгүй ба хэд хэдэн удаа бичиг хэргийн ажилтан байхгүй гэх шалтгаанаар авч чадахгүй явсаар 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бичиг хэргийн ажилтнаас тушаалын хуулбарыг авч шүүхэд гомдол гаргаж байна /хх-1/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.”““ ажлаас халагдах сургаар алга болсон, халагдах тушаал авья гэж нэг ч удаа ирж байгаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй, санаатайгаар ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваагүй тул тушаалыг гарсан өдрөөс нь тооцож шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан гэж үзэж байна /хх-15/ гэж тус тус тайлбар гаргажээ. Нэхэмжлэгчийн бичмэл нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн Шижир алт Алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай /хх-3/ тушаалд ШИЖИР АЛТ АҮ АРХИВ ХУУЛБАР ҮНЭН 2019 он 08 сар 01 өдөр гэх дардас дахь огноо болон нэхэмжлэгчийн 8 дугаар сарын 01-ний өдөр тушаалаа авсан гэх тайлбарыг харьцуулж, шүүгч дотоод итгэлээр үнэлэн шүүхэд гомдол гаргах хугацаа дуусаагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч К.”““ Шижир алт ХХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/08 дугаар Ажилд томилох тухай тушаалаар /хх-28/ драгын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Шижир алт Алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар /хх-57/ ажил олгогчийн санаачилгаар драгын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. Б/11 дүгээр тушаалыг Монгол улсын Засгийн газрын 209 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дүгээр тогтоол, Шижир алт ХХК-ийн ТУЗ-ын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03 тоот тэмдэглэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дахь заалтыг үндэслэн гаргасан байна. Тушаалын 1.-д Шижир алт ХХК-ийн Драгын дарга К.”““ нь Шижир алт ХХК-ийн удирдлага, зохион байгуулалт, бүтэц орон тоонд өөрчлөлт орсонтой холбогдуулан үйлдвэрийн ажилчдын дунд буруу ташаа ойлголт төрүүлж, ухуулга хийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд саад хийх оролдлого гаргаж, ажилчдад үймээн дэгдээх, ажил хаялт зарлах талаар хэд хэдэн хүнд ярьж санал болгосон тул Шижир алт АҮ-ийн Драгын дарга К.”““ыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 40.1.1-д аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэж заасан байна. Б/11 дүгээр тушаалд дурдсан Монгол улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар Монголросцветмет хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай тогтоол, хавсралтаар баталсан дүрмийг /хх-89-97/ шинжлэн судлахад Монголросцветмет ХХК-ийг Монголросцветмет ТӨҮГ болгон өөрчлөн байгуулжээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дүгээр Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай тогтоол, хавсралтаар баталсан Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем /хх-79-81/-ээр Шижир алт ХХК-ийг Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцэд оруулан орон тооны дээд хязгаарыг 1435 байхаар тогтоожээ. Шижир алт ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлд /хх-48/ ... Монгол улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар тогтоолоор Монголросцветмет ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, ... охин компани болох Шижир алт ХХК-д ажиллаж байгаа ажиллагсдыг ... нэгтгэх байдлаар Шижир Алт алтны үйлдвэр рүү шилжүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/11 дүгээр тушаалын үндэслэл болгосон дээрх баримтуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн болох нь тогтоогдохгүй байна. Мөн тушаалд ... үйлдвэрийн ажилчдын дунд буруу ташаа ойлголт төрүүлж, ухуулга хийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд саад хийх оролдлого гаргаж, ажилчдад үймээн дэгдээх, ажил хаялт зарлах талаар хэд хэдэн хүнд ярьж санал болгосон ... гэж дурдсан боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байгаа нь хариуцагч Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Шижир алт Алтны үйлдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлээр зохицуулсан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа нотлох баримтаа өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар К.”““ыг Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Шижир алт Алтны үйлдвэрийн Драгын даргын ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 14 651 070 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон тул Б/11 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзлээ. Ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан тогтооно. Нэхэмжлэгч К.”““ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос /хх-5/ үзэхэд нэхэмжлэгч сүүлийн гурван сард нийт 9 000 000 төгрөгийн цалин авчээ. Түүний 1 өдрийн дундаж цалин 139 534.88 төгрөг /9 000 000 төгрөг :3= 3 000 000 төгрөг x 21.5 өдөр = 139 534.88/-ийг ажлаас халсан 2019 оны 06 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хоорондох ажлын өдрөөр тооцоход 2019 оны 06 дугаар сард ажлын 12 өдөр, 07 дугаар сард ажлын 20 өдөр, 08 дугаар сард ажлын 22 өдөр, 09 дүгээр сард ажлын 21 өдөр, 10 дугаар сард ажлын 23 өдөр, 11 дүгээр сард ажлын 7 өдөр нийт 105 ажлын өдрийн нөхөн олговор /139 534.88 төгрөг х 105 өдөр = 14 651 070/ 14 651 070 төгрөг байх бөгөөд уг цалин олговорыг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгч К.”““д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч байгууллагаас 14 651 070 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 231 205 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид улсын төсвийн орлогод оруулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч К.”““ыг Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Шижир алт Алтны үйлдвэрийн Драгын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч К.”““д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 14 651 070 төгрөгийг хариуцагч Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Шижир алт Алтны үйлдвэрээс гаргуулан олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Шижир алт Алтны үйлдвэрт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Шижир алт Алтны үйлдвэрээс 14 651 070 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 231 205 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР