2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

 

 2025         01          16                                      2025/ШЦТ/186

 

                            

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч ****

шүүгдэгч **** түүний өмгөөлөгч **** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2406000002683 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** оны ***** дугаар сарын *****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, *****, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл ***** хамт, ******тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 52-А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар 2 жил хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

 

******, /РД: ******/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч **** нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 09 цагийн орчимд **** улсын дугаартай Бонго-3 загварын тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа **** засварын газрын байрны гадна талд байсан 388.000 төгрөгийн үнэлгээтэй 5 тонны даацтай өргөгч домакрат гэх багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** мэдүүлэхдээ: Би тэр өглөө машинтайгаа далангийн хажуу талын зам засвартай байсан тул зам тойрч явах гэж байгаад замын хажуу талын нүх рүү орсон. Чулуу тавьж байгаад гарах гэхэд чадахгүй байсан. Хажуу талд харагдсан засварын газар руу ороход хүн байгаагүй. Тэгэхээр нь засварын газрын гадна байсан данхраадыг чирч авч яваад машинаа нүхнээс гаргасан. Данхраадыг буцаад чирч явах гэснээ машинаа асаачихсан юм чинь гээд данхраадыг машин дээрээ ачаад мартаж хойд талынх нь байшингийн гадаа аваачиж тавьсан гэв.        

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 07-р тал)

 

“**** дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хяналтын камерын бичлэгийг хуулбарласан Сидинээс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09:12 минутаас 09 минут 17 минут хүртэлх хугацааны хяналтын камерын бичлэгт үзлэг хийхээр тогтов. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийж ажиллахад "Е:1731ГОа04-с37Ь-4е1е-а1сТ е1(14ГОс069Ь.тр4" нэртэй 13200 кб багтаамжтай 1 файл багтаамжтай 04:25 минутын бичлэг байх бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цагийн 12 минутын бичлэг байх ба БЗД 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дугуй засварын газрын үүднээс42- 87 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 50 орчим насны эрэгтэй хүн машинаа хааж байрлуулан дугуй засварын домкратыг ачаан дээрээ ачаад явж байгаа бичлэг бичигдсэн байв...” гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 09, 11-р тал)

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далангийн баруун урд талд байрлах дугуй засварын газар ажиллуулдаг. Тухайн дугуй засварт би Мягмарнаран гэдэг нэртэй 16 настай эрэгтэй хүүхдийг ажиллуулдаг. Тухайн хүүхэд надад 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 09 цагийн орчимд дугуй өргөгч домкратыг хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь дугуй засвар дээрээ очоод камерын бичлэг шүүсэн тэгэхэд **** улсын дугаартай цагаан өнгийн Бонго-3 загварын машин миний домкратыг аваад явсан бичлэгтэй байсан. Тэгээд би тухайн машиныг тогтоож авчхаад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд дуудлагаар ирсэн цагдаатай хамт явж тухайн машиныг Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны үүднээс олсон тэгтэл тухайн машины дотор талд кабинд нь миний домакрат байсан, тэгээд эзэнтэй нь холбоо барьж чадахгүй болохоороо цагдаатай хамт тухайн машиныг ачуулаад явуулсан. Машины дотор талд миний домакрат байгаа. Би 2024 оны 08 дугаар сард "Да хүрээ" захаас 450.000 төгрөгөөр худалдан авсан хийтэй гараараа шахаж өргөдөг, хэвтээ улаан өнгийн домакрат байсан. Уг домакратанд онцлох содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй би өөрөө хараад л танина...” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 15-р тал)

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Авто тээврийн үндэсний төвөөс машины дугаараар танай машин данхраад хулгайлаад аваад явчихлаа гэж хэлсэн бөгөөд би манай ажилтан **** гэх хүн барьж байгаа гэж хэлсэн 2 цагийн дараа цагдаагаас залгаад тухайн тээврийн хэрэгслээр хулгай хийсэн байна гэж хэлсэн. Би наад хүн чинь олдоно манайд ажилд ороод удаагүй байгаа **** гэх хүн байгаа олж өгнө гэж хэлээд салгасан бөгөөд би машин дотор тухайн данхраад байгааг нь мэдээгүй байсан. Тиймээс тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг... 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Манай дээр ажиллаад 7 хонож байгаа 3. **** гэх (99247007) хүн барьж байсан. Тухайн тээврийн хэрэгслээр ачаа бараа зөөлгөж ажиллуулдаг....” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 17-р тал)

Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /иргэн одоо эзэмшиж байгаа/ (хавтаст хэргийн 19-р тал)

 Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б31-24- 1771 дугаартай “Домакрат 5 тонны, 4 дугуйтай, загвар тодорхойгүй, хуучин 388.000” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-26-р тал)зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт: 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч **** нь хохирогч **** дугуй засварын газрын байрны гадна талд байсан 388.000 төгрөгийн үнэлгээтэй 5 тонны даацтай өргөгч домакрат гэх багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлан авсан болох нь: Хохирогч, иргэний нэхэмжлэгч **** “...Тухайн дугуй засварт би Мягмарнаран гэдэг нэртэй 16 настай эрэгтэй хүүхдийг ажиллуулдаг. Тухайн хүүхэд надад 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 09 цагийн орчимд дугуй өргөгч домкратыг хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь дугуй засвар дээрээ очоод камерын бичлэг шүүсэн тэгэхэд **** улсын дугаартай цагаан өнгийн Бонго-3 загварын машин миний домкратыг аваад явсан бичлэгтэй байсан гэсэн мэдүүлэг, Гэрч **** “...би машин дотор тухайн данхраад байгааг нь мэдээгүй байсан...Манай дээр ажиллаад 7 хонож байгаа 3. **** гэх (99247007) хүн барьж байсан. Тухайн тээврийн хэрэгслээр ачаа бараа зөөлгөж ажиллуулдаг....” гэсэн мэдүүлэг, Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б31-24- 1771 дугаартай эд хөрөнгийн үнэлгээнд “... Домакрат 5 тонны, 4 дугуйтай, загвар тодорхойгүй, хуучин 388.000” гэх дүгнэлт,  “**** дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хяналтын камерын бичлэгийг хуулбарласан сидинээс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09:12 минутаас 09 минут 17 минут хүртэлх хугацааны хяналтын камерын бичлэгт үзлэг хийхээр тогтов...БЗД 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дугуй засварын газрын үүднээс42- 87 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 50 орчим насны эрэгтэй хүн машинаа хааж байрлуулан дугуй засварын домкратыг ачаан дээрээ ачаад явж байгаа бичлэг бичигдсэн байв...” гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч **** нь хохирогч **** дугуй засварын газрын байрны гадна талд байсан 388.000 төгрөгийн үнэлгээтэй 5 тонны даацтай өргөгч домакрат гэх багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ****мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Мөнхбаясгалангийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ****гийн үйлдлийн тухайд дугуй засварын газар нь эзэнгүй, дотор нь хэн ч байгаагүй гэж байгаа боловч бусдын өмчлөл, ашиглалт, эзэмшилд байгаа өөрийнх нь биш зүйлийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь хууль бус үйлдэл гэж үзнэ. Хариуцаж байгаа хүн, өмчлөгч нь байхгүй байх үед нууцаар, байхгүй гэдгийг нь далимдуулан авч байгаа учир нууцаар авч байна гэж үзэж байна. ****гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Машин механизм ашиглаж үйлдсэн гэдэг дээр шүүх хуралдааны явцад камерын бичлэгийг шинжлэн судалсан. Яллагдагчийн мэдүүлэгт дурдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар ****гийн унаж явсан тээврийн хэрэгсэл нь нүхэнд гацсан. Гацсан нүхнээс гаргаж гэж данхраад хайж явж байгаад данхраад олж ашиглаж машинаа гаргачхаад тэр чигт нь мартаж ачиж явсан гэдэг нөхцөл байдал ярьж байгаа боловч хэрэгт авагдсан баримт болон камерын бичлэгээр эсрэгээрээ буюу бусдын эзэмшил, өмчлөлд байгаа данхраадыг бусдынх гэдгийг мэдсээр байж машинаа тухтай гэгч нь байрлуулж байгаад машин дээрээ ачиж улмаар гэрийнх гаднаас хөдөлж явсан үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ачиж явсан нөхцөл байдал тогтоогдож байна. Хэргийн газраас явсны дараа Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл буюу Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл олдсон. Хохирогч өөрөө цагдаагийн албан хаагчтай явж байгаад олсон. Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаар данхраадыг буцааж өгсөн гэж хэлж байна. Цагдаагчийн албан хаагч илрүүлээд хохирогчид эд зүйлийг буцааж өгсөн асуудал байгаа. Тэгэхээр прокурор хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэхдээ тал бүрээс нь харьцуулан шинжилж, яллах, цагаатгах талын бүх нотлох баримтыг харж дүгнэсэн. Шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас 388.000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч **** гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилж өгсөн. Тус дүүргийн прокурорын газраас хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлээр яллагдагчаар татан оруулж ирэхдээ яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтдээ хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох хууль бусаар, нууцаар авсан гэдэг шинжээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж оруулж ирсэн. Камерын бичлэгээс харлаа. Мөн  тухайн дугуй засварын газар очиход тэр данхраад дотор байгаад, хаалга үүдийг нь эвдээд, эсхүл ямар нэг хараа хяналттай байхад нь нууцаар авсан гэх шинж энэ гэмт хэрэгт  харагдахгүй байна. Өдрийн цагаар, дээрээс нь тухайн дугуй засварын газар эзгүй хүн нь орхиж явсан. Тухайн үед дугуй засварын эзэн өөрөө биш өөр хүн засварын газрыг ажиллуулж байсан. Нууцаар гэдгийг хуульд тайлбарлахдаа эзэнд нь мэдэгдэхгүйгээр сэм далд аргаар авахыг хэлж байгаа. Гэтэл данхраад нь дугуй засварын гадна ил байсан. Хуульд зааснаар ил байсан эд зүйлийг авсан бол дээрэмдэх гэмт хэрэг болдог. Нууцаар авсан тохиолдолд хулгайлах гэмт хэрэг болно. Гэтэл гэгээн цагаан өдөр дугуй засварын газрын гадна ил байгаа зүйлийг авч байгаа нь өөрөө нууцаар авч байгаа үйлдэл мөн үү. Нэгдүгээрт, ****д данхраадыг хулгайлах санаа зорилго байгаагүй. Гэвч нүхэнд унасан машинаа гаргах санаа зорилго байсан. Данхраадыг ашиглаж машинаа нүхнээс гаргасан. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллах, цагаатгах талын нотлох баримтыг тэгш цуглуулсан гэж байгаа боловч мөрдөгч зөвхөн яллах талын буюу  машинаа нүхнээс гаргаснаас хойших камерын бичлэгийг авсан. Үнэхээр хэргийн бодит байдлыг тогтооё, яллах, цагаатгах талыг эн тэнцүү байлгая гэж үзсэн бол тухайн машин яг ямар байдалтай нүхэнд унасан тэндээс эхлээд камерын бичлэгийг бүтнээр нь авах боломжтой байсан. Гэтэл зөвхөн данхраадыг өргөж машин дээр тавьж явсан бичлэгийг авсан байгаа. Яллагдагч өөрөө мэдүүлгээрээ зааж хэлээд байгаа “данхраадыг ашиглаж дугуйгаа гаргасан” гэдэг. Энийг яллах дүгнэлтэд нууцаар авсан гэж оруулж ирж байгаа тохиолдолд камерын бичлэг бүтнээрээ авагдах ёстой байсан. Өмгөөлөгч өмгөөллийн байр суурийг хүндээ ашигтай байдлаар тайлбарлаж болно гэж үзэж байна. Бусдын эд зүйлийг илээр авч байгаа. Дугуй засварын газар данхраадыг гадна ил орхичхоод өөрсдөө хэдэн цагаар байхгүй байсныг бид мэдэхгүй. Энэ нь ****г энд зогсох шалтгаан болж байгаа. Магадгүй засварын газрын эзэн ажлын цагтаа ажил дээрээ байсан бол өнөөдрийн хүнд зүйл ангиар орж ирэхгүй байх байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг хуульчилж өгсөн. Би өөрийнхөө үйлчлүүлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж байгаа. Гээгдэл эд хөрөнгийг завших гэдэг эзэмшигч, өмчлөгчийг байгааг мэдсээр байж авч явж байгаа үйлдлийг хэлнэ. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хүндээ ашигтай байдлаар тайлбарлаж байна. Тухайн дугуй засварын газрын хүн ажил дээрээ байгаагүй, эд зүйлээ хайнга гадна орхисон үйлдэл байна. Иймд миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэв.

 

            Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг уульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэхь заалтад “машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заажээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Шүүгдэгч **** нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 09 цагийн орчимд **** улсын дугаартай Бонго-3 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад **** засварын газрын байрны гадна талд байсан 388.000 төгрөгийн үнэлгээтэй 5 тонны даацтай автомашин өргөгч домакрат гэх багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машиндаа ачиж авч явсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч **** нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймээс шүүгдэгч ****г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүхээс ****г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ****гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас учруулсан 388.000 төгрөгийн хулгайн зүйлийг буцааж өгсөн байгаа. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт хавсарган хадгалах саналтай байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч **** эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. Хулгайн эд зүйлийг буцааж өгсөн. ****гийн хувьд гэм буруу дээр маргаагүй. Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. **** нь 53 настай. Холбогдсон үйлдэлдээ гэмшиж байгаа. Хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлж өгнө үү гэв.

 

Шүүх шүүгдэгч ****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлөгдсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч **** гэмт хэргийн улмаас учруулсан 388.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байна.

 

Шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашин болох **** маркийн автомашин нь “Бизнес пойнт констракшин” ХХК-ийн захирал иргэн Гэрэлцэцэгийн Мөнхбаясгалангийн эзэмшлийн машин болох нь автотээврийн үндэсний төвийн төвийн лавлаагаар тогтоогдож байх тул, тухай эд хөрөнгийн үнэлгээ болох 10.290.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулна” гэж зааснаар  хурал завсарласан хугацаанд шүүгдэгч **** 10.290.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь барьцааны 100900005406 тоот дансанд байршуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч ****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** **** нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэхь заалтад зааснаар шүүгдэгч ****г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсарган хадгалсугай.

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь барьцааны 100900005406 тоот дансанд байршуулсан 10.290.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг

түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.АЮУШЖАВ