| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 105/2025/0043/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/132 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/132
2025 01 13 2025/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Ц.Чингүүн,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овогт Д-гийн От холбогдох эрүүгийн 2406 07664 3487 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, дүү нарын хамт ****** дүүргийн **** дугаар хороо, ******** хороолол, ******* байрны ***** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй,
Урьд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.
********* овогт Д-гийн О /регистрийн дугаар: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2024 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 30 дугаар байрны гадаа явж байсан хохирогч Ж.О-ийн эзэмшлийн Самсунг А54 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 923,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Оыг дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406 07664 3487 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
Гэрч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн БЗД2-24-1806 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-24-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-50-р хуудас/,
Д.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгасан баримтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32, 44-49-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Эрүүгийн 2406 07664 3487 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Чингүүн шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... шүүгдэгч Д.О нь 2024 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ****** байрны гадаа явж байсан хохирогч Ж.Оийн эзэмшлийн Самсунг А54 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 923,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай…” дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.О гэм буруугийн талаар “... гэм буруу дээрээ маргахгүй байна...” гэх мэдүүлэг, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Д.О нь 2024 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ****** байрны гадаа явж байсан хохирогч Ж.Оийн эзэмшлийн Самсунг А54 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 923,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Ж.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Караоке ороод 1 пиво ууж хэсэг дуулж байгаад гарсан. Гадаа гарахад цаг 00 цаг дөнгөж өнгөрч байсан. Би тэндээсээ найз Б-ийн гэр лүү явсан. Б-жийн гэр нь Их тойруугийн 30 дугаар байранд байдаг. Би 30 дугаар байрны яг ард талд нь ажлын газрын эгч Д-ай утсаар ярьчхаад дөнгөж салгаад удаагүй байхад цайвар өнгийн хувцастай, 170 см орчим өдөртэй эрэгтэй хүн миний гар утсыг шууд шүүрээд зугтчихсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Би гар утсаа 2023 оны 09 дүгээр сард Мобикомоос 1,539,000 төгрөгөөр авч байсан, Самсунг А54 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд явцад өгсөн “...Тухайн өдөр Отай уулзсан шалтгаан нь би тэдний гэрт очиж өмнөх өдөр нь угаалгасан хувцсаа авах гэж холбогдоод Сансарын колонк дээр уулзахаар болсон. Уг нь би гэр лүү явах гэж байсан чинь Оын өгсөн 40,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдээгүй, дараа нь цагдаад баригдаад намайг дуудахаар нь ямар учиртай мөнгө байсан талаар мэдсэн... өмнөх мэдүүлэгтээ найзыгаа бодсондоо хамтдаа байсан гээд худлаа ярьчихсан юм. Гэмт хэргийн улмаас олсон орлогоос надад 40,000 төгрөг өгч байна гэж бодоогүй. Би тэр утсыг нь хараагүй, хаана хэнд зарсан талаар нь мэдэхгүй байна. Би тухайн гар утсыг дээрмийн аргаар олж авсан гар утас гэж огт мэдээгүй байсан. Гар утас зараад ирсэн гэдгийг нь бас мэдээгүй. О надад хаашаа явж байгаагаа хэлээгүй, би ч хаашаа явах гэж байгаа юм гэж асуугаагүй. Намайг зүгээр CU ороод хальт байж бай гэж хэлээд оруулсан...” гэх мэдүүлэг,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн БЗД2-24-1806 дугаартай “Самсунг А54” загварын гар утасны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээ 923,400 төгрөг” гэх дүгнэлт,
Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би гар утсыг зараад уулзахад Т надаас тамхи байна уу гэж асуухаар нь би 40,000 төгрөг өгөөд май андаа энүүгээр тамхи аваад татчих хоёулаа танайх руу такси бариад явъя гэж хэлсэн. Би гар утсыг гудамжинд явж байсан танихгүй ахад өгсөн, одоо ямар хүнд зарсан гэдгээ хэлж зааж өгч чадахгүй. Т намайг хүний гар утас булаасан гэж мэдээгүй. Ямар мөнгө ханаас олсон гэдгийг бас мэдээгүй. Намайг 40,000 төгрөг өгөхөд баярлалаа андаа гэж хэлээд авсан. Т бид хоёр тухайн хэрэг болсон өдрөөс хойш огт уулзаагүй. Намайг хүний утас булаах гэж байгаа талаар Т мэдээгүй зүгээр манайхаас угаасан хувцсаа авах гээд бид хоёр уулзсан. Би Тэмүүжинд зүгээр CU ороод хүлээж бай гэж хэлсэн, яах гэж байгаа, юу хийх гэж байгаа талаараа огт хэлээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан ба шүүгдэгч Д.О нь хохирогчийн гар утсыг булааж авч зугтаасан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авах учиртай.
Шүүгдэгч Д.О нь бусдын эд хөрөнгийг хэрэглэх, ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн хамгаалалтаас илээр хүч хэрэглэхгүйгээр буюу шүүрэн авч зугтаан өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.
Иймд шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Д.О нь хохирогч Ж.От учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Ц.Чингүүн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүх шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг ашиглаж тухайн гэмт хэргийг үйлдсэн учраас мөн адил харгалзаж байна. Шүүгдэгч нь 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр суллагдаж, 1 жил хүрэхгүй хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээд байгаа нь өмнөх шийтгэх тогтоолоор өөртөө ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь харагдаж байгааг харгалзаж дээрх саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг.
Шүүгдэгч Д.О эрүүгийн хариуцлагын талаар “...Би найз охинтойгоо, ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Надад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Ямар ч асуудалгүй ажлаа хийгээд байх хүсэлтэй байна...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Д.Оын 20 настай, ам бүл 5, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал болон гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хорих ялыг сонгон, ялыг 6 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Д.Оыг тодорхой хугацаанд эрх чөлөөг нь хязгаарлаж, олон нийтээс тусгаарлаж, тусгай хорих байгууллагад байлгах нь түүний хийсэн үйлдэл, хэрэг явдал, тэдгээрээс үүсэх үр дагаврыг өөрийн биеэр хариуцах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох буюу шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “... учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт Д-ийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР