| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 105/2025/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/144 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/144
2025 01 13 2025/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Б.Мөнхтулга,
хохирогч Ц.И,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* овогт М.Мт холбогдох эрүүгийн 2406 01553 1126 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******** гудамжны **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
******* овогт М-н М /регистрийн дугаар: *********,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн ***** хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд байхдаа тодорхой шалтгаангүйгээр хохирогч Ц.Иыг хамар хэсэгт гараараа цохисны улмаас биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Мийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2406 01553 1126 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Иын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4025 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/,
Шинжээч эмч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-54-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Мөнхтулга шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн ****** хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд байхдаа тодорхой шалтгаангүйгээр хохирогч Ц.Иыг хамар хэсэгт гараараа цохисны улмаас биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Шүүгдэгч М.М гэм буруугийн талаар маргахгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн ***** хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд шалтгаангүйгээр хохирогч Ц.Иыг хамар хэсэгт гараараа цохиж, биед нь “хоншоор ясны өмнөд хана, хамар ясны хугарал, баруун зовхи, хамар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар баруун хацарт, мөр, зүүн тохойд зулгаралт, дээд доод уруулын дотор салстын язрал” бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь
Хохирогч Ц.Иын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр... нийтийн байрны нэг давхрын өрөөнд ороход үл таних гурван эмэгтэй, бага насны нэг хүүхэд байсан. Дүү бид хоёр тэднийд орохдоо 2,5 литр пиво авч орж уусан, удалгүй үл таних 2 залуу орж ирсэн, бид нар хоорондоо танилцаад үл таних залуугийн авчихсан байсан 2,5 литр пивийг хувааж уусан. Бид нарыг сууж байхад гаднаас үл таних бас нэг эрэгтэй, эмэгтэйн хамт орж ирсэн. Бидний ууж байсан пиво дууссан. Дүү бид хоёрыг өрөөндөө орох гэж байхад тэнд байсан залуучууд хамт жоохон сууя гэж хэлсэн. Байрыг түрээсэлдэг эмэгтэйгээс бусад нь гарч дэлгүүрээс 1 шил архи, 2,5 литр пиво нэмж дэлгүүрээс авч орж ирээд ууж эхэлсэн. Архи пиво дуусаагүй сууж байтал миний хажууд сууж байсан сүүлд орж ирсэн залуу шалтгаангүй уурлан өөрийгөө “би эрдэнэтолгойн атаман шүү” гээд миний баруун талын нүдний хэсэгт гараараа нэг удаа цохисон дахин миний нүүр хэсэгт гараараа цохиход миний хамраас цус гаран тонгойход миний зүүн гар талд зогсож байсан өөрийгөө Бобоко гэх залуу дахин 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед миний хамраас маш их цус гарсан, би шууд цагдаад дуудлага өгсөн, удалгүй үл таних залуучууд мөн тэнд байсан охидууд тус нийтийн байрнаас гарч явцгаасан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... үл таних нэг залуу нь Мийг “чи хэдэн настайн” гэх зэргээр үл ойлголцоод эхэлсэн. Б босоод маргааныг таслах гэж байхад үл таних залуу Б-лыг хацар хэсэгт нь нэг удаа цохисон. Би тэр үед газар сууж байсан, Б-тай зодолдож байсан залуугийн нөгөө залуу нь Мтэй зодолдож эхэлсэн, би тэр үед дундуур нь орж зодооныг салгах оролдлого хийж байсан. Үл таних залуугийн нэг залуугийн хамраас цус их гарч байсан...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №4025 дугаартай шинжээчийн “...Ц.Иын биед хоншоор ясны өмнөд хана, хамар ясны хугарал, баруун зовхи, хамар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар баруун хацарт, мөр, зүүн тохойд зулгаралт, дээд доод уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Тогтоогдсон үйл баримт болох М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх ***** хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд шалтгаангүйгээр хохирогч Ц.Иын хамар хэсэгт гараараа цохисны улмаас биед нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
Тодруулбал, М.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийг цохих үйлдэл хийх нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл, сүйтгэл үүсэж болохыг урьдчилан ухамсарлан ойлгож мэдсэн, мэдсээр байж үйлдлээ хэрэгжүүлсэн байна.
Энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Иын биед хүндэвтэр зэргийн буюу “биед хоншоор ясны өмнөд хана, хамар ясны хугарал, баруун зовхи, хамар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар баруун хацарт, мөр, зүүн тохойд зулгаралт, дээд доод уруулын дотор салстын язрал” бүхий гэмтэл учирсан болох нь түүний мэдүүлэг, гэрч Б.А, шүүгдэгч М.М нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.
Өөрөөр хэлбэл үйл баримтыг гэрчилсэн хохирогч, гэрч нар шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч М.Мийн халдсан гэх цаг хугацаанд хохирогч Ц.И нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гарган, шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрт учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон нь түүний биед учирсан гэмтэл, хохирлыг М.М учруулаагүй гэж үзэх эргэлзээ бүхий баримт тогтоогдсонгүй.
Иймд М.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогч Ц.И нь сэтгэл санааны хохирол болон шүүхийн шатанд гаргасан баримтын хүрээнд эмчилгээний зардал болон 1 сарын цалин болох 4.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч Ц.Иын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 130,000 төгрөгийн төлбөр төлж “*****” үзүүлсэн баримтад “хамрын гадна хэлбэр алдагдсан, тэнхлэгээрээ зүүн тийш мурийж, нуруу хэсгээр суусан, хамрын таславч зүүн тийш С хэлбэрийн муруй” гэж үзлэгийн тэмдэглэлд тусгаж, Septoplasty Osteotomy and Rhinoplasty мэс заслын заалттай, 2,500,000-3,000,000 төгрөгийн төлбөртэй гэсэн байх тул дээрх эмнэлэгт төлсөн төлбөр болон хагалгааны төлбөр зэрэг нийт 2,630,000 төгрөгийг шүүгдэгч М.Мээс гаргуулж, хохирогч Ц.Ит олгуулахаар шийдвэрлэв.
Харин хохирогч Ц.Иын энэ гэмт хэргийн улмаас ажлаа хийж, цалингаа авч чадаагүй гэх нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдоогүй тул хэлэлцэхгүй орхиж, мөн энэ гэмт хэргийн улмаас цаашид Septoplasty Osteotomy and Rhinoplasty мэс заслаас бусад хийлгэсэн эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Мээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч М.М Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргаагүй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч М.М нь эрүүгийн хариуцлагын талаар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оноож өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг,
Хохирогч Ц.И нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй” болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч М.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, ялыг 300 /гурван зуу/ цагаар тогтоож оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч М.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт М-ийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мээс 2,630,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Ит олгосугай.
7. Хохирогч Ц.И нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон энэ гэмт хэргийн улмаас цаашид “Septoplasty Osteotomy and Rhinoplasty” мэс заслаас бусад хийлгэсэн эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Мээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР