2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/178

 

 

 

 

 

 

 

 

2025       01          15                                    2025/ШЦТ/176

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ***** овогт О-ын Ст холбогдох эрүүгийн 2411 01213 1573 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ***** хороо, ****** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

            ****** овогт О-ын С /регистрийн дугаар: ******/,  

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч О.С нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн орчим ****** дүгээр сургуулийн гадна Б.Отэй тухайн үеийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2411 01213 1573 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5294 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, төрсний бүртгэлийн лавлагаа, суурь боловсролын гэрчилгээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26, 28, 30-44-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч П.Болормаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... шүүгдэгч О.С нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн орчим Чингэлтэй дүүргийн ***** хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** сургуулийн гадна Б.Отэй тухайн үеийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Шүүгдэгч О.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан. Үйлдсэн гэмт хэргийн хүрээнд маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрдөг. Манай үйлчлүүлэгч сургуульдаа яваагүй 2 сар болж байгаа бөгөөд цаашдаа сурч боловсрох сонирхолтой байдаг тул энэ байдлыг харгалзаж үзнэ үү. Хохирол, төлбөрийн тухайд шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлж байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим хичээлээ тараад өмнө нь сурдаг байсан өөрийнхөө сургууль болох Чингэлтэй дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын ****** сургууль дээр хамт сурдаг байсан найзуудтайгаа уулзах зорилгоор очсон юм. Тэгээд сургуулийнхаа гадаа ирээд ганцаараа зогсож байсан чинь манай дээд ангид сурдаг байсан одоо тус ***** сургуулийн ***** ангид сурдаг Б гэж дууддаг хүүхэд мөн нэг танихгүй хүүхэдтэй хамт ирээд над руу чи намайг хүмүүст зодно гэж ярьсан юм уу? Чи өөрийнхөө арыг зоддог болчихсон юм уу гэхээр нь би Б-г сайн ойлгоогүй, мөн тэр үед чихэвчтэй байсан учраас хэн би юу гээд асуусан чинь шууд миний нүүр тус газар луу гараараа олон тооны удаа цохихоор нь тонгойсон чинь мөн нүүрэн тус газар луу нэг удаа хүчтэй өшиглөчихсөн юм... хариад толинд өөрийгөө хартал миний баруун шанаа хацар хэсэгт өвчин ороод бага зэргийн хавдчихсан мөн үүдэн хоёр шүд маань хөдөлчихсөн байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5294 дугаартай “Б.Оийн биед баруун, зүүн дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зовхинд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:

 

О.С нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн орчим Чингэлтэй дүүргийн ***** хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** сургуулийн гадна Б.Отэй тухайн үеийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч О.С нь насанд хүрээгүй хохирогч Б.Оийг үл ялих гэх зүйлээр шалтаглан түүний биед халдаж, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул О.Сийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч О.С нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Од учирсан гэмтэл, хохиролтой холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хавтаст хэрэгт гаргаж, хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч О.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Болортуяа нар хохирогч Б.Оийн энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаа болон цаашид энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд О.Сээс нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч О.С шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаар “...Манай үйлчлүүлэгч өөрөө сургууль, хичээлдээ явмаар байгаа боловч сургуулийн хүүхдүүд нь гадуурхсан нөхцөл байдал үүссэн байсан. Харин одоо манай үйлчлүүлэгч хичээлдээ явж сургуулиа төгсөх чин хүсэлтэй байгаа зэргийг харгалзаж суралцах эрхийг нь хөндөхгүйгээр ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч О.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

            О.С нь 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн байх ба тэрээр хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 17 настай байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, гэрчээр өгсөн мэдүүлгийн баримт зэргээр нотлогдож байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг  хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон.

            Шүүгдэгч О.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний нас, цаашид Ерөнхий боловсролын сургуульд суралцах хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, ялыг  нэг зуун хорин цагийн хугацаагаар тогтоож оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч О.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт О-ын Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сийг нэг зуун хорин /120/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Болортуяа нар хохирогч Б.Оийн энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаа болон цаашид энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд О.Сээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ст авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР