2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/177

 

 

 

 

2025       01          15                                 2025/ШЦТ/177

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч Г.А, Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* овогт Г-ийн А, ****** овогт Э-н Н нарт холбогдох эрүүгийн 2306020613336 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2005 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******** дээд сургуульд суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ***** хороо, ****** гудамжны **** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ****** хороо, ********* тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 

            ********* овогт Г-ийн А /регистрийн дугаар: *******/,

 

           Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ****** сум ******** баг ***** гудамж 1 тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг ******* хороо, *** дугаар байрны ****тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

            ********* овогт Э.Н /регистрийн дугаар: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А, Э.Н нар бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцож  2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Ц.Бгийн эзэмшлийн Самсунг Галакси эс 21 загварын 950.,00 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “гар утсаа өгч байгаач, би инстаграмм орчхоод, найзыгаа оруулж өгчхөөд ирье...” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, гар утсыг авч явж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.А, Э.Н нарыг залилах гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2306020613336 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн БЗД2-23-671 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30 хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-64 хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-76-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Н.Ганчимэг            шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “... шүүгдэгч Г.А, Э.Нтой нар бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Ц.Бгийн эзэмшлийн Самсунг Галакси эс 21 загварын 950.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “гар утсаа өгч байгаач, би инстаграмм орчхоод, найзыгаа оруулж өгчхөөд ирье...” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, гар утсыг авч явж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...”дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Г.Аын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Шүүгдэгч Э.Ны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Г.А, Э.Н нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Ц.Бгийн эзэмшлийн Самсунг Галакси эс 21 загварын 950,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “гар утсаа өгч байгаач, би инстаграмм орчхоод, найзыгаа оруулж өгчхөөд ирье...” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ц.Бгийн “...2023 оны 3 дугаар сарын 28-ны 23-00 цагийн хооронд би ILoft нэртэй бааранд найз Ч /фейсбүүк- ******* гэх нэртэй/-н хамт ороод түүний найз гэх А, Н гэх нэртэй эмэгтэйчүүд хамт ирсэн. Тэгээд манай найз Ч ирчхээд яваад өгсөн. Би баар луу ороогүй, харин тэр эмэгтэйчүүд миний гадуур хүрмийг өлгүүлээд орхичихсон. Би явах гэсэн гадуур хүрэм өлгүүлсэн дугаарыг мэдэхгүй, 03 дугаар сарын 29-ний 03 цаг хүртэл тэнд зогссон. Нөгөө хоёр эмэгтэйчүүд 02 цаг 50 минутын орчим гарч ирээд хамт хүргээд өгье гээд таксинд суусан, Сансарт Н нь бууна гэж хэлсэн. Тэгээд Сансарын Хаан банкны ойролцоо очоод А нь “гар утсаа өгч байгаач, би инстаграмм орчхоод, найзыгаа оруулж өгчхөөд ирье” гээд би гар утасныхаа нууц үгийг гаргаад өгсөн. Үүний дараа 10 минут орчим болоод би гар утас луугаа залгатал холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг

Хөрөнгө үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ний 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн БЗД2-23-671 дугаартай “...Самсунг Галакси эс 21 загварын гар утасны үнэлгээ 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт,

Хохирогч Ц.Б нь гар утас авсан этгээдүүд Э.Н, Г.А болохыг таньсан талаарх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл... цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж..., эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Шүүгдэгч Г.А, Э.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Ц.Бгийн эзэмшлийн Самсунг Галакси эс 21 загварын 950.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, шилжүүлэн авсан үйлдэл нь Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзлээ.

Тодруулбал, залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч Г.А, Э.Н нар нь өөрсдийн амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн хэрэгцээ шаардлагаа хангахын тулд хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авчээ.

 

Иймд шүүгдэгч Э.Н, Г.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин улсын яллагч шүүгдэгч Э.Н, Г.Аыг нарыг урьдаас үгсэн тохиролцож гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ “шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар хийсэн дүгнэлт тодорхойгүй, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр нь хэрэгт авагдсан баримтаар хэрхэн тогтоогдсон талаар нотлоогүй тул зохих өөрчлөлт оруулсан болно.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч Ц.Бд шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар нь хохирол 950,000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч Э.Н, Г.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Г.Манилцэцэг эрүүгийн хариуцлагын талаар: “....Шүүгдэгч Г.А, Э.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.А, Э.Н нар нь эрүүгийн хариуцлагын талаар “…Хэлэх зүйлгүй…” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Э.Н, Г.А нарыг чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Тодруулбал хохирогчийн баримтаар гаргаж нэхэмжилсэн бодит хохирлыг шүүгдэгч Э.Н, Г.А нар нь төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон болон тэдний нас, цаашид боловсрол эзэмшихээр суралцаж буй байдал зэрэг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болов.

                       

Шүүгдэгч Г.А, Э.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Н, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Н, Г.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Н, Г.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ******* овогт Э-ын Н, ****** овогт Г-рийн А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Э.Н, Г.А нарыг чөлөөлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болон шүүгдэгч Э.Н, Г.А нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н, Г.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР