| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0077/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/192 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/192
2025 01 16 2025/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ****** овогт Б-гийн Мд холбогдох эрүүгийн 2411 02540 1064 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***** ХХК-д лабронт ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн ***** дугаар хороо, ***** хэсэг гудамжны **** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ***** хороо, ******** тоотод оршин суух,
Урьд, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 644 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Харчин овогт Баасанхүүгийн М /регистрийн дугаар: УВ97101218/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Мд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2411 02540 1064 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад *****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь 2,38 хувийн согтолтой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-5-р хуудас/,
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч М.Шинэтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 13-ны өглөө “Ниссан нөте” маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар их дэлгүүрийн хойд талын замаар 2 дугаар эгнээгээр зорчиж байхад араас “Lexus HS-250” маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн. ГССҮТ-д үзүүлээд цээж тархины рентгенд харуулсан. Эмнэлэгт үзүүлэхэд хэвийн гарсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн үнэлгээ 7,100,000 төгрөг гарсан. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,
Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 12-р хуудас/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 34-35-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-р хуудас/,
СД бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 45-46-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Lexus HS-250 маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх М миний найз үнэлгээ хийлгэхгүй хохирлыг бүрэн төлсөн тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12-13, 77-р хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн 2411 02540 1064 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ч.Батбаатар шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Чингэлтэй дүүргийн ***** хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрийн урд талын замд 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 06 цаг 40 минутын орчимд “Lexus HS-250” маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон, “Ниссан нөте” маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол, гаргасан нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт..”-ийг гаргасан.
Шүүгдэгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэм буруугийн талаар маргахгүй…” гэж мэдүүлэг өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шинжлэн судалсан: Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад *****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь 2,38 хувийн согтолтой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл,
Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа,
М.Ш-ийн “...2024 оны 10 дугаар сарын 13-ны өглөө “Ниссан нөте” маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар их дэлгүүрийн хойд талын замаар 2 дугаар эгнээгээр зорчиж байхад араас “Lexus HS-250” маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн. ГССҮТ-д үзүүлээд цээж тархины рентгенд харуулсан. Эмнэлэгт үзүүлэхэд хэвийн гарсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн үнэлгээ 7,100,000 төгрөг гарсан. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,
Яллагдагч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “ 2024 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 03:00 цагийн орчим Модны 2-т найзын хамт 5 ширхэг пиво уусан. Уугаад Тоёота HS250 маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон. Баруунаас зүүн чиглэлд Баруун 4 замаас хүнсний 4 орохоор Улсын их дэлгүүрийн баруун урд талын замд 3 эгнээгээр чигээрээ явж байхад урд машин байгаагүй, найзтайгаа юм ярьж байгаад харахад машин гараад ирсэн байсан. Тэгээд би зогсоож чадалгүй араас нь мөргөсөн. Согтуугаар 2-3 км зайд жолоо барьсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Б.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нотлогдсон, түүний үйлдэл мөн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…” гэж тодорхойлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон... бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.
Жолоодох эрхийн лавлагаагаар Б.М нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр №1097223 дугаартай үнэмлэхээр жолоодох эрх авч, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзэхийн зэрэгцээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзнэ.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт хууль тогтоогч тайлбарласан ба Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан байна.
Түүнчлэн шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 түүнээс дээш промиль илэрсэн тохиолдолд согтуурсан гэж үзэх бөгөөд Б.Мыг эрх бүхий албан тушаалтан драйгер багажаар шалгахад тэрээр 2,38 хувийн согтолтой болох нь нотлогдсон ба түүний үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрэм, журам дагаж мөрдөөгүй, согтууруулах ундаа хэрэглэснээс гэмт хэрэг гарсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Ч.Батбаатар эрүүгийн хариуцлагын талаар: “... Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 5000 нэгжээр торгох ял оногдуулах...” дүгнэлтийг.
Шүүгдэгч Б.М нь эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Мын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас эрх хасах, торгох ялыг сонгож эрүүгийн хариуцлага оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах зүйтэй.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болон шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт Б-ийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар хасаж, таван мянган /5000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг зургаа (6) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан хоёр /2/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР