Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,  

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч Г.Тэмүүлэн, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Уулчин овгийн Гансүхийн Тэмүүлэнд холбогдох эрүүгийн 201725030418 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Уулчин овгийн Гансүхийн Тэмүүлэн, 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдол 2 дугаар гудамжны 5 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 266 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 148 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар УП88102074.

Холбогдсон хэргийн талаар / Яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/;

Шүүгдэгч Г.Тэмүүлэн нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын боловсролын дээд сургуулийн орчимд иргэн А.Хишигдэлгэрийн халааснаас Samsung galaxy S6 /Самсунг глакси Эс-6/ загварын гар утсыг хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тэмүүлэн мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Хохирогч А.Хишигдэлгэр мэдүүлэхдээ: “…2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Соёл боловсролын дээд сургуулийн орчим алхаад явж байхдаа нэхийний зүүн талын халааснаас Samsung galaxy S6 edge загварын хөх өнгийн гар утсаа хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад  хандсан юм. Миний хулгайд алдсан гар утас Samsung galaxy S6 edge загварын хөх өнгийн, содон тэмдэггүй утас байгаа юм. Миний хулгайд алдсан гар утсыг үнэлгээний комисс 450.000 төгрөгөөр үнэлснийг би хүлээн зөвшөөрч байна. Би хулгайд алдсан гар утсаа эргүүлэн аваагүй харин оронд яг адилхан Samsung galaxy S6 edge загварын хөх өнгийн гар утас хүлээн авсан. Миний хүлээн авсан гар утас IMEI 359937061557286 кодтой. Надад одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй…” гэжээ /хх-10/.  

Гэрч Н.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн Дөрөвдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ажилтай. Г.Тэмүүлэн нь манай Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй хүн байгаа юм. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед би ажил үүргээ гүйцэтгээд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёл боловсролын дээд сургуулийн хавиар явж байхад манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй Г.Тэмүүлэн явж байхаар нь уулзаж биед нь үзлэг хийхэд түүний биеэс Samsung galaxy S6 edge маркийн гар утас гарч ирсэн. Тэгээд асуухад Г.Тэмүүлэн сая хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаараа ярьсан юм. Би Г.Тэмүүлэнгийн хулгайлсан гар утсыг нь хураан авч хохирогч А.Хишигдэлгэрт хүлээлгэн өгсөн юм…” гэжээ /хх-11/.   

Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43, 20/, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-6-7/, эд зүйлийн үнэлгээ /хх-8/, мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих, эд хөрөнгийг хамгаалах тогтоол /хх-28/ зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Г.Тэмүүлэн нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын боловсролын дээд сургуулийн орчимд иргэн А.Хишигдэлгэрийн халааснаас Samsung galaxy S6 /Самсунг глакси Эс-6/ загварын гар утсыг хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Хишигдэлгэрийн мэдүүлэг, гэрч Н.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг болон шүүгдэгч Г.Тэмүүлэнгийн үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Тэмүүлэнг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Г.Тэмүүлэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч А.Хишигдэлгэр нь “…Надад одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй…” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Тэмүүлэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 148 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаа нь дууссан байх тул түүнийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Г.Тэмүүлэнд ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж баривчлах ял шийтгэв.

Шүүгдэгч Г.Тэмүүлэнгийн төрсөн охин 4 настай Т.Гэгээлэнг, шүүгдэгчийн төрсөн эгч болох Төмөрчөдөрийн Батцэцэгийн асрамжид үлдээсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, цаашид асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна. 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж байна.   

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уулчин овгийн Гансүхийн Тэмүүлэнг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тэмүүлэнд 01 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тэмүүлэнд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Г.Тэмүүлэнгийн 2012 оны 11 дүгээр сарны 07-ны өдөр төрсөн охин Уулчин овгийн Тэмүүлэнгийн Гэгээлэн /РД: УТ13310716/-г, шүүгдэгчийн төрсөн эгч Уулчин овгийн Төмөрчөдөрийн Батцэцэгийн асрамжинд үлдээсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, цаашид асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

7. Тогтоолыг  шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН