Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0723

 

  

 

    2022           09             30                                        128/ШШ2022/0723

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э***” ХХК /РД:******/,

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О***, Б.М*** нарын хоорондын татварын маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т***, хариуцагч Т.О***, Б.М***, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э****” ХХК нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О***, Б.М*** нарт холбогдуулан “Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О****, Б.Мө***** нарын” 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

2. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан удирдамж, хяналт шалгалт хийх 2221902638 дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч “Э***” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О***, Б.М**** нар нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн.

          3. Нэхэмжлэгч “Э***” ХХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн татварын газрын Маргаан таслах зөвлөлд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргасан боловч маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг өөрчилсөн хариу болох 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22/03 дугаар албан бичгээр гардан авсан байна.

“Э****” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5.3-т “... автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/06 тогтоолоор аймгийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварын хэмжээг баталсан бөгөөд уг тогтоолын хавсралтын 10-т чиргүүл (тонн тутмаас) 6000 төгрөг байхаар тогтоосон. Автотээврийн байгууллага нь Монгол Улсад бүртгэгдэж буй бүх төрлийн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтүүдийг тухайн тээврийн хэрэгслийн баримт бичиг, холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхойлон бүртгэдэг бөгөөд Автотээврийн байгууллагаас ингэж тодорхойлсноор манай компанийн эзэмшиж буй чиргүүлүүдийн даацын хэмжээ 44200 кг болон 23300 кг юм. Гэтэл улсын байцаагчид чиргүүлийн татварын хэмжээг 70-80 тонн даацтай ачааны машины татварын хэмжээгээр 400.000 төгрөг байхаар тооцсон нь хууль зөрчсөн.

4.1. Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зэрэгт зааснаар зүтгүүр болон чиргүүл нь тус тусдаа улсын бүртгэлд бүртгэгдэж улсын дугаар олгогддог тээврийн хэрэгслийн өөр төрлүүд бөгөөд Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 болон 5 дугаар зүйлд зааснаар зүтгүүр, чиргүүлийн татварын хэмжээг тус тусад нь тогтоосон. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 6/06 тогтоол болон хуулиар тогтоосон хязгаарт багтаан чиргүүлийн татварын хэмжээг бусад тээврийн хэрэгслүүдээс тусад нь ялган тогтоосон тул татварын улсын байцаагч нар өөр өөр төрлийн, тус тусдаа улсын бүртгэлийн дугаартай байдаг автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл буюу чиргүүлийн татварын хэмжээг ачааны автомашины татварын хэмжээгээр тооцон тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4.2. Түүнчлэн чиргүүлийн албан татварын хувь хэмжээг тогтоохдоо тухайн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт, тэдгээрийг тооцон автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон албан ёсны даацын хэмжээгээр тооцох ёстой байтал татварын байгууллага, улсын байцаагч нар өөрөө даацын хэмжээг тодорхойлох, эсхүл тодорхой хугацаанд ачсан ачааны хэмжээгээр тооцох зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” нь тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, бүртгэл, мэдээллийн сан байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд уг журмын 3.10-т “Автотээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтийг энэхүү журмын 2 дугаар хавсралтад дурдсан жагсаалтын дагуу техникийн хяналтын үзлэгийн мэдээлэлд үндэслэн бүртгэлийн санд бүртгэнэ”, уг журмын 2-р хавсралт буюу “Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдэх мэдээллүүдийн жагсаалт”-ын 10-т “даац, кг” гэж заасан. Энэ журмын дагуу Автотээврийн байгууллага нь манай компанийн эзэмшиж буй чиргүүлүүдийн даацыг тодорхойлон бүртгэсэн бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээнд холбогдох бичилтийг хийсэн тул татварын байгууллага, улсын байцаагч хууль ёсны энэ мэдээллийг үндэслэх ёстой гэж үзэж байна.

4.3. Татварын алба нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын ногдуулалтыг татварын цахим системд үүсгэж өгдөг ба татвар төлөгч өөрөө төлөх татварынхаа хэмжээг тодорхойлох, өөрчлөх, ногдуулах боломжгүй байдаг тул манай компанийг татварыг дутуу ногдуулсан талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна...” гэв.

5. Хариуцагч татварын улсын байцаагч нар тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчид “Э*****” ХХК-ийн 2017-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Эрсдэлд суурилсан” татварын хяналт шалгалтыг хийсэн. Татварын хяналт шалгалтаар тус компанийн нийт 28 чиргүүлд 4,843,600.00 төгрөгийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг дутуу ногдуулсан гэж үзсэн.

5.1. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д “авто чиргүүл”, 5 дугаар зүйлийн 3-т “энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/06 дугаар тогтоолын 1-д “ачааны машин 70-80 тонны даацтай 400,000.00 төгрөг, чиргүүл /тонн тутмаас/ 6,000.00 төгрөг”, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 сарын 17-ны өдрийн А/10 тоот “Удирдамж батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг зохион байгуулах ажлын удирдамж”-ийн 4 дүгээр хэсгийн 4.3.5-т “Уул уурхайн хүнд даацын тээврийн хэрэгслийн хувьд Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар баталсан MNS6278:2011 стандартыг баримтлан даацын хэмжээг 65 тонн ба түүнээс дээш хэмжээгээр тооцож АТБӨЯХ-ийн албан татварыг ногдуулах, Уул уурхайн хүнд даацын Howo, Sino truck, LCT, CIMG, JIDONG гэх мэт маркийн тээврийн хэрэгсэл, чиргүүл хамаарна” гэж заасны дагуу хариуцлага ногдуулж, шийдвэрлэсэн болно.

5.2. “Э**** ХХК-ийн 2022 оны 02 сарын 01-ний өдрийн 01/006 тоот нэхэмжлэлд дурдсан “чиргүүлийн дийлэнх нь 44.2, 23.3 тонны даацтай” гэсэн нь үндэслэлгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна.

Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн” Э ХХК-ийн нүүрс тээврийн экспортын мэдээгээр 66.05 тонноос 75.0 тонны ачилт хийн тээвэр хийсэн байх тул яав ч 44, 23 тонны даацтай машин дээр 66-75 тонн ачих боломжгүй тул үндэслэлгүй” гэв.

6. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/10 дугаар “Удирдамж батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн агаарын бохирдлын татварыг хураах ажлыг зохион байгуулах ажлын удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Уул уурхайн хүнд даацын тээврийн хэрэгслийг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар баталсан МNS 6278/2011 стандартыг баримтлан даацын хэмжээг 65 тонн ба түүнээс дээш хэмжээгээр тооцож автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг ногдуулах гэж заасан. Үүнд нь уул уурхайн хүнд даацын Howo, LCT, CIMG гэх мэт тээврийн хэрэгслийн чиргүүл хамаарна гэж заасан байгаа. Иймд удирдамжийн дагуу тухайн тээврийн хэрэгслийг 65 ба түүнээс дээш тоннтой гэж тооцон албан татвар ногдуулна.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

2. Маргаан бүхий Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Т.О, Б.М нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-22210000087 дугаар актаар нэхэмжлэгч “Э****” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг холбогдох удирдамжийн дагуу гүйцэтгэж, хариуцагч татварын улсын байцаагч нараас “Толгой компани болох “М****” ХХК-аас хөрөнгө оруулалтаар шилжин ирсэн 28 чиргүүлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2020 онд 4,843,600.00 төгрөгөөр дутуу ногдуулсан зөрчил илэрснийг тэмдэглээд Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг үндэслэн 4,843,600 төгрөгийн нөхөн татвар, 1,453,080 төгрөгийн торгууль, 968,720 төгрөгийн алданги нийт 7,265,400 /долоон сая хоёр зуун жаран таван мянга дөрвөн зуу/ төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт тогтоосон”-ыг,

3. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс “...Автотээврийн тухай хуульд зааснаар чирэгч болон чиргүүл нь тус тусдаа тээврийн хэрэгслийн төрлүүд ба тус тусдаа улсын дугаар олгогддог, мөн тус тусдаа татвар төлдөг байхад чиргүүлийн татварыг чирэгч толгойн татвараар буюу 400,000 төгрөгөөр тогтоосон нь хууль бус, даацын хэмжээг тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд заасны дагуу авч үзээгүй нь үндэслэлгүй” зэргээр болон Тодорхойлох хэсгийн 4-д заасан үндэслэлээр маргаж байна.

4. Маргааны зүйл нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар ногдуулж төлөхтэй холбоотой ба нөхөн ногдуулалтын актын тооцоолол, татварын ногдох зүйл, татвар төлөх үүрэг бүхий татвар төлөгч мөн биш зэрэгт маргаагүй болохыг тэмдэглэж байна.

5. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг илүү дэлгэрэнгүй авч үзвэл, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувьд эзэмшигч нь татвар төлөгч байхаар, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч нь агаарын бохирдлын төлбөр төлөгч байхаар, түүнчлэн Автотээврийн тухай хуульд заасан автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлд эзэмшигчээр бүртгэгдсэн этгээд тухайн тээврийн хэрэгслийн албан татварыг, мөн авто зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

6. Тодруулбал, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 4 дүгээр зүйлд ямар автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулахыг тоочих замаар зохицуулж, уг зүйлийн 1/ “бүх төрлийн автомашин”, 7/ “авто чиргүүл” гэж заасан бол, мөн хуулийн 5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд жилийн хугацаанд ногдуулах албан татварын хэмжээг албан татварын дээд, доод хязгаарын хамт заасан, харин мөн хууль, зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулахаар, 7 дугаар зүйлийн 7.1-д хувь хүн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөхөөр, 7.2-т аж ахуйн нэгж байгууллага авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж, дараа оны 02 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлэхээр хуульчилжээ.

7. Түүнчлэн маргааны зүйлд хамаарах хэм хэмжээ тогтоосон нэг акт нь Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Татварын хэмжээг өөрчлөн тогтоох тухай” 6/06 дугаар тогтоол бөгөөд уг тогтоолын хавсралтын 6-д “70-80 тонны даацтай ачааны машин 400,000 төгрөг”, 10-д “чиргүүл /тонн тутмаас/ 6000 төгрөг” байхаар заажээ.

8. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь 28 чиргүүлийн төлөх татварын хэмжээг дээрх Хурлын тогтоолын хавсралтад заасан ёсоор “70-80 тонны даацтай ачааны машин төлбөрөөр бодож, нэг чиргүүлийн төлөх татварын хэмжээг 400,000 /нөхөн ногдуулалтын актын хавсралтад авагдсан/ төгрөгөөр ногдуулсан нь хууль бус байна.

9. Яагаад гэвэл, Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “... автотээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг” гэж зааснаар “чиргүүл” нь тээврийн хэрэгслийн хувьд суудлын болон ачааны автомашинаас тусдаа ойлголт болох нь нэр томьёоны утгаас харагдаж байна. Үүгээрээ нэг талаас мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.1.11-д “тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах” бүрэн эрх, чиг үүргийг захиргааны байгууллага хэрэгжүүлж байхад, нөгөө талд тухайн автотээврийн хэрэгслийг эзэмшигч нь дээрх хуулийн 171 дугаар зүйлийн 171.1-д “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлэх” үүрэгтэй байна.

10. Эндээс үзэхэд, татвар ногдох зүйл болох автотээврийн хэрэгсэл нь заавал бүртгэлтэй байх, өөрөөр хэлбэл, Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 2-д “Автовээрийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, дугаар олгох журам”-ыг баталсан А/222 дугаар тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж, энэ журмын дагуу олгогдсон албан татвар ногдох автотээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт бүхий гэрчилгээнүүд хавтаст хэргийн 117-оос 145 дугаар хуудаст авагдсан байна.

11. Иймд шүүхээс, албан татвар ногдох автотээврийн хэрэгсэл нь ачааны автомашин /тусгай зориулалтын авотмашин/ болон чиргүүл байна гэж үзэж, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж зааснаар Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасан албан татварыг мөн хууль, зүйлийн 3-д заасан хэмжээгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрөө тодорхойлон 6,356,400.00 төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн нь тогтоогдож байна, харин хариуцагч татварын улсын байцаагчдын хяналт шалгалтын хугацаанд  буюу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 24.6 сая тонн нүүрсийг нэг машинд дунджаар 72.4 тонноор тээвэрлэсэн нь Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/06 дугаар тогтоолын хавсралт 1-д “ачааны машин 70-80 тонны даацтай 400,000 төгрөг” гэж заасантай нийцнэ, үүний дагуу нөхөн татварыг ногдуулж, торгууль алдангийг тооцсон гэдэг нь няцаагдаж байна гэж үзлээ.

12. Учир нь Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн зорилго нь хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулах явдал ба албан татварын хэмжээ нь мөн хуульчлагдсан, энэхүү албан татварын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийг ашиглалтаас гарах хүртэл хугацаанд нэг байхаар зохицуулагдсан, тодруулбал, маргаан бүхий албан татвар ногдох автотээврийн хэрэгсэл нь хэрхэн ашиглагдаж байгаагаас үл шалтгаалан зөвхөн улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлаар татвар ногдуулахаар хуульчилснаас биш тухайлбал, татвар ногдох жилд огт ачаа ачихгүйгээр, эсхүл даацын хэмжээ нэмэгдсэн эсэхээс үл хамаарахаар байна.

13. Хариуцагч нарын “...“Э****” ХХК-ийн нүүрс тээврийн экспортын мэдээгээр 66.05 тонноос 75.0 тонны ачилтын тээвэр хийсэн тул 44, 23 тонны даацтай машинд 66-75 тонн ачих боломжгүй, иймээс үндэслэлгүй” гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй, үүний эсрэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “татварын улсын байцаагч нар татвар ногдох зүйлийг даацаар нь өөрсдөө тодорхойлсон, энэ нь хууль болон журмаас давсан үйлдэл” гэж маргасныг шүүх, хууль хүн бүрд тэгш үйлчлэх, хуулийг нэг мөр зөв ойлгож хэрэгжүүлэх, татвар бий болгох, тогтоох, ногдуулах үйл ажиллагаа “тодорхой”, “шударга” байх ойлголтын хүрээнд Автотээврийн тухай хуулийн 6.1.11-д “тээврийн хэрэгслийн бүртгэл, ... ажлыг зохион байгуулах” бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлсэн бүртгэлийн ажилтны олгосон тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн тодорхойлолтын дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөх үүргээс нэхэмжлэгч нь чөлөөлөгдөөгүй, харин маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаараа даацыг нь тодорхойлж ачааны машин гэсэн ангиллаар 400,000 төгрөгөөр тооцож нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж шүүх дүгнэлээ.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 7, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э*****” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН