Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2019/02649

 

 

 

 

 

 

2019 оны 12сарын18өдөр

181/ШШ2019/02649

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Нд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,605,211 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б би тус сургуульд 2018 оны 01 сард хичээл зохицуулагч, дотоод хяналтын ажилтнаар орж 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 29 дүгээр сургуулийн захирлын Б/39 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа халагдсан. Ажлаас халагдсан асуудлыг миний бие үл хүлээн зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр ажилд авах тушаал гаргасан. Нэхэмжлэгч миний зүгээс хариуцагчтай эвийн журмаар тохиролцож ажиллаагүй байсан хугацааны цалинг гаргуулах талаар ярилцсан боловч өнөөдрийг хүртэл цалинг олгохгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөөгүй хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс ажилд томилсон тушаал гарсан өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 1,605,211 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сургуулийн хичээл зохицуулагч, дотоод хяналтын ажилтнаар ажиллаж байсан С.Б нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2019/01662 шийдвэрийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс ажилд орох байсан боловч хичээл зохицуулагчийн орон тоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 01-ний 4/3708 албан бичгийг үндэслэн хасагдсан болно. С.Б нь хичээл зохицуулагч, дотоод хяналтын ажилтнаар ажиллаж байх явцдаа хичээл зохицуулагчийн орон тоо 1, дотоод хяналтын ажилтны орон тоо 0.5-аар хавсран гүйцэтгэдэг байсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн орон тоо зохицуулагдаж байдаг тул дотоод хяналтын ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болж 2019 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн С.Б нь туслах багшийн орон тоон дээр ажиллаж байгаа болно. 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/39 захирлын тушаал ёсоор С.Бт ажлаас гэнэт халагдсан ажилтанд олгох тэтгэмжийг 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгохоор ахлах нягтлан бодогч Б.Алтантуяад даалгасны дагуу нөхөн олгох болно. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Нд холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,605,211 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/39 захирлын тушаал ёсоор С.Бт ажлаас гэнэт халагдсан ажилтанд олгох тэтгэмжийг 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгоно гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Б нь Нийслэлийн ерөнхий боловсролын хорин есдүгээр сургуулийн хичээл зохицуулагч, дотоод хяналтын ажилтны ажлын байранд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөн, улмаар шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01662 дугаар шийдвэр /хх-10-12 тал/-ээр С.Быг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэрт талууд давж заалдах журмаар гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дахь заалтад Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу С.Быг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг түүний ажил олгогч Н заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарна.

Нэхэмжлэгч нь хариуцагч түүнийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс туслах багшийн орон тоон дээр ажиллуулж эхэлсэн гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 08 сарын 19-ний өдрөөс түүнийг ажилд авсан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,605,211 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй байх тул түүнийг ажилд эгүүлэн авах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгох үүрэгтэй.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01662 дугаар шийдвэрээр С.Быг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үед нэхэмжлэгч тухайн үед нэхэмжилж байсан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлсийг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэснийг баримтлах бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан С.Бын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлс буюу 2019 оны 05 дугаар сарын цалин хөлс 944,437 төгрөг, 06 дугаар сарын цалин хөлс 1,072,529 төгрөг, 07 дугаар сарын цалин хөлс 1,322,922 төгрөг, нийт 3,339,888 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг тооцоход 1,113,296 төгрөг, үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг сарын дундаж хоног болох 21.5 хоногт хуваан тооцоход 51,781 төгрөг, үүнийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 08 сарын 19-ний өдрөөс түүнийг ажилд авсан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын 30 хоногт тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь 1,553,430 төгрөг болж байх тул хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын хорин есдүгээр сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,553,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бт олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг буюу 51,781 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч С.Бын болон хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын хорин есдүгээр сургуулийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Нд даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын хорин есдүгээр сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,553,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бт олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг буюу 51,781 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч С.Бын болон хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын хорин есдүгээр сургуулийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Нд даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 10 сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын хорин есдүгээр сургуулиас 39,804 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бт олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР