| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2025/055/э |
| Дугаар | 2025/ШЦТ/246 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.ГАНЧИМЭГ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/246
2025 01 21 2025/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох эрүүгийн 2406061913335 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******оны **** дугаар сарын *****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *****, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ****** хамт ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******** /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч ***** нь ***** зогсоол дээр ***** “утсаа авч, машинаа холдуулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний биед халдаж, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, эрүү, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Харилцаанаас харилцаа эхэлдэг. Хохирогчоос уучлалт гуйна. Дахиж ийм зүй зохисгүй үйлдэл гаргахгүй. Би 3 хүүхэдтэй. Иймд үйлдэл гаргасандаа гэмшиж байна гэв.
Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ***** машины жолооч эмэгтэй намайг зодсон” гэх зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны ***** дугаартай “***** дугаартай машины хүн намайг хэл амаар доромжлоод бичлэг хийгээд байна” гэх хуудас /хх-ийн 4, 5/,
***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн үед би 8811 дугаараас над руу залгаад “машинаа холдуулаач гичий минь” гэхэд нь би утсаа таслаад хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гараад очих хооронд над руу 8 удаа залгаад байсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн 6-р хороо Бөхийн өргөөний урд талын зогсоол дээр машин холдуулах гээд очиход ***** дугаарын жолооч хүүхэн “гичий минь пизда минь янхан минь” гээд орилоод над руу дайраад намайг үсдэж аваад доош даран миний гэдэс хэсэг болон нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би босож ирээд чи намайг зодчихлоо, би цагдаа дуудна гэхэд миний гар утсыг булааж аваад миний хүзүү хэсгийг маажин мөн бие рүү өшиглөсөн. Бөхийн өргөөний урд байдаг Хазара рестораны зогсоол дээр өөрийн эзэмшлийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2 машин хааж тавьчхаад хүүхдээ БЗД-ийн 6 хороонд байрлах цэцэрлэгээс авах гээд явтал 18 цаг 01 минутад машин гаръя гээд нэг залуу залгахаар “түр хүлээж байгаарай, би хурдхан хүүхдээ авчхаад яваад очъё” гээд хэлчхээд байж байтал 18 цаг 04 минутад нэг хүүхэн залгаад “машинаа холдуулаач, мэдрэл муутай авгай минь, хүнд гай болсон авгай минь” гээд мессеж хүртэл бичээд байхаар нь би машинаа холдуулах гээд хүүхдээ авчхаад хурдхан яваад очтол “хятад машин унасан хөдөөгийн хүүхэн минь байж байгааг нь хараад байгаарай гичий минь, пизда минь” гээд над руу орилоод дайраад байсан. Тэгээд намайг шууд үстэж дараад миний гэдэс, нүүр хэсэгт өшиглөсөн. Тэгээд би чи намайг зодчихлоо би цагдаа дуудна гэсэн чинь миний гар утсыг булааж аваад миний хүзүүг маажиж, намайг дахиад нэг удаа өшиглөсөн. Над руу 3 минутын дотор 8 дуудлага 2 мессеж ирснээс би хоёрыг аваад “одоо очиж байна” гээд таслаад байхад л үргэлжлүүлээд залгаад байсан. Нүүр хэсэгт 2-3 гэдэс рүү 2-3 удаа цохиж хүзүү маажсан. Намайг нүүр нүдгүй баахан цохиод байсан. ...Би энэ хүнээс болж 10 хоног ажилдаа явж чадаагүй, мөн сэтгэлээр маш их унасан. Би ийм асуудалд орсноос болоод өөрөө 91 сая төгрөгийн зээлийг сар бүр хувааж 2 сая 150,000 төгрөг төлөх байсан ба тэрийгээ төлж чадаагүй мөн магистрт сурч байсан хичээлдээ сууж чадаагүй гээд кредитийн мөнгө нэхэгдэж банк болон сургуулиас байнга залгаж мөнгө нэхэж байгаа болохоор би сэтгэл санааны хохиролтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Шүүгдэгч ***** хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 09-р сарын 02-ны 18 цагийн үед БЗД-ийн 6-р хороо бөхийн өргөөгийн урд талын машин зогсоол дээр машин дээрээ очиход миний машиныг ***** улсын дугаартай машин таглан зогссон байсан. Тэгэхээр нь би 99006045 дугаар луу залган "машины холдуулаарай, гармаар байна" гэхэд нөгөө эмэгтэй "одоо очиж байна" гээд утсаа тасалсан бөгөөд дахин 5-6 удаа залгахад утсаа аваагүй. Тэгэхээр би уг дугаар луу "бусдад гай болохгүй амьдарчээ, чамаас болж миний цаг өнгөрчихлөө" гэж зурвас бичин үлдээсэн. Тэгээд 25 минутын дараа уг машины эзэн ууртай ирээд "чи намайг энд зогсоогүй байсан бол осолд орж үхэх байсан юм" гээд над руу дайраад байхаар би түлхсэн. Тэгэхэд тэр эмэгтэй миний үснээс зулгаагаад миний гэдэс хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд зогсоолын төлбөр авч байсан эгч бид хоёрыг салгаад би цагдаад дуудлага өгөөд байж байхад нөгөө эмэгтэй машинаасаа орилж гарч ирээд газраас чулуу аваад "миний нүүрийг маажсан чамайг ална гээд" чулуугаар миний толгой руу цохин үснээс зулгаан манаачийн байрны хаалга мөргүүлсэн. Намайг үсдэж байх хоорондоо миний хавирга хэсэг рүү гараараа олон цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11724 дугаартай “...***** биед баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, эрүү, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4.5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 36-37/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 11864 дугаартай: 1.***** биед духанд зулгаралт, баруун бугалга, зүүн тохой, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. /хх-ийн 44-45/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-20/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ***** нь Бөхийн өргөөний урд Хазара рестораны зогсоол дээр ***** “утсаа авч, машинаа холдуулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний биед халдаж, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, эрүү, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь:
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11724 дугаартай “...***** биед баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, эрүү, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4.5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл тогтоогдож байна. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Солонгын хувьд гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжилгээ хийлгэсэн боловч учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байгаа тул зөрчлийн арга хэмжээ авхуулахаар явуулсан байгаа. Энэ хэрэг гарахад хохирогчийн буруутай үг үйлдэл нөлөөлсөн гэдгийг дурдаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч баримтаар нэхэмжилсэн 154000 төгрөг хохирогчид олгуулах саналтай байна. Хохирогчийн цаашид гарах, болон бусад төрлийн зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан болно. Хохирогчийн хувьд сэтгэл санааны хохирлыг нэхэмжлээгүй болно гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***** гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Манай үйлчлүүлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчтой тохиолдлын шинжтэй үйлдлээс болж маргалдаж хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан байгаа. Хохирол төлбөрийг яагаад төлөөгүй вэ гэхээр 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч авснаар хууль зүйн тусалцаа авч хохирол төлбөрүүдийг барагдуулж эхэлсэн байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн барагдуулсан байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээрээ маргадаггүй гэм буруутайд тооцоход маргаан байхгүй. Хохирогчид хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа гэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч ***** нь хохирогч ***** эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч ***** нь хохирогч ***** эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч ***** үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ***** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчийг шүүхээс гэм буруутайд тооцсон тулд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйлдэл мөн нөлөөлсөн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***** эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Манай үйлчлүүлэгч нь өөрийнхөө үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Манай үйлчлүүлэгч өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл мөн нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх шүүгдэгч *****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***** нь гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч М.Буянжаргал нь баримтаар 150.000 төгрөг нэхэмжилснийг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 211.586 төгрөгийг тус тус шүүгдэгч нь нөхөн төлснийг дурдах нь зүйтэй.
Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Солонгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *****д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *****д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсарган хадгалсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ