Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2020/00651

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Б.Б-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох,

36 сарын тэтгэмжид дутуу олгосон 11.397.626 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын зөрүү 600.000 төгрөг, үндэслэлгүйгээр суутгаж авсан 1.723.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1983 оны 4 дүгээр сараас эхлэн Говь-Алтай аймаг дахь хөдөө аж ахуйн техник мэргэжил сургуульд байрны багш, номын санчаар ажилд орж тасралтгүй нийт 33 жил ажилласан болно. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.5, 3.1.15, мөн Засгийн газрын 2015 оны 8-р сарын 17-ны өдрийн 338 дугаар тогтоолоор нэмсэн 30.2-т заасан дээрхи хууль тогтоомжоор үндсэн байгууллагын 2016 оны төсвийн саналд Г.Б-Э, Б.О, Д.З, Ц.Д, Б.Б нарын 5 хүний нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 2017 онд УИХ-аас нийт 28.069.200 төгрөг батлагдаж МУ-ын сангийн яам санхүүжилтийг хийсэн юм.

Гэтэл миний тэтгэмж болох 16.671.600 төгрөгийн тэтгэмжийг Боловсролын тухай хуулийн 3.1.15 дахь заалтын галч үйлчилгээний бусад ажилтныг гэсэн хуулийг өөрчлөн МСҮТ-ийн номын санч гэж тусгагдаагүй болно гэж хууль бусаар өөрсдөө өөрчилж үндэслэлгүйгээр 30 сарын тэтгэмж дутуу олгогдсон тул дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан Говь-Алтай аймаг дахь МСҮТ-өөс 11.397.626 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ /хх-1-2/.

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэмэгдүүлэн гаргасан шаардлагадаа: Миний бие 2020-05-27-нд Говь-Алтай аймгийн мэргэжил сургалт үйлдвэрийн төвөөс дутуу олгогдсон тэтгэмжийн 11.397.626 төгрөгийг нэхэмжилсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг 2.323.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Надад 2017 оны 5-р сард тэтгэмж гэж 5.625.000 төгрөг өгөхдөө үүнээс 1.723.000 төгрөгийг өр гэж суутган авч 3.906.131 төгрөг өгсөн. Ингэж 1.723.000 төгрөгийг суутгахдаа ямар ч санхүүгийн баримтгүйгээр үндэслэлгүйгээр суутгаж авсан тул 1.723.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн намайг тэтгэвэрт гарахад ээлжийн амралтын мөнгийг тооцож олгохдоо 600.000 төгрөгийг дутуу тооцож олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 2.323.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 13.720.626 төгрөгийг ажил олгогчоос нэхэмжилж байна гэжээ /хх-59-60/.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн номын санчаар ажиллаж байсан Б.Б нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт ирүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 дахь хэсэг, Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн журмын 6.8-ыг үндэслэн тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны Б/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, Б.Б-т 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тооцож олгосон. Уг тэтгэмжийг олгох шийдвэрийг гаргахдаа дараах үндэслэлүүдийг харгалзан үзсэн болно. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасны дагуу ажилтан 56 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 42 дугаар зүйл ажлаас халагдсаны тэтгэмжийн 42.1 дэх хэсэг ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно-ийг үндэслэсэн.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйл /мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн эрх, үүрэг, нийгмийн баталгаа/-ийн 19.3 дахь хэсэгт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйл /боловсролын харилцаанд оролцогчдын нийгмийн баталгаа/-ийн 43.1-д багш нийгмийн дараахь баталгаагаар хангагдана, 43.1.4 төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т багш ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшийг тодорхойлсон ба үүнд сургуулийн номын санчийн албан тушаал хамрагдаагүй байна. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2, Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5-д заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцно. Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 6-10-т заасныг баримтлан олгоно гэж заасан байна. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана гэсэн байна. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг тодорхойлж өгсөн ба үүнд мэргэжлийн боловсролын байгууллагыг тусгаагүй байна. Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017 оны төсвийн төслийг бэлтгэн холбогдох яаманд хүргүүлэхдээ номын санч Б.Буянхишигт олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг 24 сараар тооцон хүргүүлсэн боловч ний 6 хүний 38.268.600 төгрөг 2017 оны батлагдсан төсөвт 6 сараар тооцон нийт 6 хүнд 28.069.200 төгрөг буюу төлөвлөсөн зардлыг 10.199.400 төгрөгөөр бууруулан батлагдсан хуваарилсан байна. Б.Б нь 2017 оны 02-р сарын 14-ний өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 36 сарын тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан. Үүний дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 151 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар магадлал зэргээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Иймд номын санчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Б.Б-т 30 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй тул Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тайлбарыг хүлээн авч, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ /хх-43-45/.

2020-07-22-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017 онд батлагдсан төсөвт өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгох тэтгэмжид нийт 6 хнд олгох 28069,2 мянган төгрөг төсөвт суугдсан. Үүнд Б.Б-т 12 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж 5629,2 мянган төгрөгний тэтгэмж тусгагдсан байсан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017-02-06-ны өдрийн Б/03 дугаар тушаалын дагуу номын санчаар ажиллаж байсан Б.Б-т олгох 5629,2 мянган төгрөгийн тэтгэмжээс 2016 оны жилийн эцсийн тооллогоор Б.Б-ийн хариуцан ажиллаж байсан номын сангийн номноос 890.600 төгрөгийн ном дутагдсан. Үүний тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өмч хамгаалах байнгын зөвлөл болон захирлын зөвлөлийн хурлаар удаа дараалан хэлэлцэж, гаргасан шийдвэр болон өөрийнх нь бичиж өгсөн хүсэлтийг үндэслэж номны дутагдал 890.600 төгрөг, бусад цалингийн урьдчилгаа болон бараа материалын авлага 764.775 төгрөг, төрийн аудитын газраас 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тогтоогдсон акт 67.694 төгрөг, нийт 1.723.069 төгрөгийг суутган, 3.906.131 төгрөгийн тэтгэмжийг Б.Б-ийн дансанд шилжүүлсэн.

Б.Б нь тэтгэмжийн талаарх болон амралтын мөнгөний тооцооны асуудлаараа Говь-Алтай аймаг дахь төрийн аудитын газар, аймгийн засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын алба, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, авлигатай тэмцэх газар, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирж ажилласан ажлын хэсэг гэх мэт маш олон хууль хяналтын байгууллагаар шалгуулан зохих хариу тайлбарыг тухай бүр авч байсан болно гэжээ /хх-63/.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг татаж, түүнд холбогдуулан 36 сарын мөнгөн тэтгэмжээс дутуу олгосон 11.397.626 төгрөг, ээлжийн амралтын олговорт дутуу олгосон 600.000 төгрөг, үндэслэлгүйгээр суутгаж авсан 1.723.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-2, 59-60/.

Хариуцагч тал Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана гэсэн боловч үүнд мэргэжлийн боловсролын байгууллагыг тусгагдаагүй. Манайх 2017 оны төсвийн төслийг бэлтгэн холбогдох яаманд хүргүүлэхдээ номын санч Б.Б-т олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг 24 сараар тооцож хүргүүлсэн боловч 6 хүний тэтгэмжийг 6 сараар тооцож төсвийг бууруулан хуваарлагдаж ирсэн тул Б.Б-т 36 сарын тэтгэмж олгох боломжгүй, мөн энэ асуудлаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Б-т 12 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжид 5.629.200 төгрөг бодогдсоноос дутагдуулсан номны үнэнд 890.600 төгрөгийг, цалингийн урьдчилгаа болон бараа материалын авлагад 764.775 төгрөг, төрийн аудитын газраас 2016 онд тавигдсан актын төлбөрт 67.694 төгрөг, нийт 1.723.069 төгрөгийг суутган 3.906.131 төгрөгийн тэтгэмжийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шүүх шийдвэрлэнэ.

Тиймээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг тул хэрэг шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа тал шаардлагаа дэмжих, шаардлагын үндэслэлийн талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх, нотлох баримтаа өөрөө гаргах эрхтэй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг болон хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй байх, эрх тэгш байх зарчимд үндэслэн явагддаг болно.

Иймд шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй суутган авсан 1.723.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Тэтгэмжид дутуу олгогдсон 11.397.626 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Б.Б нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр 2017-02-06-ны өдрийн Б/03 тоот тушаалаар номын санчийн ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч Б.Б нь өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан тухайн байгууллагаас 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрхтэй бөгөөд тэтгэмжээс 5.629.000 төгрөгийг өгсөн тул үлдэгдэл 11.397.626 төгрөгийг гаргуулна гэж шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.4, 43.5, Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоол зэргийг үндэслэсэн талаар тайлбарласан.

Дээрх шаардлагын үндэслэл болох Боловсролын тухай хуулийн 3.1.15-д боловсролын туслах ажилтан гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг ойлгоно гэж,

мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана гэж тус тус заасан байх бөгөөд үүнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэр тусгагдаагүй байна.

Түүнчлэн 36 сарын тэтгэмжид 16.884.000 төгрөгийг дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас гаргуулахаар шаардсан Б.Б-ийн нэхэмжлэлийг тус шүүх 2017-04-07-ны өдрийн 151 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017-05-12-ны өдрийн 15 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж,

мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зохигч ба хэргийн бусад оролцогч ...шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж тус тус заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй тул 36 сарын мөнгөн тэтгэмжээс дутуу олгосон 11.397.626 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ээжлийн амралтын олговорт дутуу бодогдсон 600.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөдөлмөрийн яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралын 2016-06-10-ны өдрийн Б/14 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Б-ийг 2016-07-01-2016-08-24-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралт эдлүүлэхээр гарсан байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч нь ээлжийн амралтыг биеэр эдэлсэн үйл баримтад талууд маргаагүй.

Харин өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр 2017-02-06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тул ээлжийн амралт эдэлж ажилдаа орсон 2016-08-25-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн өдөр хүртэлх хугацааны ээлжийн амралтын олговор бодогдох ёстой гэж нэхэмжлэгч тайлбарласан.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна гэж,

Монгол Улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдан 2000-06-14-ний өдрийн 166 дугаар тушаалаар батлагдсан ээлжийн амралт олгох журмын 7-д ажил олгогч нь ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсны дараа хэдийд ээлжийн амралт олгох, хоёр амралтын хоорондох хугацаа болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2016 оны ээлжийн амралтын биеэр эдэлсэн байх бөгөөд үүнээс хойш дахин ээлжийн амралт эдлэх эсхүл ээлжийн амралтын олговор авах эрх хэдийгээс үүсэх талаар ажил олгогч, ажилтан тохиролцсон гэх байдал нотлогдохгүй буюу хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Б нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч тал бөгөөд ийнхүү хөдөлмөрийн харилцаанд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан байна.

Ажил олгогч болох хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Б-ийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр 2017-02-06-ны өдөр ажлаас чөлөөлж /хх-176/, холбогдох тооцоог хийж дуусгахыг нягтлан бодогчид даалгасан байх боловч ээлжийн амралтын эцсийн тооцоо гэж 85.611 төгрөгийг 2017-04-24-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн байна /хх-180/ байх тул энэ өдрөөс хөдөлмөрийн харилцаанд оролцогч Б.Б нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн байх бөгөөд үүнээс хойш 3 сарын дотор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул ээлжийн амралтын олговорт 600.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Үндэслэлгүйгээр суутгаж авсан 1.723.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Б-ийг ажлаас чөлөөлсөн 2017-02-06-ны өдрийн тушаалд нэг удаагийн буцалтгүй тэтгэмжид хэдэн төгрөг олгох талаар дурдаагүй, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгохоор заасан бөгөөд хариуцагч байгууллагаас ийнхүү тэтгэмжид хэдэн төгрөг олгох талаар ажил олгогчийн тушаал шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Харин нэхэмжлэгч Б.Б-т тэтгэвэрт гарахад нь олгох тэтгэмжид 3.906.131 төгрөгийг 2017-05-23-ны өдөр олгосон төлбөрийн хүсэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан /хх-177/ байх боловч зохигчийн тайлбараар нэхэмжлэгчид нэг удаа олгох тэтгэмжид 5.629.000 төгрөг бодогдсон болох нь тогтоогдож, хариуцагч тал маргаагүй.

Ийнхүү өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтанд ажил олгогчоос нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг олгохдоо 1.723.000 төгрөгийг нь дутагдуулсан номны өр, байгууллагаас зээлээр авсан бараа материалын үнэ, хариуцагч байгууллагад хийгдсэн аудитын шалгалтын өр зэрэгт суутгаж авсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотлохоор гаргасан сургуулийн номын санг тоолоход дутагдсан номын жагсаалт гэх 2017-02-17-ны өдрийн огноотой хүснэгт бүхий баримтад 20 хүртэл дугаарлагдсан хүснэгт 890.600 гэх дүн бичигдсэн, тооллогын комисын дарга, гишүүд гэж гарын үсэг зурсныг нотариатч хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн /хх-179/ байх боловч нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гаргасан номын сангийн ажил хүлээлцүүлсэн комиссын тэмдэглэл нь 2017-02-13-ны өдрийн огноотой, номын сангаас дутагдсан ном 8 ширхэг гээд номны нэр бичигдсэн, ажил хүлээлцсэн комиссийн дарга, гишүүд, ажлаа хүлээлгэн өгсөн нэхэмжлэгч Б.Б, ажлыг нь хүлээн авсан Т.М гэсэн хүмүүс гарын үсэг зурсан баримт байна /хх-145-146/.

Энэхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гаргасан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй боловч хариуцагч байгууллагаас татгалзлаа нотлохоор гаргасан сургуулийн номын санг тоолоход дутагдсан номын жагсаалт гэх 2017-02-17-ны өдрийн огноотой баримтад нэхэмжлэгч Б.Б гарын үсэг зураагүй, ямар нэгэн тамга, тэмдэг дараагүй байхад нотариатч хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн нь эргэлзээтэй байна.

Учир нь номын санч Б.Б-ийн ажлыг хүлээлцсэн комиссын тэмдэглэл 2017-02-13-ны өдөр гарч дутагдсан 8 номны нэр бичигдэж, номыг нэг бүрчилсэн бүртгэлийн 1-р дэвтэрт 01-1496 хүртэл кодолсон 1496 ш ном, 2-р дэвтэрт 5001-5846 хүртэл кодолсон 846 ширхэг, кодлож бүртгээгүй 70 ширхэг номыг сургуулийн номын санчид тоолж хүлээлгэн өглөө гэж тухайн тэмдэглэлд дурдаж, комиссын дарга Б.Б, гишүүд Д.У, С.А, Б.С гэж гарын үсэг зурсан байхад үүнээс хойш буюу 2017-02-17-ны өдрийн огноотой баримтад 20 нэр төрлийн ном дутагдсан талаар дурдаж, комиссын даргаар С.А, гишүүд Б.С, Т.А, К.У, Н.С, Д.У гэж гарын үсэг зурсан байдлаас дүгнэхэд Б.Б-ийн ажлыг хүлээн авч номын санч Т.М-д хүлээлгэн өгсөн 2017-02-13-ны өдрөөс хойш явагдсан тооллого гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Б-ийн ажил болох номын сангийн ажил хүлээлцүүлсэн ажлын комисс, 2017-02-17-ны өдрийн дутагдсан номны жагсаалт гаргасан ажлын комисс гишүүд өөр өөр байх бөгөөд дутагдсан номын жагсаалт гаргасан нь хаана хэний ажлыг шалгаж, хэний хадгалагдаж эсхүл хариуцаж байсан номноос 20 ширхэг буюу 890.600 төгрөгний ном дутсан болох нь тодорхойгүй, 4 өдрийн зайтай томилогдсон тооллогын комисс нь хэний ямар шийдвэрээр хэний ажлыг шалгасан эсхүл тоолсон болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана, 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж, 132 дугаар зүйлийн 132.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 133 дугаар зүйлийн 133.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж тус тус заасан.

Тиймээс ажил олгогч нь ажилтан Б.Б-ийг номын санчийн ажлаас 2017-02-06-ны өдөр чөлөөлсөн тушаалыг 2017-02-06-ны өдөр гаргаж, ажилтаны ажил хүлээлцэх хугацааг тодорхойлон заагаагүй байх тул 2017-02-17-ны өдрийн огноотой сургуулийн номын санг тоолоход дутагдсан номын жагсаалт гэх 890.600 төгрөгийн үнэ бичигдсэн баримт нь нэхэмжлэгч Б.Б-т хамааралгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн ажилтны олговрыг мөнгөн хэлбэрээр олгохоор, ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарахаар, ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг ажилтан шүүхэд гаргахаар Хөдөлмөрийн тухай хулуийн 61, 63 дугаар зүйлд заасан бөгөөд хэрэв ажилтан цалин хөлснөөс суутгал хийх тухай ажил олгогчийн шийдвэр буюу суутгалын хэмжээг эс зөвшөөрвөл гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргах эрхтэй байна.

Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Б.Б-ийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлж, түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо тухайн олговороос суутгал хийхээр ажил олгогчийн тушаал, шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй, тухайн тушаал, шийдвэрийг нэхэмжлэгчид танилцуулсан, нэхэмжлэгчийг гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Харин хариуцагч тал Б.Б нь өөрөө 992.750 төгрөгийг тэтгэмжийн мөнгөөс суутгахыг зөвшөөрсөн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан огноогүй гараар бичсэн канондсон баримтыг /хх-184/ нотлох баримтаар гаргасан боловч нэхэмжлэгч Б.Б түрээсийн байранд амьдарч, сар бүр түрээсийн төлбөр төлдөг байсан тул тэтгэмжийн мөнгө олгохгүй байснаар түрээсийн байрнаас гарах хүртэл асуудал яригдаж байсан тул ажил олгогчийн хүсэлтээр, дарамт шахалтаар тухайн хүсэлтийг бичснээр тэтгэмжийн 3.906.131 төгрөгийг 2017-05-23-ны өдөр авсан талаар тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмж зэргийг ажилтанд халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хариуцагч байгууллага 2017-05-23-ны өдөр биелүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөрийн хүсэлт баримтаар нотлогдож байх тул /хх-177, 180/ нэхэмжлэгчийн тэтгэмжээ авахын тулд тэтгэмжээс суутгал хийх талаар бичиг бичиж өгсөн гэх тайлбар үндэслэлтэй байна.

Мөн Говь-Алтай аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба хяналт шалгалтын танилцуулга гэх 2018-05-15-ны өдрийн огноотой 09 дугаартай санхүүгийн хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай гэх баримт нь хариуцагч байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтын талаар байх бөгөөд нэхэмжлэгч Б.Бт акт тавигдсан болох нь нотлогдохгүй, ажилтанд ээлжийн амралтын олговорыг, цалин хөлсийг тухайн байгууллагын нягтлан бодогч бодож, байгууллагыг төлөөлөх эрх бүхий дарга гарын үсэг зурснаар ажилтанд ээлжийн амралтын олговор, цалин хөлс олгогддог бөгөөд нягтлан бодогчийн буруу бодогдсон алдаанаас ажилтанд илүү олгогдсон дүн буцаан суутган төвлөрүүлэх тохиолдолд мөн л ажил олгогчийн тушаал шийдвэр гарах бөгөөд төрийн аудитын алба байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ба тухайлан нэг ажилтанд шалгалт хийж акт тогтоодоггүй болно.

Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд ажил олгогч буюу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Бт олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжээс суутгал хийхээр тушаал шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчид энэ талаар танилцуулж, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, суутгагдсан гэх 1.723.000 төгрөгийг хэн хэрхэн авч ямар дансанд төвлөрүүлсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 1.723.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байхдаа хүүхэд гэрлэх болж байгууллагаас 160.000 төгрөгний дээлний торго авсан, уг мөнгийг тэтгэмжээс суутгаж өгөхийг зөвшөөрч байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласан тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 160.000 төгрөгийг хасаж тооцон хариуцагчаас 1.563.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй тул шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамраалтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажил олгогчийн тушаал, шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчид олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжээс суутгал хийсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаарх шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох хураамжид 39.958 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 6-19, 22-25, 27-33, 69-79, 122, 130-138, 144,, 148-160, 162-166, 168-169, 184 дугаар хуудсанд авагдсан бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилтанд олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжээс үндэслэлгүй суутгагдсан 1.563.000 /нэг сая таван зуун жаран гурван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 39.958 /гучин есөн мянга есөн зуун тавин найман/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ