2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар   2025/ШЦТ/247

 

 

 

 

 

 

 

 

2025         01          21                                   2025/ШЦТ/247

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

   улсын яллагч Ц.Ганцэцэг /тээврийн прокурор/,

   Хохирогч ***

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн 2411022841093 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ****** тоотод оршин суух хаягтай, ****** түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

*** /РД:***/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч *** нь А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 31- ний өдөр 17 цаг 34 минутын орчимд, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын Их дэлгүүрийн урд талын зам дээр, улсын дугааргүй, мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул.хохирол учруулахгүй.хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох; мөн дүрмийн 15.7-д заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, унадаг дугуйтай зорчигч болох 18 настай, эрэгтэй, *** мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би талбайгаас 25-руу чиглээд явж байсан. Тэгээд яг ногоон гэрэл асаж байгаад шар гэрэл болсон. Тэгээд урдуур хүн гараад ирсэн гэв. Хохиролд 1.500.000 төгрөг өгсөн гэв. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлнө. Жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Одоо эгчтэйгээ хамт амьдардаг гэв.

Хохирогч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 8 сарын 31-ны өдөр өглөө 8 цагт ажилдаа очсон. Би Cu  сүлжээ дэлгүүрт цагийн ажилтнаар ажилдаг байсан. Орой 4-5 цагийн үед ажлаасаа буугаад зам гарах гэж явсан. Ногоон гэрэл ассан чимээ гараад машинууд бүгд зогсон хойно зам гарч явсан чинь мопед гарч ирээд мөргөсөн гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

  1. дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /хх-н 3/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 13-14/,

            Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 41-47/,

            Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...Би 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Мичид зочид буудлаас Улсын их дэлгүүр рүү явж байх үедээ төв замаар явж байгаа хүүхдийн Цирк талаасаа Улсын их дэлгүүр рүү гарцаар гарч байх үед Баруун 4 зам руу явдаг чиглэлийн 1-р эгнээнд ирж байх үед 2,3-р эгнээнд тээврийн хэрэгсэл түгжрээд буюу явган хүний зорчих гэрэл асчихсан байсан учир машинууд зогсож байхаар нь би аюулгүй юм байна гэж бодоод гарч байхад 1-р эгнээгээр 1 мопид хурдтай ирээд намайг мөргөөд унагасан. Унах үедээ би өөрийн баруун гар, баруун эгэмний яс, баруун хөмсгөө гэмтээсэн. Улаан гэрлээр шууд орж ирээд мөргөсөн бөгөөд намайг мопидны жолооч зүгээр үү гэж асууж байсан. Тэгээд гудамжинд байсан нэг танихгүй эгч түргэн тусламж болон цагдаа дуудаж өгсөн тэгээд түргэн ирээд, хуучин хугарсан байсан баруун эгэмний яс хугарсан, хөмсөгний дээд хэсэг шалбарсан...” гэх мэдүүлэг /хх-н 8/,

            Иргэний нэхэмжлэгч /ЭМДЕГ-ын мэргэжилтэн/*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн *** нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн авто замын урд унадаг дугуйтай зорчиж байхдаа мопедтой мөргөлдөж гэмтсэн гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас ***-д 3.269.700 /гурван сая хоёр зуун жаран есөн мянга долоон зуу/ төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна, Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 91/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.09.05-ны өдрийн: ***-н биед баруун эгэм ясны хугарал, баруун хөмсөгний шарх, духны зөөлөн эдийн няцрал, өвдөг, шууны зулгаралт, тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Баруун эгэм ясны хугарал гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Баруун хөмсөгний шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. Духны зөөлөн эдийн няцрал, өвдөг, шууны зулгаралт, тохойн цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх 11618 дугаартай дүгнэлт/хх-н 17-18/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.11.19-ний өдрийн: Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн, Аmstar 150 маркийн LS2TСАJF6К2406329 арлын дугаартай, улсын дугааргүй мотоцикл бага зэргийн гэмтэлтэй, техникийн хувьд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Зүүн толь цуурч хагарсан, баруун базуур үзүүр хэсгээр хугарсан сэв, бага зэргийн гэмтэлтэй байна. Урд дугуйн тоормос шингэн, хойд дугуй тоормос механик дамжуулгатай, тус тусдаа ажиллагаатай тоормостой.Тоормос ажиллаж байна. тоормосны идэвхжилт 74%, стандарт шаардлага хангаж байна. 150 см3 багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүртэй, "Мотоцикл" ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл байна.

             Үзлэг шинжилгээний явцад нэмэлт зүйл илрээгүй гэх 3330 дугаартай дүгнэлт /хх-н 53-67/,

            Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Б.Адьяатөмөрийн 2024.11.25-ны өдрийн 1950 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-н 70-71/,

            Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг 30 минутын үед би өөрийн мопедыг унаад Сүхбаатар дүүрэгт байрлах Хангай хотхоноос 25 дугаар эмийн сан орох гээд төв замаар ганцаараа явж байгаад Улсын их дэлгүүрийн урд талд авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байхад явган хүний гарцын дээр байрласан буюу миний өөдөөс хандан байрласан шар гэрэл асаж байхаар нь би амжаад явган хүний гарцаар цааш гарна гэж бодоод миний өөдөөс хандан байрласан улаан гэрэл ассан байхаар нь явган хүний гарцаар гарахад явган хүний гарцаар урдаас хойш чиглэн явж байсан унадаг дугуйтай залуугийн баруун тал руу нь мөргөөд хоёулаа газарт унасан. Намайг явган хүний гарц руу ойртон мопедтойгоо ойртон очих үед миний зүүн гар талд буюу хоёрдугаар эгнээнд явж байсан суудлын автомашин гэнэт зогсоход унадаг дугуйтай залуу гараад ирсэн. Магадгүй унадаг дугуйтай залуу авто замын голд зогсож байгаад явган хүний гэрэл асах үед зам хөндлөн, явган хүний гарцаар явж байсан байж магадгүй ээ. Ослын дараагаар цагдаа болон эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинтай эмч ирсэн бөгөөд эмч нь ирээд тэр залуугийн биеийг нь үзээд, Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлээд явсан... Осол болох үед авто замын хөдөлгөөн хэвийн, цаг агаар таатай, халтиргаагүй байсан. Осол болох үед миний жолоодон явсан мопед ойролцоогоор 40 орчим км цагийн хурдтай явж байсан... Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй ээ...Уг мопед миний өөрийнх байгаа...Миний жолоодон явсан мопедонд ямар нэгэн эвдрэл, гэмтэл учраагүй ээ...” гэх мэдүүлэг /хх-н 84/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч *** нь А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд буюу 2024 оны 08 дугаар сарын 31- ний өдөр 17 цаг 34 минутын орчимд, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын Их дэлгүүрийн урд талын зам дээр, улсын дугааргүй, мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул.хохирол учруулахгүй.хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох; мөн дүрмийн 15.7-д заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, унадаг дугуйтай зорчигч болох *** мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр болон хөнгөн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт,мөрдөгчийн магадалгаа... Улсын дугааргүй мопедны жолооч *** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/ зохих журмын Дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй..тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох,” мөн дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна... Унадаг дугуйтай зорчигч Гэрэлбаатарын Гэрэл Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “25.6. Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна...Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3330 дугаар шинжээчийн дүгнэлтэд... Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн, Amstar-150 маркийн LS52ТСАJF6K2406329 арлын дугаартай, улсын дугааргүй мотоцикл бага зэргийн гэмтэлтэй, техникийн хувьд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна...Зүүн толь цуурч хагарсан, баруун базуур үзүүр хэсгээр хугарсан сэв, бага зэргийн гэмтэлтэй байна...Урд дугуйн тоормос шингэн, хойд дугуй тоормос механик дамжуулгатай, тус тусдаа ажиллагаатай тоормостой...Тоормос ажиллаж байна, тоормосны идэвхжилт 74%, стандарт шаардлага хангаж байна...150 см3 багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүртэй, “Мотоцикл” ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл байна гэх дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч  *** бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч нар сэтгэцэд учирсан хохирлыг 2.000.000 төгрөгөөр тохиролцсон тул шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан 2.000.000 гаргуулах саналтай байна.  Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч өмгөөлөгч *** гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч ***гийн хувьд  хохирогчид учруулсан гэмтэл болон хохирол дээрээ маргадаггүй. Мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруу дээрээ маргаагүй. Өмгөөлөгчийн зүгээс маргаж байгаа зүйл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа осол аваар учруулсан замын хөдөлгөөний дүрмийн 15.7 дугаар зүйлд заасан дүрмийг зөрчсөн гэдэг үндэслэл дээр өмгөөлөгчийн зүгээс маргаж оролцож байгаа. Учир нь замын хөдөлгөөний дүрэмд гарц, уулзвар гэдэг ойлголтуудыг хоёр өөрөөр тайлбарласан байгаа. Яллах дүгнэлтэд уулзвар гарахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж хуульчилж оруулж ирсэн. Гэвч миний үйлчлүүлэгч болон хохирогчийн мэдүүлэг, мөрдөгчийн нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл дээр явган хүний гарц дээр осол болсон байдаг. Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа зүйл нь уулзвар гарахдаа буюу замын хөдөлгөөний дүрмийн 1.2 дугаар зүйлийн 40 дэх хэсэгт заасан үндэслэлээр буруутгаад байгаа. Замын хөдөлгөөний дүрэмд "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хэлнэ гэж зааж өгсөн. Хохирогчийн хувьд унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцсон хохирогчийг бас жолооч гэж үзнэ. Миний үйлчлүүлэгч болон хохирогч хоёр хоёулаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл байгаа. Иймд өмгөөлөгчийн зүгээс хохирогч, шүүгдэгч хоёрын хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж энэ осол гарсан гэж үзэж байна. Уулзвар дээр осол гарсан гэж үзэж байгаа бол давуу эрхийн асуудал яригдана. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар давуу эрх гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг хэлнэ гэж байгаа. Өнөөдөр дугуйтай, мопедтэй хүн хоёрын хэн нь давуу эрх эдлэх вэ гэдэг зүйл яригдана. Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэж байгаа. Энэ зүйл заалтаас харахад цаашдаа хохирогч өөрөө буруутан болох магадлалтай. Иймд өмгөөлөгчийн зүгээс замын хөдөлгөөний удирдах газраас тэр өдрийн бичлэг аваад мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах саналтай байгаа. Сэтгэцэд учирсан хохирлын хувьд шүүх хуралдаан дээр тохиролцсон тул өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн саналгүй байна. Өнөөдөр нотлох баримтаар гаргаж өгсөн 48сс гэдэг дээр миний үйлчлүүлэгч  мотоцикл гэж мэдэхгүй худалдан авалт хийсэн. Монгол улсын хилээр орж ирэхдээ мопед гээд ороод ирсэн мотоциклийг миний үйлчлүүлэгч гаднаас хараад мотоцикл гэж тогтоох боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь гэмт хэргийн субьектив шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь хэсэг гэж зүйлчлэхээр байсан бол нотлох баримтыг хавтаст хэрэгт хангалттай оруулж ирэх ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан байгаа. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн тогтоолд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаад өгсөн. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилчхээд нотлох баримт хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна. Мөрдөгч магадлал гаргахдаа замын хөдөлгөөний дүрмээ өөрөө сайн мэддэггүй байж магадлал гаргасан байна. Явган хүний гарц, уулзвараа ялгахгүй хүн магадлал гаргасан. Гэтэл улсын яллагч яллах дүгнэлтийнхээ үндэслэл болгоод яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Иймд зүйлчлэл буруу байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэдэг зүйл заалтаар зүйлчлэх боломж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн үндэслэлгүй байна. Явган зорчигч Гэрэл гэж ярьж байгаа. Хохирогч Гэрэл чинь өөрөө  жолооч байсан. Боломжтой бол зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Боломжгүй бол хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  60 хоног буцааж дахин шинжээч томилж мөрдөгчийн магадалгаа гаргуулж өгнө үү гэв.

           Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, үндэслэлтэй гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ***  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ мотоцикл ангиллын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй, түүний санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймээс шүүгдэгч ***ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч ... Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэж байгаа. Энэ зүйл заалтаас харахад цаашдаа хохирогч өөрөө буруутан болох магадлалтай... Өнөөдөр нотлох баримтаар гаргаж өгсөн 48сс гэдэг дээр миний үйлчлүүлэгч  мотоцикл гэж мэдэхгүй худалдан авалт хийсэн. Монгол улсын хилээр орж ирэхдээ мопед гээд ороод ирсэн мотоциклийг миний үйлчлүүлэгч гаднаас хараад мотоцикл гэж тогтоох боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь гэмт хэргийн субьектив шинжийг хангахгүй байна гэж үзэж байна...гэж мэтгэлцэж байх бөгөөд шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь хэрэгт авагдсан лавлагаа болон өөрийн мэдүүлгээр нотлогдож байна. Түүний жолоодож явсан мопед гэх тээврийн хэрэгсэл нь 150 см3 багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүртэй, “Мотоцикл” ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай явган хүний гарцаар нэвтэрч байсан хохирогчийг мөргөж осол гаргаж хүндэвтэр хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт хэргийн газрын үзлэг, мөрдөгчийн магадалгаагаар нотлогдож байна. Шийтгэх тогтоолын үндэслэл болгосон дээрх баримтууд нь хуульд  заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжигдсэн, үйл баримтыг эргэлзээгүйгээр хоорондоо зөрүүгүйгээр нотолсон, үнэн зөв гэж шүүх үнэлэн  шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрийг үгүйсгэсэн няцаасан баримт байхгүй байна. Түүнчлэн шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, албан ёсоор бүртгэл үзлэгт хамрагдаагүй, улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо эдгээр нөхцөл байдлыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх тайлбар нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Хохирогч нь явган хүний гарцаар гарахдаа унадаг дугуйгаа хөтөлж гарах дүрмийг зөрчсөн боловч түүний  үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар   тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаагаа үйлдсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *** эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: 1 жилийн хугацаанд тэнсэх ялыг 6 сарын хугацаагаар болгож тэнсэж өгнө үү, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй байхад сайн дураарай 1.500.000 төгрөг төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд 6 сарын хугацаанд тэнсэж өгнө үү гэв.

Шүүх шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

Бусад асуудал:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч *** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч ***д эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг өгсөн, хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг гуравдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогч шүүгдэгч нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаагаар төлөхөөр хоорондоо тохиролцсон тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын сангаас  хохирогч ***д үзлэг эмчилгээ,  мэс засал, нөхөн сэргээх үйлчилгээтэй холбоотойгоор 3.269.700 төгрөгийн хөнгөлөлт, нөхөн төлбөр олгосон байх тул шүүгдэгч ***гээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг гаргахдаа бодит байдал, хохирогчид олгогдох хэмжээ, олгох эсэх нөхцөл байдлыг харгалзаж байгаад шийдвэрлэсэн. Хохирогч *** 16 хоногийн дараа ажилдаа явж амьдралын хэвийн хэвшилд орсон байна. Цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар эмчилгээний зардал, хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй байна. Сэтгэцэд учирсан хохирлыг тооцдог аргачлал, журам байдаг. Сэтгэцийн хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлгүй юм байна гэж үзээд сэтгэцэд учирсан хор уршгийг гаргасангүй. Цаашид шаардлагатай бол сэтгэцийн дүгнэлт гаргуулж, иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа.

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ***г шүүхээс тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505,  дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***гөөс сэтгэцэд учирсан хор уршиг  2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч ******/-д, 3.269.700 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

8. Хохирогч энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

            10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.АЮУШЖАВ