Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2019/02369

 

 

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2019/02369

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нарийн бичгийн дарга А.И нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Б.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Б.Бтэй 1 сарын хугацаатай 14.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Зээл 14.000.000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны  тоот төгрөгийн дансанд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Энэхүү төлбөрөөс зээлийн хүү 1.400.000 төгрөг, үндсэн зээлээс 3.600.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлд тусгасан боловч өөр төлбөртэй андуурсан байна. Иймд үндсэн зээл 14.000.000 төгрөг, түүний хүү 1.400.000 төгрөг, 212 хоногийн хугацаа хэтэрсний алданги 7.000.000 төгрөг, нийт 22.400.000 төгрөг нэхэмжилж байгаа болно. Хариуцагч Б.Бээс удаа дараа зээлийн төлбөрөө алдангитай хамт төлөхийг шаардсан боловч хариуцагч нь өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн бөгөөд сүүлдээ холбоо барих утсаа авахгүй таг алга болсон тул ийнхүү шүүхэд хандсан болно гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр болох О.Б нь хамаатны ахтай тендерт оролцох гээд хүнээс мөнгө 10 хувийн хүүтэй нэг сар зээлэх гэсэн чинь иргэний үнэмлэхгүй тул нотариатаар батлуулах гэсэн юм гээд намайг гуйсан юм. Одоо болтол тэр мөнгийг өгөөгүй утсаа авахгүй байна гэсэн гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 14.000.000 төгрөг, хүү 1.400.000 төгрөг, алданги 7.000.000 төгрөг, нийт 22.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нөхөр О.Б-н гуйлтаар зээлийн гэрээг байгуулсан, зээлийг О.Б-н дансанд шилжүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Бт 14.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ /хх-5/.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, бичгээр хийгдсэн уг гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээл 14.000.000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкин дахьтоот дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байх /хх-6/ тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь нөхөр О.Б-н гуйлтаар зээлийн гэрээг байгуулсан, зээлийг О.Б-йн дансанд шилжүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Хэрэгт авагдсан хариуцагчийн Хаан банкин дахь  тоот дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгчээс зээл 14.000.000 төгрөг шилжүүлсэн даруйд хариуцагч нь О.Б-н 5039517790 тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна /хх-35/.

 

Түүнчлэн шүүхэд О.Б гэрчийн мэдүүлэг өгөхдөө дээрх зээлийн гэрээ түүний хүсэлтээр байгуулагдсан, зээлийг өөрөө авсан, мөн зээл 14.000.000 төгрөг, зээлийн хүү 1.400.000 төгрөг, 6 хоног хугацаа хэтэрсний 280.000 төгрөг, нотариатын 10.000 төгрөг, нийт 15.690.000 төгрөгийг Б.Цд дансаар буцаан төлсөн талаар мэдүүлсэн ба хэрэгт гэрчийн дансны хуулга нотлох баримтаар авагдсан байна /хх-69-70, 72-113/. Гэрч О.Б-н Хаан банкин дахь  тоот дансны хуулгаар 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн 5076358053 тоот дансанд 15.690.000 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдож байна /хх-102/.

 

Нэхэмжлэгч нь гэрч О.Б-н мэдүүлэг, түүний дансны хуулгыг маргаж, нэхэмжлэгчээс 2018 оны 05-09 дүгээр саруудад нийт 14.000.000 төгрөгийг гэрчид зээлдүүлсэн, дээрх 15.690.000 төгрөг тус зээлтэй холбоотой гэж мэтгэлцсэн.

 

Гэрч О.Б-н дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгчээс гэрчид 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 9.000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөг тус тус , гэрчээс нэхэмжлэгчид 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөг, мөн 1.960.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 15.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 9.210.000 төгрөг тус тус шилжүүлсэн байх ба эдгээр төлбөрийг хооронд нь харьцуулан үзэхэд нэхэмжлэгчээс төлбөр шилжүүлсний дараа гэрч буцаан төлөлт хийсэн гэж дүгнэх үндэстэй байна /хх-82, 89, 90, 91/. Иймээс гэрчид 2018 оны 05-09 дүгээр саруудад зээлдүүлсэн 14.000.000 төгрөгийн зээлд 15.690.000 төгрөг төлөгдсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэстэй гэж үзэх боломжгүй байна.

 

Дээр дурдсаныг үндэслэн шүүх гэрч О.Б-н мэдүүлэг, түүний дансны хуулгыг тус хэрэгт хамааралтай гэж үнэлсэн бөгөөд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг гуравдагч этгээд болох О.Б гүйцэтгэсэн байна гэж дүгнэв.

 

Зээлийн гэрээний 2.3-д зээлийн хүү 10%, 2.6-д зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% алданги тооцно гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү болон алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор зээл төлөх үүрэг хүлээсэн боловч 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлж, 5 хоног хугацаа хэтрүүлсэн байх ба энэ хугацаанд алданги 350.000 төгрөг /14.000.000*0.5%*5/ тооцогдох үндэстэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч зээл 14.000.000 төгрөг, хүү 1.400.000 төгрөг, алданги 350.000 төгрөг, нийт 15.750.000 төгрөг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх боловч 15.690.000 төгрөг төлсөн, 60.000 төгрөг төлөөгүй байна.

 

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 60.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бээс 60.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22.340.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 4.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгосугай.

 

3. Хариуцагч Б.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА