Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/26

 

 

 

 

 

 

  2021             1              5                                          2021/ДШМ/26

 

 

Я-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Э.Ө, Н.А,

шүүгдэгч Я, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 892 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ягийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Я-д холбогдох 2003003690290 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Я, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын “…………………………” их сургуулийн хэлний бэлтгэлд сурдаг, “……………………….” ХХК-д цэцэг хүргэлтийн ажилтнаар ажилладаг, ам бүл 9, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... хотхоны ... тоотод оршин суудаг, /РД:................................../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч Я нь 2020 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Бэлхийн замд “Тоуоta Prius” загварын 22-27 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9.а-д заасан “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэн, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын эргэлттэй хэсэгт далан руу унаж, зорчигч Э.Ө, Н.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.А, Г.Д, Э.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: ...б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; ...г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах... д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсвэл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Ягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я-г 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я-гийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялын хэмжээг 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хохирогч Э.Өнө-Эрдэнийн 1.000.000 төгрөгийн, хохирогч Н.Анударийн 11.505.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Э.Билгүүтэйгийн 1.319.330 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар цаашид эмчилгээтэй холбоотой болон гэм хорын нөхөн төлбөрийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Н.Анударийн сэтгэл санааны хохирлын 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн №1223006 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, Я-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ягийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгтээ “..Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нөхөн төлбөрийг тогтоогдсон баримтын хүрээнд нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан... эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.

Гэтэл дээр дурдсанаас харахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх бөгөөд энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж шийдвэрлэх асуудалд хамаарч байхад шүүх шийтгэх тогтоолд дурдаагүй байна.

Мөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж шийдвэрлэсэн мэт дурдсан боловч тухайн зүйл ангийн сонгох санкцийн хүнд ялыг оногдуулсанд гомдолтой байна.

Хохирогч Н.А 14.436.000 төгрөг нэхэмжилсэн ба нотлох баримтын хүрээнд 3.000.000 төгрөг барагдуулж, сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул 8.436.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх байтал 11.505.000 төгрөг гэж тооцооллын алдаатай шийдвэрлэсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.А, Э.Ө нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэж мэдүүлсэн.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан журмын дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Я-д торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Я тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Э.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Я-д нийтэд тустай ажил хийх ял хүндрэлтэй санагдаж байгаа атлаа яагаад бид нарын эрүүл мэнд, гоо сайхныг хохироочихоод хүнд санагдахгүй байгаа юм бэ. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө нийлж байгаад бид нарыг доромжилсон. Иймд маш их гомдолтой байна” гэв.

Хохирогч Н.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Я нь одоо хүртэл миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулаагүй. Иймээс би эмчилгээгээ эхлүүлж чадахгүй байна. Одоо хүртэл авагддаг шүд маань унасан чигээрээ байгаа. Иймд хохирлоо гаргуулж эмчилгээгээ яаралтай эхлүүлэх шаардлагатай байна” гэв.

 

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг оролцуулах саналын дагуу бүх оролцогч нарыг байлцуулж шүүх хуралдааныг явуулсан. Шүүх хуралдаан хийгдэхээс өмнө Я нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг төлөөгүй байсан. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ө нь 1.566.000 төгрөг, Н.А нь 16.815.000 төгрөг, Дуламсүрэн нь 1.000.000 төгрөг, Эрдэнэжаргал нь 280.000 төгрөг, Билгүдэй 1.319.330 төгрөгийн эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч Бат-Оргил тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын 8.500.000 төгрөгийг тус тус төлөлгүйгээр улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаан болохын өмнөх өдөр хүндэвтэр гэмтэл авсан Э.Өд 504.800 төгрөг, Н.Ад 3.000.000 төгрөг төлсөн байсан. Мөн шүүх хуралдааны явцад хүндэвтэр гэмтэл авсан Э.Ө, Н.А нар болон зарим иргэний нэхэмжлэгч нар гомдолтой гэж байсан. Анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Энэ гэмт хэргийг үйлдэгдэхээс өмнө 2020 оны 2 дугаар сард Я нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн. Үүний дараа 6 дугаар сард зам тээврийн гэмт хэрэг үйлдэгдсэн. Тухайн үед маш олон хүн гэмтээд хэргийн газар дээр байхад хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан. Өөрөөр хэлбэл, хохирогч нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлэх ёстой байтал зугаалж архи уусан байсныг маргааш өдөр гэрээс нь олсон. Анхан шатны шүүхээс хуульд заасан ялаас сонгож хэрэглэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Я нь 2020 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Бэлхийн замд “Тоуоta Prius” загварын 22-27 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9.а-д заасан “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэсэн, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын эргэлттэй хэсэгт далан руу унаж, зорчигч Э.Ө, Н.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.А, Г.Д, Э.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: ...б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; ...г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах... д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсвэл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

xохирогч Н.Анударийн “2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай найз Анхилууны төрсөн өдөр болоод намайг урьсаны дагуу хоёр найз болох Өнө-Эрдэнэ, Эрдэнэжаргал нарын хамт Анхилууны байгаа газар очсон. ...тэр машиныг нэг залуу барьчихсан байсан, би жолоочийн хажуу талын суудлын ард Дуламсүрэнгийн өвөр дээр сууж явсан. Тэндээс хөдлөөд удаагүй хэсэг зүүрмэглээд явж байгаад сэргэхэд юу болсоныг мэдэхгүй. Миний үүдэн дээд шүднүүд унаад цус гараад байсан. ...” /1хх 57-58/,

xохирогч Э.Ө-ийн “...2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай найз Эрдэнэжаргал, Анударь нарын хамт орой 22 цагийн үед Бэлхэд байрлах хувийн орон сууцанд очсон. ...Анхилууны суусан цагаан өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашинд суугаад хөдөлсөн. Би хойд суудлын голд хүний өвөр дээр давхарлаад сууж явахад зам руу ороод удаагүй гэнэт маш хүчтэй юм мөргөсөн. Би тэр үед юу болсныг санахгүй байна, хэсэг ухаан алдсан байсан. ...” /1хх 64-66/,

иргэний нэхэмжлэгч Э.Эын “...Би 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Анхилууны төрсөн өдрийн арга хэмжээнд оролцохоор Бэлхэд байдаг амины орон сууцанд очсон. ...23 цаг нилээн өнгөрч байхад Анхилуун над руу залгаад “явцгаая” гэхээр нь очоод цагаан өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашинд шахаж суугаад хөдөлсөн. Би уг машинд хамгийн сүүлд суусан болохоор зүүн талын арын хаалган талд Г.Дгийн өвөр дээр сууж явсан. Тэндээс шороон замаар уруудаж бага зэрэг яваад засмал зам руу ороод явж байхад зүүн гар тийш эргэдэг хэсэгт чигээрээ яваад далан руу унасан. ...” /1xx 84-85/,

иргэний нэхэмжлэгч Г.Дгийн “...2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай найз Анхилууны төрсөн өдөр болсон. 00 цаг өнгөрч байхад цагаан өнгийн “Тоёота Приус-20” загварын машинаар хот руу явахад урд талын хажууд Анхилуун сууж, жолооч гэх нэг залуу байсан. Арын суудалд надаас гадна жолоочийн ард талд харалдаа хоёр эрэгтэй, хажууд нь Анударь, Эрдэнэжаргал, Өнө-Эрдэнэ нар давхралдаж суучихсан байсан. Тэндээс хөдлөөд удаагүй гэнэт машин хүчтэй юм мөргөх шиг болж нүдээ нээж чадахгүй хэсэг юу болсоныг мэдээгүй. ...” /1хх 52-54/,

иргэний нэхэмжлэгч Б.Аы “...би машинд суугаад хэсэг зүүрмэглээд сэрэхэд осол болчихсон, амьсгалж чадахгүй, машин замын хажуу талын далан руу орсон байдалтай байсан ба араас явсан машинтай хүмүүс осол болсон машинд сууж явсан эмэгтэйчүүдийг авч Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. ...” /1хх 60-62/,

гэрч Б.Сүхбатын “...Юн Сугийн барьж явсан машины хойд талд Билгүүн болон танихгүй гурван охин сууж явсан. Харин Юн Су машин бариад явж байсан. Бид нар баярын арга хэмжээ болсон газраас хөдлөөд шороон замаас засмал зам руу ороод явж байхад гэнэт машин маш хүчтэй юм мөргөөд зогссон. ...” /1xx 67-68/,

гэрч Э.Билгүүдэйгийн “...Би 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Анхилууны төрсөн өдрийн арга хэмжээнд оролцохоор Бэлхэд байдаг амины орон сууцанд очсон. Би Юн Сугийн барьж байсан цагаан өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашины хойд суудалд суусан. Миний өвөр дээр хүн сууж явсан болохоор би юу болсныг хараагүй, тоормос дуугарах шиг болж маш хүчтэй юм мөргөх чимээ гарсан. Тэрнээс хойш юу болсныг хэсэг санахгүй байгаа. ..." /1xx 70/,

гэрч Д.Тамирын “...2020 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 00:30 цагийн үед намайг гэртээ байхад гадаа их дуу чимээ гарахаар нь цонхоор харахад манай гэрийн зүүн талын замын урд айлын хашаанд цагаан өнгийн “Тоёота приус 20” загварын автомашин хашлага даваад орчихсон машинаас 4-5 эмэгтэй бууж байгаа харагдсан. Нэг охин нь уйлаад байхаар нь өөрийн 91118580 дугаарын утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /1xx 78-79/,

гэрч Б.Төгөлдөрийн “...2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 00:00 цагийн үед найз Ариунболд, Мөнx-Оргил нарын хамт миний машинаар танил Анхилууны төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон. Найз Төгөлдөрийг авчихаад буцaад явж байхад эргэлттэй зам дагуу машинууд зогсчихсон байхаар нь хажуугаар нь гараад явах гэхэд Ариунболд намайг “машинаа зогсоож бай” гэж хэлээд буугаад очиход Анхилууны сууж явсан цагаан өнгийн “Тоёота приус-20” загварын автомашин замын эргэлттэй хэсэгт чигээрээ далан руу уначихсан машинд сууж явсан хүмүүсийг гадаа гаргаад хэвтүүлэхийг нь хэвтүүлчихсэн, бүгд машинаас гарчихсан байсан. ...” /1xx 87/,

гэрч Н.Хашбатын "...2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр манай найз Анхилууны төрсөн өдөр болоод Сэлхийн зусланд найзуудтайгаа тэмдэглэж байгаа гээд намайг урьсан. 00:00 цаг өнгөрч байхад буцаад найз нарын хамт явж байхад замын урд хэсэгт цагаан өнгийн “Тоёота приус-20” загварын автомашин замаас гарчихсан хүмүүс машинаас буугаад газар суучихсан байсан нь машины гэрэлд хальт харагдсан. Тэгэхээр нь зогсоод очиж харахад манай найз Анхилуун найз нартайгаа хамт явж байгаад осолд орж замын хажуу далан руу унасан, эмэгтэйчүүд нь гэмтсэн байдалтай байхаар нь 4-н эмэгтэйг нь машиндаа суулгаж яаралтай Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. ...” /1xx 88/,

шүүгдэгч Я-гийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 18-нд манай найз Анхилууны төрсөн өдрийн арга хэмжээ болох гээд найз Б.Бат-Оргилоос “Тоёота Приус-20” загварын 22-27 УНК дугаартай автомашиныг нь 16:00 цагийн үед очиж аваад Анхилуун болон түүний найз нартай хамт Сэлх зусланд арга хэмжээ зохион байгуулж байгаа газар очсон. Би машин барьж явсан болохоор архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Найз нартайгаа уулзаад юм ярьж сууж байхад тэнд хүмүүс хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь найзуудыгаа болон Анхилууныг дуудаж шууд явахаар болж манай найз нар өөр машинд суухаар болж би Анхилууныг найз нартай нь авч тэндээс явсан. Гэтэл зам руу ороод удаагүй замын эргэлттэй хэсгийг харалгүй чигээрээ жалга руу хашлага давж унасан. ...” /1xx 165-166/ гэх мэдүүлгүүд,

“Э.Өнө-Эрдэнийн биед “баруун умдаг ясны дээд, доод салаа, их бие хэсгийн далд хугарал, ууц ясны баруун ташаа ястай үелэх хэсгийн хажуу, босоо далд хугарал, зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, духны баруун доод хэсэгт цус хуралт, баруун шилбэний дотор дээд хэсэгт цус хуралт, баруун шилбэний гадна дунд хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д. зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7264 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 90-92/,

“Н.Анударийн биед хоншоор ясны түүшин сэртэнгийн хугарал, баруун дээд 2-р, зүүн дээд 1, 2, 3-р шүдний булгарал, баруун дээд 1-р, зүүн доод 1, 2-р болон баруун доод 1-р шүдний сулрал, доод уруулын салстад шарх, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, шуу, гуя, өвдөг, баруун өвдөгт цус хуралт, баруун бугалга, тохой, баруун бугалга тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7234 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 106-108/,

“Б.Аы биед цээж, зүүн мөр, баруун хөхөнд зулгаралт, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7258 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 96-97/,

 “Г.Дгийн биед тархи доргилт, баруун зулайн хуйх, зүүн нүдний гадна булан хэсгийн шарх, зулгаралт, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааран” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7211 дугаартай шинжээчийн дүгнэлт /1xx 101-102/,

“Э.Эын биед зүүн тохой, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун гуя, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7968 дугаартай шинжээчийн дүгнэлт /1xx 146-147/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх 15/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-23/, мөрдөгчийн магадлагаа /1хх 126-128/, “Ашид билгүүн“ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /1xx 115-121/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Шүүгдэгч Я-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Я-гийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я-гийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялын хэмжээг 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон байна.

Шүүгдэгч Ягийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан “...тухайн зүйл ангийн сонгох санкцийн хүнд ялыг оногдуулсанд гомдолтой байна...” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд харин нэхэмжлэлтэй холбоотой тооцооллын алдааг зөвтгүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь,

Шүүгдэгч Я-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх сонгож хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх, хохирогч Н.Анударийн нэхэмжилсэн 14.436.000 төгрөгөөс нотлох баримтын хүрээнд 3.000.000 төгрөгийг барагдуулж, сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин шийтгэх тогтоолын 7 дахь заалтад 8.436.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх байтал 11.505.000 төгрөг гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ягийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4  дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 892 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...хохирогч Н.Анударийн 11.505.000 төгрөгийн...” гэснийг “...хохирогч Н.Анударийн 8.436.000 төгрөгийн...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ягийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ