| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0122/З |
| Дугаар | 128/ШШ2022/0721 |
| Огноо | 2022-09-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2022/0721
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, иргэн Д.Д******-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Д***** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “... Чингэлтэй дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээ олгохыг даалгах” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*****-аас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “... Д.Д******-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцдог бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/278 дугаартай газар эзэмших эрх олгох тухай захирамжаар 560 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 67 дугаар зүйлд заасан үр дагавар үүссэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Чингэлтэй дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээ олгохыг даалгах тухай” иргэн Д.Д******-ийн нэхэмжлэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/287 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргагч Д.Д******-д Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлангийн зусланд 560 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гарснаар нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсэг хангагдсан нөхцөл байдал бий болсон.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын дээрх захирамжийн 2 дахь заалтаар газар эзэмших эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгож хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгосон нь нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан гэж үзэхээр байна.
Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******-д нэхэмжлэлээс татгалзах эрх итгэмжлэлээр олгогдсон, түүний зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Түүнчлэн нэхэмжлэгч А.Д***** нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ... хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А****** нь “Чингэлтэй дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн А.Д*****-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох 128/2022/0122/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Д*****-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН