Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 149

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

   улсын яллагч Э.Бадрал,

   шүүгдэгч М.Тамир, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Мишигийн Тамирт холбогдох эрүүгийн 201725030519 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Мишигийн Тамир, 1965 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хамтран амьдрагч С.Оюунцэцэг болон хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59/а гудамжны 01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ65071910.

Холбогдсон хэргийн талаар /Яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/;

Шүүгдэгч М.Тамир нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59-1 тоотод хамтран амьдрагч С.Оюунцэцэгийг хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Тамир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би дулаарахаар ажил хийж ар гэрээ тэжээдэг. Гэтэл манай эхнэр намайг загнаж, хэл амаар доромжилж, байнга мөнгө нэхдэг. Миний ажил хийж олсон мөнгийг гамгүй үрдэг. Үүнд нь би бухимдаад хэрүүл хийдэг. Би архи тамхи хэрэглэдэггүй, гэхдээ эхнэрээ хэрүүл хийгээд байхаар нь хаяа цохидог. Одоо эхнэртэйгээ хэрэлдэж маргалдсан ч гэсэн гар хүрч, цохиж болохгүй гэдгийг мэдлээ. Хөнгөн ял шийтгэж өгнө үү…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 

  Хохирогч С.Оюунцэцэг мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би хоёр хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчхөөд гэртэй ирээд хоол хийж байтал хамтран амьдрагч Тамир чи дэмий тэнэлээ гээд байхаар нь би дэмий тэнээгүй хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгсөн гэсэн чинь шууд намайг барьж аваад баруун гар болон хоёр хөл рүү өшиглөж зодсон. Би боль гэсэн чинь гичий, янхан, бие үнэлэгч гээд хэл амаар доромжилсон. 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр урд айлын эмээ, өвөө хоёр дээр очиж юм ярьж сууж байгаад гэртэй ороод Тамирт эмээ, өвөө хоёр манайхыг нүү гэж байна. 3 дахь өдөр нүүе гэсэн чинь юу хуцаад солиороод байгаа пиздаа вэ, чи өөрөө энд ирж буусан биздээ гэснээ, би өвөөтэй уулзана гээд гарсан. Тэгснээ уулзчихаад орж ирээд бас намайг хэл амаар доромжилоод чи миний 2009 онд авч өгсөн юмнуудыг өг гээд надаас нэхэж байснаа дахин хөл, гар руу гараараа цохиж зодсон. Тэгж байхад нь манай хажуугийн эмээ орж ирээд цагдаа дуудсан. Тамир нь улирлын чанартай ажил хийдэг юм. Тэгээд хэдэн төгрөг олж ирээд би тэрийг нь хоол унд аваад зарцуулаад дуусахаар намайг мөнгө үрлээ, хаана байна, миний өгсөн мөнгийг яасан гээд нэхдэг. Тэрнээс болоод маргалддаг. Бас хүүхдүүдээс болж маргалддаг юм. Урьд манай ээжийн хажууд зодож байсан, ээж мэдэж байсан. Одоо манай ээж өнгөрчихсөн. Тамирыг архи дарс уудаггүй болохоор цагдаа  нар тоодоггүй юм. Би гомдолтой байна...” гэжээ /хх-16-17/. 

Гэрч Х.Алтанцэцэг мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бах цагийн сайн санахгүй байна. Тамир, Оюунцэцэг нар нь гэртэй их өндөр дугаар хэрэлдээд байсан. Оюунцэцэг ч гэсэн хэрэлдээд байсан п...  минь гэх зэргээр хэлэх хэлэхгүй үгээр бие биеэ хэлж байсан. Тэгсэн удалгүй хүү нь гүйж орж ирээд эмээ, эмээ цагдаа дуудаад өгөөч энэ хоёр чинь зууралдаад, зодолдоод байна гэхээр нь би цагдаа дуудчихаад гэрт нь орсон чинь хоёулаа хэрэлдээд барьцалдаж аваад заамдалцаад бие биенээ өшиглөөд байсан. Тэгж байгаад Оюунцэцэгийг Тамир орон дээр дарж унагаад, тэгэхээр нь би элэг рүү нь цохьчихож магадгүй гэж бодоод айгаад очоод Тамираа гэж хэлээд хувцаснаас нь татсан чинь байж бай энэ муу ингэдэг юм, яадаг яадаг ч гэнэ үү баахан үглээд байсан. Тэгснээ Оюунцэцэгийг нүүр рүү нь цохиод доогуур нь өшиглөөд байсан. Хүү нь болиоч гээд, гэр нь жижигхэн болохоор нурах гээд байсан. Маргааш нь Оюунцэцэг хөх няц болчихсон явж байсан. Би хоёр ч удаа цагдаад дуудаж Тамирын өгч байсан. Тэгсэн чи дуудаж өгсөн үү? Заа яахав чамайг даа гээд занаад байсан. Тамир их сонин зантай хүн байгаа юм. Оюунцэцэгийг шөнө ч бай, өдөр ч бай түлэх түлшгүй болчхоор Тамир Дэлхийн зөнгөөс хүүхдүүдэд нь өгсөн юу л байна, тэрийг нь аваад түлчихдэг, ёстой юу ч байсан хамаагүй аваад түлчихдэг юм. Манай нохойн дэвсгэрийг хүртэл аваад түлчихсэн байсан. Ойр хавийн хүмүүс танайх ямар айл аваад ирсэн юм бэ. Хар утаа гараад хүүхдүүд хордуулчихлаа гээд байсан...” гэжээ /хх-18/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2992 дугаар акт:

“1. С.Оюунцэцэгийн биед хүзүү, зүүн шуунд зулгаралт, баруун бугалга, баруун зүүн шилбэ, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацааг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-21/. 

Шүүгдэгч М.Тамирын хувийн байдлыг тодорхойлсон ял шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаяг, ам бүлийн тодорхойлолт /хх-29-31/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Тамир нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59-1 тоотод хамтран амьдрагч С.Оюунцэцэгийг хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Оюунцэцэг, гэрч Х.Алтанцэцэг нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2992 дугаар акт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тухайн гэмт хэрэг нь шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харьцаанаас үүдэлтэй байгаа тул прокуророос шүүгдэгчийн үйлдлийг иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч М.Тамирт ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Мишигийн Тамирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тамирын 01 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тамирт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 6. Тогтоолыг  шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

 

              

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ХАЛИУН