Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2019/02612

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сар 13 өдөр

181/ШШ2019/02612

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:М ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Т ХХК /РД:/-д холбогдох

 

85,010,651 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ц, хариуцагчийн төлөөлөгч А.Э, О.Б хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Т ХХК-ийн Дорноговь аймаг, Замын-Үүд суманд баригдах Конденсат дахин боловсруулах үйлдвэр-ийн барилга угсралтын ажлыг нийт 1,184,353,788 төгрөгөөр гүйцэтгэхээр №БУ18/18 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус компанитай байгуулан, ажлын нэр төрөл, тоо хэмжээ, гүйцэтгэх хугацааг гэрээний салшгүй хэсэг болох хавсралтаар тохирсон. Гэрээгээр төлбөрийг урьдчилгаа 50 хувь, 20 хувь, 20 хувь байхаар, үлдэгдэл төлбөр болох 10 хувийг улсын комисс хүлээж авсны дараа 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу урьдчилгаанууд болох нийт 1,072,000,000 төгрөгийг 08 дугаар сарын 24, 09 дүгээр сарын 26, 10 дугаар сарын 25-нд хүлээн авсан. Мөн барилга угсралтын ажлын явцад гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлууд гарсныг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хамтарсан хурлын протокол үйлдэж нэмэлт ажил болох насос станцын өргөтгөлийн ажлыг хийсэн. Энэ ажлын төлбөр 32,664,925 төгрөг болсон бөгөөд үүнээс 30,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захиалагч манайд талд төлсөн. Гэтэл барилгын угсралтын ажил дуусаж улсын комисс хүлээн авсны дараа захиалагч гэрээт ажлын үлдэгдэлд 10 хувь болох 112,353,788 төгрөгийг төлөхөөс зайлсхийж гэрээнээс гадуур протоколын дагуу хийсэн нэмэлт ажилтай хольж хутгах, мөн гэрээт ажлын үлдэгдэл төлбөрөөс захиалагчаас тавьсан хүсэлтийн дагуу манайх хийж гүйцэтгээгүй тул төлбөр авахаас татгалзсан ажил болох насос станц, авто эстакадын гэрэлтүүлэг, гадна цахилгаан, гэрэлтүүлгийн ажлын төлбөрийг давхар давхар хасаж тооцох, анх гэрээ хийхдээ олгохоор тохиролцсон ажлын хөлсийг ажил дууссаны дараа олгохгүй гэх зэргээр төлбөл зохих төлбөрөөс зайлсхийж байна. Гэрээт ажлын үлдэгдэл дараах байдалтай байна. Захиалагчаас шалтгаалсан сул зогсолтоос болж цаг агаар хүйтэрч, хүйтэн нөхцөлд ажиллах болсны нэмэлт зардал, хугацаа сунжирч ажилласан нэмэлт хоногийн зардал буюу гэрээнд магадлашгүй ажил гэж орсон 30,582,384 төгрөг, гэрээ хийх үед гэрээний Хавсралт 2-оор олгохоор нэгэнт харилцан тохиролцсон ажил болох шугам хоолойн бэлдэц бэлтгэх ажлын төлбөр 25,918,140 төгрөг, Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ №БУ18/18 тоот гэрээ /Хавсралт 2/, Барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх гэрээ №БУ20/18 тоот гэрээгээр олгох ёстой ажлын төлбөр 20,388,256 төгрөг буюу гэрээний нийт үлдэгдэл төлбөр болох 76,888,780 төгрөг байна. Нэмэлт ажлын үлдэгдэл дараах байдалтай байна. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хамтарсан хурлын протоколын дагуу нийсэн нэмэлт ажлын үлдэгдэл төлбөр 2,664,925 төгрөг байна. Иймд дараах төлбөрийг нэхэмжилж байна. Хэдийгээр бодит зардал 76,888,780 төгрөг болсон боловч бид гэрээг баримтлан үлдэгдэл төлбөр болох 73,729,148 төгрөгийг /Гэрээт ажлын үлдэгдэл төлбөрөөс захиалагчаас тавьсан хүсэлтийн дагуу манай хийж гүйцэтгээгүй ажил болох насос станц, авто эстакадын гэрэлтүүлэг, гадна цахилгаан, гэрэлтүүлгийн ажлын үнэ болох 38,624,640 төгрөгийг хасаж 112 353 788 - 38 624 640 = 73 729 148 төгрөг/, протоколын дагуу нэмэлтээр хийсэн насос станцын өргөтгөлийн ажлын үлдэгдэл төлбөр болох 2,664,925 төгрөгийг, гэрээний 6.1 дахь заалтын дагуу улсын комисс хүлээж авснаас хойш буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх алданги 8,036,476 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 580,102 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. №БУ18/18 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэрээний үлдэгдэл төлбөр, протоколын дагуу нэмэлт ажлын төлбөр, гэрээний 6.1 дахь заалтаар хугацааны алданги болох нийт 84,430,549 төгрөгийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж болох 580,102 төгрөгийн хамт нийт 85,010,651 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр тохиролцсон төлбөрийг гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнг манайх хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр мэдэгдэж дайна. Нэхэмжлэлийн 1-р заалтад дурдсан 73,729,148 төгрөгийн тооцоог буруу тооцож, өөрт ашигтай байдлаар тайлбар хийж, шүүх ажиллагааг төөрөгдүүлэх санаа агуулсан байна. Бодит болсон үйлдлийн тооцоог ойлгомжтой хялбаршуулан хийж хэрэгт хавсаргасан. Насос станцын өргөтгөлийн ажилд 32,664,925 төгрөгийг гүйцэтгэгч нэхсэн. Гэхдээ энэ төсөвт мөнгөн дүнг талууд харилцан тохироогүй бөгөөд зөвхөн Гүйцэтгэгчийн зүгээс өөрсдөө хийсэн төсөв тооцоо болно. Насос станцын өргөтгөлийн ажилд ийм хэмжээний мөнгөн дүн орохгүй. Төсвийг илт буруу бодсон. Түүнчлэн протоколын дагуу нэмэлтээр хийсэн гэж мэдүүлж байгаа боловч энд нэмэлт ажлыг хийж гүйцэтгэх тухай талууд ойлголцсон, харин ямар зардлаар гүйцэтгэх вэ гэдгийг харилцан тохироогүй. Нэхэмжлэлд дурдсан протокол нь ажлын явцын талаарх талуудын ойлголцлыг илэрхийлсэн бичиг байсан. Харин уг протокол нь гэрээний салшгүй хэсэг болж, эрх зүйн чадамжтай болж, хариуцлага хүлээх эрх зүйн акт болохгүй. БУ18/18 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.6 дугаар заалтад Барилга байгууламжийг улсын комисст хүлээн авсан өдрөөс хойш гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 112,353,788 төгрөгийг 2 хувааж ажлын үлдэгдэл төлбөр болгон олгоно гэж заасны дагуу бид 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 30 сая төгрөгийг төлсөн. Энэ нь гэрээний заалтыг баримтлан төлсөн төлбөр. Гэтэл нэхэмжлэгч тал энэ төлбөрийг насос станцын нэмэлт ажлын төлбөрт төлсөн мэтээр ташаа мэдээлсэн байна. Улмаар 3.6 дугаар заалтын хүрээнд 2 хувааж, эхний төлбөрөө хийгээд, дараагийн буюу эцсийн үлдсэн төлбөрөө хэзээ төлөх хугацааг зохицуулаагүй байгаа. Иймд гэрээний төлбөрийн алданги гэж тооцох үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл шаардлагын үндэслэл, маргааны тухайд: Талуудын хоорондын гэрээ нь нэг талаас ажил гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, нөгөө талаас ажлын хөлс төлөх агуулга тодорхойлогдож байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухайд гэсэн байх бөгөөд энэ дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 3 үндэслэл тодорхойлсон байна. Үүнд: Гэрээний хавсралт 2-д Магадлашгүй ажил гэж орсон 30,582,384 төгрөг гэж, Гэрээний хавсралт 2-д тохиролцсон шугам хоолойн бэлдэц бэлтгэх ажлын төлбөр 25,918,140 төгрөг гэж, Гэрээний хавсралт 2-д Барилга байгууламжийн ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх гэрээ гээр олгох ёстой ажлын төлбөр 20,388,256 төгрөг гэж, ингээд нийт 76,888,780 төгрөг гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байдаг. Талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр № БУ18/18 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба гэрээний 3 дугаар зүйлд Гэрээний үнэ, төлбөр тооцоо хийх журам-ыг тохиролцож, гэрээний 3.2-т ... гэрээний нийт үнийн дүн 1,184,353,788 төгрөг байхаар, гэрээний 3.3, 3.4, 3.5 заалтуудаар үе шатны санхүүжилтийг олгохоор, гэрээний 3.6-д ... улсын комисс хүлээн авснаар гэрээний үнийн үлдэгдэл 112,353,788 төгрөгийг 2 хувааж олгоно гэж тус тус зааж тохиролцсон байна. Энэ дагуу гэрээгээр Захиалагчийн хүлээсэн үүрэг болох гэрээний 3.3, 3.4, 3.5-д заасан үе шатны санхүүжилтүүдээр нийт 1,072,000,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 24-нд, 09 дүгээр сарын 26-нд, 10 дугаар сарын 25-нд хүлээн авсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч тодорхойлсон тул гэрээний үнийн дүнгээс талууд маргаангүй дээрх дүнг хасахад үлдэх дүн нь 112,353,788 төгрөг ба энэ нь гэрээний 3.6-д заасан дагуу Улсын комисс хүлээн авсны дараа 2 хувааж төлөх төлбөр, үүнээс 2019 оны 01 дүгээр сарын 29-нд 30,000,000 төгрөг төлсөн баримт нь хэрэгт авагдсан тул гэрээний үлдэгдэл төлбөр 82,353,788 төгрөг болсон. Талуудын маргаж байгаа 1 дэх маргааны асуудал нь: Гэрээний үнийн үлдэгдэл ийнхүү 82,553,788 төгрөг болсон байхад Нэхэмжлэгч нь гэрээний 3.6-д заасан 112,353,788 төгрөгийг төлөхөөс хариуцагч зайлсхийж, бусад асуудалтай хольж хутгаж байна гэж нэхэмжлэлдээ дурдан маргасан тул гэрээний үлдэгдэл 82,353,788 төгрөг үү, эсхүл 112,353,788 төгрөг үү гэх маргаан байна. Маргаж буй 2 дахь маргааны асуудал нь: Нэмэлт ажил хийгдсэн гэх тухайд хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрдөг ба гагцхүү ямар хэмжээний ажил буюу уг нэмэлт ажлыг батлагдсан зураг төсөлд үндэслэсэн төсөв гаргаж Захиалагчтай зөвшилцөн батлуулаагүй тул тухайн нэмэлт ажлын төсөв хэд болох, мөн уг нэмэлт ажлын төлбөрийн зарим хэсгийг төлсөн эсэх тухай маргаан байгаа болно. Гэрээний үлдэгдэл 112,353,788 төгрөгөөс зайлсхийж байгаа гэх нь үндэслэлгүй болох тухайд: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрийн гүйцэтгээгүй ажил болох Насос станц, авто стакадын гадна цахилгаан, гэрэлтүүлгийн үнэ болох 38,624,640 төгрөгийг гэрээний үлдэгдэл үнийн дүнгээс хасаж энэ дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 73,729,148 төгрөг гэж тодорхойлон, үүнийгээ хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаараа шаардсан байна. Талуудын гол маргаан нь нэмэлт ажлын төсөв ба талууд түүний төсвийг буюу үнийг нь тохиролцоогүй, тохиролцож чадахгүй маргаснаас нэхэмжлэгч шүүхэд хандсан гэсэн атлаа нэхэмжлэгч энэ төлбөр төлөгдсөн гэдэг бөгөөд хариуцагч тус компани нь гэрээ болон гэрээний 3.6 дахь заалт ёсоор гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийнхээ дагуу 30,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 29-нд төлсөн, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох ба харин нэхэмжлэгчийн үүнийг төлсөн гэх энэ үндэслэл тайлбар нь өөр санаа зорилгоор илт худлаа тайлбарлаж буйг нотлох ба иймээс энэ 30,000,000 төгрөг нэмэлт ажлын төлбөр биш тул дээрх гэрээний үлдэгдэл төлбөрөөс хасагдаж ингэснээр дээр нэхэмжлэгчийн өөрөө тодорхойлсон дагуух гэрээний үлдэгдэл 73,729,148 төгрөгөөс энэ 30,000,000 төгрөг хасагдаж, гэрээний нийт үлдэгдэл 43,729,148 төгрөг болсон. Ийнхүү гэрээний үлдэгдэл болох 43,729,148 төгрөгөөс зарим төлбөрийг төлөх үндэслэлгүй, учир нь Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх гэрээний дагуух төлбөр нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл, улмаар гүйцэтгэгч нь Барилгын тухай хууль-д заасан түүний чиг үүрэгт хамаарахгүй уг ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэхгүй, хууль зөрчсөн тул үүнд хамаарах 20,388,256 төгрөг төлөх үндэслэлгүй, гэрээний үлдэгдэл дээрх дүнгээс хасагдаж нийт үлдэгдэл 23,340,892 төгрөг болох, энэхүү гэрээний үлдэгдэл төлбөрийн хувьд талууд харин маргаантай байгаа Нэмэлт ажлын төлбөрийг тохиролцож тогтоогдсон хэмжээгээр түүнээс тооцох, энэ нь өөрөө гэрээний Магадлашгүй ажлын төсөв зардалд хамаарах болно гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүр нь хууль бус болох тухайд: Нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж буй эхний магадлашгүй ажил гэж орсон 30,582,384 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь ажлын үр дүнг актаар хүлээлцээгүй, тооцоо нийлээгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндсэн гэрээний төсөвт ийнхүү 30,582,384 төгрөг гэж буруу тооцсон ба энэ нь гэрээний дүнгээс 2 хувиар тооцоход 23,075,428 төгрөг байх ёстой болно. Талууд маргаантай байгаа нэмэлт ажлын төсвийг тодорхой болгосноор уг дүнгээс тооцох ёстой буюу нэхэмжлэгч тухайн тодорхой болгож тохирсон дүнгээр шаардах, хариуцагч төлөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж буй дараагийн төлбөр болох 25,918,140 төгрөг гэдэг нь үндсэн гэрээний буюу төсвийн үнийн дүнд орсон, ийм учир гэрээний дагуу төлбөрүүд төлөгдсөнөөр энэ үнийн дүн гүйцэтгэгдсэн, мөн Шинжээчийн дүгнэлтээр нэмэлт ажлын төсөв анхны төсөвтэй давхардсан төлбөр байгааг тодруулсан ба энэ байдлаар энэ нь нотлогдож буй, иймээс энэ төлбөрийг шаардах үндэслэлгүй, энэ талаар нотолгоо, ямар нэг баримт шүүхэд гаргаагүй байх тул энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох боломжгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж буй дараагийн төлбөр нь Барилга байгууламжийн ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх гэрээ-ний дагуу олгох төлбөр 20,388,256 төгрөг гэж тодорхойлсон байгаа бөгөөд уг төлбөрийг Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажил гүйцэтгэж буй гүйцэтгэгч тал нь хуулийн хувьд уг гэрээг байгуулах, хэрэгжүүлэх боломжгүй байхад Захиалагчид итгүүлж энэ гэрээг байгуулсан, иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9 дэх заалтыг зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул, мөн Барилгын тухай хууль зөрчсөн, Гүйцэтгэгчийн чиг үүрэгт хамаарахгүй энэ хэлцэл нь анх хийсэн үеэс хүчин төгөлдөр бус тул энэ дагуу гүйцэтгэгч төлбөр нэхэмжлэх үндэслэл болохгүй, захиалагч тал төлөх үндэслэлгүй болно. Захиалагч өөрийн энэхүү эрх, үүргийг Барилгын тухай хууль-ийн 37 дугаар зүйлийн 37.2-д ... зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно гэж заасан, иймээс Гүйцэтгэгчийн хувьд боломжгүй тул шаардах эрх үүсэхгүй байна. Энэ нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл-д Техник хяналтын улсын байцаагч Б.Лхамсүрэн... зураг төсөл зохиогч нь захиалагчийн хяналт хийж болохгүй гүйцэтгэгч байх боломжтой.. гэсэн нь тусгагдсан, мөн Улсын комисс, түүний комиссын гишүүдийн үүрэг даалгавраар ч энэ талаар тодорхой тусгагдаж, энэ дагуу Гүйцэтгэгч өөрөө зөвшөөрч залруулсан байгаа зэргээр нотлогдох, мөн түүнчлэн захиалагч тал удаа дараагийн уулзалт, гүйцэтгэгчтэй харилцсан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн и-мэйлээрээ үүнийг зөвшөөрдөг зэргээр уг төлбөрийг шаардах эрхгүй болох нь тогтоогдох юм. Иймээс эдгээр байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд нь нэхэмжлэгчийн хувьд шаардлага гаргах, төлбөр шаардах үндэслэл болохгүй байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагаараа 84,430,549 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй болох тухайд: Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүндээ гэрээг баримтлан үлдэгдэл төлбөр болох 73,729,148 төгрөг (112,353,788 38,624,640=73,729,148) гэж шаарджээ. Энэ шаардлагын үндэслэлээ гэрээний үлдэгдэл 112,353,788 төгрөгөөс хийж гүйцэтгээгүй ажил болох насос станц, авто стакадын гэрэлтүүлэг, гадна цахилгаан, гэрэлтүүлгийн ажлын үнэ болох 38,624,640 төгрөгийг хасаж, үлдэх уг дүнг шаардана гэсэн байна. Тэгвэл гэрээг баримтлан гэсэн байгаа тул энэ төлбөр нь гэрээний бус нэмэлт ажлын төлбөрөөс бусад төлбөр гэж ойлгогдох бөгөөд үүнд Магадлашгүй ажлын төлбөр, шугам хоолойн бэлдэц бэлтгэх ажлын төлбөр, захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн гэрээний төлбөр хамаарах тул тэдгээрийг нь дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхойлсноор нь ийнхүү шаардах үндэслэл нь тогтоогдохгүй болох нь хууль болон холбогдох дүрэм журамд, гэрээнд заасан дагуу нотлогдож буй бөгөөд гагцхүү тэдгээрээс Магадлашгүй ажлын төлбөр бодитоор 23,075,428 төгрөг бөгөөд нэмэлт ажил маргаантай ажлын уг зардлыг талууд тохиролцон зөвшөөрөлцөж уг дүнгээс тооцох, бусад байдлаар нотлогдоогүй, тохиролцоогүй дүнг нэхэмжлэгч шаардах эрхгүй, мөн хариуцагч төлөх үүрэггүй болно. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүндээ Протоколын дагуу нэмэлтээр хийсэн насос станцын өргөтгөлийн ажлын үлдэгдэл төлбөр болох 2,664,925 төгрөг шаардана гэсэн байх бөгөөд энд дурдсан Протокол гэх баримт нь гэрээний талуудын эрх бүхий этгээд биш, ажил хариуцсан төлөөлөгч болох албан тушаалтнууд ажлын хугацаа хоцорч хугацаандаа амжаагүй тухай, энэ нь зарим ажил нэмж хийгдсэн талаар үйлдсэн баримт байх бөгөөд үүгээр хэдэн төгрөгийн нэмэлт ажил хийсэн, хэн түүнийг зөвшөөрч тохиролцсон болохыг баталгаажуулсан биш тул нэмэлт төлбөр төлөх нотлох баримт болохгүй. Нэмэлт ажлын төлбөр гэж 32,664,925 төгрөгийг нэхэмжлэгч үндэслэлгүйгээр төсөв гаргасан, хариуцагч уг төлбөрийг үүнээс бага болохыг нотолсон төсвөө хүргүүлсэн ч талууд тохиролцоогүй байдаг, мөн шинжээч энэ талаар Дүгнэлт гаргасан ч бүрэн дүүрэн, үнэн зөв эргэлзээгүйгээр нотолж чадаагүй тул дээрх байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлогдон тогтоогдож буй буюу гэрээний үлдэгдэл төлбөр болох нийт үлдэгдэл 23,340,892 төгрөг болон, мөн үндсэн гэрээнд заагдсан төсвийн бодит дүн болох магадлашгүй ажлын төлбөр 23,075,428 төгрөгийн энэ дүнгээр дүйцүүлэн тооцож хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх, өөр бусад төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэхээр байх ба үүнээс хамаарч нэхэмжлэгчийн шаардлагын энэ 2,664,925 төгрөгийн шаардлагыг хариуцагч төлөх үндэслэлгүй болох нь, үндэслэлгүй шаардлага болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүндээ гэрээний 6.1 заалтын дагуу 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 2019 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэлх алданги 8,036,476 төгрөг гэж шаардсан байх ба ямар үнийн дүнгээс, хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагад нь хамаарах дээрх дүнгүүдийг нь хариуцагч эс зөвшөөрч, улмаар төлөх үүрэггүй болох нь нотлогдож тогтоогдсон тул энэхүү алдангийн шаардлага мөн үндэслэлгүй, иймээс хүлээн зөвшөөрөхгүй болно. Түүнчлэн улсын тэмдэгтийн хураамжийн дүнг төлөх үндэслэлгүй байна. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 85,010,651 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

М ХХК болон Т ХХК нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр БУ/18/18 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 6-7 тал/ байгуулагдаж, М ХХК нь Т ХХК-ийн захиалгаар Конденсат дахин боловсруулах үйлдвэр-ийн барилга угсралтын ажлыг 1,184,353,788 төгрөгөөр гүйцэтгэх, Т ХХК нь М ХХК-д хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэйгээр талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх харилцаа байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Конденсат дахин боловсруулах үйлдвэр-ийн барилга буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах Хоёрдогч түүхий эд, (конденсат) дахин боловсруулах туршилтын үйлдвэр-ийн барилга байгууламжийг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн КД-44/2018 дугаартай дүгнэлт /хэргийн 1 хавтас 14-15 тал/-ээр барилга байгууламжийн ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзэж, ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэжээ.

Т ХХК-ийн зүгээс М ХХК-д ажлын хөлсөнд нийт 1,072,000,000 төгрөгийг 3 удаагийн төлөлтөөр төлж барагдуулсан гэдэгт талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдуулан 85,010,651 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд үүнийгээ задалж тайлбарлахдаа нийт гэрээт ажлын үлдэгдэл төлбөр буюу 10 хувийн төлбөрийн үлдэгдэл төлөгдөөгүй байгаа бөгөөд 10 хувийн төлбөрийн үлдэгдэл болох 112,353,788 төгрөгөөс өөрийн хийж гүйцэтгээгүй ажлын төлбөр болох 38,624,640 төгрөгийг хасаж тооцоход төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл нь 73,729,148 төгрөг болох ба уг үнийн дүнд магадлашгүй ажлын зардал 30,582,384 төгрөг, шугам хоолойн бэлдэц бэлдэх ажлын төлбөр 25,918,140 төгрөг, захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэсний хөлс 20,388,256 төгрөгийг багтаан нэхэмжилж байгаа, хэдийгээр магадлашгүй ажлын зардал, шугам хоолойн бэлдэц бэлдэх ажлын төлбөр, захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэсний хөлсний нийлбэр нь 76,888,780 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгч 73,729,148 төгрөгийн хэмжээнд багтаан нэхэмжилж байгаа гэж, мөн дээрх үнийн дүн дээр нэмэлтээр хийсэн насос станцын өргөтгөлийн ажлын үлдэгдэл төлбөр 2,664,925 төгрөгийг, алдангид 8,036,476 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 580,102 төгрөгийг тус тус нэмж нэхэмжилсэн гэж тайлбарласан.

Магадлашгүй ажлын зардалд нэхэмжилсэн 30,582,384 төгрөгийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч магадлашгүй ажлын зардалд 30,582,384 төгрөгийг нэхэмжилж буй үндэслэлээ гэрээт ажлыг гүйцэтгэх явцад захиалагчаас шалтгаалсан сул зогсолтоос болж, цаг агаар хүйтэрч, хүйтэн нөхцөлд ажиллах болсны нэмэлт зардал, хугацаа сунжирч ажилласны нэмэлт хоногийн зардалд дээрх мөнгөн дүнг хариуцагчаас нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын хоёр дугаар хавсралтаар батлагдсан Барилгын төсөв зохиох дүрэм-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь заалтад Барилгын ажлыг гүйцэтгэх нөхцөл, төслийн шийдлийг тодотгосон үр дүнгээр барилгын ажлын явцад үүсдэг зураг төсөлд тусгагдаагүй барилгын ажлыг санхүүжүүлэх нөөц эх үүсвэрийг магадлашгүй ажлын зардал гэж нэрлэнэ, мөн зүйлийн 8.2 дахь заалтад Магадлашгүй ажлын энэ нөөц хөрөнгийг барилгын гүйцэтгэгч, захиалагч байгууллагууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зураг төсөлд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын протокол /хэргийн 1 хавтас 13 тал/-оор гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлууд гарсан талаар хэлэлцэж тохиролцсон гэж тайлбарлаж байх ба уг хурлын протоколд барилга угсралтын ажлын явцад захиалагчийн хүсэлтээр зураг төслийн өөрчлөлт, гадна цахилгаан, газардуулгын зураг төсөл хүлээгдсэнтэй холбоотойгоор графикийн өөрчлөлт, нэмэгдэл ажлууд гарч ирсэн талаар дурдаж, хийгдсэн ажил гэсэн жагсаалтад насос станцын барилга 1 дахин нэмэгдэж, барилгын суурь, хаяавч бетон, төмөр хийц эдлэлүүд нэмэгдэж хийгдсэн, 100 м3 түүхий эд хадгалах савны сууринд нэмж 4 ширхэг суурь хийсэн, вагон эстакадын хашлага бетон налуу далан болон өөрчлөгдсөн, технологийн шугам хоолойн өөрчлөлт хийгдсэн, гадна цахилгаан, газардуулгын зураг төсөл хойшлогдож графикт өөрчлөлт орсон зэргийг дурдсан байна.

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын протоколд тусгагдсан гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлууд нь насос станцын барилгын нэмэлт ажлууд, технологийн шугамын өргөтгөл болон газар шорооны ажил, хэвтээ савны суурийн ажлууд байсан болох нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт /хэргийн 2 хавтас 16-19 тал/-ээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч протоколын дагуу нэмэлтээр хийсэн насос станцын өргөтгөлийн ажлын төлбөрийг хариуцагчаас магадлашгүй ажлын зардлаас тусад нь нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч протоколын дагуу нэмэлтээр хийсэн гэх насос станцын өргөтгөлийн ажлын төлбөрийг хариуцагчаас магадлашгүй ажлын зардлаас тусад нь нэхэмжилсэн атлаа магадлашгүй ажлын зардалд 30,582,384 төгрөгийг гэрээт ажлыг гүйцэтгэх явцад захиалагчаас шалтгаалсан сул зогсолтоос болж, цаг агаар хүйтэрч, хүйтэн нөхцөлд ажиллах болсны нэмэлт зардал, хугацаа сунжирч ажилласны нэмэлт хоногийн зардал гэх үндэслэлээр нэхэмжилж буй нь үндэслэлгүй, уг гарсан гэх зардал нь магадлашгүй ажлын зардалд хамаарахгүй байхын зэрэгцээ баримтаар нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчаас 30,582,384 төгрөгийг магадлашгүй ажлын зардалд гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэсний хөлсөнд нэхэмжилсэн 20,388,256 төгрөгийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагчаас захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэсний хөлсөнд 20,388,256 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх гэрээ-г үндэслэн тайлбарласан.

Хариуцагч нь ажил гүйцэтгэгч хуулийн хувьд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ байгуулах, захиалагчийн хяналт хэрэгжүүлэх боломжгүй тул талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9 дахь заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэх чиг үүрэгт хамаарахгүй хэлцлийн дагуу төлбөр нэхэмжлэх эрхгүй, хариуцагч төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Барилгын ажил гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэсэн ажилд захиалагчийн хяналт тавихаар гэрээ байгуулах нь хуульд нийцэхгүй боловч хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу тодорхой ажил гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг нь ажил гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтад заасны дагуу төлөх үүрэгтэй.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилд захиалагчийн хяналтыг өөрийн гүйцэтгэсэн ажлаас тусад нь гүйцэтгэж, хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчаас захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэсний хөлсөнд 20,388,256 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шугам хоолойн бэлдэц бэлтгэх ажлын төлбөр 25,918,140 төгрөг гаргуулах болон насос станцын өргөтгөлийн ажлын үлдэгдэл төлбөр болох 2,664,925 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь шугам хоолойн бэлдэц бэлтгэх болон насос станцын өргөтгөлийн ажлын төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд дээрх ажлууд нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлууд бөгөөд нийт ажлын үнэлгээ нь 33,763,365 төгрөг болох нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Шинжээчийн дүгнэлтээр хавтаст хэргийн 243-249 дүгээр хуудсанд байгаа технологийн шугам хоолой, сав, тоног төхөөрөмжийн төсөв нь хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа гэрээний хавсралт 2-т тусгагдсан төсөвт өртгийн задаргаанд орсон ажлуудтай давхардаж үнэлэгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд нийт 8,339,932 төгрөгийн хэмжээнд үнэлгээ давхардсан байна.

Энэхүү давхардаж буй 8,339,932 төгрөгийг нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын үнэлгээ болох 33,763,365 төгрөгөөс хасаж тооцоход нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл нь 25,423,433 төгрөг болж байна.

Иймд хариуцагчаас нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэлд 25,423,433 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Алдангид 8,036,476 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 580,102 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 8,036,476 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан байна. Талуудын хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1 дахь заалтад Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тал гүйцэтгээгүй ажил үүргийн үнийн 0.1 хувийн алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутам төлнө.Алдангийн үнийн дүн гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байна.

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээнд анзын талаар талууд харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр хийсэн байх хуулийн шаардлагад нийсэн байна.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрөөс хариуцагчийн төлбөл зохих төлбөр нь талуудын хооронд байгуулагдсан гэрээт ажлаас тусдаа нэмэлтээр гүйцэтгэгдсэн ажлын төлбөр байх тул талуудын хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1 дахь заалтад заасныг баримтлан хариуцагчаас алданги гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь мөн шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ хуульд заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөн дүн буюу 580,102 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан хариуцагчаас уг зардлыг гаргуулахаар шаардсан байна.

Улсын тэмдэгтийн хураамж нь шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгө бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг зохигч талуудад хэрхэн хуваарилах нь хуулиар зохицуулагдсан байдаг тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 580,102 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, уг зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтад заасан үүргийн зөрчилтэй холбоотой гарсан зардалд хамааруулан авч үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчаас алдангид 8,036,476 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 580,102 төгрөг гаргуулах шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Т ХХК-аас 25,423,433 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 59,587,218 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Т ХХК-аас 25,423,433 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 59,587,218 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 583,003.25 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 285,067 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР