| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2025/055/э |
| Дугаар | 2025/ШЦТ/443 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.ЭНХБАЯР |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/443
2025 02 10 2025/ШЦТ/443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,
улсын яллагч Д.Энхбаяр,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн 2406000004059 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** /РД:******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч ***нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн зогсоолоос гарч байх үедээ иргэн *** улсын дугаартай Тоёота Харриер загварын тээврийн хэрэгслийн толийг гараараа цохиж хугалан, 425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нарантуул захаас гарах гэж байхад маргалдсан зүйл байгаа. Толийг нь хугалсан гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан асуудал байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр 18 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Нарантуул худалдааны төвийн зогсоолоос өөрийн *** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгсэлтэй гарахаар явж байхад миний баруун гар талаар *** улсын дугаартай цэнхэр өнгийн бүхээгтэй портер шахаж орж ирээд байхаар нь би ягаад шахаад байгаа юм бэ, зайгаа барьж яваач ээ гэж хэлсэн чинь тухайн хүн буруу харчхаад намайг үргэлжилж шахаад байхаар нь миний уур хүрээд машинаасаа буугаад машиныхан кабин руу хоёр удаа гараараа цохисон чинь тухайн машиныг жолоодож байсан эрэгтэй машиныхаа хаалгыг онгойлгоод намайг цохихоор гараа дайлахаар нь би түлхсэн чинь миний машины баруун талын толийг гараараа цохиод хугалчихсан тул би цагдаа дуудах. хооронд тухайн хүн "би ажилтай яараад байна" гэж хэлээд яваад өгсөн. Би тухайн хүний тээврийн хэрэгсэлд болон өөрт нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Би фейсбүүк дээрээс судалж үзэхэд миний машины толийг буцаад хэвийн болгохын тулд ойролцоогоор 650,000 төгрөг болохоор байгаа тул надад 650,000 төгрөгийн хохирол учирсан байна. Би тухайн хүнийг царайны хэлбэрээр нь хараад танина. Би хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна..." гэсэн мэдүүлэг, /ХХ-н 08 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Кости Эстимэй” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №44654 дугаартай дүгнэлт, /ХХ-н 12 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ***нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн зогсоолоос гарч байх үедээ иргэн *** улсын дугаартай Тоёота Харриер загварын тээврийн хэрэгслийн толийг гараараа цохиж хугалан, 425.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... миний баруун гар талаар *** улсын дугаартай цэнхэр өнгийн бүхээгтэй портер шахаж орж ирээд байхаар нь би ягаад шахаад байгаа юм бэ, зайгаа барьж яваач ээ гэж хэлсэн чинь тухайн хүн буруу харчхаад намайг үргэлжилж шахаад байхаар нь миний уур хүрээд машинаасаа буугаад машиныхан кабин руу хоёр удаа гараараа цохисон чинь тухайн машиныг жолоодож байсан эрэгтэй машиныхаа хаалгыг онгойлгоод намайг цохихоор гараа дайлахаар нь би түлхсэн чинь миний машины баруун талын толийг гараараа цохиод хугалчихсан тул би цагдаа дуудсан..." гэсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Кости Эстимэй” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №44654 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч ***нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *** гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч *** би шүүгдэгч *** хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар оролцож байна. Миний үйлчлүүлэгч ***нь гэм буруугийн тал дээр маргахгүй. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагч торгох ялын санал тавьж байна. Миний хувьд эрүүгийн хариуцлага дээр тусгайлан гаргах 1 санал байна. Миний үйлчлүүлэгч хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон. Хохирол төлбөрөө төлсөн. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Эд хөрөнгө устгасан” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосныг, “Эд хөрөнгө гэмтээсэн” гэж эд хөрөнгөд гэмтэл учруулж, эд хөрөнгийг сэргээж засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгоно.
“Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмч өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба Хөрөнгийн үнэлгээний тайлангаар 765.000 төгрөгийн хохирол учирсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч ***нь хохирогчийн эд хөрөнгөд халдаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн идэвхтэй үйлдэл хийсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч ***нь хохирогчийн эд хөрөнгөд халдаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ***нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчийн хувийн байдал хохирол төлбөр нөхөн төлсөн, өнөөдрийн шүүх хуралдаанд өөртөө хийсэн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үүнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *** эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Гэм буруу дээрээ маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүх шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч О.Мөнхцэцэг нь 265.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Лхагвацэрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.АЮУШЖАВ