| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 181/2016/02082/И |
| Дугаар | 181/ШШ2018/00157 |
| Огноо | 2018-01-17 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2018/00157
2018 оны 01 сарын 17 өдөр Дугаар 181/ШШ2018/00157 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалжшүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Ууганбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ю.Б -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ОБЕГ- т холбогдох,
2014.09.01-ний өдрөөс 2015.12.31-ний өдрийн хүртэлх хугацааны тэтгэвэрт 13.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ю.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 оноос Зэвсэгт хүчин, Иргэний хамгаалалт, ОБЕ байгууллагад тасралтгүй ажиллаж байгаад Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/414 дугаар тушаалаар төрийн тусгай албанд ажиллах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас гэнэт чөлөөлөгдсөн.
Би тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандсан ч 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, мөн оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс Цагдаагийн ерөнхий харъяа Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын хэлтэс /101,105/-ийн ерөнхий зохицуулагчаар томилогдох үед 3 сарын тасалдал гарсан нь дараалсан 5 жил буюу 60 сарын цалингийн дунджаас тэтгэвэр тогтоох боломжгүй болсон байна.
Энэ тухай Онцгой байдлын ерөнхий газрын төрийн албаны зөвлөлийн дарга Д / дэд дарга Т.Б/, тамгын газрын дарга Д.А нартай уулзаж зөвшилцсөний үндсэн дээр уг тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах хүсэлтээ 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр, 12 дугаар сарын 16-ны өдөр 2 удаа бичгээр гаргасан.
2014 оны сүүлээр намайг Төв аймгийн Онцгой байдлын газарт гамшгаас хамгаалах асуудал хариуцсан байцаагч, Аврах тусгай ангийн захирагчийн орлогч зэрэг ажлын байруудын аль нэгэнд томилохоор яригдсан ч Онцгой байдлын ерөнхий газрын дарга /Д/ огцорч, шинэ дарга /Т.Б/ томилогдсоноор асуудал түр хойшилсон.
Онцгой байдлын ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга Цэндбаатар надад ...ажилд томилохын тулд үндэслэл болгох материал хэрэгтэй гэсний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3 дахь удаа бичгээр хүсэлт гаргаад хүлээж байсан.
Гэтэл Онцгой байдлын ерөнхий газрын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3/441 тоот албан бичгээр ...2012 онд тэтгэвэрт гарах өргөдөл гаргасан тул ахин томилох боломжгүй болно. Харин 2011 онд тасарсан хугацааг шүүхэд хандан нөхөн тооцуулах нь зүйтэйг зөвлөж байна. гэсэн хариу өгсний дагуу 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлдээ:
1. 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл тасарсан хугацааг төрийн тусгай албанд ажилласнаар тогтоож, цалин бусад нэмэгдэл цалинг олгуулан нийгмийн даатгал нөхөн тооцуулах,
2. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/414 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг нөхөн олгуулахыг хүссэн
Шүүхийн явцад буюу 2015 оны 5 дугаар сард Онцгой байдлын ерөнхий газрын дарга /Т.Бадрал/ надад Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуульд багшаар ажиллах санал тавьсан. Энэ албан тушаалд миний эрдмийн зэрэг цол тохироогүй тул орхисон. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.08.04-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн 1 дүгээр зүйлээр 457 дугаар шийдвэрээр баталгаажуулсан. Уг гэрээнд миний нэхэмжилсэн мөнгөн дүнгийн 60 хувь буюу 1,947,063 төгрөгийг олгож, нийгмийн даатгал нөхөн тооцуулахаар тусгасан.
Онцгой байдлын ерөнхий газрын даргад Захиргааны хэргийн анхан шатны ш баталсан эвлэрлийн гэрээ-ний үүргээ биелүүлэхийг хүссэн өргөдөл 2015 оны 11 дүгээр сарын 02-нд илгээсэн ч хариу өгөөгүй.
Би Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргаж 2015.11.04-өөс 230.000 төгрөгийн, 2016.01.01-ний өдрөөс эхлэн 57 сарын цалингийн дунджаар буюу 865.818 төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга 2016 оны 02 дугаар сарын 19-ний :,93 тоот тушаал гаргаж, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эвлэрлийн гэрээ-нд заасны дагуу хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтанд даалгасан ч мөн л хэрэгжээгүй.
2016 оны 6 дугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний 457 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны дугаар магадлалыг албадан хэрэгжүүлэх шийдвэр гаргуулсан.
Үүний үр дүнд Онцгой байдлын ерөнхий газраас нэхэмжилсэн 1.947.063 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан 2016.11.22-нд надад олгосон ч нийгмийн даатгал нөхөн бичиж, баталгаажилт хийлгэсэнгүй.
Ийнхүү 2014 оны 9 дүгээр сарын 09-өөс эхлэн удаа дараа өгсөн өргөдөл, хүсэлтүүдийг минь шийдвэрлэлгүй удаашруулсны улмаас өнөөдрийг хүртэл бүрэн тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирсоор байна.
Иймд 2014 оны 9 дүгээр сарын 01-ээс 2015 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал хугацааны тэтгэвэр болох 13,400,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Ю.-ийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар төрийн тусгай алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн.
Энэ тухай маргаан Нийслэлийн Захиргааны анхан, давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.
Харин нэхэмжлэгч Захиргааны анхан шатны шүүх дээр эвлэрэн хэлэлцсэн ёсоор мөнгөө хүлээн авсан байсан.Одоо харин тухайн үеийнхээ эрүүл мэнд ,нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулж,тэтгэврийн зөрүү 27,774 төгрөгийг тэтгэвэр дээр нэмүүлж авах талаараа хөөцөлдсөн зөв байх гэж бодож байна.
Ю.Б гуай тухайн үеийн дарга нартаа л гомдоод яваад байдаг хүн юм шиг байна. Өөрөө тэтгэвэр ч үгүй ажлаас чөлөөлөгдөх шалтгаантай байсныг өөрөө мэдэж байгаа. Харин ч дарга нар тэтгэвэрт гаргасан байдаг.
Би энэ хүнтэй Захиргааны анхан шат, давах заалдах шатны шүүх дээр бүтэн жил маргалдсан. Нэгэнт тэтгэвэрт гарчихсан хүнийг буцааж төрийн албанд ажлуулна гэсэн хууль байхгүй гэдгийг өөрөө ч мэдэж байгаа. Онцгой байдлын Ерөнхий газраас нэхэмжлээд байгаа мөнгийг гаргах хууль байхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Б нь 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны тэтгэвэр 13.400.000 төгрөгийг Онцгой Байдлын Ерөнхий газраас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ажилтанг буцаан төрийн албанд ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ю.Бямбадорж нь 60 сарын цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгоход 3 сар дутаж 57 сар сараар тогтоогдох болсон тул ажилд томилуулах хүсэлтийг тухайн үеийн удирдлагад удаа дараа гаргасан боловч хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байсаар 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хооронд тэтгэвэр авч чадаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Нэхэмжлэгч Ю.Б-ийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар төрийн тусгай алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн байна./хх-ийн 50 дугаар тал/
Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 454 дүгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар эцэслэн шийдвэрлэжээ./хх-ийн 12-19 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь Онцгой байдлын Ерөнхий газрын даргад 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр, 12 дугаар сарын 16-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/414 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилд байраар хангах тухай өргөдлийг тус тус гаргасан ба Онцгой байдлын ерөнхий газраас нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг шийдвэрлэн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өрийн 3/441 дугаартай албан тоотоор 2012 онд тэтгэвэрт гарах өргөдөл гаргасан тул аин томилох боломжгүй. Харин 2011 онд тасарсан хугацаг шүүхэд хандан нөхөн тооцуулах зүйтэйг зөвлөж байна. гэсэн хариуг өгчээ./хх-ийн 44-49 дүгээр талууд/
Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 24 дүгээр зүйлийн 24.2-т төрийн албан хаагчийг төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллуулах эсэхийг шийдвэрлэх эрхийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэрлүүлнэ, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журам-ын 7 дугаар зүйлийн 2-т заасан эрхийнхээ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга тэтгэврийн насанд хүрсэн Ю.Б-ийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзэн төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн байх ба түүнийг дахин ажилд томилох хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Нэхэмжлэгч дээрх дурдсан хугацаанд тэтгэвэр тогтоолгох боломжтой байсан ба Онцгой Байдлын Ерөнхий газрын гэм буруутай эсэх нь баримтаар нотлогдоогүй болно.
Нэхэмжлэгч ажилд томилуулах тухай хүсэлтийг *******т удаа дараа гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй удсанаас хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.Бямбадоржийн нэхэмжлэлтэй хариуцагч Онцгой байдлын Ерөнхий газарт холбогдох 13,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигчид нь эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
С.ЭНХБАЯР