Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 218/МА2019/00005

 

  

А.Уранчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 139/ШШ2018/00791 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Төрийн банкны Дундговь салбарт холбогдох Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2017 оны 06 сарын 19-ний өдрийн Б/72 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төрийн банкны Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Уранчимэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, Б.Баяраа

Хариуцагчийн төлөөлөгч Э.Хөхөөхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч А.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн банкны Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирлаар 2012 оны 12 сарын 10-ны өдөр томилогдсон 2017 оны 6 сарын 19-ны өдрийг хүртэл ажилласан. 2017 оны 01 сард Э.Хөхөөхүү захирал шинээр томилогдсон ба 2017 оны 4, 5 саруудад манай тооцооны төвд хугацаатай даалгавар өгсөн. Даалгаварыг 57 хувьтай биелүүлсэн гэж надад 2017 оны 05 сарын 16-ны өдрийн Б/65 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Харин 2017 оны 05 сард өгсөн хугацаатай 5 даалгаврын 4-ийг биелүүлсэн ба уг 5 даалгаврын 4-ийг биелүүлэхэд 5 дахь даалгавар биелэх ёстой боловч биелэгдээгүй гэж үзэж дүгнэсэн. Уг даалгаврын биелэлтийг захирлын зөвлөлийн хурлаар оруулж 85.7 хувьтай дүгнэсэн. Гэтэл намайг хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлж ажиллаагүй гэж үзэж 2017 оны 06 сарын 19-ний өдрийн Б/72 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гомдолтой байна. Мөн миний бие 2015 оны 03 сард хүүхэд төрүүлсэн ба манай охин ажлаас чөлөөлөгдөхөд 3 нас хүрээгүй байсан. Намайг ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн.

Иймд Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2017 оны 06 сарын 19-ний өдрийн Б/72 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төрийн банкны Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Хөхөөхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь салбарын тооцооны төв хариуцсан менежер О.Чойжилсүрэнгийн гаргасан 2017 оны 05 сарын 31-ний өдрийн Дундговь салбарын 2016 оны 4-р улирал, 2017 оны 1, 2-р улирлын бодит ашиг алдагдлын мэдээний нэгтгэлээс үзэхэд Сайнцагаан тооцооны төв нь байнга алдагдалтай ажиллаж байгаа нь тодорхой харагдана. Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирал А.Уранчимэгийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилгод Тухайн тооцооны төвийг орон нутгийн банк, санхүүгийн зах зээлд тэргүүлэгч нэгж байлгаж, өндөр үр ашигтай ажиллуулах гэж заасан байгааг мөрдлөг болгон ажиллаагүй бөгөөд сүүлийн саруудад тогтмол алдагдалтай ажиллаж байгаатай холбогдуулан салбарын захирлын зүгээс хугацаатай үүрэг даалгаварыг 2017 оны 04 сарын 11-ний өдөр өгсөн. Гэвч өгсөн хугацаатай үүрэг даалгаварыг биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлэх гэсэн заалтыг зөрчсөн тул 2017 оны 05 сарын 16-ны өдөр үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед Сайнцагаан тооцооны төвийн захирал А.Уранчимэг 2017 оны 04 сарын 14-ний өдөр Тооцооны төвийн аюулгүйн дохиоллыг идэвхжүүлээгүй хонуулсан ноцтой зөрчил гаргасан. Дээрх 2 зөрчил нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.3-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан гэсэн заалтын дагуу ажил олгогчийн санаачлагчаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй байсан боловч ажил олгогчийн зүгээс ажилтны эрх зүйн байдлыг харгалзан үзээд 2017 оны 05 сарын 12-ноос 05 сарын 31-нийг хүртэл хугацаанд салбарын захирлын тооцооны төвийн санхүүгийн үзүүлэлт бүрээр төлөвлөгөө гаргаж тус бүр 100 хувь биелүүлж ажиллах хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлж ажиллаагүй зөрчил гаргасан. Энэ нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, 7.4.18 дахь заалтыг зөрчсөн тул А.Уранчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, үүрэгт ажлаас нь халсан. Ажилтан нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т хамаарах зөрчил гаргасан тул ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ах ахуй нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн заалтыг зөрчөөгүй. Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2017 оны 06 сарын 19-ний өдрийн Б/72 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа тул нэхэмжлэгч А.Уранчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хувын отог овогт Алтансувдын Уранчимэгийг Төрийн банкны Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Төрийн банкны Дундговь салбараас ажилгүй байсан хугацааны цалин 17529680 /арван долоон сая таван зуун хорин есөн мянга зургаан зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Уранчимэгт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар А.Уранчимэгт олгох 17529680 төгрөгөөс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган холбогдох дэвтэрт бичилт хийхийг Төрийн банкны Дундговь салбарын нягтлан бодогч, захирал нарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн хөлс 840000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийг хариуцагч Төрийн банкны Дундговь салбараас гаргуулж Дундговь аймаг дахь Монгол банкны салбарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Төрийн банкны Дундговь салбараас 315798 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Хөхөөхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хууль, эрх зүйн хувьд үндэслэлгүй, ойлгомжгүй шийдвэрийг гарган шийдвэрлэсэн. Үүнд: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...хэрэгт ач холбогдолгүй үйл баримтыг нэхэмжлэгчийн тайлбараар дүгнэж шийдвэрлэсэн, мөн хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн тайлбар хэлж, нотлох баримт гаргаж өгөөгүй байхад тайлбар өгсөн мэтээр тайлбарласан нь тус шүүх хэргийг үнэн зөв, бодит нөхцөл байдлыг тогтоон, хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэхгүй байна. Мөн хэргийг хянан шийдвэрлэхдээ нэгэнт тогтоогдсон, талуудын хооронд маргаан үүсээгүй үйл баримтыг хэлэлцэж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн маргаан нь заавал гэм буруутай байх, бодит хохирол учирсан байхыг шаарддаггүй бөгөөд гэм буруутай талаар хариуцагч талаас маргаагүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шууд удирдлагын зүгээс нэхэмжлэгчийн хариуцан ажиллаж байсан Сайнцагаан тооцооны төвийг алдагдлаас гаргах, мөн Төв банкнаас өгсөн чиглэлийн дагуу шат дараалсан арга хэмжээг авч, үүний хүрээнд нэхэмжлэгчид тухайн үед хугацаатай үүрэг даалгавар өгсөн байдаг. Тус үүрэг даалгаврыг хүлээн авч зөвшөөрсөн талаар, мөн үүрэг даалгаврын биелэлтийг бүрэн хангаж ажиллаагүйгээ нэхэмжлэгч гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 4 сарын 26-ны өдрийн А-119 тоот тушаалын дагуу томилогдсон шинжээчийн гаргасан 2018 оны 8 сарын 31-ний өдрийн дүгнэлтээр Дундговь салбарын захирлын өгсөн хугацаатай үүрэг даалгавар нь биелэгдэх боломжтой байсан гэсэн дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу Сахилгын зөрчлийг давтан гаргаж, удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн, мөн ажил олгогч сахилгын зөрчлийг давтан гаргасан бол.., ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн бол..тантай байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана гэснийг хүлээн зөвшөөрч талууд хөдөлмөрийн гэрээг байгуулсан байхад шүүх талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хөндлөнгөөс тогтоон хэргийг хянан шийдвэрлэсэн. Түүнчлэн нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан нь хэрэгт авагдсан баримтуудаас хангалттай нотлогдож байхад шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар шийдвэрлэсэн нь тус шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьсан, хуулийг зөв хэрэглээгүй, нотлох баримтыг үнэлээгүй, хууль эрх зүйн хувьд үндэслэл муутай шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 139/ШШ2018/00791 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн зэргээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Төрийн банкны Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирлын ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх үед 3 нас хүрээгүй хүүхэдтэй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт зөрчигдсөн тул Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2017 оны 06 сарын 19-ний өдрийн Б/72 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төрийн банкны Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Хөхөөхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагчаас Н.Байгальд итгэмжлэлээр төлөөлөх эрх олгосон байх бөгөөд шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүрэг танилцуулах ажиллагаа огт хийгээгүй, хэрэг танилцуулах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, хариуцагчаас олгосон итгэмжлэлүүд нь зохигч талуудын мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна.

Шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Дахин шинжилгээ хийхэд эхний дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно гэж заасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт нь дээрх хуулийн заалт шаардлагыг зөрчиж гарсан байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх, болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул гомдол гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 139/ШШ2018/00791 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315798 /гурван зуун арван таван мянга долоон зуун ерэн найм/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ