Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чинзориг, 

улсын яллагч С.Энхтуул,

насанд хүрээгүй шүүгдэгч М.Амаржаргал,

насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Должинням,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэнд-Амарын Амаржаргалд холбогдох эрүүгийн 201725030532 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Зуутраг овгийн Мэнд-Амарын Амаржаргал, 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан 4 дүгээр баг 22 дугаар хороолол, 9 дүгээр байрны 37 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП00312752.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч М.Амаржаргал нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн хажууд насанд хүрээгүй Б.Тэмүүжин, М.Үүрийнцолмон нарыг хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж Б.Тэмүүжингийн хөлөн тус газар нь цохиж, хар өнгийн мэдрэгчтэй Эл Жи маркийн гар утсыг нь дээрэмдэн 250.000 төгрөгийн, М.Үүрийнцолмонгийн хар өнгийн Нокиа маркийн гар утсыг дээрэмдэн авч 25.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Амаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, дахин ийм хэрэг үйлдэхгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүжин мэдүүлэхдээ: “...Хичээлээ тараад 14 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Цахирмаа нэртэй дэлгүүрт ангийн найз Үүрийнцолмонгийн хамт ороод бүргер аваад гараад 2 байрны голоор явж байтал араас улаан хүрэн өнгийн куртика, цагаан өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн пүүзтэй, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн 16-17 орчим насны эрэгтэй хүүхэд Үүрийнцолмонг хүзүүдэж аваад чи яагаад миний дүүг зодож байгаа юм бэ? Ялангуяа чамайг зодсон гэж хэлсэн, одоо гурвуулаа хамт яваад манай дүүтэй уулзъя гээд бид хоёрыг хүзүүдэж аваад 23-р сургуулийн хажуугаар гараад Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар яваад нэг цэцэрлэгийн хашаанд орсон. Тэгээд бид хоёрыг цэцэрлэгийн байшингийн буланд суулгаад та хоёр мөс сонгох уу? Чулуу сонгох уу гэж асуусан. Үүрийнцолмон би мөс сонгоно гоё гөлгөр гэж хэлсэн, харин би чулууг сонгоно гэж хэлсэн юм. Тэгээд тэр хүүхэд Үүрийнцолмонгийн гар утсыг нь аваад нэг дугаар руу залгаад холбогдох боломжгүй байна гэж хэлэх нь сонсогдсон. Тэгээд дараа нь миний гар утсыг ээж рүүгээ залгах нэрээр аваад нэг хүн рүү залгасан боловч холбогдох боломжгүй гэж сонсогдсон. Би тэр хүүхдэд ээжтэйгээ яримаар байна гэж худал яриад утсаа булаагаад авчихсан юм. Тэгсэн тэр хүүхэд Үүрийнцолмонгийн гар утсыг авч байгаад нэг хүнтэй чи хаана байна, би нөгөө 2 хүүхдийг чинь дагуулаад ирж байна гээд тасалсан. Тэгээд бид хоёрыг дагуулаад Чингэлтэй дүүргийн байрны урд хэсэгт төмөр хашаа руу дагуулж орсон. Тэгээд нөгөө утсаар ярьсан хүнээ хайж байгаад байхгүй байна гээд буцаад нөгөө цэцэрлэг рүү ороод Үүрийнцолмон бид хоёрыг шатан дээр суулгаад чулуу бариад та хоёр хоёулаа гар утсаа өг, өгөхгүй бол чулуугаар цохино шүү гэхээр нь Үүрийнцолмон бид хоёулаа гар утсаа өгсөн. Тэр хүүхэд би та хоёрын гар утсыг авлаа буцааж та хоёр өгөхгүй. Энэ бол нэг төрлийн ажил, нэг төрлийн кино гэж хэлэхэд нь би уйлаад өөрийнхөө гар утсыг булаагаад авсан чинь барьж байсан чулуугаараа миний гар, хөл рүү цохиод утсыг буцаагаад булаагаад авсан. Тэгээд би уйлаад яаж аав, ээжтэйгээ ярих юм бэ гэсэн чинь та хоёр 30 тоолоод босоод яв түүнээс өмнө босох юм бол би зодно шүү гэж хэлсэн. Бид хоёрыг цагдаа дагуулж ирвэл 2 хоног болоод  гараад ирнэ. Гарч ирээд та хоёрыг ална шүү гэж хэлсэн. Тэгээд 30 тоолоорой би явлаа гээд цэцэрлэгийн баруун зүг рүү гүйгээд яваад өгсөн. Бид хоёр 30 тоолж дуусаад нөгөө хүүхдийг хайгаад явсан чинь олдохгүй байсан. Дараа нь Цахирмаа дэлгүүрийн хажууд явж байхдаа ангийн найз Ганбаатай таарсан. Тэгээд бид нар гэр рүүгээ явсан. Ийм асуудал болсон. Миний гар утас Эл Жи/LG/ маркийн хар өнгийн мэдрэгчтэй утас байсан. 2016 оны 9 дүгээр сард 300.000 төгрөгөөр манай ээж худалдан авч өгсөн юм. Одоо гар утсыг 300.000 төгрөгөөр үнэлнэ. ...миний хөлөнд хөхөрсөн байсан маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлэхээр болоход хөхөрсөн байсан нь зүгээр болоод эдгэрчихсэн болохоор би эмнэлэгт үзүүлэх шаардлаггүй гэж бодож байна...” гэжээ /хх-8-10/.

Насанд хүрээгүй хохирогч М.Үүрийнцолмон мэдүүлэхдээ: “...Тэмүүжин бид хоёр сургуулийн хажуу талын Цахирмаа нэртэй дэлгүүр орж нэг ширхэг пицца худалдаж авсан. Тэгээд хойш зам гарах гээд явж байтал нэг хүүхэд миний шилэн хүзүүнээс базаж аваад чи миний дүүг зодсон байна гээд нэг цэцэрлэгийн хойд талд очоод утсаа өгч бай гээд Тэмүүжингийн гар утсыг авсан. Дараа нь миний гар утсыг аваад залгаж байгаад буцаагаад өгсөн. Тэгээд цаашаа бас нэг цэцэрлэгийн хойно дагуулж очоод энд манай дүү байгаа гэсэн. Тэгээд дахин Тэмүүжин бид хоёрын гар утсыг авч ярьж байгаад зөрчихсөн байна гээд өмнөх цэцэрлэг рүү дагуулаад явсан. Тэгээд цэцэрлэгийн хойно очоод Тэмүүжин бид хоёрыг хоёулаа гар утсаа өг гэсэн. Тэгээд чулуу барьчихаад гар утсаа өгөхгүй бол цохино гээд айлгаад байсан. Мөн би одоо та хоёрын гар утсыг аваад явлаа, та хоёр 30 тоолоод эндээсээ яваарай гэж хэлсэн. Тэгээд Тэмүүжин бид хоёр 30 тоолж дуусаад гэр рүүгээ явсан. Тэр хүүхэд Тэмүүжингийн хөл рүү чулуугаар цохисон юм. Миний утас Нокиа маркийн утас байсан. 2016 оны 11 дүгээр сард Теди төвөөс 60.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэжээ /хх-14-15/.   

Мөн шүүгдэгчийн ял шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39-40/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-44/, шүүгдэгчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-33/, эд зүйлийн үнэлгээ /хх-18/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-17/ зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт хуулийн дагуу авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Амаржаргал нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн хажууд насанд хүрээгүй Б.Тэмүүжин, М.Үүрийнцолмон нарыг хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж Б.Тэмүүжингийн хөлөн тус газар нь цохиж, хар өнгийн мэдрэгчтэй Эл Жи маркийн гар утсыг нь дээрэмдэн 250.000 төгрөгийн, М.Үүрийнцолмонгийн хар өнгийн Нокиа маркийн гар утсыг дээрэмдэн авч 25.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл буцаан олгосон тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч М.Амаржаргалын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтын бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ шүүгдэгч М.Амаржаргал нь насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Зуутраг овгийн Мэнд-Амарын Амаржаргалыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амаржаргалд 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амаржаргалд оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амаржаргалын цагдан хоригдсон 48 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч М.Амаржаргал нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди /CD/-г хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч М.Амаржаргалд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Должинням /РД: ДО76122908/-д даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Амаржаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 9. Тогтоолыг насанд хүрээгүй шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Хэрэв давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН