Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 112/ШШ2022/0032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Прокурор: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Х.Г,

          Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сум хариуцсан улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч С.Нд холбогдох

             Говь-Алтай аймгийн ******* сум хариуцсан Улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч С.Нгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №0045832 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Прокурор Х.Г, хариуцагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Х.Г шүүхэд гаргасан прокурорын дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Г би, Говь-Алтай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ******* сум хариуцсан улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч С.Н нь ...Ч.Ж нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын Гүү бариач багийн нутаг Шонт гэх газраас 2 шоо метр унанги шинэс модыг ахуйн зориулалтаар зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн... гэх 01 дугаартай гомдлыг хүлээн авч шалгах ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдогч Ч.Жт 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн материалд дараах бичгийн баримтууд цугларчээ. Үүнд: Холбогдогч Ч.Жийн ...түлшний мод авах зорилгоор шинэсэн ойгоос мод авахдаа зөвшөөрөл аваагүй. Төлбөр хураамж төлөөгүй... гэх мэдүүлэг, модыг хөрөөдөж авсан талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд, хялбаршуулсан журмаар шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл, 2022 оны 06 сарын 16-ны өдрийн №0045832 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг бичгийн баримтуудыг хавсаргажээ. Материалд цугларсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд Ч.Ж нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан байхад зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай үйлдэл гэж хуульчилжээ.

Тухайн гэмт хэргийн халдлагын зүйл нь ой мод, мод, модон материал байна.

Ой гэж мод бут, сөөг, болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газар зүйн онцлог нөхцөл бүхий орчныг,

              Мод модон материал гэж ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг ойлгодог. Холбогдогч Ч.Ж нь зөвшөөрөлгүйгээр 2 м3 мод бэлтгэсэн, мөн гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн идэвхтэй үйлдэл хийжээ. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчинд хохирол учирсан байхыг шаардахгүй, хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.

           Гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

          Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн №0045832 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичих нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан С.Нгийн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзсэн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн №0045832 дугаартай шийтгэлийн хуудсаар Ч.Жийг 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

          2. Хариуцагч С.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С овогтой Н Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ******* сум хариуцсан улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчаар 19 жил ажиллаж байна.

            Энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............ багийн харъяат, ******* сумын .......... багт оршин суух иргэн Ч овогтой Ж нь тус багийн Шонт гэх нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос түлшний зориулалтаар 2 шоо метр мод /унасан хуурай мод гишүү, мөчир/ бэлтгэж байсныг эрх бүхий албан тушаалтан би хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлж дээрх иргэнд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцсон юм.

           Ингэхдээ Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 зааснаар иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед аялал зугаалгаар явах гэсэн заалтыг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэн иргэн Ч.Жт хуулийн хариуцлага ногдуулсан.

          Уг бэлтгэсэн түлшний мод нь хэрэглээний зориулалтаар биш бөгөөд хэрэглээнд шаардлага хангахгүй зөвхөн түлээ, түлшний хэрэгцээг хангахуйц өгөршсөн, цуурсан, байгалийн жамаараа үхжиж унасан мод, мөчир, гишүү байсан учраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэн, учир нь ургаа ногоон мод тайрч огтолж бэлтгээгүй тул Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулж ажилласан болно гэжээ.

 

        3. Гуравдагч этгээд Ч.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ч.Ж миний бие нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* сумын Шонт гэдэг газраас байгалийн жамаар өтөл, өт идсэн, хөх буурал болсон, хуурай унанги 1 ширхэг модыг ахуйн хэрэгцээнд зориулан бэлтгэж байгаад байцаагч С.Нтэй таарч Зөрчлийн тухай хуулиар 300.000 төгрөгний арга хэмжээг авахуулж төлбөрийг төлж барагдуулсан. Иймд миний бие байгальд ямар нэгэн хохирол учруулж шинэ залуу мод, ургаа мод, нойтон модыг бэлтгээгүй нь үнэн болно. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймаг руу ажилдаа явах тул 1 дэх өдөр болох урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох боломжгүй тул эдгээр тайлбарыг гаргаж байна гэжээ.

 

        4. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх бүхий албан тушаалтан Ч.Жийн үйлдэл нь цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэсэн гэж үзээд байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалын хх 9-рт гэрэл зургаас харахад тайраад, хөрөөдөөд авсан, мөчрийг тастаад бэлтгэсэн байгаа. Энэ нь яаж хэмжээд 2 метр куб болж байгаа юм бэ. Ч.Жийн мод бэлтгэсэн хэсгээс зөвшөөрөл олгогдсон эсэх, энэ хүнд зөвшөөрөл олгосон эсэх талаар баримт байхгүй учир түлшний зориулалтаар мод бэлтгэсэн гэж үзэх боломжгүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хангалтгүй явуулсан байгаа учир прокурор зөрчлийн хэргийг хянаж үзээд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Түлшний мод бэлтгэх байсан ч гэсэн зөвшөөрөл авах ёстой. Ойгоос мод бэлтгэх тохиолдолд заавал гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээр шалгаж байж шийдвэрлэх ёстой. Ойд хэдий хэмжээний хохирол учирсан гэдгийг шаардахгүйгээр эрүүгийн хэрэг үүсэж байгаа. Иймээс түрүүлж аваад тухайн зөрчилдөө эрх бүхий албан тушаалтан ойгоос түлш бэлтгэсэн юм гэж хэлж байгаа нь зохимжгүй байна. Үнэхээр түлш бэлтгэх шаардлагатай байсан бол зөвшөөрлийн дагуу мод бэлтгэх боломжтой байсан гэв.

 

         5. Хариуцагч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Жийг хяналт шалгалтын явцад ойгоос ойн цэвэрлэгээний түлш бэлтгэж байхад газар дээр нь таслан зогсоож Зөрчлийн тухай хуульд зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Тухайн мод нь унасан хэрэглээнд ямар ч хэрэглэгдэх боломжгүй зөвхөн түлшний зориулалттай байсан учир эрүүгийн хэрэг үүсгэхгүй Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан байгаа. Түлшнээс бусдаар хэрэглэх боломжгүй байсан. Ойд учруулсан хохирол нь унасан мод учир ойд ямар нэгэн хохиролгүй. Ойн тухай хуульд ойн цэвэрлэгээний түлш гэж салхи шуурганд унасан мод, хорхой шавжид идэгдсэн модыг түлш гэж хэлж байгаа юм. 2 метр куб гэдэг нь хааш хаашаа 1 метр модыг хэлж байгаа юм. Тухайн моднууд нь унасан, үжирсэн моднууд байсан. Сумын Засаг даргын захиргааны зөвлөлийнхөн модыг үзээд хэрэглээнийх юм уу, түлшнийх юм уу гэдгийг захиргааны зөвлөл шийддэг. Хамгаалалтын бүсийн ойгоос түлш бэлтгэхэд төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн дагуу аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гараад тогтоосон хугацаанд, тогтоосон хэмжээнд түлш бэлтгэх ёстой. Гэтэл Ч.Ж нь зөвшөөрөлгүй ойн цэвэрлэгээний түлш бэлтгэсэн. Өөрөө мэдүүлэхдээ ойролцоо байдаг учир хүн бүл муутай байсан. Тэгээд жоохон түлш бэлтгэсэн юм гэж мэдүүлдэг гэв.

                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

           2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Г нь Говь-Алтай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ******* сум хариуцсан улсын байгцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч С.Н нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзсэн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн №0045832 дугаартай шийтгэлийн хуудсаар Ч.Жийг 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн.

         Шүүх хэргийн оролцогч, хяналтын прокурор нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагаа нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан огтлолтоор мод бэлтгэх ажиллагаа байх бөгөөд арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван төрөлтэй байхаар хуульчилжээ.

        2.Харин ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэх байдлаар түлээ бэлтгэх нь мод бэлтгэлд хамаарахгүй, улмаар хэрэглээний мод, түлээ гэсэн ойлголтуудыг ч Ойн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудад ч тус, тусад нь салангид авч үзсэнээс харвал зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэсэн ойлголтыг тайлбарлахдаа модны шинж чанар, түүнийг бэлтгэсэн арга, шаардагдах зөвшөөрлөөс хамааруулан ялгаатай авч үзэх шаардлагатай байна.

              3.Ургаа мод огтолж, түүний үндсэн хэсгээс бэлтгэсэн хэрэглээний мод болон ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэж бэлтгэсэн түлээ нь бэлтгэх, боловсруулах арга, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөрөө ялгаатай болохыг харгалзаж зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн тохиолдолд нийгэмд учруулах хор аюулыг харгалзан тооцож гэмт хэрэг эсвэл зөрчлийн алинд хамааруулахыг шүүх шийдвэрлэх нь зүйтэй.

        4.Дээрх нөхцөл байдлаас авч үзэхэд Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, хожуул, унанги, гишүү, мөчир цуглуулах замаар түлээний мод бэлтгэх нь ойн санд хор, хохирол учруулахгүйгээр үл барам ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад эерэгээр нөлөөлөх үйл ажиллагаа гэж үзэх учир түүсэн түлээний шинж байдал байгаль орчинд хортой нөлөөлсөн, экологийн тэнцлийг алдагдуулсан, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтэд саад учруулсан хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл үгүйсгэгдсэн байна гэж дүгнэхээр байна.

          5.Хэдийгээр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар унанги мод хөрөөдсөн, гишүү түүж авсан үйлдэл нь хуулиар тогтоосон зөвшөөрлийн тогтолцоог үгүйсгэж эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдсон байх боловч энэхүү үйлдлийн улмаас байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

         6.Нийгэмд хор хохирол учруулахгүйн улмаас хууль, захиргааны хэм хэмжээний актаар хориглоогүй боловч зөвшөөрлийн үндсэн дээр явуулах, үйлдвэрлэл, үйл ажиллагааг иргэн, аж ахуй нэгж нь зөвшөөрөлгүй эрхэлвэл зөрчил-д тооцож хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-т Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар зөрчил оногдуулсан байгааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

         7.Хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчлахдаа хууль бусаар түүж бэлтгэсэн модны зориулалт, мод бэлтгэх зөвшөөрлийн түвшин, тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж зэргээс гадна гэмт хэрэгт тооцох хамгийн чухал шалгуур болох нийгмийн хор аюулыг харгалзан үзэхийг чухалчилсан байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаартай эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн №0045832 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Э.ЗОЛБАДРАХ