Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/27

 

 

 

 

 

 

  2021             1              5                                          2021/ДШМ/27

 

 

Н.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Ж.Ганболд,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэтуяа, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2003003620286 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овгийн Н-ийн Э, 1976 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

 

Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн 10 дугаар гудамжны 404 тоот хашааны урд талын замд “Тоёота Приус-20” загварын 32-60 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Х-ын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Н.Э-нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шагдар засаг овгийн Нямаагийн Энх-Эрдэнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, Н.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс тоолж, Н.Э-ийн “В” ангиллын №838928 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эрдэнэтуяад 2.300.000 төгрөг нөхөн төлсөн ба шүүгдэгч Н.Ээс амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд төлөгдөөгүй үлдсэн 3.316.530 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эрдэнэтуяад олгож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Н.Э-ийн насанд хүрээгүй хүүхдүүд болох 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Э.О, 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Э.Оюунболор нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэтуяа давж заалдах гомдолдоо: “Миний бие Н.Ээс мөрдөн байцаалтын шатанд 500.000 төгрөг, шүүхийн шатанд 1.800.000 төгрөг, нийт 2.300.000 төгрөгийг бэлнээр авсан. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үлдсэн 3.316.530 төгрөгийг шүүхийн шийдвэрээр гаргаж өгсөн.

Н.Э-ийн ард хоцорсон хагас өнчин хүүхдүүдийн асран хамгаалагчгүй, өсөх насандаа аавгүй, хэн нэгний гаргасан болчимгүй алдаан дээр дөрөөлж охин хүүхдүүдийн цаашдын амьдралд мартагдашгүй муу үр дагавар үлдээхгүй гэж бодож ийм шийдвэрт хүрлээ. Гэхдээ шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа юм биш, гэмшил байх ёстой гэдгийг Н.Э-ийг ойлгоосой гэж бодож байна. Төлбөр мөнгөний тухайд бол зохих ёсны өр төлбөрөө барагдуулсан. Хэн нэгний амийг өр барагдуулсны төлөө биш, хүний амь амьдрал, мөнгө хоёрын хооронд асар их ялгаа зааг байдаг гэдэгт Энх-Эрдэнийг ойлгоосой гэж бодож яваа шүү. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж Н.Эд тэнсэж харгалзан ялгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Н.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өрх толгойлсон эцэг, насанд хүрээгүй хоёр охины хамт амьдардаг. Хүүхдүүд маань айлд амьдарч байгаа. Миний энэ аргагүй байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Н.Э-ийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Э гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эрдэнэтуяагийн нэхэмжилсэн 5.600.000 төгрөгөөс 3.300.000 төгрөгийг төлж барагдуулж чадаагүй байсан учир Энх-Эрдэнийн эрх зүйн байдал дордоход нөлөөлсөн гэж үзэж байна. Н.Э нь өрх толгойлсон эцэг бөгөөд 12, 16 насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Эхнэр нь 1 жилийн өмнө нас барсан. Мөн эрүүл мэндийн хувьд төрөлхийн түнхний мултралтай тахир дутуугийн группэд байдаг. Н.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эрдэнэтуяатай ярилцаж, шүүхээс төлүүлэхээр тогтоосон мөнгийг төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал, Н.Э-ийн ар гэрийн хүнд нөхцөл байдал, биеийн эрүүл мэндийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байгаа. Иймд Н.Эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Н.Э-ийн өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлийг харгалзаж тэнсэж өгнө үү. Мөн Н.Э нь насанд хүрээгүй 2 хүүхэдтэй. Одоогийн байдлаар 2 хүүхэд нь ах, эгчийнд нь тусдаа амьдарч байгаа. Иймээс хүүхдүүдийн эрх ашиг, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Н.Эд 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн 10 дугаар гудамжны 404 тоот хашааны урд замд “Тоёота Приус-20” загварын 32-60 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 12.1 дэх заалтын “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж явган зорчигч Ч.Хүрэлбаатарын амь нас хохирсон гэмт  хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэтуяагийн “...2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед манай дүү Азбаяр залгаад манай төрсөн ах Ч.Х-ыг зам тээврийн осолд ороод өнгөрчихсөн байна гэж хэлсэн. ...Талийгаач ахынхаа буяны ажлыг хийхэд тодорхой хэмжээний зардал мөнгө, хохирол учирсан. Талийгаач ах маань 3 хүүхэдтэй байсан боловч бүгд нас барсан. Ах маань хэвтэрт байдаг эхнэрээ асардаг байсан. Одоо эхнэрийг нь асрах хүн байхгүй тул сарын 500.000 төгрөгөөр хүн хөлсөлж харуулж байгаа. Талийгаачийн оршуулгын зардал 5.600.000 төгрөг болсон. ...” /хх 35/,

гэрч Г.Мөнгөнхуягийн “...2020 оны 6 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн орчим эмч Энхтүвшин өрөөгөөр шагайгаад “зам тээврийн осолд орсон хүн үүдэнд ирсэн байна” гэж хэлсэн. Би тэр даруй эмч нарын өрөөнөөс гарахад манай эмнэлгийн урд мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус-20” загварын 32-60 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудал дээр 60 орчим насны эрэгтэй хүн дээш хараад хэвтчихсэн ухаангүй байсан. Уг хүнийг үзтэл амьсгал болон зүрх, судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, бие нь хөхөрсөн, арьсны температур нь хөрсөн байдалтай байсан. Тэгэхээр нь би жолоочид хандаж “энэ хүн нас барсан байна. Цагдаагийн байгууллагад мэдэгд” гэж хэлсэн. ...” /хх 36/,

гэрч Н.Түмэннасангийн “...2020 оны 6 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг өнгөрч байхад би эхнэр Г.Оюунсувдын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 10-436 В тоот гэрээсээ гарсан. Энэ үед зүс таних Н.Э мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус 20” загварын 32-60 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож охиныхоо хамт явж байхаар нь зам дагуу дайгдан явахаар болсон. Тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гудамжны замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй гудамжны үзүүрээр баруун гар тийш эргэж, баруунаасаа зүүн чиглэлтэй дөнгөж өгсөөд явж байтал машины урд хэсэгт нэг юман дээгүүр гараад хавирах шиг болоод зогссон. Тэгтэл машинаас жолооч болон жолоочийн охин түрүүлж буугаад “хүн дайрчихсан байна” гэж хэлсэн. Би эхнэрийн хамт машинаас буусан. Тэгтэл машины 2 тэнхлэгийн голд нэлээн настай байрын эрэгтэй хүн байсан ба толгой нь урагшаа харсан, хөндлөн байрлалтай хэвтэж байсан. Бид нар тухайн хүнийг машин доороос гаргаж ирэх гэсэн боловч болохгүй байсан. Ингээд машины баруун гар талын арын дугуйн хэсгийг өргөж тэр хүнийг гарган авч арын суудалд оруулсан. Бид нар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очоод тухайн хүнийг эмчид үзүүлэхэд нас барсан гэж хэлсэн. ...” /хх 37-38/,

гэрч Э.Алтанзаяагийн “...би Э.Цэрэннамжилтай гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй бөгөөд үлдэгдэл 10.000.000 төгрөгөнд түүний нэр дээр байдаг мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 загварын 32-60 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2017 оны 1 дүгээр сараас хойш надад байгаа. 2018 оны 8, 9 дүгээр сараас хойш уг машиныг Н.Э унаж байгаа. Бид хоёр 4-5 сая төгрөгт зарахаар тохиролцсон. Гэхдээ би түүнээс одоогоор мөнгө төгрөг нэхсэн зүйл байхгүй. Би түүнд энэ машиныг барих зөвшөөрөл өгсөн. ...” /хх 39/,

гэрч Г.Оюунсувдын “...2020 оны 6 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн орчим би нөхөр Түмэннасангийн хамт гэрээсээ гарч Э-ийн мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 загварын 32-60УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суусан. Сонсголонгийн 10 дугаар гудамжны замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй явж байгаад хашааны булангаар баруун гар тийш эргэж, баруунаас зүүн чиглэлтэй гудамж руу оронгуут жолооч дугуй хагарчих шиг боллоо гээд гэнэт зогсоод машинаасаа буусан. Тэгснээ “би хүн дайрчихсан байна” гээд охиноо цагдаа, эмнэлэг дууд гэж хэлсэн. Нөхөр бид хоёр буухад 70 орчим насны эрэгтэй хүн машины доод талд цээж нь ил гарсан, толгой нь урагшаа, нүүр нь зүүн тийш харсан, хөндлөн байрлалтай хэвтэж байсан. ...” /хх 46-47/,

Шүүгдэгч Н.Э-ийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн орчим би Намжилдорж гэдэг хүний нэр дээр байдаг мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус 20 загварын 32-60 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон төрсөн охин Оюунжаргал, манай урд талын хашааны эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 10 дугаар гудамжнаас Улсын төв 3 дугаар эмнэлэг орохоор тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн 10 дугаар гудамжны замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад хашааны булангаар баруун гар тийш эргэж баруунаас зүүн чиглэлтэй огцом дээшээ өгсөж гараад явтал машины баруун урд талын дугуйгаар нэг юман дээгүүр гараад явчих шиг болсон. Би машинаа тэр даруй зогсоогоод буугаад харахад миний машины доод талд 70 орчим насны эрэгтэй хүн цээж нь ил гарсан, толгой нь урагшаагаа, нүүр нь зүүн тийш харсан байдалтай байсан. Би тэр хоёр хүнтэй хамт машины дороос нөгөө хүнийг гаргаж авах гэсэн боловч өргөж дийлэхгүй болохоор нь машиныхаа өргөгчийг гаргаж баруун урд дугуйг данхраадаж хөндийрүүлээд тэр хүнийг татаж гаргаад машиныхаа арын суудалд оруулж хэвтүүлсэн. Хан-Уулын нэгдсэн эмнэлэг дээр очоод би “машинаараа хүн дайрчихлаа” гэж үнэн байдлаа хэлсэн. Эмч нар гарч ирж тэр хүнийг үзээд “энэ хүн нас барчихсан байна, та цагдаад дуудлага өгсөн үү” гэж хэлсэн. ...” /хх 95-97/ гэх мэдүүлгүүд,

“Талийгаач Ч.Х-ын цогцост зүүн 1-10-р хавирганы гялтан цоолсон хоёрлосон шууд бус хугарал, хугарал орчмын булчин, зөөлөн эдийн цус хуралт, зүүн уушгины урагдаж, язарсан шарх, эдийн няцрал, цус хуралт, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний булчингийн задрал, бяцрал, цээжний хөндийд шингэн хуралт /1500гр/, элэгний баруун дэлбэнгийн эдийн задрал, няцрал, баруун атгаал ясны далд хугарал, 2 уушгины уг ба эд, гялтан доорх цус хуралт, үнхэлцэг хальс, өрцний гадаргууд цус хуралт, дух, хамрын нуруу, шанаа, цээж, дал, бүсэлхий, ташаа, цавь, умдаг, шилбэ, тавхай, хуруунуудад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсгэгдсэн, хавсарсан гэмтлүүд болно. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл хууч өвчтэй байх ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй болно. Талийгаач нь дээрх цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн14 цаг 40 минутад цогцсын гадна үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байна. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна. Талийгаачид химийн шинжилгээгээр цусанд 3.2 промили, ходоодны шингэнд 2.6 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1296 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 49-53/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 888081 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 81-84/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-17/, цогцсын гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-24/, мөрдөгчийн магадлагаа /хх 87/, хохирлын баримт /хх 131-133/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Шүүгдэгч Н.Э-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Н.Э-ийн “Тоёота Приус-20” загварын 32-60 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Хүрэлбаатарын амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч  Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм бурууд тохирсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэтуяагийн гаргасан “...Н.Эд оногдуулсан ялыг тэнсэн харгалзаж өгнө үү...”, шүүгдэгч Н.Э-ийн гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Ж.Ганболд нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь,

Хэргийн материалыг судлан үзэхэд, шүүгдэгч Н.Э нь насанд хүрээгүй 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 12 настай Э.Оюунболор /хх 106/, 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн 17 настай Э.Оюунжаргал /хх 118/ нарыг асран хамгаалдаг болох нь тогтоогдож байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн /хх 185/ болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Э гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгч Н.Ээс гаргуулахаар шийдвэрлэсэн төлөгдөөгүй үлдсэн 3.317.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд магадлалд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт болон нэмэлт заалт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэтуяа, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Ж.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4  дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

- 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 3 жилийн хугацаагаар хассан ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. “Шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэж,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэж,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Н.Э 74 /далан дөрөв/  хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 3.317.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эрдэнэтуяад нөхөн төлсөн болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Н.Э-ийг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ