Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2019/00245

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2019/00245

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, *******,*******,*******,*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, *******,*******/-д

72,923,313 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, Ж.Сангичимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, " цамхаг,************** ******* нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хоёр Мөнхзул" ХХК-ны Гүйцэтгэх захирал ******* компанийнхаа эрхэлдэг үйл ажиллагаа болох хүнсний бүтээгдэхүүний эргэлтийн хөрөнгөнд зориулж, Орхон аймгийн Хүрэнбулаг баг, Уртцагааны "Оюу төвд байршилтай үл хөдлөх хөрөнгө болох Павильоныг газрын хамт, мөн улсын дугаартай бенз спринтер 211 СДАЯ маркын сувдан цагаан өнгийн 2006 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 07 дугаар сарын 08-нд Монгол улсад орж ирсэн микробус суудлын зориулалттай автомашиныг тус тус барьцаалан 1 жилийн хугацаатай 40,000,000 /дөчин сая/ төгрөг зээлдүүлэхийг хүссэн.

Судалж үзэхэд " ХХК-ны Гүйцэтгэх захирал ******* нь 2015 онд манай ББСБ-аас 30,000,000 төгрөгийг мөн эргэлтийн хөрөнгөндөө зориулан зээлж, зээлийг гэрээний хугацаанд нь төлж барагдуулсан байсан тул бид Хоёр Мөнхзул" ХХК-ны Гүйцэтгэх захирал *******д зээл олгохыг зөвшөөрсөн бөгөөд ******* /үндсэн зээлдэгч/, хамтран зээлдэгч У.Мөнх-Од нарт 40,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4,0 хувийн хүүтэй зээлийг Орхон аймгийн Хүрэнбулаг баг, Уртцагааны Оюу төвд байршилтай үл хөдлөх хөрөнгө болох Павильоныг газрын хамт, мөн улсын дугаартай бенз спринтер 211 СИДИАЯ маркын микробус суудлын зориулалттай автомашиныг тус тус барьцаалан, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №032/16 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл олгосон.

Зээлийн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусах ёстой байсан. Зээлийн болон барьцааны гэрээнүүдийг зохих хууль журамд нийцүүлэн, талуудын тэгш эрхийн үндсэн дээр, харилцан тохиролцож байгуулан, нотариатоор батлуулан, барьцааны гэрээг /үл хөдлөх хөрөнгийн/ хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

Зээл олгосноос хойш зээлдэгчид нь нийт 9,450,020 төгрөгний хүү төлсөн, үндсэн зээл төлөөгүй. Зээлийн хугацаа дуусахаас өмнө, мөн зээлийн хугацаа дууссаны дараа ч зээлдэгч нар руу манай байгууллагын зүгээс удаа дараа ярьж, биечлэн уулзаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж, мэдэгдэл өгөх зэргээр шүүхийн бус замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрэлгүй өдий хүрч байгаа тул гэрээнд заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №032/16 тоот барьцаат зээлийн гэрээнд зааснаар Хоёр Мөнхзул ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мнхтуяа, хамтран зээлдэгч У.Мөнх-Од нарын барьцааны үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө болох

1.Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Уртцагааны Оюу төвд байршилтай үл хөдлөх хөрөнгө болох 2638665 регистрийн дугаартай, Ү-2101009500 үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай павильон,

2.Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Галерей дотор байршилтай нэгж талбарын 18430433544318 дугаартай газар

3.00-42 улсын дугаартай бенз спринтер 211 СИДИАЯ маркын микробус суудлын автомашины буюу барьцааны эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс зээлийн гэрээний үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 13,803,313 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 944,000 төгрөг нийт 54,747,313 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №032/16 тоот зээлийн гэрээ, 2016 оны 08 дугара сарын 01-ний өдрийн №032/16 тоот барьцааны гэрээний үндсэн дээр 40,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4,0 хувийн хүүтэй зээл авсан. Зээл олгосноос хойш зээлдэгч нь нийт 9,450,020 төгрөгний хүү төлсөн, үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй.

******* нь 2017 оны 10-р сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан. I Нэхэмжлэл гаргаснаас хойш цаг хугацаа өнгөрсөөр 284 хоног өнгөрсөн бөгөөд энэ хуцааны үндсэн хүү 15,146,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,029,333 төгрөг, нийт 18,176,000 төгрөгийг үндсэн нэхэмжлэл дээрээ нэмж нэхэмжилж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг Уртцагааны Оюу төвд байршилтай, 58 метр кв талбайтай Ү-2101009500 үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай, Павильон, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг Галерей доор байршилтай, нэгж талбарын 18430433544318 дугаартай газар болох барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал *******гийн тайлбартай танилцлаа.

ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь манай байгууллага У.Мөнх-Од, н.Отгонхүү нарыг таньж мэддэг, манай байгууллагаас ХХК-д олгосон зээлийг У.Мөнх-Од, н.Отгонхүү нар нь авч ашиглах гэж байгааг мэдэж байсан гэх зэргээр үнэн бодит байдлыг гуйгуулан шүүхэд худал тайлбар гаргаж өгч ёс зүйгүй хандаж байгаад гүнээ харамсаж байна.

Уг компани манай ББСБ-с 2016 оны 08-р сарын 03-нд 40,0 сая төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай компаний эргэлтийн хөрөнгөнд зориулж сарын 4% хүүтэй авсан нь зээл болон барьцааны гэрээ, мөн тус копаний захирал ******* нь өөрийн биеэр ирж бэлнээр 40,000,000 төгрөг хүлээн авсан нь баримтаар батлагдаж байгаа болно. Тус баримтуудыг шүүхэд хүргүүлсэн. ХХК нь өмнө нь манай ББСБ-аас зээл авч, тухайн зээлийн хүү, зээлийг цаг тухайнд нь төлж, итгэл үнэмшил төрүүлсэн учир манай байгуулагын зүгээс хүсэлтийг үндэслэн бизнесийг нь дэмжиж 40,0 сая төгрөгийн зээлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгосон.

Иймд манай ББСБ-ын үндсэн зээлдэгч нь ХХК бөгөөд үндсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

ХХК-ийн захирал *******г манай байгууллагатай хийсэн зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг олон удаа сануулж шаардаж байсан.

Шүүх хуулийн байгууллага нь ХХК-тай холбоотой асуудлыг зөвөөр, шударгаар шийдвэрлэж өгнө гэдэгт бид итгэж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 08 сарын 01-ний өдөр Нацагдорж овогтой Мөнхтуяа миний бие Ундрах овогтой Мөнх-Одтой хамтарч *******-тай 40,0сая төгрөгийг /Дөчин сая/ сарын 4,0 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн барьцаанд миний "Хоёр мөнх зул" ХХК-ний хүнсний дэлгүүр У.Мөнх-од нь герман улсад үйлдвэрлэсэн шинэ 8-н хүний суудалтай микро автобусыг тус тус тавьсан болно, Уг зээлийн гэрээнд хэдийгээр би хамтран зээлдэгчээр орлцсон боловч У.Мөнх-од, н.Отгонхүү нар цуг ирж зээлсэн мөнгө бүгдийг нь буюу 40,0 сая төгрөгийг Цогзол финанс" ББСБ-н байранд тухайн өдөр нь эдийн засагч М,Мөнхцэцэгийн дэргэд тоолж торонд хийгээд аваад гарсан юм. Тухайн зээлийн намайг барьцаа хөрөнгөтэй болохоор У.Мөнх-од, н.Отгонхүү нар удаа дараа гуйгаад байхаар нь зөвшөөрч зээлдэгчээр орж өгсөн болно. Өмнө нь 2015 -2016 онуудад У.Мөнх-од, Н.Отгонхүү нар нь миний барьцааг мөн тавиулж 30,0 сая / гучин сая/ төгрөгийг 4,0 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай, Цогзол финанс" ББСБ-аас зээлж аваад ямар ч маргаангүй төлж дуусгасан байсан учир би итгэж дахин зээл авахад нь тусалсан юм аа. Эдгээр хүмүүс нь зээлээ хугацаанд төлж яваад машинаа бараатай нь Улаанбаатар хот 61-ийн гарман дээр шатаасан гэж 2017 оны 03-р сард намайг Улаанбаатар хотод дуудаж бид хамт тус байгууллагын эдийн засагч *******, гүйцэтгэх захирал н.Баярмаа нар дээр очиж У.Мөнх-Од, н.Отгонхүү нар нь зээлийн гэрээгээ цуцалж эвлэрэлийн гэрээ байгуулж өгөөч *******г ингэж холоос явуулах хэрэггүй бид ямар ч маргаангүй зээлээ төлж дуусгана гэж ярилцаж тохиролцсон. Ингээд зээлийн асуудал шийдэгдсэн учраас түүнээс хойш ББСБ болон У.Мөнх-Од, н.Отгонхүү нарын хэнтэй нь ч огт уулзаагүй байсан намайг ганц ч төгрөг аваагүйг *******-н эдийн засагч ******* сайн мэдэж байгаа. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* нь У.Мөнх-од, н.Отгонхүү 2 зээлээ төлөхгүй байна тэгээд би ийм мессэж бичиж явууллаа гээд над руу тэр мессэжээ илгээсэн байсан, тэр өдрөөс хойш У.Мөнх-Од, н.Отгонхүү 2-г хайж байгаад 09-н сард н.Отгонхүүтэй холбогдоход үндсэн зээл болон хүүгээ төлж бараг дуусаж байгаа жаахан хүүний үлдэгдэл тооцоотой удахгүй түүнийгээ цэгцлээд чиний барьцааг чөлөөлж авч өгнө өө гэж хэлсэн. Тийм учираас 54,747,313 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. У.Мөнх-Од, н.Отгонхүү нарт зээлийн төлбөрийн баримтууд нь байгаа гэж ойлгож байгаа учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь : У.Мөнх-Одын өмчлөлийн шинэ герман микро автобусны зах зээлийн үнэ нь 50,0 сая төгрөг болох учир У.Мөнх-Одын автомашинаар зээлийн төлбөрийг бүрэн хаах боломжтой юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие нь Цогзол Финанс ББСБ-ын хүсэлттэй танилцаж энэхүү тайлбарыг гаргаж байна. Хамтран хариуцагч У.Мөнх-Од, түүний ээж нарыг оролцуулж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Цогзол Финанс ББСБ нь 40 сая төгрөгний зээлийн гэрээ хийж эдийн засагч ******* нь У.Мөнх-Од, нарын РАВ4 маркийн дугаартай автомашинаар хамт явж уг мөнгийг өгсөн. Тухайн үед би Цогзол Финанс ББСБ-ийн байрны үүдэнд хүлээгээд зогсож байсан ба тэдгээрийг аль банк орсон, ямар дэвсгэртээр мөнгө авсныг мэдээгүй. Уг зээлийн гэрээг Цогзол Финанс ББСБ нь У.Мөнх-Од болон надтай байгуулсан боловч тухайн мөнгийг миний болон Хоёр Мөнхзул ХХК-ийн дансанд шилжүүлж хийгээгүй ба хамтран зээлдэгч У.Мөнх-Од болон нарт өгсөн.

У.Мөнх-Од, нар нь Цогзол Финанс ББСБ-аас 40 сая төгрөгний зээлийг миний эд хөрөнгийг барьцаалж зээл авч ашигласан мөртлөө хариуцлагаас зугтаж түүгээр зогсохгүй 200 гаруй сая төгрөгний хохирлыг надад учруулсан болно. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 58 минутанд Цогзол Финанс ББСБ"-ийн эдийн засаг ******* нь өөрийн 99061798 дугаартай утаснаас У.Мөнх-Од, нар зээлээ төлөхгүй байна. Тэд нарт /Сайн байцгаана уу. Цогзол Финанс ББСБ-ийн ажилтан байна. ******* эгчийн нэрээр авсан зээлээ хэзээ төлөх вэ?.../ гэх утга бүхий мессэж явууллаа гээд надруу тэр хүмүүс рүү явуулсан мессэжээ явуулсан байсан. Цогзол Финанс ББСБ-ийн эдийн засагч ******* нь надруу 2017 оны 09 дүгээр сард утсаар ярьсан ба тухайн үед /У.Мөнх-Од Япон улсруу явсан, ирж уулзаад зээлийн барьцаанд тавьсан дугаартай Герман микро автобусыг өгөх буюу эсвэл эвлэрлийн гэрээ байгуулж төлмөөр байна гэж удаа дараа ирж уулзсан хариуд нь Цогзол знс ББСБ-ийн эдийн засагч ******* нь та У.Мөнх-Одоос шүүхэд төлөөлөх итгэмжлэл хийлгээд хүрээд ир гэж тохирсон/ талаар утсаар надруу ярьж байсан.

У.Мөнх-Од нь хамтран зээлдэгч бөгөөд Цогзол Финанс ББСБ-аас зээлсэн гэх 40 сая төгрөгийг авчгийн хамт ашиглан зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй онц их хэмжээний хохиролд оруулж Япон улсруу явсан байна.

Миний зээлээгүй мөнгийг Цогзол Финанс ББСБ нь надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд хамтран зээлдэгч У.Мөнх-Одыг шүүх хуралдаанд оролцуулж *******-ийн зээлийн барьцаанд тавьсан У.Мөнх-Одын дугаартай Бенз маркийн sprinter 211 CDI модельтэй, WDB90671315116897 бүхээгний дугаартай, сувдан цагаан өнгийн 2015 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 07 дугаар сарын 08-нд Монголд улсад орж ирсэн микро автобус суудлын автомашинаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх бүрэн хангах боломжтой байхад дан ганц надаас уг мөнгийг нэхэмжилж байгаа хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжлэлтэй Хоёр Мөнхзул ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, У.Мөнх-Од нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар оролцож зална.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагчийн үндэслэн нэхэмжилж буй зээлийн гэрээнд хэдийгээр манай компани хамтран зээлдэгчээр оролцсон боловч У.Мөнх-Од, нар цуг ирж зээлсэн мөнгө бүгдийг нь буюу 40 сая төгрөгийг *******-ийн эдийн засагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн дэргэд тоолж торонд хийгээд аваад гарсан юм. Тухайн зээлэнд намайг барьцаа хөрөнгөтэй болохоор У.Мөнх-Од, нар удаа дараа гуйгаад байхаар нь би зөвшөөрч зээлдэгчээр орж өгсөн болно. Намайг ганц ч төгрөг аваагүйг *******-ийн эдийн засагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сайн мэдэж байгаа. Гэтэл 2017 оны 06 сарын 28-ны өдөр ******* нь надруу У.Мөнх-Од, 2 зээлээ төлөхгүй байна, тэгээд би тэр 2 луу мессөж илгээлээ гээд надруу мессэж явуулсан. У.Мөнх-Од, Г6Отгонхүү нартай холбогдоход үндсэн зээл болон хүүгээ төлж бараг дуусаж байгаа жаахан хүүний үлдэгдэл тооцоотой, удахгүй гүй түүнийгээ цэгцлээд чиний барьцааг чөлөөлж авна өгнө гэж хэлсэн. Мөн У.Мөнх-Од, нарт зээлийн төлбөрийн баримтууд нь байгаа гэж ойлгож байгаа учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд хандаж зээлийн гэрээний үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 28,949,980 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 3,973,333 төгрөг нийт 72,923,313 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, У.Мөнх-Од, нарын гуйлтаар өөрийн өмчлөлийн хөрөнгөө барьцаалж, зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд заасан 40,000,000 төгрөгийг У.Мөнх-Од, нар бэлнээр хүлээн авч, төлбөрийг төлж байсан гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хоёр Мөнхзул" ХХК болон У.Мөнх-Од нартай №032/16 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4,0 хувийн хүүтэй зээлдүүлж, Зээлийн барьцаанд Орхон аймгийн Хүрэнбулаг баг, Уртцагааны Оюу төвд байршилтай үл хөдлөх хөрөнгө болох Павильоныг газрын хамт, мөн улсын дугаартай бенз спринтер 211 СИДИАЯ маркийн суудлын зориулалттай, микробус автомашиныг тус тус барьцаалсан болох зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх ба барьцааны гэрээг /үл хөдлөх хөрөнгийн/ хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна.

Талууд зээлийн гэрээ байгуулсан болон нийт 9,450,020 төгрөгний хүү төлсөн талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамтран зээлдэгч О.Мөнх-Одыг хариуцагчаар татсан боловч О.Мөнх-Од нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-р хороолол 8-р байрны 42 тоотод оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг тус шүүхийн 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/01189 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, шийдвэрийн дагуу О.Мөнх-Одыг эрэн сурвалжилсаны үр дүнд тэрээр Япон улс руу улсын хилээр нэвтэрсэн болохыг тогтоожээ.

Хариуцагч ХХК-ийн захирал ******* нь хариуцагч О.Мөнх-Одын гуйлт, хүсэлтийн дагуу Цогзол Финанс ББСБ-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч О.Мөнх-Одод мөнгийг бэлнээр өгсөн, би энэхүү зээлээс нэг ч төгрөг аваагүй, зээлийг У.Мөнх-Од, түүний ээж нар авсан гэдгийг Цогзол Финанс ББСБ-н эдийн засагч ******* мэдэж байсан, зээлийн төлбөрийг У.Мөнх-Одоос шаардаж, О.Мөнх-Од зээлийг төлж байсан, зээлийн барьцаанд байгаа микро автобусаар үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангах боломжтой гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ******* нь хуулийн этгээд Хоёр Мөнхзул ХХК болон хувь хүн О.Мөнх-Од нартай зээлийн гэрээ байгуулсан байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг дээрх 2 этгээдтэй байгуулж, ******* компаныг төлөөлж гарын үсэг зурсан боловч зээлийг У.Мөнх-Од авч хэрэглэсэн, энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан байна гэж дүгнэх үндэстэй.

Нэхэмжлэгч нь Банк бус санхүүгийн байгууллага бөгөөд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 3 сарын 26-ны өдрийн 99 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч, 1/347 дугаартай гэрчилгээ олгосон байна.

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба уг зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т Банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан.

Эндээс үзэхэд Банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээг Иргэний хуулийн 451-453 дугаар заалтаас гадна Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо,зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

Дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэжээ. Гэтэл ийнхүү хариуцагч Хоёр Мөнхзул ХХК-ийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэн ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч мөнгийг Н6Мөнхтуяад бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байна.

2 зээлдэгчийн хувьд чухам хэнийх нь өмчлөлд зээлийг шилжүүлж, үүрэг хүлээсэнийг тогтоох шаардлагатай, маргаантай байгаа энэ нөхцөлд Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо,зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу хариуцагчийн дансанд гүйлгээ хийгдээгүй байх тул зээлийг олгосонд тооцох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгч тус бүрээр хувийн хэрэг нээгээгүй, захиалагч болон хөндлөнгийн шалгагчийн дүгнэлт гаргуулаагүй зэргээс мөн хуулийн 23 дугаар зүйлийн 1,2 дахь заалтуудыг зөрчсөн байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,451.3, Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо,зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан *******-ийн гаргасан 72,923,313 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 680,517 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШЗ2017/05576 дугаар шүүгчийн захирамж, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШЗ2018/01482 дугаартай шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН