2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/379

 

 

 

 

 

 

 

 

   2025         02          04                                    2025/ШЦТ/379

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оджаргал,

улсын яллагч А.Марал,

хохирогч ***,

иргэний нэхэмжлэгч ***,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч К.Отгонцэцэг, Б.Борхүү нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403006830833 дугаартай, нэг хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

1. Шүүгдэгч *** нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул мэдүүлэг гаргахгүй” гэсэн,

2. Хохирогч ***: “2024 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг өнгөрч байх үед охинтойгоо хамт машинаар нь нисэх онгоцны буудал руу явж байсан. Гэтэл гэнэт хойноос юу болоод байгаа нь мэдэгдэхгүй мөргөсөн. Хаалгаа нээж гарах гэтэл ямар ч боломж байгаагүй. Өнөөдрийн байдлаар нурууны хэсэгт жаахан хүндэвтэр байгаа. 2 килограммаас дээш ямар нэгэн зүйл өргөж болохгүй байгаа. Толгой өвддөг болсон.” гэсэн

3. Иргэний нэхэмжлэгч ***: “Тухайн ослоос өдий зэрэгтээ гарсандаа баярлаж байна. Залуу хүн тул эмчилгээ хийлгээд гайгүй болох байх. Харин ээж минь сэтгэл санааны хувьд хэцүү байгаа нь харагддаг. Тортой зүйл аваад явж чадахгүй байдалд байгаа. Миний хувьд нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 2403006830833 дугаартай хэргээс:

1. Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

3. Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Наадамчдын гудамж, Яармаг 3-р буудлын замд 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-13 дахь тал),

4. Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн орчимд яармагийн 118 дугаар сургуулийн урд талын гэрлэн дохио дээр улаан гэрэл асахаар нь зогссон. Тэр өдөр би төрсөн охин ***, ач хүү *** нарын хамт охины Акуа маркийн машинтай ач хүүгээ тосохоор нисэх онгоцны буудал явж байсан. Тэгсэн чинь гэнэт тас няс, пүс пас гэсэн дуу гарсан. Тухайн үед би шоконд орсон байсан болохоор яг юу болсон талаар сайн мэдэхгүй. Ямар ч байсан охин түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн байсан. Би ослын талаар, болсон үйл явдлыг сайн мэдэхгүй санахгүй байгаа. Осол болох үед миний санаж байгаагаар машины хаалга онгойхгүй байсан. Би хойд суудал дээр ганцаараа сууж явсан, суудлын бүс зүүсэн байсан. Нурууны хугаралтай хүзүүний зураг авхуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

5. Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн орчимд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Toyota Aqua маркийн машинтайгаа ээж ***, хүү *** нарын хамт яармагт байдаг гэрээсээ нисэх онгоцны буудлаас хүн тосох гээд явж байсан. Яармагийн тойргийн 118 дугаар сургуулийн автобусны буудлын гэрлэн дохио дээр улаан гэрлээр зогсож байхад маш хүчтэй араас машин мөргөсөн миний машин тэр хүчтэй мөргөлтөөр явган хүний гарц давтал машинтайгаа шидэгдсэн. Хойд талын суудал дээр ээж ганцаараа суудлын бүс зүүсэн сууж байсан. Хүү бид хоёр урд суудалд суудлын бүс зүүсэн байсан. Би мөргүүлсний дараа эргээд хартал хойд талын багаж хэсэг чихэгдээд дотогшоо түрээд ороод ирсэн, ээж машины голд хагас хэвтээ байдалтай царай нь цонхийж хөхөрсөн байдалтай байсан. Тухайн үед шокт орсон байсан. Хойноос мөргөсөн машинаа хартал цэнхэр өнгийн суудлын тэрэг байсан. Маркийг нь санахгүй байна. Миний машины дөрвөн хаалга онгойхгүй байсан. Тэр хавьд явж байсан хүмүүс ирж хаалга онгойлгож өгсөн. Тэгээд яаралтай түргэн тусламж дуудсан. Удалгүй эмнэлгийн машин болон цагдаагийн машинтай бүрэлдэхүүн ирсэн. Үзэгдэх орчин чөлөөтэй, бороо ороогүй, өглөө гэгээтэй нартай, машины хөдөлгөөн байхгүй, би улаан гэрлэн дохио дээр хамгийн урд зогсож байсан. ...2019 онд “Ананд Кар” нэртэй машин зардаг газраас 12.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Би машиндаа үнэлгээ хийлгэсэн байгаа үнэлгээгээр гарсан эвдрэлүүд учирсан байгаа. Миний биеийн нуруу, зүүн гарын тохойд хохирлын хөнгөн гэмтэл тогтоогдсон. ...Надад гомдол санал байна, машинд учирсан эвдрэл гэмтэл, журмын хашаанд байсан хоногийн төлбөр тооцоо, ачилтын хөлс болон эмчилгээнд гарсан зардал мөн цаашид гарах зардал зэргийг нэхэмжилнэ. Би осол болсны дараа хөдөлгөөн сийрэг машингүй замд яагаад мөргөсөн юм бэ гэхэд жолооч залуу гар утсаа үзэж байгаад таны машины араас мөргөчихлөө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дэх тал),

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №11346 дугаартай:

- ***ийн биед баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №11258 дугаартай:

- ***ы биед сээрний th4 нугалмын их биеийн шахагдсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

- Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дэх тал),

8. “Авто тээврийн үндэсний төв”-ийн ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 40774661 дугаартай:

- Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд:

- Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, зогсоолын тоормос, баруун зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал, хурдны хайрцгийн ажиллагаа, дуут дохио, тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн хээний гүн зэрэг нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна. Харин баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, урд салхины шил хагарч бяцарсан, урд копуд 40 см орчим хонхойсон, хамгаалалтын дэр задарсан, урд буфер сэнж хугарсан, урд буфер сэвтэй хагарсан, бүртгэлийн дугаар хуниралдсан, дуут дохио ажиллахгүй, урд оврын гэрэл асахгүй, баруун урд крыло сэвтэй, урд их гэрэл сууриараа хөдөлж доошоо гажсан байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна.

- Уг авто тээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, урд салхины шил хагарч бяцарсан, урд копуд 40 см орчим хонхойсон, хамгаалалтын дэр задарсан, урд буфер сэнж хугарсан, урд буфер сэвтэй хагарсан, бүртгэлийн дугаар хуниралдсан, дуут дохио ажиллахгүй, урд оврын гэрэл асахгүй, баруун урд крыло сэвтэй, урд их гэрэл сууриараа хөдөлж доошоо гажсан байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна.

- Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байсан.

- Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба авто тээврийн хэрэгслийн хурд, цаг агаар, зам орчны нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.

- Уг авто тээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Харин баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна.

- Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-40 дэх тал),

9. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1803 дугаартай Toyota Prius 30 маркийн 3498 УЕС дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 52 дахь тал),

10. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1872 дугаартай Toyota aqua маркийн 7628 УАЕ дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 61 дэх тал),

11. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1570 дугаартай:

- Toyota Prius 30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол болох шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

- Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

12. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ганцаараа Toyota Prius 30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод яармагийн эцсээс буцаж эргэх гээд нисэхийн тойрог руу өглөөний 09 цагийн үед 118 дугаар сургуулийн автобусны буудлын гэрлэн дохио руу ойртож явах үед гар утас руу хүн залгаад би утсаа авч ярих гэж байгаад гэрлэн дохио дээр зогсож байсан улаан өнгийн Toyota aqua маркийн машины ар талаас мөргөж зам тээврийн осол гаргасан. Тэр ослоос болж хойд суудал дээр зорчиж явсан настай зорчигчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Өглөө үзэгдэх орчин хэвийн сайн харагдаж байсан, бороо ороогүй байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Би 2007 онд Хан-Уул дүүргийн нэрийг нь санахгүй байна жолооны курс төгссөн. В,С ангилалтай. Осол гарах үед миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Фин “Экспресс” ББСБ-с зээлээр авсан миний машин байгаа юм. Бусдад учруулсан хохирлоо өөрөө харилцан тохиролцож төлж барагдуулсан. Тухайн үед миний бие хэвийн зүгээр байсан. Би хохирогч ***д эмчилгээний зардал болгож нийт 7.600.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. ***т машины хохирол болгож 11.000.000 төгрөг харилцан тохиролцож төлсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн, авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний, иргэний үнэмлэхийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай, гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд, ажлын газрын, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 101-108 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: *** нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Яармагийн 3 дугаар буудлын харалдаа замд Тоёота Приус-30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах, буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас урдаа яваа Тоёота Акуа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч ***ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байгаа тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Шүүгдэгч нь бодит хохиролд 1,340,000 төгрөгийг, сайн дурын тохиролцооны үндсэн дээр 6,200,000 төгрөгийг, тээврийн хэрэгслийн үнэлгээ 7,660,000 төгрөг гарсныг 11,000,000 төгрөгөөр иргэний нэхэмжлэгчээс худалдаж авсан, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 309,920 төгрөгийг нөхөн төлсөн тул бодит хохиролд бусдад төлөх төлбөргүйг дурдаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирол төлбөртэй холбоотой улсын яллагчийн дүгнэлтэд маргаангүй. Баримтгүйгээр эрүүл мэндийн даатгалын санд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлөөд явж байсан. Сайн дурын үндсэн дээр 6,200,000 төгрөгийг төлсөн. Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрт тухайн улсын яллагчийн саналыг дэмжиж байгаа ба дээрх сайн дурын үндсэн дээр төлсөн мөнгийг сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрөөс хасаж тооцуулах хүсэлтэй байна” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Отгонцэцэг: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгч Б.Борхүүтэй санал нэг байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Яармагийн 3 дугаар буудлын харалдаа замд Тоёота Приус-30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 20 минутын орчимд замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах, буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас урдаа яваа Тоёота Акуа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч ***ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

            - Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

- Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Наадамчдын гудамж, Яармаг 3-р буудлын замд 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-13 дахь тал),

- Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №11346 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №11258 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дэх тал),

- “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1872 дугаартай Toyota aqua маркийн 7628 УАЕ дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 61 дэх тал),

- 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1570 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал) болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

1.2 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэж тодорхойлжээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох ба дээрх гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, объектив тал нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байдаг ба энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байхыг мөн гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоог шаардана.

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь захиргааны хэм хэмжээ тогтоосон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14, 12 дугаар зүйлийн 12.3-д заасныг зөрчсөн болохыг мөрдөгчийн магадалгаа, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч ***ы биед хүндэвтэр зэргийн хохирол учирсныг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт болон бусад эх сурвалж баримтаар тогтоосон байх бөгөөд үүгээр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар тодорхойлогдож байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Шүүгдэгч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалт баримтлаагүй, анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Иймд шүүгдэгч ***ын үйлдлийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хэргийн бодит байдал хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.3 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. гэж тус тус заасан ба үүгээр гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд  эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардлыг хор уршигт тооцно.

Түүнчлэн Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн хохирол, хор уршгийн зардлыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

1/ Гэмт хэргийн улмаас хохирогч ***ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,540,000 төгрөгийг хохирогчид төлсөн байх ба хохирогч ***аас гомдол санал, дахин нэхэмжлэх зүйлгүй талаарх бичгийн хүсэлтийг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн (хавтаст хэргийн 121 дэх тал) авагдсан байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

2/ “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1872 дугаартай үнэлгээний тайлангаар “Toyota aqua” маркийн 7628 УАЕ дугаартай автомашины эвдрэлийн шууд зардлыг 6,530,000 төгрөгөөр, шууд бус зардлыг 1,130,000 төгрөгөөр нийт 7,660,000 төгрөгөөр үнэлсэн (хавтаст хэргийн 61 дэх тал) байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч ***ийн “Toyota aqua” маркийн 7628 УАЕ дугаартай автомашиныг шүүгдэгч нь 11,000,000 төгрөгт тооцон худалдан авсан талаарх тодорхойлолтыг иргэний нэхэмжлэгч *** нотариатаар баталгаажуулан ирүүлсэн (хавтаст хэргийн 118 дахь тал) байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

3/ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тухай хуульчилсан ба тус зүйлийн 12.1 дэх хэсэгт дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заажээ. Шүүгдэгч *** нь хохирогч ***ы эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 309,920 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлсөн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 111 дэх тал) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, ХА/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэгт Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ: 2.1.1-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах) гэж, 2.3-т Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267  дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэжээ. Хохирогч *** нь сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн байна. (хавтаст хэргийн 109 дэх тал).

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 г.м) тодорхойлон зохицуулжээ.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.

Дээрх хуулийн эдгээр заалтад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоож болох талаар хуульчлагдаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.

Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.

2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.

Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заан тодорхойлсон байна.

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч ***ы сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч түүнд хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгтийг танилцуулснаар (хэргийн 109 дэх тал) хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох боломжгүй байна.

Иймд хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зардал мөн гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                      

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хуульчилсан.

2.2 Яллах, өмгөөлөх талын санал, дүгнэлт:

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 7 сарын хугацаатай хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү: Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч тодорхой хэмжээний ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгох ял биелэгдэх боломжтой. 7 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Отгонцэцэг: Б.Борхүү өмгөөлөгчтэй санал нэг байна” гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

            2.3 Хууль зүйн дүгнэлт:                

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

   Шүүгдэгч *** нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, эрхэлсэн тодорхой ажилтай цалин хөлс орлоготой хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч ***т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох болон нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах болон сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ДОРЖСҮРЭН