2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/364

 

 

 

 

 

 

 

 

   2025          02           04                                     2025/ШЦТ/364

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оджаргал,

улсын яллагч Д.Агар /онлайнаар/,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405042321082 дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж ярих зүйлгүй гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 2405042321082 дугаартай хэргээс:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2336 дугаар шийтгэвэр (хавтаст хэргийн 47-49 дэх тал),

2. 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

3. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр найз ***ийн гэрт бид хоёр 2.5 литрийн сэнгүр нэртэй пиво 2 ширхгийг хувааж уусан. Тэгээд байж байтал ***ийн эхнэр нь ажил тарчихлаа ирээд ав гэж хэлэхээр нь *** өөрийн Toyota prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар гэрээсээ жолоодон явсан. Би жолоочийн эсрэг талын сандал дээр сууж явж байтал Баянгол дүүргийн 16-р хороо Гандангийн арын замд цагдаад шалгуулж байсан чинь *** нь өөрийн автомашиныг орхиод зугтаагаад яваад өгсөн. ...*** намайг миний найз жолоодох эрхтэй юм чинь миний оронд хариуцлага хүлээчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Манай найз *** жолоодох эрхгүй, 2024 оны 08 дугаар сард жолоодох эрхээ хасуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

4. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би хоногийн постонд Баянгол дүүргийн 11-р хороо гандангийн арын зам дээр автомашин зогсоож шалгаж байх үед Toyota prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл шалгуулахаас зайлсхийж мухар гудамж руу орсон. Би араас нь очтол тухайн тээврийн хэрэгслийн жолооч жолоогоо сольж хажуу талын сандал дээр суусан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг автомашинаас буулгаж шалгахад би эрхээ хасуулсан ахиж асуудалд ормооргүй байна гээд зугтаагаад яваад өгсөн. Би найз ***аас болсон асуудлын талаар тодруулахад би найз ***ийг өмөөрөөд автомашины рүүл дээр солигдож суусан гэж хэлсэн. Тэгээд би ачилтын автомашин дуудаж тухайн тээврийн хэрэгслийг ачуулсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч *** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шал согтуу байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

5. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед гэрт найз *** бид хоёр 2,5 литртэй Сэнгүр пиво 2 ширхгийг хувааж уусан. Тэгээд бид 2 эхнэр ***г тосох гээд гэрээсээ өөрийн машинаа аваад найз *** жолоодоод явж байтал Гандангийн хойд уулзвар дээр цагдаа зогсоож шалгасан. Би драгер багаж үлээсэн. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 30-32 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дахь тал),

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял (хавтаст хэргийн 64-69 дэх тал) шийтгэгдэж, уг ял дуусгавар болсон талаарх 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23/519 дугаар тогтоол (хавтаст хэргийн 46 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *** нь өмнө 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын замд согтуугаар “Toyota prius” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн дүгнэлтэд тайлбар гаргаагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын замд “Toyota prius” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн, мөн согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйл баримт нь:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2336 дугаар шийтгэвэр (хавтаст хэргийн 47-49 дэх тал),

- 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

- Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

- Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

- Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал) болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

1.2 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18.1 дүгээр зүйлд Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно: 18.1.4-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан бол гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2336 дугаар шийтгэврээр Тунгалагийн Баттунгалагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байх ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

Дээрх гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, объектив тал нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байдаг ба энэхүү үйлдлийн улмаас бодит хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Иймд тогтоогдсон үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон байх ба үүгээр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар тодорхойлогдож байна.

Улсын яллагч шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг яллах дүгнэлтийн тэмдэглэх тогтоох хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шинжээр ирүүлснийг шүүх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэж зөвтгөсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох үндэслэл болохгүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.

Тиймээс шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

1.3 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

1.4 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу бодит хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул шүүгдэгч ***ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

2.1 Яллах, өмгөөлөх талын санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэсэн дүгнэлт гаргасан.

 

2.2 Хууль зүйн дүгнэлт:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.

 

Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба уг ял дуусгавар болсон талаарх 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23/519 дугаар тогтоол (хавтаст хэргийн 46 дахь тал) хэрэгт авагдсан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нөгөө талаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *** нь цалин хөлс орлогын талаарх баримтаа гаргаж өгөөгүй тул торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.

 

3. Бусад асуудлын талаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч ***т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын болон нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч, хариуцагч, шүүгдэгч нар гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН