2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/563

 

 

 

 

 

 

   

 

   

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр

          Улсын яллагч Б.Одонтуяа

          Шүүгдэгч Ө.П********** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********-ын **********-д холбогдох эрүүгийн “2409037260026” дугаар 1 хавтаст хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20** оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, **  настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “**********” ХХК-д салбар хариуцсан менежер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ********** тоотод оршин суудаг,

********** овогт **********-ын ********** /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

           Шүүгдэгч ********** нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ********** зогсоолын замд 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 07 цаг 50 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэж Toyota Prius маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 3 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 6 дугаар тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/1668 дугаар шийтгэвэр /хх-ийн 20-21 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

          Шүүгдэгч ********** нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ********** зогсоолын замд 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 07 цаг 50 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэж Toyota Prius маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх заалтыг зөрчсөн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.              

Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/,

            Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/,

            Шүүгдэгч **********-ийг драйгер багаж үлээлгэхэд амьсгал дахь спиртийн агууламж 0.64% промиль спиртийн агууламжтайг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч **********-ийн өгсөн: “... Надад 2024 оны 11 дүгээр сард согтуугаар машин бариад баригдсан талаараа хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/1668 дугаар шүүхийн шийтгэвэр /хх-ийн 20-21 дүгээр тал/,

шүүгдэгч **********-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

        Улсын яллагч “Шүүгдэгч ********** нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ********** зогсоолын замд 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 07 цаг 50 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэж Toyota Prius маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх заалтыг зөрчсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.

Шүүгдэгч ********** нь 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа болон холбогдох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ  буюу 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчижээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль /хувь/ эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль /хувь/ илэрснийг ойлгоно гэжээ.

Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр шүүгдэгч **********-ийг драйгер багаж ашиглан шалгахад 0.60 хувийн согтолттой гарсан байна. Шүүгдэгчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль /хувь/-ээс дээш байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч **********-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч **********-ийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч **********-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч **********-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаанд хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********** овогт **********-ын **********-ийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч **********-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч **********-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

 

                              

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС