Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/65

 

 

 

 

   2025           02           03                                          2025/ШЦТ/65

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0029/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000822 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хадам эх, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух, урьд

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд огт Хөвсгөл аймаг руу яваагүй атлаа иргэн *******ад “Хөвсгөл аймгаас самар авч байна, яаралтай мөнгө хийгээрэй, самар ихээр орж ирж байна” гэж худал хэлэн хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны **** дугаартай дансаар дамжуулан 8 удаагийн гүйлгээгээр буюу үргэлжилсэн үйлдлээр 150,000,000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдлыг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06/,

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ******* гэх залуутай 2015 оноос хойш эгч дүүгийн харилцаа хамааралтай болсон. Нэг ёсондоо манай нөхөр бид хоёрын хуурай дүү байгаа юм. Бид хоёрын ажилд тусалдаг мөн хамтарч самар авах, ноолуур авах гэх мэт ажилд олон жил хамтран ажиллаж байгаа юм. 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр ******* руу залгаад ахаа Хөвсгөлд ирчихсэн байна, энд самар их байна, мөнгө шилжүүлээрэй, самар авах гээд байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр рүү удаа дараа залгаад нийт 150,000,000 төгрөг авсан юм. Манай нөхөр бид хоёрын хамтран эзэмшдэг **** тоот данснаас 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр *******гийн **** тоот данс руу 3,000,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *******гийн **** тоот данс руу 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 47,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 30,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөнгө авах үедээ залгаад яаралтай мөнгө хийгээрэй самар ихээр орж ирж байна гэх мэтээр худлаа хэлж мөнгө авдаг байсан. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр залгаад худалдан авсан самраа наашаа явуул гэж хэлэхэд самраа явуулахгүй байсан. Нөхөр бид хоёр *******гээс мөнгөө авъя гэхээр өгөхгүй байгаа, тэгээд бид хоёрт хэлэхдээ танаас авсан мөнгөөр чинь мөрийтэй тоглочихсон юм аа гэж хэлсэн. Бид хоёрт өнөөдрийн байдлаар ямар ч мөнгө буцааж өгөөгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-17/,

Гэрч Б.*******ын: “...Би 1996 оноос хойш одоог хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын ийн нутаг дэвсгэрт малын гаралтай түүхий эд болох ноолуур, нэхий, шир, самар, хоёрдогч түүхий эд хөнгөн цагаан, төмөр зэргийг худалдан авдаг юм. 2015 оноос хойш *******тэй хуурай ах дүүгийн харилцаатай болсон ба миний дээрх ажилд туслаад хамтарч ажилладаг юм. Намайг Дархан сумын , тоот түүхий эд худалдан авах гэр хорооллын хашаандаа байхад 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* миний **** дугаарын гар утас руу өөрийнхөө **** дугаарын утаснаас залгаад ахаа Хөвсгөл аймагт самар их гарч байна гэж байна, самар авах урьдчилгаа мөнгө явуулмаар байна гэж ярихаар нь би *******гийн **** тоот данс руу нь манай эхнэр ******* бид хоёрын хамтран эзэмшдэг Хаан банкны **** тоот данснаас 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараагаар буюу 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөн л ******* над руу яриад дахиад самар авах мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би *******гийн дээрх данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараагаар над руу яриад 6 удаагийн гүйлгээгээр нийтдээ 132,000,000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Ингээд би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* над руу яриад авсан самраа Хөвсгөл аймаг руу оруулж зарах гэж байна. Самар тээвэрлэхэд 10,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж ярихаар нь би шилжүүлсэн. Тэгээд нийтдээ надаас 150,000,000 төгрөгийг авсан юм. Би 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* рүү яриад самраа зарсан уу, мөнгө явуулах яасан бэ гэж ярихад ахаа танаас авсан мөнгөөрөө цахим мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгэж өгөхгүй чи надтай ирээд өөрийн биеэр уулзаадах гэж хэлэхэд над дээр 3 хоногийн дараа ирж уулзаад гар утсаараа мөрийтэй цахим тоглоом тоглоод алдчихсан, таны мөнгийг яаж ийж байгаад буцааж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад ямар нэгэн барьцаа хөрөнгө шилжүүлж өг гэж хэлэхэд би эхнэртэйгээ ярилцаж байгаад танд хариу өгье гэж хэлээд хэд хоногийн дараагаар надад таны нэр дээр шилжүүлээд барьцаанд тавьчих хөрөнгө байхгүй байна. Одоо амьдарч байгаа 3 өрөө байр маань ипотекийн зээлийн 110,000,000 төгрөгийн барьцаанд байгаа хэлж байсан. Тэгэхээр эхнэр бид хоёр Цагдаагийн байгууллагад хандсан. Урьд өмнө *******гээр түүхий эд авхуулахаар өөр орон нутаг руу явахад 20,000,000-150,000,000 төгрөгийг өгч авхуулдаг байсан. Би *******д тухай бүр олсон ашгийнхаа 50 хувийг өгдөг. ******* нь надаас олон ч удаа 15,000,000-50,000,000 төгрөгийн хооронд ашиг өгч байсан. Би өөрөө ажил ихтэй байдаг болохоор *******д итгэсэн биш одоо өөрөө эргэлтийн мөнгөөрөө хохирчхоод байна. ******* нь надаас хувийн хэрэгцээндээ мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд мөнгө зээлдэг байсан. 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны хүртэлх хугацаанд авсан мөнгөнүүд нь бүгд самар авах гэж байна гэж хэлээд авсан. Надаас ямар нэгэн байдлаар мөнгө хэрэгтэй байна зээлээч гэж хэлж авсан зүйл огт байхгүй. Би самар авах мөнгө шилжүүлэх бүртээ авсан самар чинь байгаа юу гэхэд авсан самар маань одоо тэдэн тонн болж байна энэ тэр гээд худлаа яриад мөнгөө аваад байсан байна лээ. надад дүү нь Хөвсгөл аймаг руу явсан зүйл огт байхгүй гэж хэлсэн. Гэртээ байж байгаад л тэр мөрийтэй тоглоомоо тоглоод надаас авсан мөнгөө дуусгасан гэж хэлсэн. ******* нь урьд өмнө ийм мөнгөний асуудал гаргадаггүй байсан болохоор л би итгээд мөнгөө шилжүүлээд байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр ******* нь 2024 оны 8 дугаар сараас хойш Хөвсгөл аймаг руу явсан зүйл огт байхгүй. Ямар нэгэн байдлаар Дархан сумын 9 дүгээр баг ******* тоот гэрээсээ нэг өдөр ч хол яваагүй. Бид нар гэртээ л байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23/,

Хаан банкин дахь Б.*******, ******* нарын эзэмшлийн **** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 98/,

Хаан банкин дахь *******гийн эзэмшлийн **** дугаартай дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-55/,

Хаан банкин дахь *******гийн эзэмшлийн **** дугаартай дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 90-91/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч ******* нь нь мөрийтэй тоглоом тоглох зорилготой байсан атлаа “Хөвсгөл аймгаас самар авчирч өгнө” гэж үргэлжилсэн үйлдлээр худал хэлэн хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж *******ад 150,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч, хохирогч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээний талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч *******гийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Шүүгдэгч нь хохирогч *******аас 8 удаагийн үйлдлээр нийт 150,000,000 төгрөг авсан бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч, хохирогч нар эвлэрэн хэлэлцэж, хохирлыг төлж барагдуулах хүртэл 2 тээврийн хэрэгслийг Б.*******ын нэр дээр шилжүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12,500,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч үлдэх хэсгийг тохирсон хугацаанд хуваан төлөхөөр тохиролцсон байна.

 

Иймд шүүгдэгч *******гээс 137,500,000 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын , тоотод оршин суух *****д /-д олгохоор шийдвэрлэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдал болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 12,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд, сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 137,500,000 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын , тоотод оршин суух Б***** -д олгосугай.

 

5.  Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ГЭРЭЛТ-ОД