Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2018/00906

 

 

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2018/00906

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 43.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч Б.Б, өмгөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хамт ажиллаж байсан Б.Бд 21.800.000 төгрөгийг өөрийнх нь хүсэлтийн дагуу 1 сарын 800.000 төгрөгийн хүүтэй зээлдүүлэхээр болж зээлийн гэрээ байгуулан түүнд хүлээлгэн өгсөн. Ингэхдээ 10.000.000 төгрөгийг Эрдэнэт хотод амьдардаг охин хүргэн хоёроосоо, 5.000.000 төгрөгийг дүү Ө-с, 6.800.000 төгрөгийг өөрөөс гаргаж нийт 21.800.000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэтэл Б.Б нь зээлсэн мөнгө болон хүүгээ зээлийн гэрээнд заасан хугацаанд өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Түүнтэй уулзахад 2015 оны 11 дүгээр сард 5.000.000 төгрөгийг төлж, 2015 оны 12 дугаар сард үлдэгдэл төлбөр болох 16.800.000 төгрөгийг хүү алдангийн хамт төлж барагдуулахаар тохирч бичиг хийж өгсөн. Гэтэл энэ хугацаанд төлөөгүй. Иймд Б.Б--гаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 21.800.000 төгрөг, хүү 10.900.000 төгрөг, алданги 10.900.000 төгрөг нийт 43.600.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 21.800.000 төгрөг зээлдүүлээгүй. Миний бие Ж.Б-гаас бэлнээр зээл огт авч байгаагүй. Харин дансаар 2014 оны 02-09 дүгээр саруудад 5 удаа буюу 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сард 5.000.000 төгрөг, 2014 он 06 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 3.800.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус зээлсэн. Зээлээс дансаар 8.175.000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч ээждээ машин авна гэхэд бэлнээр 9.000.000 төгрөг өгсөн, эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлгээр нь нотлогдоно. Мөн Улаанбаатар их дэлгүүрийн хажууд уулзаж 2.000.000 төгрөг өгч байсан. Миний төлсөн төлбөр нэхэмжлэгчийн дансны хуулга болон эрүүгийн хэргээс авсан тооцооны баримтуудаар нотлогдоно. Би нэхэмжилж байгаа 43.600.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 21.800.000 төгрөг, зээлийн хүү 10.900.000 төгрөг, алданги 10.900.000 төгрөг, нийт 43.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч зээлийн төлбөрт 19.175.000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний дагуу зээл бодитой шилжүүлээгүй тул хүү, алданги тооцох эрхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Б.Б-д 21.800.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 800.000 төгрөгийн хүүтэй нөхцлөөр зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ /хх-3/.

Бичгээр байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байх боловч хариуцагч уг гэрээний дагуу зээл олгогдоогүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч шаардлагаа тайлбарлахдаа хариуцагчид 2014 оны 05-09 дүгээр саруудад 3 удаа буюу 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 11.800.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөг тус тус бэлнээр зээлдүүлсэн, мөн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүн 21.800.000 төгрөгийг маргаагүй боловч нэхэмжлэгчээс бэлнээр зээл огт авч байгаагүй, харин дансаар 2014 оны 02-09 дүгээр саруудад 5 удаа буюу 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сард 5.000.000 төгрөг, 2014 он 06 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 3.800.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус зээлсэн гэжээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын дагуу талуудын гаргасан дээрх тайлбар болон нотлох баримтуудыг харьцуулан үзээд хэргийн нөхцөл байдал, зохигчдын нотлох баримтын талаар дор дурдсан дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид мөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн зээлдүүлэгчийн хувьд, нэхэмжлэгч нь хариуцагчид зээл шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлснээ шүүхэд нотлох баримтаар нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч Х.Бат-Орших нь хадам ээж Ж.Б надаас хүнд зээлдүүлэх мөнгө байна уу гэхээр 2014 оны 05 дугаар сард эхнэр Б.Б 4.000.000 төгрөг шилжүүлсэн, би бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн, мөн дахин 2014 оны 09 дүгээр сард 5.000.000 төгрөгийг Б.Б гэдэг хүний данс руу шилжүүлсэн талаар мэдүүлжээ /хх-76/. Мөн нэхэмжлэгч Ж.Б-гийн дансанд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 4.000.000 төгрөг Б.Б-с, хариуцагч Б.Б-гийн дансанд 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг Х.Б-с тус тус шилжсэн болох нь Голомт банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна /хх-35, 36/.

 

Түүнчлэн гэрч Б.Ө 2014 оны 09 дүгээр сард дансандаа байсан 2.500.000 төгрөгийг, мөн өөрт бэлэн байсан 2.500.000 төгрөгийг нийлүүлэн Ж.Б эгчид өгсөн, цааш хүүтэй зээлдүүлнэ гээд авсан талаар мэдүүлсэн /хх-78/ ба гэрч Б.Ө-н дансны хуулгаар 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2.500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь нотлогдож байна /хх-60/.

 

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон төлбөрийн баримтуудаар нэхэмжлэгч нь бусдад зээлдүүлэх зорилгоор гэрчүүдээс мөнгө авч байсан үйл баримт тогтоогдож байх боловч тухайн мөнгийг хариуцагч Б.Б-д зээлдүүлэхээр авсан гэдгийг нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгчээс 2 удаагийн зээлийг хариуцагчид бэлнээр өгсөн гэх тайлбартай холбоотой өөр баримт шүүхэд гаргаагүй.

 

Хариуцагчийн тайлбарт дурдсан 5 удаагийн зээлээс 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5.000.000 төгрөг гэрч Б.Ө-н дансны хуулгаар /хх-56/, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3.000.000 төгрөг нэхэмжлэгч Ж.Б-гийн дансны хуулгаар /хх-41/, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5.000.000 төгрөг Голомт банкны орлогын мэдүүлэг /хх-36/-ээр тус тус нотлогдож байна.

 

Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчээс хариуцагчид 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5.000.000 төгрөг зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, Голомт банкны орлогын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх ба энэ талаар талуудын маргаангүй байна.

 

Харин бэлнээр 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 11.800.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөг тус тус зээлдүүлсэн гэх байдал нотлох баримтаар хөдөлбөргүй байдлаар нотлогдоогүй. Хариуцагч 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөг Б.Ө-н данснаас, мөн 2014 оны 05 дугаар сард 5.000.000 төгрөг нэхэмжлэгчээс дансаар тус тус шилжүүлэн авсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж, Б.Ө-с 5.000.000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сард бэлнээр авч зээлдүүлсэн, мөн 2014 оны 05 дугаар сард 11.800.000 төгрөг бэлнээр өгсөн гэж тайлбарлан хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөөгүй. Иймээс хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж үнэлэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул шүүх дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгчээс хариуцагчид 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг зээлдүүлсэн, зохигчдын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй тул хариуцагч энэ байдлаа шүүхэд нотлох үүрэг хүлээж байна.

 

Хариуцагч 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, мөн 14-ний өдөр 100.000 төгрөг, 12 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 02 дугаар сарын 25-ны өдөр 170.000 төгрөг, нийт 2.270.000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн болох нь нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байна /хх-42, 43, 103, 104/.

 

Мөн хариуцагч 2014 оны 02-09 дүгээр саруудад нийт 2.205.000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байх боловч 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээл олгохоос өмнөх хугацаанд хамаарч байна /хх-40-42/. Хариуцагч шүүхийн журмаар гаргуулсан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад авагдсан Хас банкаар дамжуулан 2014 оны 05-11 дүгээр саруудад нийт 3.700.000 төгрөг төлсөн гэх баримтыг Хас банкны баримт гэж дүгнэх боломжгүй, учир нь уг баримтад банкны гүйлгээ хийгдсэн тамга тэмдэггүй, мөн гараар Хас банк гэж бичжээ /хх-89/. Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Б хохирогчоор байцаагдахдаа надаас 6.000.000 төгрөгийг зээлж аваад буцааж 9.000.000 төгрөг болгож өгсөн, энэ мөнгөөр манай ээж машин худалдаж авсан гэж мэдүүлснийг үндэслэн хариуцагч 9.000.000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алины тайлбарт 6.000.000 төгрөгийн зээлийн асуудал тусгагдаагүй учир уг мэдүүлгийг тус иргэний хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэх үндэслэлгүй болно. Мөн хариуцагч Улаанбаатар их дэлгүүрийн дэргэд 2.000.000 төгрөг нэхэмжлэгчид өгсөн гэх тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй.

 

Дээр дурдсанаас үзэхэд хариуцагч зээлийн төлбөрт 2.270.000 төгрөг төлж, 2.730.000 төгрөг төлөөгүй гэж дүгнэх үндэстэй.

Зохигчдын бичгээр байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дүнд дээрх 5.000.000 төгрөгийн зээл багтсан болохыг талууд маргаагүй.

 

Зээлийн гэрээгээр 21.800.000 төгрөгийн зээлд сарын 800.000 төгрөгийн хүү тохирсныг үндэслэн 5.000.000 төгрөгийн зээлд хүү хэрхэн тооцох нь тодорхойгүй, нэхэмжлэгч зээлийн хүүнд 10.900.000 төгрөг шаардсан үндэслэлээ тодорхойлж чадахгүй байх тул шүүх дээрх нөхцөлийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасантай нийцсэн гэж үзэх боломжгүй.

 

Харин зээлийн гэрээний 3 дахь хэсэгт алдангийн талаар заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч алданги шаардсан нь үндэстэй.

 

Хариуцагч зээлийн төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч уг үүргээ зөрчсөн буруутай байх тул алданги тооцох нөхцөл бүрджээ. Нэхэмжлэлд алданги 10.900.000 төгрөг шаардсан ба зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс нэхэмжлэл гаргасан хугацаагаар тооцвол нийт 865 хоног хугацаа хэтрүүлсэн, уг хугацаанд алданги 11.807.250 төгрөг /2.730.000*0,5%*865/ тооцогдох үндэстэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүй тооцвол 1.365.000 төгрөг /2.730.000*50%/ тооцогдох үндэстэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зээл 2.730.000 төгрөг, алданги 1.365.000 төгрөг, нийт 4.095.000 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 4.095.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39.505.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 80.470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА