| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/1163/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/98 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Баяр-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
Улсын яллагч С.Баяр-Эрдэнэ,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Э , тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч И.Хонгор,
Иргэний хариуцагч “...” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О , түүний өмгөөлөгч М.Бадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б т холбогдох эрүүгийн 2409000000217 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” сургуулийн 2 дугаар давхрын коридорт насанд хүрээгүй хохирогч Э.М ийг “нууцыг чинь задална шүү гэж сүрдүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чихний дэлбэнд шарх, дух, зүүн нүдний зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” сургуулийн 2 дугаар давхрын коридорт насанд хүрээгүй хохирогч Э.М ийг “нууцыг чинь задална шүү гэж сүрдүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чихний дэлбэнд шарх, дух, зүүн нүдний зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Э.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” сургууль руу орох гээд өөрийн найз Б ийн хамтаар явж байхад Англи хэлний багш Б ирээд миний найз Б лүү хандаж “Энэ Б мөн үү” гээд малгайг нь аваад хацрыг нь зулгаагаад байсан. Тэгснээ Б д хандаж “Чи энд юу хийж яваа юм, хоёулаа нэг гар барьчихъя” гээд гараас нь аймар чанга базаад байсан. Тэгэхэд нь би Б найзыгаа түлхээд холдуулах гэсэн чинь Б нь над руу уурлаад байхаар нь би Б багшид хандаж “М та хоёрыг юу хийснийг би мэдэж байгаа шүү” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б багш над руу маш их уурлаад дайрсан. Тэгээд Б багш Б лүү хандаж “Энэ чиний найз юм уу” гэж намайг зааж асууснаа Б д хандаж “Чи сургуулийн “...” /..../ руу юм бичээд байгаа юм уу” гэж асуусан. Тэгэхэд нь Б Б багшид хандаж “Үгүй, би яалаа гэж тэгж бичих юм” гэж хэлсэн. Тэгээд байж байхад манай найз У 2 давхраас бууж ирсэн. У , Б бид гурав гараад явсан. Тэгээд өнөөдөр өглөө цаг 09:45 болж байхад өөрийн дүү М г давтлагад суулгах гээд сургууль дээр ирсэн. Би дүүгээ давтлагад нь анги руу нь оруулж өгчхөөд гараад өөрийн ангидаа орж ирсэн чинь давтлага ороогүй. Тэгээд ангид байж байгаад ангиас гарч биеийн тамирын заал руу явсан. Зааланд очоод харахад бага ангийн хүүхдүүдийн сагсны бэлтгэл орж байсан. Тэгээд хараад байж байсан чинь миний араас манай ангийн Э ирсэн. Э бид хоёр буцаад анги руугаа явах гэж байсан чинь Б багш коридорт таарсан. Тэгээд Б багш намайг дуудаад нөгөө өргөтгөлийн ариун цэврийн өрөө рүү чирч авч яваад ариун цэврийн өрөөний гадна ирээд “Чи өчигдөр М бид хоёрыг юу юу гээд байсан бэ, чи сургуулийн камертай газарт олон юм ярьж байна аа, эсвэл хоёулаа танай гэрийн гадаа Люксийн гадаа уулзах уу” гээд шууд манай гэрийн хаягийг хэлсэн. Тэгээд Б багш над руу хандаж “М бид хоёрыг юу гэсэн бэ, би М тэй ямар ч харилцаа байхгүй, хэзээ ч ярьж байгаагүй” гэхэд нь би “За, за” гээд явах гэж байсан чинь Б багш надад хандаж “энэ хар даа гээд гар утсаа үзүүлээд би М тэй бичдэг, гэхдээ зөвхөн сургалтын талаар” гээд ярьсан. Тэгснээ надад хандаж “хоёулаа ингээд чимээгүй бие биедээ хал палгүй салъя” гэж хэлээд надтай гар барьсан. Би анги руугаа явж байсан чинь миний мөрөн дээгүүр зүүн гараараа давуулж бариад хүзүүний доод хэсэг зүүн мөрний дээд хэсгээс базсан. Тэгэхэд нь би гарыг нь түлхсэн чинь уурлаад “дахиад чи миний гарыг түлх дээ” гэж хэлсэн. Тэгэхэд нь би дахиад зөөлхөн түлхсэн. Тэгсэн чинь шууд баруун гараараа миний зүүн хацар луу алгадсан. Тэгэхэд нь би бага зэрэг манарах шиг болсон. Тэгэхдээ би өөрөө Б багшийг зөөлөн мөргөсөн юм шиг байна лээ. Тэгсэн чинь шууд намайг зодоод эхэлсэн. Б багш намайг зодож байхад яг хаана, яаж бодож байгааг мэдээгүй. Нүүрээ дараад доошоо суусан байсан. Тэгж байхад жижүүр багш Ц.Н у ирж салгасан. Тэгээд зодуулчхаад босоод ирсэн чинь хамраас маш их цус гараад ариун цэврийн өрөөнд ороод угааж байхад зүүн талын чихний дотор талд нь урагдсан юм шиг харагдсан бөгөөд цус гарч байсан. Тэгээд менежер ирээд намайг өрөөндөө оруулж юу болсон талаар асуугаад цагдаа болон эмч дуудсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 15-18 дугаар тал/,
Гэрч Ц.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажилдаа очоогүй. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв дээр байсан. Тэнд байсан шалтгаан нь багш нарыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байсан юм. Тэгсэн чинь манай сургалтын менежер Б.Э над руу 11:16 цагт холбогдоод сургууль дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд сургууль дээр яваад очиход түргэн тусламжийн эмч ирчихсэн, хүүхдийг буюу М ийг аваад явах гэж байсан. Тэгэхэд нь би хүүхдийн хамтаар түргэн тусламжийн машинтай Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Хүүхдийн өөрийн өгүүлэмжээр бол хамар сонин байна, чих сонин байна, нүд сонин байна гэж хэлж байсан. Тэгээд гэмтлийн эмчид үзүүлэхэд зүүн талын гадна чих мөгөөрс хэсэгтээ сэтэрсэн, зүүн нүд хөхөрсөн, зүүн хацар ясан дээр, хамар зүүн талд хавдартай байсан. Гэмтлийн сувилагч өвчин намдаах хийж байгаад 3 ширхэг оёдол тавьсан. Өөр ямар нэгэн зовуурь байгаагүй. Тэгээд толгойны рентген зураг авхуулаад дараа нь СТ хийлгэсэн. Тэгэхэд гавал тархинд ямар нэгэн хугарал, цус хуралт байхгүй гэж гарсан. Хамар яс шинэ хугаралтай хавантай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад ирсэн. М хэлэхдээ бол “Б тай багштай муудалцсан. Өчигдөр манай найзыг өдөөд байснаас үүдсэн” гэж надад хэлсэн. Тэгэхэд нь би М ээс “тэр нууц чинь юу юм бэ?” гэж асуусан чинь М “Би Б багшид хандаж “М г бавсныг чинь би мэдсэн шүү” гэж хэлсэн. Би энд “бавсан” гэж өөрийнх нь хэлснээр хэлж байгаа шүү. Тэгээд энэ нь ямар утгатай үг юм бэ гэж М ээс өөрөөс нь асуухад М надад хандаж “бэлгийн харилцаанд орох” гэсэн утгатай гэж хэлсэн. Тэгээд ноднин жил Шангри-Лад Б багш М тэй бэлгийн харилцаанд орсон гэсэн. Энэ талаар нь би М гийн найзаас мэдсэн гэж М надад хэлсэн. Тэгээд энэ талаар өнөөдөр л сонсож байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 23-24 дүгээр тал/,
Гэрч Ц.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр жижүүр багш ажилтай байсан. Тэгээд сургуулийн 1 дүгээр давхарт ...үүдэнд хамт байсан багштайгаа юм яриад байж байхад тэр багш надад хандаж “Б багш сурагчтайгаа муудалцаад байх шиг байна, хар даа” гэж хэлэхээр нь харсан чинь муудалцаж байгаа юм шиг байсан бөгөөд зодолдоод эхлэхээр нь би шууд гүйж очоод салгаад явуулсан. Намайг очоод салгахад Б багшийн хамраас жаахан цус гарч байсан. Харин М гэдэг хүүхдийн чихнээс нь цус гарсан, хамраас нь бага зэргийн цус гарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-21 дүгээр тал/,
Иргэний хариуцагч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М ийн бие хамар ясны хугарал, тархи доргилт, чих сэтэрсэн зэрэг гэмтлүүд учирсан. Гэмтлийн улмаас хамартаа мэс засал хийлгэсэн. Мэс заслын төлбөр болон эмчилгээтэй холбоотой бүх зардлыг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 182 дугаар тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би М ийн аав. Манайх Төв аймгийн Заамар суманд харьяалагдаж үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн ирээдүй хойч үед анхаарал тавьж Улаанбаатар хотод орж ирж хүүхдүүдээ ... сургуульд сургасан байгаа. ... сургуульд манай 3 хүүхэд гурвуулаа сураад 2 нь төгссөн. Манай гэр бүлийн хүн хөдөө орон нутагт ажилтай байсан учраас Заамар суманд явж байсан. Нэг өдөр М ийг багш нь зодчихлоо гээд утсаар яриад ээж нь мэдсэн. Би тухайн үед мэдээгүй байсан. Тэгээд сүүлд нь юу болов гэхэд багш нь хамрыг нь хугалаад, чихийг нь сэтлээд зодчихсон байна гэж надад ээж нь орой хэлээд мэдсэн. Тэгээд ирэхэд хүүхдийн маань биеийн байдал жаахан онцгүй болчихсон, шинжилгээний дүгнэлтүүд гарчихсан байсан. Нэгдүгээрт, хүүхдийнхээ эрүүл мэндэд анхааръя гээд эмнэлгээр явж үзүүлээд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна гээд тухайн үед нь хүүхдээ цаг алдалгүй эмчилгээ хийлгэж хамрын ясыг нь янзлуулсан байдаг. Тухайн үед бид цалин мөнгө муутай байсан болохоор Б багшаас хохирол төлбөрөө төлөөч гэхэд мөнгө төгрөг өгч туслаагүй. Сургуулийн захиргаанд хэлэхэд энэ хүн ажлаа хийж байж өнөөдөр танай хүүхдийн хохирлыг барагдуулна гэсэн. Тэрнээс хойш бүтэн жилийн хугацаа өнгөрөхөд хохирол төлбөр төлөөгүй. Хүүхдийнхээ эмнэлэг, хохирлын асуудлыг нэхэмжилж байгаа. Энэ хохирлын хэмжээ нь 2,114,000 төгрөг гарсан байгаа. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Иргэний хариуцагч “...” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 24-нд тухайн үед би бас ажиллаж байсан. Мэдүүлэг дээр байгаа менежер гэдэг нь би цагдаа, эмнэлгийн тусламж дуудаж үзүүлсэн. ... сургуулийн зүгээс шүүхийн шийдвэрээс гарч байгаа төлбөртэй холбоотой зүйл дээр татгалзах зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1954 дугаартай “...Э.М ийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чихний дэлбэнд шарх, дух, зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 71-72 дугаар тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 57-62 дугаар тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн 985 дугаартай: “Магадлуулагч Э.М ийн сэтгэцэд уг гэмтэл хэргийн улмаас тухайн гэмт хэргийн улмаас түр зуурын болон байнгын өөрчлөлт илрэхгүй байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан тухайн хэрэгтэй холбоотой зүйлсийг харьцангуй тэнцвэртэйгээр хүлээн авч даван туулж байна. Дээрх шинж тэмдгээс үзэхэд магадлуулагч Э ын М ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /2хх-ийн 20-22 дугаар тал/,
“...” сургуулиас гаргаж өгсөн баримтууд /1хх-ийн 79-97 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч Э.М ээс гаргаж өгсөн эмчилгээний хохирлын баримтууд /1хх-ийн 99-116 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” сургуулийн багш ажилтай. Тэгээд сургууль дээрээ 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр жижүүр багшийн ажилтай байж байхад 17:01 цагийн орчим гаднаас хоёр хүүхэд сургууль руу нэвтэрсэн. Тэгээд би үүдэнд сууж байхад орж ирсэн хүүхэд гутлын гадуур улавчаа өмсөхгүй байсан. Тэгэхэд нь би улавчаа өмсөөрэй гээд хэлсэн боловч өмсөх шинжгүй байхаар нь тэр хоёр хүүхэд рүү очсон. Тэгсэн нэг хүүхэд нь малгайтай цамцтай байсан бөгөөд малгайгаа тайлахгүй байхаар нь нь би малгайг нь авахад манай сургуульд өмнө жил суралцаж байгаад шилжсэн хүүхэд болох Б байсан. Тэгээд тэр хүүхдийг яах гэж байгаа талаар нь асуухад найзтайгаа уулзана гэж хэлсэн. Тэгээд улавчаа өмсөхгүй бол оруулахгүй гэхэд Б нь “Чи хэзээ ингэдэг болчихсон юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд нь би юу гэнээ чи гээд гараас нь бариад авсан. Тэгсэн чинь М над руу шуүд гараараа түлхсэн. Ерөнхийдөө миний биед халдсан гэж хэлж болно. Тэгээд надад хандаж “Манай ангийн М тэй яасныг чинь мэднэ шүү, чиний гэрийг чинь ч гэсэн мэднэ шүү” гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр нь би хичээлээ заачхаад 11:00 цагийн орчим сургууль дотор 1 дүгээр давхарт байж байхад М өөрийнхөө ангийн хүүхэдтэй явж байгаад тааралдсан юм. Тэгэхэд нь би М ийг аваад менежер лүү явъя гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд би М ийг менежерийн өрөөний үүдэнд аваачаад “Чи Б ийг ямар хэрэг хийсэн талаар мэдэх үү” гэж асуухад мэднэ гэж хэлээд намайг түлхсэн. Тэгэхэд нь би М ийг “Чи өчигдрийн гаргасан үйлдлээ бас М гийн талаар ярьсан зүйлийнхээ талаар яагаад ингэж яриад байгааг нь асуухад ямар нэгэн хариулт хэлээгүй, инээгээд л зогсоод байсан. Тэгэхэд нь би бүх хүүхдүүдтэй адилхан харилцдаг юм гэж хэлээд гар утсаа үзүүлсэн. Тэгсэн чинь миний гар утсыг үзэж байгаад за за гээд уртаар уянгалуулж хэлээд буцаагаад өгсөн. Тэгээд надтай гар бариад салсан бөгөөд намайг түлхчхээд цаашаа явахад нь би араас нь алхаад очсон. Би М тэй хамт явсаар шинэ өргөтгөлийн шатны хажууд очсон. Очоод байж байхад М нь надад хандаж “Чаддаг юм бол намайг цохиорой, камерын дор байна шүү” гэж хэлсэн. Тэгэхэд нь би тэр хүүхдэд хандаж “Чи өөрөө чаддаг юм бол цохичих” гэж хэлсэн .Тэгсэн чинь намайг түлхэхэд нь би арагшаа болсон бөгөөд арагшаа болоод урагшаа болохдоо баруун гараараа нэг удаа зүүн хацар, шанаа хэсэг рүү нь алгадсан. Тэгсэн чинь намайг толгойгоороо хамар луу маань нэг удаа мөргөсөн. Тэгэхэд би буцаагаад хэдэн удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/,
-Мөн түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...М гэдэг хүүхдийн талаар ярьсанд нь би уурлаагүй. Миний биед халдсанд нь би уурласан. М гийн талаар ярьсан зүйл болохоороо тэр сургууль руу нэвтрэх гэж оролдсон Б гэдэг найз нь намайг ажилд орсон жилээс авхуулаад бусад бүлэг найзтайгаа нийлж маш удаан хугацааны турш дарамталж, доромжилж, миний зургийг дарж, улмаар тэд нарыгаа ашиглаад фейсбүүк, инстаграм, тик ток гэх мэтийн зүйлсээр аккаунт нээгээд, тэр аккаунтуудаараа бусад хүүхдүүд рүү есөн шидийн мессеж бичээд, ерөнхийдөө миний нэрийг харлуулах санаатайгаар удаан хугацааны турш намайг тайван байлгаагүй. Гэтэл 2023 оны 6 дугаар сарын 07-нд хичээл амардаг өдөр тэд нар шугамыг давсан. Яаж давсан бэ гэхээр тэр зүйлсийгээ ашиглаад надаас 6,000,000 төгрөг нэхэж байсан. Тэр дээр юу гэж байсан бэ гэхээр тэр М гэдэг хүүхдийг Шангри-лагийн нойл руу дагуулж орж хүчиндсэнийг чинь бид мэдэж байгаа, чи бид нараас зугтааж чадахгүй, бид гэрийн чинь хаягийг мэднэ, чамайг гэр бүлтэй гэдгийг чинь мэднэ, хүүхдүүдийг чинь мэднэ, эхнэрийг чинь мэднэ гэх мэтчилэн зүйлсээр дарамталсан. Би азаар маргааш өдөр нь тэр хүүхдүүдийн сэжиглэж байсан нэг хүүхдийг барьж аваад улмаар ард нь ахиад дөрвөн хүүхэд байсныг олж тогтоосон. Гэвч яг тэр хэргийн талаар цагдаад өгөх гэж байхад манай тэнхимийн эрхлэгч П гэдэг багш тэр хүүхдүүдийн ангийнх нь багш байсан учраас надаас гуйсан. Энэ хэргийг чимээгүй өнгөрөөгөөч, хэрвээ чи цагдаад өгөх юм бол энэ хүүхдүүдийн ирээдүйг чи тэр чигт нь баллана, эд нар зүгээр хүүхдүүд, чамд ямар ч хохирол учруулаагүй шүү дээ, чи мөнгө өгөөгүй шүү дээ гээд болиулахыг надаас хүссэн. Тэгээд би тэрийг нь зөвшөөрөөд чимээгүй өнгөрсөн боловч хэдэн сарын дараа нөгөө хүүхдүүд сургуулиа солиод шилжсэн. Шилжсэнийхээ дараагаар ахиад онлайн орчинд намайг дарамталж эхэлсэн. Гэтэл М тэй болсон асуудал бол би М т хичээл ордог байсан. Миний мэддэг М бол шал өөр хүүхэд байсан. Гэвч тэр өдөр М шилжчихсэн бас намайг дарамталж мөнгө нэхэж байсан. Тэр хүүхэдтэй цуг орж ирсэн. Тэгээд тэрэнтэй найз гэдгийг нь мэдээгүй. М тэр хүүхдийг өмөөрч миний биед удаа дараа халдаж намайг “п”-ээр дуудаад, чи ингэдэг болчихсон юм уу, чамайг харна аа, ахиж чамайг ингэхгүй болгоно гэх мэтчилэн өдөөн хатгасан, маш их доромжилсон зүйлээр дуудсан. Би тэгээд тэрийг нь зогсоох гэж оролдсон боловч М тэр найзыгаа тултал өмөөрөөд миний эсрэг юу ч хийхэд бэлэн байсан. Улмаар зодоонд хүрч ийм хэрэг үйлдэгдсэн байгаа. М гийн асуудлыг бол аль хэзээ өмнө нь ярьж байсан. Тэр зодоон болсны дараа би М лүү утсаар залгаж, уучлалт гуйж биеийн байдлыг нь асуухад М миний уучлалт гуйсныг войс рекорд хийгээд сургуулийн хүүхдүүдэд “нөгөө Б чинь гөлөг болчихсон явж байна шүү дээ, одоо шоронд хийх үлдлээ” гэх мэтээр тараасан байсан. Би тэрийг нь мэдэлгүйгээр бас өөрт нь мессеж бичиж ямар эмнэлэгт үзүүлж байгаа, яаж туслах талаар би уучлалт гуйж асуусан. Тэгэхэд тэрийг бас скрийншот хийгээд бусдад тарааж доромжилсон байсан. Би тэрийг нь ойлгосны дараа ахиж уучлалт гуйгаагүй. Хэсэг хугацааны дараа М ийн аав, ээж нь сургууль дээр ирж уулзсан. Уулзахдаа ерөөсөө уучлалт гуйгаагүй. Хоёрдугаарт, яагаад танай сургууль Б ийг одоо хүртэл ажиллуулаад байгаа юм бэ, хэрвээ ажлаас нь халахгүй бол боловсролын яамд хандана гэж сүрдүүлсэн. Дээрээс нь намайг “М ийн ах нь бол одоо чамайг ална гэсэн, би ч гэсэн чамайг бол зүгээр байлгахгүй, М нэг өдөр гэнэт хутга бариад кармаандаа хийгээд явж байгаад чамайг яаж ч магадгүй, би бол тэр том хүүхдийг мэдэхгүй байна” гэж сүрдүүлсэн. Тэрийг би маш хүндээр тусгаж авсан. Яагаад гэхээр М ийн тэр найзууд гэсэн хүүхдүүд Б , А гэх мэт хүүхдүүд манай гэрийн хаягийг мэднэ, чамайг зодно энээ тэрээ гэсэн сүрдүүлэг маш их хийж байсан учраас ерөнхийдөө би маш их сэтгэл санааны гутралд орж санаа зовсоор одоог хүртэл явж байгаа. М мотоцикл унадаг. Би гэртээ харих болгондоо мотоциклын чимээ сонсохоор одоо тэр хүүхдийг явж байгаа юм болов уу гэж боддог. Бас энэ аавынх нь хэлсэн үг ч гэсэн санаанаас гарахгүй байгаа. Энэ мэтчилэн өдий хүртэл ингээд явж байгаа. Би үйлдсэн хэргээ, балмад үйлдлээ маш сайн ухаарч байгаа. Хэчнээн би өөрийгөө өмөөрөх шалтаг байгаа ч гэсэн аль нь ч миний үйлдлийг зөвтгөхгүй. Тэгээд би хийсэн хэрэгтээ гутарч, ажлын хамт олон бас сурагчид гэх мэт маш олон хүмүүсийн дунд нэр төрөө алдаж, доромжлуулж ялгаварлагдаж явсаар ирсэн. Тэгсэн ч гэсэн би гэр бүлийнхээ төлөө сургуульдаа ажилласаар байгаа. Би хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа гэдгээ хэлмээр байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” сургуулийн 2 дугаар давхрын коридорт насанд хүрээгүй хохирогч Э.М ийг “нууцыг чинь задална шүү гэж сүрдүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чихний дэлбэнд шарх, дух, зүүн нүдний зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. ...Хохирогч М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгаа арилгуулахаар баримтаар 2,114,995 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч Б аас 1,057,497,5 төгрөгийг, иргэний хариуцагч ... сургуулиас, 1,057,497,5 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М ийн хууль ёсны төлөөлөгч Э ад олгуулах саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас насанд хүрээгүй хохирогч М нь 280,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Уг үйлчилгээний төлбөрийг шүүгдэгч Б төлсөн тухай баримтаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн....” гэсэн дүгнэлтийг;
Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалангаас: “...Миний зүгээс зүйлчлэл дээр маргана гэсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл дээр энэ гэмт хэрэг 10.1 дүгээр зүйлд зааснаар бол хүндрүүлэх нөхцөл байдалгүй үйлдсэн гээд орчихсон байгаа. Энэ хүндрүүлэх нөхцөл байдал байгаа гэж анхнаасаа хүсэлтүүдээ өгсөн. Аль аль шатны прокурор хангаж өгөөгүй. Яагаад энэ дээр яриад байна вэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэж байгаа. Энэ биеэ хамгаалж чадахгүй гэдэг бол өсвөр насны хүүхдүүдэд хамаарагдана. Энэ нь юугаар нотлогдоод байна вэ гэхээр нас тоолсон баримтууд, хоёрдугаарт, тухайн гэмтлийн гуравдугаар зэрэг гарч байсан. Сүүлд сэтгэцийн дүгнэлт гаргуулахад гэмтэл гарахгүй байна. Энэ нь яагаад гэвэл хүүхэд тийм богино хугацаанд өөрийнхөө үйлдлийг мэдэхгүй гэдэг ийм нөхцөл байдал тогтоож өгч байна. Энэ нь өсвөр насны хүүхдийн сэтгэцийн ойлголт, тухайн үеийн гэмт хэрэг гарсан шалтгаан нь нотлох баримтаар бол Б эхэлж цохисон нь харагдаж байдаг. Сая шинжлэн судалсан нотлох баримтаар харсан. Ийм учраас өөрийгөө хамгаалж чадахгүй гэдэг утгаараа бол биеэ хамгаалж чадахгүй байна гээд 2.7 дахь заалтаар орж ирж байгаа. Мөн 2.4 дээр өөр гэмт хэрэг нуун далдлах хялбарчлах зорилгоор гэж байгаа. Өөр гэмт хэрэг гэдэг дээр бол энэ гэмт хэргийн яг эх үүсвэр нь юунаас гарч байгаа юм гэхээр М гэдэг охиныг хүчирхийлсэн юм уу, хэл амаар доромжилсон юм уу, яасан юм энэ байдлыг бүрэн нотлоогүй. Энэ нөхцөл байдал бүрэн дүүрэн харагдаад байгаа. Энийг мөрдөн байцаах, прокурорын шатанд хүсэлтүүдийг удаа дараа өгсөн боловч хангаагүй. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн хууль ёсны ашгийг хангаж өгөөгүй. Хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж бидний зүгээс үзэж байгаа. Тийм учраас 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг байх ёстой зүйл гэж үзэж байгаа. Дараагийн асуудал нь манай үйлчлүүлэгчийн аав нь хариуцагчаар татагдаж орж ирж байна. Хариуцагчаар татагдаж орж ирж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэмт хэрэг хаана гарсан юм, гудамжинд гараагүй, гэмт хэрэг сургууль дотор гарсан. Сургууль дотор гарна гэдэг чинь Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад ажлын байр гэдэг. Иргэн ажиллан гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотой хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд буюу шууд бус хяналтын дор байх бүх байрыг хэлнэ гэж үзэж байгаа юм. Ингэхээр энэ хүүхэд гэрээсээ гараад сургуулийн орчинд очсон. Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дээр заачихсан байгаа. Энэ дээр байгууллага дотоодын үйл ажиллагаа явуулж байгаа хүрээнд гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийн талаар тодорхой арга хэмжээ авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай холбогдох хууль зүйн явцад мэдээлэх, гэмт хэргийн шалтгаан туслалцаа арилгах талаар шүүхийн хэргийг батлах тухай хууль ёсны тухай хуулийн бусад зөвлөмжийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Мөн Боловсролын хуулийн 20.2 дугаар зүйлийн 9 дээр багш, сургагч, ажилтны хөдөлмөр эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлнэ, захирал ийм үүрэгтэй гээд заачихсан байгаа. Мөн сурагчдын ойр орчимд гэмт хэрэг гарч болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авна гээд 20.2 дугаар зүйлийн 14. Энэ байгууллага бол энэ хуулиудаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Боловсролын хууль, Хөдөлмөр аюулгүй байдлын тухай хууль, бусад дагавар хуулиудаас ярихад хариуцагч бол бүрэн хариуцах хэрэгтэй. Хэрэв сургуулийн гадна талд юм уу байсан бол миний үйлчлүүлэгчийн аав хариуцагчаар орж ирэх ёстой. Энэ байгууллага 8,000,000 гаруй төгрөг авдаг юм байна. Үүний дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хийдэг байх. Нийгмийн ажилтан сая бүрэн дүүрэн энэ хуулийнхаа заалтыг хэлж чадахгүй байна. Сургуулийн дотор гарсан учраас энэ байгууллага хохирлыг бүрэн хариуцах ёстой. Хохирлыг байгууллагаас бүрэн төлж барагдуулах дээр шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Дараагийн асуудал нь миний үйлчлүүлэгчийг насанд хүрээгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн прокурорын тогтоол байгаа. Үнэндээ хүүхдийг бол яг л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан баримтуудыг бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Манай хүүхэд тэр хүнд цохиулснаас болж өөрийнхөө биеийн байдлыг хамгаалах зорилгоор энэ үйлдлийг хийсэн гэж үзэж байгаа. Тэр үйлдэл тэр бичлэг дээр эхний удаа хэн цохиж байгаа нь харагдаж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 4 дээр байгаа. Өөрийн эсвэл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгооны эсрэг хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэнийг гэмт хэрэгт тооцохгүй. Эхлээд энэ багш довтолчихсон. Тийм учраас хүүхэд энэнээс бултаж гарахын тулд гэмтэл учруулсан ч болно. Гэмтэл учруулаад цаашаа гарсан ч болно. Тэр хүүхдэд зодуулаад байсан бол өшөө гэмтлийн зэрэг гарах ёстой. Адилхан гэмтэл учруулж байж тэр хүнээс гарч ирсэн байна. Энэ бол Эрүүгийн хуулийн 4.1 дээр аргагүй хамгаалалт бол мөн гэж үзэж байгаа. Мөн гарцаагүй байдал гэж байгаа. 4.2 дээр энэ хуулиар хангагдаж ашиг сонирхол тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдал учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүй хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хэргийг хийсэн. Тийм учраас миний үйлчлүүлэгч бага насны хүүхэд энэ М ийн буруутай үйлдэл биш гэж үзэж байна. Энэ талаар бид удаа Нийслэлийн прокурорт хүртэл хүсэлт өгсөн. Хариу өгөөгүй. Бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Би шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримт өгсөн. Энэ хавтас хэрэгт ч байгаа. Хагалгаанд орсон баримт байгаа. Энэ баримтаар үндэслээд удаа дараа хүсэлт өгсөн хэдий ч бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж хангаж өгөөгүй. Шинжээч дахин томилж өгөөч гэхэд томилж өгөөгүй. Хагалгааны дараах баримт бас өөрөө гарна шүү дээ. Үүнийг бас хангаж өгөөгүй. Цаашид хүүхдэд эмчилгээ шаардагдах ийм байдал байгаа...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгороос: “...Гэм буруу дээр ямар нэгэн байдлаар маргах зүйл байхгүй. Хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7 гэж байна. Хавтаст хэргийн 167 дугаар хуудаст гомдол мэдээллийг гаргасан байдаг. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаад ямар нэгэн ажиллагаа хийгдээд явсан байх. 2.7 буюу биеэ хамгаалах чадваргүй, жирэмсэн болохыг нь мэдсээр байж гэж байгаа. М ийн хувьд энэ зүйлчлэл орохгүй, боломжгүй. Хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдал гэдэг ойлголтод хохирогч бага насны, өндөр настай, өвчин эмгэг хөгжлийн бэрхшээлтэй мөн бие хөгжлөөрөө илтэд сул дорой, хүчтэй мансуурч согтуурсан бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах чадваргүй байдал. Бага насны хүүхэд гэдэг нь 14 наснаас доош насны хүүхэд гэж байгаа. Тэгэхээр энд орох боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг рүү орох боломжгүй ийм нөхцөл байдал байгаа. Энэ бол улсын яллагчийн зүгээс татсан 11.6 дугаар зүйл бол үндэслэл бүхий байна. Хохирлын хувьд миний үйлчлүүлэгчийн зүгээс 3,217,241 төгрөгийг иргэний хариуцагчаас нэхэмжилж байгаа. Сэтгэцэд учирсан хохирлоос татгалзаж байгаагаа илэрхийлж байна. Мөрдөгчийн тогтоол гэж яриад байгаа Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол дүгнэлт гаргах журам дээр тэр дүгнэлтийг хохирогч хүлээн зөвшөөрөөгүй бол сэтгэцийн эмчээр ахлуулсан, сэтгэл зүйн эмч нарын багаар хийлгэнэ. Энэ багаар хийгээд энэ дүгнэлт гарчихсан байгаа. Хохирогч Б ийн зүгээс зөвшөөрөхгүй байгаад энэ дээр гомдол хүсэлтээ гаргаад үүний дагуу сэтгэцийн шинжээч эмчээр гарчхаад байгаа. Энийг ямар нэгэн байдлаар М ийн өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн явцад мөрдөн байцаалтад буцаая гэсэн хүсэлт гаргаагүй. Хэргийн материалтай танилцахад хүсэлт гаргасан боловч яг хяналтын прокурорт хүсэлт гаргаад, дахин томилуулъя гэдэг байдлаар хүсэлт гаргаагүй. Одоо шүүх хурал дээр ярьж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирлыг авахгүй гэж байгаа учраас хэн хэн нь авахгүйгээр, заавал шийдэхгүйгээр явах боломжтой байна гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг;
Иргэний хариуцагч “...” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Бадралаас: “...Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс сургууль шүүгдэгчид учирсан хохирлыг төлөх ёстой гэсэн агуулгаар тайлбар хэллээ. Энэ хохирол төлөх асуудал маань Иргэний хуулиар зохицуулагдаж байгаа. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана гэж заасан. Сая дурдсан асуудал 7-14 насны иргэн дээр яригдана. Өнөөдөр хохирогч 15 настай байгаа. Тэгэхээр энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна. Тиймээс сургууль хариуцлага хүлээх тохиолдолд байхгүй. 503.5-т зааснаар насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан байгаа. Энэ бол 14 наснаас дээш хүний хүлээх хариуцлагыг зохицуулсан хуулийн зохицуулалт. Энэ тохиолдолд бол насанд хүрээгүй хүмүүс өөрсдөө гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээнэ гэсэн байгаа. Харин цалин хөлс орлогогүй, захиран зарцуулах эрхтэй, хөрөнгө байхгүй тохиолдолд эцэг, эх нь нөхөх үүрэг хариуцахаар зохицуулсан. Хохирогчийн хувьд ямар нэгэн ажил хийдэг гэх баримт байхгүй. Цалин хөлс орлогогүй гэж ойлгож, үүний үндсэн дээр эцэг, эх нь нөхөх үүрэг хүлээхээр иргэний хариуцагчаар татагдсан байна гэж үзэж байгаа. Тиймээс шүүгдэгчид учирсан хохирлыг хохирогчийн эцэг, эх буюу иргэний хариуцагч төлөх үндэслэлтэй байна. Сургууль төлөх үндэслэлгүй байна. Хохирогчид учирсан хохирлын 50 хувийг иргэний хариуцагч, 50 хувийг шүүгдэгчээс гаргуулах тухай саналыг сонслоо. Хохирлыг нэхэмжилж байгаа этгээд маань өөрөө хэнээс энэ хохирлыг төлүүлэх гээд байгаагаа шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр тодорхой хэлсэн. Шүүгдэгчээс энэ мөнгийг авмаар байгаагаа хэлсэн. Шүүгдэгч энэ хохирлыг 100 хувь төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн байгаа. Энэ тохиолдолд заавал сургуулиас 50 хувийг нь гаргуулах шаардлага байхгүй байна харж байна. Сургууль 50 хувийг нь төлөх ёстой гэж шүүхийн шийдвэр гарчихвал төлөхөд татгалзах зүйлгүй гэж хэлсэн. Тэрнээс хохирогчид учирсан хохирлыг манайх төлнө гэж хэлээгүй. Ингэж ойлгож болохгүй. Хуулиараа ч гэсэн боломжгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1954 дугаар дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Э.М ийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учруулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг хөндсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогч Э.М ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч Б.Б ийн “...насанд хүрээгүй хохирогч Э.М тэй маргалдаж, биед нь “...хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чихний дэлбэнд шарх, дух, зүүн нүдний зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн гэмтэл...” учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул түүнийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1958 дугаартай: “...Б.Б ийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, нас тоолсон тэмдэглэл, бусад бичгийн баримтууд авагдсан байна.
Дээр дурдсан нотлох баримт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Б , насанд хүрээгүй хохирогч Э.М нар нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” сургуулийн 2 дугаар давхрын коридорт зодолдож, харилцан бие биеийнхээ биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Прокурор уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж яллагдагч Э.М т холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “...ял оногдуулах насанд хүрээгүй гэх...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Гэвч насанд хүрээгүй Э.М ийн бусдын биед халдаж гэмтэл учруулснаас үүссэн хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэг хэвээр хадгалагдах бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хариуцагчаар түүний төрсөн эцэг болох Д.Э ыг татсан байна.
Түүнчлэн шүүхийн шатанд иргэний хариуцагчаар “...” сургуулийг татсан бөгөөд шүүгдэгч Б.Б т холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд бусдад учирсан хохирол, хор уршгийн асуудлыг хамт шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, иргэний хариуцагч нарын мэдүүлэгтэй танилцахад уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.М эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсантай холбоотой 2,144,095 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Б.Б аас гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Мөн насанд хүрээгүй хохирогч Э.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар татагдсан байх бөгөөд түүнд холбогдох хэргийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолоор ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд насанд хүрээгүй хохирогч Э.М ийн үйлдлийн улмаас шүүгдэгч Б.Б т 3,217,241 төгрөгийн хохирол учирсан байх тул насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э , иргэний хариуцагч “...” сургуулиас хувь тэнцүүлэн буюу насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э аас 1,608,621 төгрөгийг, иргэний хариуцагч “...” сургуулиас 1,608,621 төгрөгийг тус тус гаргуулж шүүгдэгч Б.Б т олгох нь зүйтэй байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйл, Иргэний хуулийн 503 дугаар зүйлд зааснаар боловсролын байгууллага нь сургалтын үйл ажиллагаатай хичээлийн цагт хүүхдийн аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчилд холбогдуулахгүй байх үүрэг хүлээж байгаа бөгөөд тус сургуулийн багш сурагчийн дунд гарсан гэмт хэрэг зөрчлийн улмаас үүссэн хохирол хор уршгийг асуудлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэл байхгүй болно.
Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, татгалзаж байна...” гэснийг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Талуудын санал дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалангаас: “...Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна. Шүүгдэгч Б нь багшийн ёс зүй, хөдөлмөрийн гэрээ, өсвөр насны хүүхэдтэй харьцах харьцаа зэргээс алдаа гарч энэ хэргийг хийсэн байна. Өнөөдрийг хүртэл хохирлыг бүрэн төлөөгүй байгаа. Санаачлалыг сүүлд гаргаж байсан ч миний үйлчлүүлэгч хүлээж аваагүй. Энэ хүний гаргасан зөрчил нь улсын яллагчийн ярьж байгаагаар хүүхдийг зодож, цохиод түүнээс болж хөнгөрүүлэх шалтгаантай гээд байгаа. Хүндрүүлэх шалтгаантай гэдгийг дахин хэлье. Энэ торгуулийн арга хэмжээ биш гэж бодож байна. Энэ хүн дахин миний үйлчлүүлэгчийг хохироох боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл мэдүүлэг дээр нь байгаа. Танай хаягийг мэднэ шүү, танай хаяг дээр очих уу гээд ийм сэтгэл зүйн дарамтыг хүүхдэд учруулсан. Тиймээс энэ хүнийг цаашид сургуульд дээр, сургуулийн гадаа М ийг дарамталж болзошгүй гэдэг асуудал гарч магадгүй учраас зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зөв гэж бодож байна. Тиймээс нэг сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгороос: “...Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Энэ хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй, хохирогчийн зүй бус үйлдэл байгаа. Тэр зүй бус үйлдэл нь хавтаст хэргийн 130-144 дүгээр хуудаст авагдсан үйлдлүүд байгаа. Өөрөө багшийгаа олон нийтэд зарлаад, баярлаад явж байгаа. Уучлалт гуйгаад хохирол төлье гэхээр төлөхгүй гээд ийм байдлаар хандаж байсан. Хохирол төлбөрийг төлье гэдгээ илэрхийлж байсан. Дансыг нь асууж байсан. Миний үйлчлүүлэгч төлөхөө бол илэрхийлж байсан. Өөрөө бас хэлэх байх. Цалин 15, 30-ны өдрүүдэд буудаг. 2 хуваагаад төлье гэдэг байдлаар илэрхийлж байгаа. Прокурорын зүгээс 950,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй. Хувийн байдал энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор гаргаж өгөөч гэдэг саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 122 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 120 дугаар тал/, жолоочийн лавлагаа /1хх-ийн 123 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 124 дүгээр тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 125 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1хх-ийн 126 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 127 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 950 /есөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б аас 2,144,095 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э ад,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Э аас 1,608,621 төгрөгийг, иргэний хариуцагч “...” сургуулиас 1,608,621 төгрөгийг тус тус гаргуулж шүүгдэгч Б.Б т тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.