2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/96

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,

Улсын яллагч Д.Пүрэврагчаа,

Хохирогч С.О ,   

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н т холбогдох эрүүгийн 2409000002127 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь согтуурсан үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.О гийн зүүн гар, цээж хэсэг рүү таягаар цохиж, түүний эрүүл мэндэд зүүн бугалга, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Д.Н нь согтуурсан үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.О гийн зүүн гар, цээж хэсэг рүү таягаар цохиж, түүний эрүүл мэндэд зүүн бугалга, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч С.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би элэгний цироз өвчинтэй бөгөөд элгээрээ хөдөлмөрийн чадвар алдалтаа 80 хувиар алдсан, бусдын асаргаанд байдаг хүн юм. Би хамтран амьдрагч Д.Н тай 3-4 жил хамт амьдарч байна. Хамгийн сүүлд 2024 оны 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байгаад 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ... тоотод гэртээ очсон. Гэрт очиход Д.Н согтуу агсам тавиад хоносон. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Д.Н үргэлжлүүлэн архи уугаад намайг ... , А , Б  /дугаар мэдэхгүй гэх/ нар байхад таягаар зодсон. Д.Н найз А , Б  нарын хамт архи ууж байсан. Г харин намайг асарч байсан. Д.Н намайг таягаар зодоход Г өмөөрч таягийг нь булааж авсан. Гэтэл А , Б , Д.Н гурав Г ыг “чи энэ өвчтэй хүнээ үхэхээс нь өмнө аваад яв” гэж цохиж нийлж хөөсөн. Манай найз Г хөөгдөөд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ирсэн. Энэ хооронд Д.Н дахин намайг зодоогүй, байнга хэл амаар доромжилж “хол очиж үх, яв” гэх мэтээр дарамталж байсан. 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Г манайд байхад Д.Н дахин согтуу ирээд агсам тавиад, халуун савтай цай миний дээр асгана гээд тагийг нь онгойлгоод асгах гээд байхаар нь Г болиулсан. Би явж чадахгүй, өөрөө босож чадахгүй, хүний тусламжтайгаар хөдөлж явдаг хүн юм. Миний зүүн гар руу таягаар 2 удаа цохисон, мөн цээжин дээр нэг удаа таягаар цохисон учир дээрх хэсгүүд хөхөрч хөндүүртэй байна. Зүүн гар халуу дүүгж, лугшиж хатуурсан байдалтай байна. Би нэхэмжилнэ. Намайг удаа дараа зодож байсан. Өмнө нь бас зодоод Шүүх эмнэлэгт үзүүлээд хөнгөн гарч торгуулж байсан. Би бусад зодуулсан асуудалдаа цагдаад хандаж байгаагүй. Өөрөө эм уугаад өнгөрдөг байсан. Намайг 7 хоногт 1 удаа, сард 3-4 удаа зоддог. Би нэг хүүтэй. Хүү Э  19 настай. Надтай хамт амьдардаггүй. Д.Н бид хоёрын дундаас хүүхэд байхгүй. Надад ах дүү гэх хүн байхгүй. Найз Г л надад тусалдаг. Би маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...9 дүгээр сарын 19-нд хамтран амьдрагчийн гэрт байж байгаад гэнэт цус алдаад эмнэлэг рүү явсан. Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаад 10 дугаар сарын 01-нд гарч ирсэн. Тэгээд гэртээ ирэхэд хамтран амьдрагч маань хүмүүстэй хамт архидан согтуурч байсан. Надад агсам тавиад маргааш нь дахиж үргэлжлүүлж уугаад намайг таягаар зодсон. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч М.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би О тай 2-3 жилийн өмнөөс танилцаж найзалж эхэлсэн. Намайг Д.Н ын гэрт очиход О г “үхэхээс нь өмнө аваад яв” гэх мэтээр байнга хөөж тууж байдаг. Би Баянзүрх дүүргийн эмнэлэгт О г сахиж байгаад бид хоёр эмнэлгээс гараад Д.Н тай Дамбын тойрог дээр таараад цуг хоёр талаас нь сугадаад оруулъя гэхэд “чадахгүй” гэж хэлээд яваад өгсөн. О  бид хоёр гэрт нь байж байхад Д.Н , А , Б  нарын хамт гэртээ архи ууж байсан. Тэгээд О г асраад гэрт нь хоноход өглөө Н  согтуу уурлаад намайг энийгээ аваад зайл гэж хэлээд О гийн таягийг булаагаад таягаар нь зүүн гарын бугалга, цээж рүү нь цохиод, намайг Н ын найз А  хөөгөөд түлхээд явуулсан. Би хэсэг очихгүй байж байгаад 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр очиход Н  О гийн толгойн дээр халуун савтай цай асгана гэж босож ирсэн. Би хажууд нь байж байсан тул Н  тэгээд больчихсон. Н  байнга согтуу О г хөөж, зодож нүддэг. Би өмнө нь зодуулж байхад нь хажууд нь байгаагүй. Очих болгонд согтуу, эрүүлдээ хөөж цохих гэж зангаж дарамталдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13463 дугаартай “...С.О гийн биед зүүн бугалга, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 58-62 дугаар тал/,

 

Аюул зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 21-23, 25-29 дүгээр тал/,

 

Хохирогч С.О гийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон талаарх баримтууд /хх-ийн 81 дүгээр тал/,

 

Хохирогч С.О гийн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт, үйлчилгээ авсан талаарх баримтууд /хх-ийн 15-18 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н аас: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Н нь согтуурсан үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.О гийн зүүн гар, цээж хэсэг рүү таягаар цохиж, түүний эрүүл мэндэд зүүн бугалга, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн зүгээс баримт гаргаж өгөөгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримтаа гаргаж өгөх зүйл байхгүй, нэхэмжлэх хохирол байхгүй гэсэн учраас шүүгдэгчээс гаргуулах хохирол байхгүй. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон учраас сэтгэцэд учирсан зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр нь Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлөхөөр тооцох жишиг аргачлалаар тогтоосон хувь хэмжээгээр тогтоож шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үйлчилгээ авсан баримт мэдээллээр тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч нь Эрүүл мэндийн даатгалаас ямар нэгэн хөнгөлөлт үйлчилгээ аваагүй учраас нийтийн ашиг сонирхолд хохирол учраагүй болохыг дурдах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Н нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус тус гаргасан болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13463 дугаар дүгнэлтээр хохирогч С.О гийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Н нь хохирогч С.О гийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тайлбар хэсэгт: “...Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа ...хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно...” гэж заажээ.

Хохирогч С.О , шүүгдэгч Д.Н нар нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” буюу хамтран амьдрагч болох нь тэдгээрийн тайлбар мэдүүлгээр тогтоогдож байх тул прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Н ыг дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч С.О гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт хохиролтой нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Уг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон, түүнийг хохирогч С.О  хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагджээ. 

Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №25 дугаартай тогтоолоор “...нөхөн төлбөрийн жишиг аргачлал...”-ыг баталсан. Хоёрдугаар зэрэглэлд нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж тогтоож өгсөн байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13463 дугаартай дүгнэлт, уг гэмт хэргийн улмаас үүсэх сөрөг үр дагавар, цаашид эмчилгээ хийлгэх биеийн байдал зэргийг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоож, сэтгэцэд учирсан хор уршигт тооцон хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Н аас 5,280,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.О д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Н нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Н ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 73 дугаар тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Д.Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Д.Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Д.Н аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 5,280,000 /таван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.О д олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Н т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.