Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Ж.Хишигдэлгэр /өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн Жанчинвсүрэнгийн Хишигдэлгэрт холбогдох эрүүгийн 201725030270 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Жанчивсүрэнгийн Хишигдэлгэр, 1972 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 38 дугаар гудамжны 545 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХИ72071815.

Холбогдсон хэргийн талаар/Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Ж.Хишигдэлгэр нь 2017 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Аялгуу пабад иргэн Л.Пүрэвсүрэнгийн 950.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг зүс таних Хишгээ гэгч нь яриад өгье гэж хуурч мэхлэн авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Хишигдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй, хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Л.Пүрэвсүрэн мэдүүлэгтээ: “…Миний бие анх Хишигдэлгэр гэж хүнтэй 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр манай талийгаач нөхрийн танил ах болох Амараа гэж хүнтэй уулзахад хамт ирээд надтай танилцаад бид нар хоол унд идээд сууцгаасан юм. Түүнээс хойш 01 дүгээр сарын 8-ны  өдөр миний төрсөн өдөр байсан бөгөөд надруу залгаад байхаар нь би амжаагүй гэтэл маргааш нь буюу 9-ний өдөр дахин залгаад хоол хамт идье гэж ярихаар нь өдрийн цайны цагаар болъё гээд тэр үед уулзсан юм. Би ажил дээрээсээ гараад Аялгуу гэдэг кафед ороод  надад хоол авч өгчихөөд би өөрөө хоол ид гэхэд нь би хоол идэхгүй гээд пиво уугаад утсаар яриад сууж босоод явж байснаа өө миний утас гарахаас больчихлоо, утсаа өгөөч гэхээр нь утсаа өгтөл ярьж байснаа хувцсаа аваад гараад явахаар нь би энд ярина биздээ гэтэл тэгнэ тэгнэ гэж байснаа гараад явсан. Би тэгээд нилээд сууж байгаад орж ирэхгүй байхаар нь хойноос нь гараад харахад алга болчихсон байсан ба өөрийнх нь 96598384 дугаар руу залгахад дуудаад авахгүй байсан. Ийм л зүйл болсон. Би тэр хүнийг сайн танихгүй. Надтай Амараа ах л танилцуулсан юм. Тэр хүний утасны дугаараас өөр зүйл мэдэхгүй. Би Вивад байсан гэж байсан. Амараа ах л мэдэх байх. Миний утас Самсунг Эс-7 эдж маркийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Юнител төвөөс 1.850.000 төгрөгөөр худалдаж авсан. Имей код нь 357220076066128, 357221076066126. Миний бие өөрийн гар утсаа бүтэн хүлээж авсан. Надад ямар нэгэн санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй…” гэжээ /хх-24-26/.

Иргэний нэхэмжлэгч Д.Араажав мэдүүлэгтээ: “…Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Теди төвд ажил дээрээ байх үед Хишигдэлгэр гэх бичиг баримттай залуу ирээд ломбарданд тавчихсан байгаа утас зарна гэхээр нь хамт яваад модны 2-т байх Ариун ундрах файнанс ХХК-д /утас 95807305, 89170570/-ны ломбарданд очоод утсыг 498.00 төгрөгөөр аваад нөгөө залууд 302.000 төгрөг өгөөд нийт 800.000 төгрөгөөр бодож худалдан авсан юм. Тухайн хүний бичиг баримтыг нь болон ломбардных нь хаягийг баримтжуулан авсан. Хишигдэлгэр нь тухайн ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар утсыг тавьсан байсан. /Боржигон овгийн Жанчивсүрэнгийн Хишигдэлгэр, РД: ХИ72071815, гэрийн хаяг нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 38 дугаар гудамж 545 тоот/. Тэгээд тухайн өдрөө ажил дээрээ ирээд нэг залууд 1.070.000 төгрөгөөр зарсан юм. ...Гар утсаа барьцаанд тавьчихсан чинь алдах гээд байна. Ломбарднаас чөлөөлөөд 850.000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байсан юм. Өөр юм яриагүй ба утсанд ямар нэгэн код нууцлал байхгүй, утсанд нь мобиком, юнителийн сим карт байсныг өөрөө авсан. Миний уг Хишигдэлгэр гэх хүнээс өөрт учирсан хохирол болох 800.000 төгрөгийг гаргуулан авмаар байна. Дээрх мөнгөө нэхэмжилж байна…” гэжээ /хх-49/.

Шүүгдэгч Ж.Хишигдэлгэрийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60-61/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-21/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-41/, эд зүйлийн үнэлгээ /хх-23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Ж.Хишигдэлгэр нь 2017 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Аялгуу пабад иргэн Л.Пүрэвсүрэнгийн 950.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг зүс таних Хишгээ гэгч нь яриад өгье гэж хуурч мэхлэн авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон болно.

Шүүгдэгч Ж.Хишигдэлгэр нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж байна.

Мөн хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

Шүүх, шүүгдэгчийг ял шийтгэхдээ түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн буюу албадан ажил хийлгэх ял шийтгэх боломжтой гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Жанчивсүрэнгийн Хишигдэлгэрийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ж.Хишигдэлгэрт 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг нэг хоногт тооцон баривчлах ялаар сольж болохыг дурьдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ж.Хишигдэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Хишигдэлгэрт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН