Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0711

 

 

 

 

 

 

 

   2022          9            28                                    128/ШШ2022/0711

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Т****” ХХК /РД:****/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О**** /РД:*****/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Э***** /ШТЭҮ:****/

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.О****, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Б****, Б.Э****, улсын байцаагч М.М****,

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрх зүйн мэргэжилтэн Б.У*** нарын хоорондын улсын байцаагч нарын албан шаардлагатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э***, хариуцагч улсын байцаагч О.О****, М.М***, улсын ахлах байцаагч Г.Б***, Б.Э****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Т****” ХХК тус шүүхэд хандан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 тоот албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.
  2. Нэхэмжлэгч “Т****” ХХК нь Улаанбаатарт хот, Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхөгийн голын адаг-1 нэртэй 104.45 га талбай  бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын MV-**** дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

            Нийслэлийн Байгаль орчны газрын дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтран баталсан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамж”-ийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Б***, улсын байцаагч О.О***, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Б***, Б.Э***, улсын байцаагч М.М*** нар 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд нэхэмжлэгч “Т****” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 дугаар албан шаардлагыг “Т***” ХХК-д хүргүүлсэн.           

3. Нэхэмжлэгч “Т***” ХХК-ийн зүгээс дээрх маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандан хүсэлт  гаргасныг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 02-02/805 дугаар албан бичгээр “өргөдөл, гомдлыг хянан үзэх боломжгүй” хэмээн татгалзсан хариуг өгснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“...Манай компани нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Бөхөн голын адаг гэдэг газар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 104,45 га хэмжээтэй газрын тусгай зөвшөөрлийг 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Б***” ХХК-аас шилжүүлэн авсан байдаг. Уг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шилжүүлэн авснаас хойш үйл ажиллагаа, олборлолт хийгээгүй. Хийгээгүй шалтгаан нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрөлтэй холбоотой албан бичиг ирсэн. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр “Хилийн зурвас тогтоох” тухай тогтоолыг үндэслэн манай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар нь голын ай сав газартай 200 метр дотор давхцалтай байна гэдэг агуулгатай байсан. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон бусад хуулийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газарт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр тухайн давхцалгүй хэсэгт ашигт малтмалын олборлолт явуулъя гэдэг хүсэлтээ удаа дараа тавьсан. Ашигт малтмалын газраас манайх хууль дүрмийн дагуу тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг хүлээн авсан ч Нийслэлээс архивын бичиг баримт ирээгүй байна гэдэг шалтгаанаар бидэнд хариу ирүүлээгүй. Энэ хариу ирэхийг хүлээсээр 2015, 2016 он өнгөрсөн. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан хяналт шалгалтын явцад маргаан бүхий акт буюу 02-05-201/763 дугаар албан шаардлагыг гаргасан байдаг. Нөхөн сэргээх үүргээ гүйцэтгээгүй гэдэг агуулгатай 9 үндэслэл бүхий актыг тавьсан байдаг.

“Нэгдүгээрт 2016 оны Уулын ажлын тайлан болон 2017 оны Уулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй. Хоёрдугаарт Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг журмын дагуу гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлж нөлөөллийн үнэлгээг тогтоох ажлын шаардлагыг цаг тухайд нь биелүүлэн ажиллаагүй. Гуравдугаарт орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу агаар, хөрс, уснаас тогтмол шинжилгээ хийлгэж, байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа нөлөөллийг хянаж, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ аваагүй. Дөрөвдүгээрт олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газар болон, Нутгийн захиргааны байгууллагаас зааж өгсөн газарт техник, биологийн төрөл зүйлд нөхөн сэргээлт хийж, Нутгийн Захиргааны байгууллагад хүлээлгэн өгөөгүй. Тавдугаарт Газрын төлөвийг Улсын эрх бүхий байгууллагаар хянан баталгаажуулж, хянан баталгааны зөвлөмжийг даган ажиллаагүй. Зургаадугаарт Эрх бүхий байгууллагад хандаж ус ашиглах гэрээ байгуулан ашиглаагүй. Долоодугаарт Худгийн шугам хоолой бүрийг тоолууржуулаагүй. Наймдугаарт газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөр төлөөгүй. Есдүгээрт Эрх бүхий мэргэжлийн байгууллагатай хог хаягдлын гэрээ байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй” гэсэн байна.

Гэвч дээрх 9 үндэслэлийг харахад манайх ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, тухайн газар дээр байх худаг хүртэл манайх биш байхад энэ үүргийг биелүүлэх боломжгүй байсан. Энэ биелүүлэх боломжгүй актад үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 тоот захирамжаар манай байгууллагын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь хүчингүй болгосон. Нийслэлийн Засаг даргын тус захирамжтай манай байгууллага 2017,2018 оноос хойш маргаж 3 шатны шүүхээр явсан. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын дээд шүүхээс манай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь “маргаан бүхий акт буюу байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй байна” гэсэн. Үүний улмаас манайх Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн давхцалтай холбоотойгоор нөхөн олговор авах тухай гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газар хариу өгөхдөө танай компани 2017 оны  Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр байгаль орчноо нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тул нөхөн олговор олгох боломжгүй байна гэсэн. Биелүүлэх боломжгүй, илт хууль бус тус актаас болоод манайх тусгай зөвшөөрлөө ашиглах боломжгүй, нөхөн олговор авах боломжгүй болж хохироод байна. Иймд биелүүлэх боломжгүй илт хууль бус тус актыг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 онд “Т****” ХХК тусгай зөвшөөрөл бүхий газрыг шилжүүлэн авсан. Маргаан бүхий захиргааны актад байх үндэслэлүүдийн үүсэх болсон шалтгаануудыг дурдах шаардлага гарч байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 онд нэмэлт өөрчлөлт орсон. Нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулаад “...Голын эргийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна” гэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн албан бичгээс шалтгаалан үйл ажиллагаа зогссон. Шилжүүлж авсан цагаасаа эхлэн үйл ажиллагаа явуулаагүй. Энэ асуудлыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан урьдчилан Байгаль орчныг нөхөн сэргээх зардлаа байршуулаад энэ хууль гарснаас 3 сарын дотор хүсэлтээ өгөөд тухайн компанийн ашиглалтын үйл ажиллагааг сэргээхээр заасан. Энэ нь зөвхөн эргийн хамгаалалтын бүсэд давхцаж байгаа тохиолдолд л сэргээнэ. Бөхөн голын адгийн тусгай зөвшөөрөл нь Туул голын эргийн хамгаалалтын бүстэй давхцаж байсан. Тиймээс “Т**** ХХК байгаль орчныг нөхөн сэргээх зардлаа байршуулаад үйл ажиллагаа явуулах хүсэлтээ хуульд заасан 3 сарын хугацаанд багтаан өгсөн. Бидэнд хариу өгөөгүй. Энэ байдал шийдвэрлэгдээгүй байснаас болоод Мэргэжлийн хяналтын газрын маргаан бүхий акт гарсан. 2015, 2016 онд үйл ажиллагаа явуулах эсэх тодорхойгүй, үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллага тул хүлээлтийн байдалд байсан. 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өгсөн асуудал шийдэгдээгүй байсаар байтал 2017 онд Мэргэжлийн хяналтын газраас ирж хянан шалгалт хийгээд гаргасан үр дүн нь бүхэлдээ үйл ажиллагаа явуулсан байгууллагын үйл ажиллагаанд тавьдаг албан шаардлагуудыг тавьсан байна.

Нэгдүгээрт 2016 оны Уулын ажлын тайлан болон 2017 оны Уулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй гэж байгаа. Уулын ажлын тайланг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Т****” ХХК-ийн 16/142 дугаар албан тоот бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан 2016 онд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлан илгээсэн байгаа. 2017 онд дээр дурдсан хүсэлтийн хариуг хүлээж байсан тул үйл ажиллагаа явуулаагүй, төлөвлөөгүй. Төлөвлөөгүй учраас төлөвлөгөө гаргаж батлуулаагүй. Бид мэргэжлийн хяналтын байцаагч нарын тавьсан шаардлагыг хэрэгжүүлж ажилласан бол Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчих байсан. Тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2015 оны нэмэлт өөрчлөлтөөр бид хүсэлт өгсөн. Хүсэлтийг хүлээж авсан байгууллагатай бид гэрээ байгуулна. Үүний дараа тухайн газар бидэнд үйл ажиллагаа явуулах эрхийг өгнө. Хэрэв бид мэргэжлийн хяналтын байцаагчийн шаардлагыг хэрэгжүүлсэн бол дээрх хуулийг зөрчих байсан. Мэргэжлийн хяналтын байцаагч нар аж ахуйн нэгж байгууллагыг хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг даалгасан акт гаргасан байна. 

Хоёрдугаарт, “байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг журмын дагуу гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлж нөлөөллийн үнэлгээг тогтоох ажлын шаардлагыг цаг тухайд нь биелүүлэн ажиллах” гэсэн байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай салшгүй холбогдон явагдаж байдаг. Тэгэхээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хангана гэдэг бол үйл ажиллагаанаас үүссэн бохирдол, хохирлыг хэрхэх талаар үйл ажиллагааны цогц төлөвлөгөө байдаг. Гэтэл огт үйл ажиллагаа явуулаагүй байхад өөрийнхөө үйл ажиллагаанаас үүсэх үр нөлөө, хохирол, сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ авна гэдэг асуудалтай. 

Гуравдугаарт, “орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу агаар, хөрс, уснаас тогтмол шинжилгээ хийлгэж, байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа нөлөөллийг хянаж, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах” гэж байгаа нь мөн адил байна. Үйл ажиллагаа явуулаагүй учир орчны сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ авах боломжгүй.

Дөрөвдүгээрт, “олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газар болон, Нутгийн захиргааны байгууллагаас зааж өгсөн газарт техник, биологийн төрөл зүйлд нөхөн сэргээлт хийж, Нутгийн Захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх”. Олборлолт үйл ажиллагаа явуулаагүй. Тиймээс эвдрэлд орсон газар үүсэхгүй. Тухайн эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлт хийх эсвэл дүйцүүлэн хийх гэдэг асуудал байхгүй. 2017 онд албан шаардлага гаргах үед ашиглалтын зөвшөөрөл бүхий талбай харуул хамгаалалт байгаагүй. Хяналт шалгалт явуулах үед шонгийн хүчитгэлд зориулж газраас шороо ухаж аваад овоолсон нөхцөл байдал байсан. Шонгийн хүчитгэлийг хаанаас ямар байгууллагаас хийсэн нь тодорхойгүй байсан. Үүнийг байцаагч нар олборлолт явуулсан газар гэж үзсэн. Хожим Мэргэжлийн хяналтын газар алдаагаа хүлээн зөвшөөрсөн. Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 0102/1534 дугаар албан бичиг дээр 3 дахь параграф дээр тусгай зөвшөөрлийн талбайн урд талд 0,3 га орчим талбайн хөрсийг хөндөж овоолго үүсгэсэн боловч газрын хэвлийд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Ашигт малтмалын олборлолт гэдэг нь тухайн газрын хэвлийд байгаа нөөцөд хүрч түүнийг ашиглах, авч хэрэглэхийг хэлнэ. Гэтэл энэ нөхцөл байдалд тухайн газрын хэвлий рүү нэвтрээгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага өөрөө зөвшөөрсөн. Газрын хэвлий рүү нэвтрэхгүй олборлолт хийх боломжгүй гэх мэт хэрэгжих боломжгүй үндэслэлүүд байна.

Бас нэг албан бичиг дээр 30000 м.кв талбайд газрыг эвдрэлд оруулсан талаар дурдаад байгаа юм. Тухайн үедээ тус 30000 м.кв талбайд 2013 оноос хойш Хан-Уул дүүргийн Засаг даргын А/257 тоот захирамжаар “жимс жимсгэнэ, усалгаатай газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх” зөвшөөрлийг тусгай зөвшөөрлийн талбай дотор 29997 м.кв талбайг “Н***” ТББ-д олгосон байсан. Тухайн төрийн бус байгууллага нь жимс жимсгэнийн үрсэлгээ, газар тариалан явуулах зорилгоор газрыг хагалж бэлтгэсэн байсныг “Таны зам” компанийн хийсэн үйл ажиллагаа гэж дүгнэсэн. Одоо газар дээр тухайн төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явагдсаар байгаа. Төрийн бус байгууллагын эрх бүхий албан тушаалтан 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаагаа хүлээн зөвшөөрдөг.

Дараагийн дугаарт эрх бүхий байгууллагад хандаж ус ашиглах дүгнэлт гаргуулах, гэрээ байгуулан ашиглах гэж байна. “Т***” ХХК нь ус ашиглаагүй, ус ашиглах хүсэлт гаргаагүй, худаг гаргаагүй, ус ашиглах шаардлага гараагүй учир ус ашиглах гэрээ байгуулж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй байсан. Явуулахгүй гэж байгаа үйл ажиллаагааг явуул гэдэг албан бичиг гаргаад байна. “Т***” ХХК ашиглалтын талбай дээр зөвшөөрөлгүйгээр худаг гаргаад ашиглаж байна. Худаг дээрээ дүгнэлт гаргуулаагүй, гэрээ байгуулаагүй, төлбөр төлөөгүй байна гэдэг албан шаардлага тавигдаж байна. Мөн хожим нь Мэргэжлийн хяналтын байгууллага алдаагаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн цуцлагдсан тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбайд 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ю.Э*** фермерийн зориулалтаар зөвшөөрөлгүйгээр гар аргаар 11м худаг ухсан байна. 2013 онд үүнийгээ бүртгүүлсэн ч одоо ашигладаггүй. 2007 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Н.О*** хөдөө аж ахуйн зориулалтаар 35м цооног өрөмдөж, 2013 онд бүртгүүлсэн байна. Мэргэжлийн хяналтын газар өөрөө үүнийг тогтоож гаргаж өгсөн.

Мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ нүдээр харснаар биш холбогдох баримт бичгийг судалж холбогдох байгууллагуудад хүсэлт явуулж 2013 оны зөвшөөрлийг шалгах хэрэгтэй байсан. Энэ нөхцөл байдлуудыг тогтоох шаардлагатай байсан. Албан шаардлагууд дээр дурдагдаж байгаа олборлоогүй газраа нөхөн сэргээлт хийх, гаргаагүй худгаа дүгнэлт гаргаж ашиглах нөхцөл байдал бодит байдал дээр хэрэгжих боломжгүй.

Мөн “эрх бүхий мэргэжлийн байгууллагатай хог хаягдлын гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах” гэж байна. Үйл ажиллагаа явуулаагүй учраас хог хаягдал гарахгүй. Хог хаягдал гарахгүй учраас гэрээ байгуулж ажиллах шаардлагагүй байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар тухайн газар дээр үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоолгүйгээр, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг компани дээр тавьдаг шаардлагаа хуулаад “Т***” ХХК-д тавьсан. Энэ нь хожмоо “Т***” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход “Байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй” гэдэг баримт болж хувирсан. 

Энэ бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус актын шинжийг агуулсан байна.

Хэрэв 2015 оны өгсөн хүсэлтийг холбогдох захиргааны байгууллага шийдвэрлэсэн бол эргийн хамгаалалтын бүс дотор үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн бол энэ албан шаардлагын зарим зүйлийг хэрэгжүүлэх боломжтой байсан.

Мэргэжлийн хяналтын байцаагч нар бодит нөхцөл байдлыг газар дээр нь тогтоох, нотлох баримтыг цуглуулах, шалгах холбогдох байгууллагад хандаж, харилцан туслалцах чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл солилцох зэрэг иж бүрэн үйл ажиллагааг хэрэгжүүлэлгүй “Т****” ХХК-ийг хийсвэр дүгнэсэн үйлдэл нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байна. Илт хууль бус гэж маргаж байгаа учир Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Мөн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн албан бичигт гомдлыг хангахгүй гэсэн хариу ирснээр шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй болсон. Тиймээс “Т****” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж, бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжгүй илт хууль бус актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

  1. Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын хамтран баталсан 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2017/16 дугаартай удирдамжийн дагуу Т*** ХХК-д хяналт шалгалт хийхэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсонги байдалтай, урьд өмнө олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлт хийгээгүй байгаа нь үзлэг шалгалтаар тогтоогдож, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус компанийн ерөнхий геологич Г.А***ийг байлцуулан бичиг баримтын бүрдлийг хянан узэж гарсан зөрчилд хугацаатай албан шаардлагыг хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авч баримтжуулсан байдаг. Тухайн үед улсын ахлах байцаагчийн зөрчлийн тухай тэмдэглэлд Захиргааны зөрчил гаргасан этгээдэд Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, нотлох баримттай танилцах, зөрчлийн талаар тайлбар өгөх, нотлох баримт, хусэлт гаргах, ногдуулсан шийдвэрийг давж заалдах, хууль зүйн туслалцаа авах, эрхээ зөрчигдсөн гэж үзвэл харъяа дээд албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулахад Г.А*** гарын үсэг зурж албажуулсан байна. Мөн 02-05-201/763 дугаартай албан шаардлагыг ундэслэлгүй гэж үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх /Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсен, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана/ хэсгийн дагуу дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. “Т***” ХХК-ийн зүгээс Улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны едрийн 02-05-201/763 тоот албан шаардлагад тайлбар мэдүүлэг гомдол гаргаагүй бөгөөд биелэлтийг ирүүлж байгаагүй болно. “Т***” ХХК-ийн эзэмшдэг байсан МY-*** дугаартай тусгай зөвшөөрөл нь анх олгогдохдоо Туул голыг дамнан олгогдсон байх бөгөөд 2009 онд батлагдсан Монгол улсын Гол, мөрний урсац бурэлдэх эх, усны сан бухий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулинд заасны дагуу ойн сантай 53.54% усан сан бүхий газартай 100 % давхцалтай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 50 дугаар тогтоолоор ундны усны их үүсвэрийг шинэчлэн тогтоосон бөгөөд тус хамгаалалтын бүсэд 100% орсон тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжаар цуцлагдсан байдаг” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.О***ээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2017 оны 4 дүгээр сарын 17-ны 2017/16 дугаар удирдамжийн дагуу “Т***” ХХК-д хяналт шалгалт хийсэн. Актын нэгт заасан 2016 оны Уулын ажлын тайлан болон 2017 оны Уулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар батлуулан хэрэгжүүлж ажиллах гэсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон баяжуулах, боловсруулах, үйлдвэр эрхлэгч дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт болон Уулын ажлын төлөвлөөгөөг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх зааврын зорилго нь Уул уурхайн, баяжуулах, боловсруулах, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандартад нийцэж байгаа эсэх, Уул уурхайн салбарын нэгдсэн статистик мэдээлэл гаргах, Улс орны эдийн засаг бусад нийгмийн салбарт үзүүлж байгаа нөлөөлөл, хөрөнгө оруулалт, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, технологи бүтцэд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод суурь судалгааг хийхэд оршино. Техник, эдийн засгийн үндэслэл гэдэг нь аж ахуйн нэгж эхлээд батлуулах ёстой байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5.1-ээс 34.5.2-т заасан тайлан мэдээг эрх бүхий байгууллагаар 1 жилин дотор батлуулж жил бүрийн уулын ажлын тайлан, төлөвлөөг төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ гэсний дагуу бид тайлан төлөвлөөгөөг шаардсан байгаа. Тухайн шалгалтын явцад газар дээрх үзлэг хийхэд аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулаагүй гэдэг мэдээлэл шалгалтын тэмдэглэлд байдаг. Үүний дараа тухайн байгууллагын ажилтан н.Алтанчимэг гэх хүнтэй үйл ажиллагааны талаар холбогдох материалыг авахаар холбогдсон боловч ямар нэг хариу тайлбар, холбогдох бичиг баримтыг ирүүлээгүй. Сая нэхэмжлэгчээс гаргаж байгаа холбогдох материалуудыг ирүүлээгүй гэсэн үг юм. Ашигт малтмалыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл гэдэг нь аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн тохиолдолд техник, эдийн засгийн үндэслэл шинээр боловсруулах шаардлагатай байдаг. Тухайн компани техник, эдийн засгийн үндэслэл боловсруулаагүй. Үүнийг дагаад Уулын ажлын тайланг боловсруулах ямар ч боломжгүй болж байгаа юм. Эрчим хүчний сайдын 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар техник, эдийн засгийн үндэслэл шинээр батлах журам батлагдсан байдаг. Үүнийг дагаад Уулын ажлын төлөвлөгөөг авах журам батлагдсан. Тус журмын 4 дүгээрт Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон баяжуулах, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч нь тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлэн Төрийн Захиргааны байгууллагад хүргүүлнэ. Үүнд 4.4.1-т “Үйл ажиллагаа явуулаагүй болон түүний шалтгааныг дурдсан албан бичиг, үйл ажиллагаа явуулаагүйг нотолсон Орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын албан дүгнэлт, Ашигт малтмалын нөөцийг хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, ашигт малтмалын нэгдсэн тоо бүртгэлийн бүртгэсэн шийдвэр, техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан Эрдэс баялгийн мэргэжилтний дүгнэлт, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсөвт оруулсан орлого, үйл ажиллагаа явуулаагүй шалтгаанаа нотолсон баримтуудыг ирүүлнэ” гэсэн. Үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд дээрх баримтуудыг  хамт хавсарган ирүүлэх ёстой байсан. Гэтэл “Т***” ХХК үйл ажиллагаа явуулаагүй тул тайлан гаргаж өгөх боломжгүй гэдэг албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж өгсөн байдаг.

Хоёрдугаарт “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг журмын дагуу гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлж нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон шаардлагыг цаг тухайд нь биелүүлэн ажиллах” гэсэн. Төсөл хэрэгжүүлэгч Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэх гол зорилго нь байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах, төслийг хэрэгжүүлэх явцад тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчин,  нийгэм, оршин суугчдын эрүүл мэндэд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлох, үнэлэх, үүсэж болзошгүй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх,  зайлсхийх, бууруулах арга хэмжээг тогтоох юм. Төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагаар батлуулж, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж гаргах ёстой байдаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ерөнхий үнэлгээг хийлгүүлсний дараа  Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж төсөл хэрэгжүүлэх зөвшөөрлийг авна. Үүнийг Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан байдаг. Төсөл хэрэгжүүлэгч “Т***” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/5 тушаалаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 4.1-т  заалтын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний дотор, журмын 2 дахь заалтын дагуу 5 жилээс дээш хугацаанд гаргаж Нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлж, тайлагнаж ажиллаагүй байна. Мөн төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-т “байгаль орчноо хамгаалах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон сөрөг нөлөөллийг багасгах, бууруулах, арилгах арга хэмжээ авч, дүйцүүлэн хамгаалах, хэрэгжүүлэх хугацаа, хөрөнгийг тусгасан байх” шаардлагатай байсан. Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт төслийн үйл ажиллагааны улмаас Байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянан, шинжилгээ хийж, үр дагавар бүрийг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх хөрөнгө зардал, хугацааг тодорхой тусгасан байх шаардлагатай.

Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу агаар, хөрс, усны шинжилгээг тогтмол хийлгэж байгаль орчны төлөв байдалд нөлөөлж байгаа нөлөөллийг тогтоож, буруулах арга хэмжээг авах гэсэн хэсэгт байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгч байгаль орчноо хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх стратегийн зөвлөмжийг хэрэгжүүлэх, хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийх, тогтоох, сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээг авах, урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөө, үр дагаврыг хянаж, илрүүлэх зорилгоор Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний салшгүй нэг хэсэг байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө Байгаль орчны ерөнхий зөвлөгөөнөөс тогтоогдсон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, дүйцүүлэн хамгаалах хугацаа, шаардагдах хөрөнгийг тусгасан байдаг. Төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг үндэслэн жил бүр Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 2.2-т зааснаар 5 жилээс дээш хугацаанд боловсруулан, батлуулж хэрэгжүүлэн нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тус тушаалд зааснаар төслийн товч тайлбар, төслийн болзошгүй сөрөг нөлөөлөл, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний гол зорилт, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө, Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, Дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөө, Нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох төлөвлөгөө, Түүх соёлын өвийг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, Химийн бодисын эрсдэлийн үнэлгээний төлөвлөгөө, Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө, Удирдлага зохион байгуулалтын төлөвлөгөө, Олон нийтэд тайлагнах байдлын төлөвлөгөө зэргийг тайлагнах ёстой байсан.

Дөрөвдүгээрт “олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газар болон, нутгийн захиргааны байгууллагаас зааж өгсөн газарт техник, биологийн төрөл зүйлд нөхөн сэргээлт хийж, нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх”. Төсөл хэрэгжүүлэгч “Т****” ХХК нь Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний үр дүнгээр тайланг бэлтгэх, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах бөгөөд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний үр дүнд үндэслэн жил бүр боловсруулж, батлуулна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлагыг хүлээдэг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөөг холбогдох байгууллагаар батлуулан, хэрэгжилтийг тайлагнаж, Нийслэлийн байгаль орчны газарт хүргүүлэх ёстой. “Т****” ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний төлөвлөгөөг батлуулах хүсэлт явуулсан байдаг. Энэ нь хэрэгт хавсаргагдсан байгаа.

Газрын төлөвийг улсын эрх бүхий байгууллагаар хянан баталгаажуулж, хянан баталгааны зөвлөмжийг даган ажиллах, газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөр төлөх гэсэн байгаа. 2017 оны 5 дугаар сарын 02-05-201/763 тоот улсын ахлах байцаагч нарын хамтарсан албан шаардлагын 5,6-д заасан зөрчлийг “Т****” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан баталгаажуулсан ба энэ зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Газрын албанаас авсан мэдээллээр ямар нэг гэрээ хийгээгүй байсан. Мөн хог хаягдлын гэрээ хийсэн талаар холбогдох газраас лавлагаа авахад хийгээгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Газрын хэвлийг хөндсөн байна гэдэг асуудал яригдлаа. Газрын хэвлийн тухай хуульд ашиглагч нь газрын хэвлийг олгосон зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй гэсэн байдаг. Овоолго үүсгэлээ гээд газар хөндөөгүй гэсэн үг биш. Тухайн газрын хэвлийг ашиглахад үүсэж болзошгүй хортой нөлөөллийн дараа газар, ой мод, рашаан ус, ан амьтан, тусгай хамгаалалттай газар, байгалийн болон түүхт соёлын өвийг хамгаалах үүрэгтэй байдаг. Газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгох, цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулах үүрэгтэй байдаг. Гэвч тухайн компани газар дээр очиж, тухайн талбайгаасаа хасалт хийлгээгүй байна. Худаг, ус байдаг эсэх талаар 2015 оноос хойш өөрсдөө мэдээгүй байна. Ийм зөрчил дутагдал илэрсэн учраас албан шаардлага хүргүүлсэн. Тухайн зөрчилд албан шаардлага хүргүүлсэн нь тухайн газрын талаар дүгнэлт гаргасан гэсэн үг биш” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч талаас маргаан бүхий албан шаардлагыг Нийслэлийн Засаг даргын А/609 дугаар захирамжийн үндэслэх хэсэг болсон гэж тайлбарлаж байна. Тус захирамжийн үндэслэх хэсэгт маргаан бүхий албан бичгийн талаар огт дурдаагүй байдаг. Энэ маргаан нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Тухайн үед холбогдох төрийн байгууллагуудаас лавлагааг аваад газар дээр үзлэг хийсэн. Хууль стандарт, норм журмын дагуу тус албан шаардлагыг хүргүүлж ажилласан. Нэхэмжлэгч тал энэ албан шаардлагыг дүгнэлт гэж яриад байна. Энэ нь дүгнэлт биш бөгөөд эцсийн шийдвэр биш юм. Тухайн байгууллагын үйл ажиллагаанд гарсан зөрчил дутагдал илэрснийг арилгах талаар албан бичиг байна. Энэ талаар 2017 оны албан шаардлагад хүргүүлсэн. Үүний өмнө торгууль тавьсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн байдаг. Мөн энэ албан шаардлагыг хүлээгээд авсан байдаг. Тиймээс албан шаардлагыг хүчингүй болгуулж, илт хууль бус болохыг тогтоолгоё гэж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх, нэхэмжлэгч “Т**** ХХК-иас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэн, үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага эцэслэн тодорхойлж, маргасан. Үүнд:

                 1. Монгол Улсын Гол, мөрний урсац бурэлдэх эх, усны сан бухий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан хориглосон, хязгаарласан талбайд багтсан байсан тул манай компани үйл ажиллагаа явуулаагүй,

                 2. Нэгэнт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул улсын байцаагчийн албан шаардлагад дурдсан тайлан, төлөвлөгөөг гаргах болон нөхөн сэргээлт хийх шаардлагагүй, хог хаягдал болон газрын төлбөрийн асуудал үүсэхгүй.

                 3. Хуулиар үйл ажиллагаа явуулахыг хориглож, хязгаарласан байхад дээрх албан шаардлагыг тавьсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй” илт хууль бус захиргааны актын сонгодог жишээ мөн зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Гол, мөрний урсац бурэлдэх эх, усны сан бухий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, “Байгаль орчны менежментийн төлөвлгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам” болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах” зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын дарга болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хамтран баталсан 2017/16 дугаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамж”-ийн дагуу хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Б****, улсын байцаагч О.О****, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Б****, Б.Э****, улсын байцаагч М.М**** нар 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Улаанбаатарт хот, Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхөгийн голын адаг-1 нэртэй 104.45  га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын MV-**** дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Т****” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Байгаль орчны газрын дарга болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 2017/16 дугаар хамтарсан хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамж, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0002*** дугаар шалгалт хийсэн тухай тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар,

            Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын MV-*** дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бурэлдэх эх, усны сан бухий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Гол, мөрний урсац бурэлдэх эх, усны сан бухий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Засгийн газраас 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй тус тус давхацсан бөгөөд тухайн жил үйл ажиллагаа явуулаагүй байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 00026560 дугаар Шалгалт хийсэн тухай тэмдэглэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 06/5223 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар,

            Хяналт, шалгалтын явцад нэхэмжлэгч “Т***” ХХК нь “уурхай дээр зайлшгүй байх ёстой баримт бичгийн бүрдүүлэлт дутуу”, “2016 оны Уулын ажлын тайлан”, “2017 оны Уулын ажлын төлөвлөгөөг батлуулаагүй”, “өмнөх оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж тайлагнаагүй”, “тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй”, “Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу агаар, хөрс, уснаас шинжилгээ тогтмол хийлгэж, хэмжилтээр гарсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч ажиллаагүй”, “олборлолтын болон үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөөгүй”, “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгээгүй”, “Гүний худгийн зөвшөөрөл, дүгнэлтгүй”, “ус авах цэгт тоолуур тавиагүй”, “газар эзэмших гэрээ байгуулаагүй”, “хог хаягдлын гэрээ байгуулаагүй” байсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсонтой холбогдуулан улсын байцаагчаас 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдөр 0105557 дугаар шийтгэврийн хуудсаар Түгээмэл тархацтай ашиг малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар торгох шийтгэл ногдуулсан.

Улмаар маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 02-05-201/763 дугаар албан шаардлагаар дээрх зөрчлүүдийг аргилгах талаар тодорхой ажил зохион байгуулж биелэлтийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт албан бичгээр ирүүлэхийг мэдэгдэж, тус албан шаардлагыг эс зөвшөөрвөл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 0105557 дугаар шийтгэврийн хуудас, 0002140 дугаар зөрчлийн тухай тэмдэглэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 02-05-201/763 дугаар албан шаардлага болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” бол захиргааны акт илт хууль бус байна хэмээн, 

Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1.1-т "хяналт шалгалт" гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” ойлгоно, 5 дугаар зүйлийн 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” хэмээн, 10 дугаар зүйлийн 10.9.1-д мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” бүрэн эрхтэй хэмээн,

Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана: 25.2.1.хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 25.2.2.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайлан, 25.2.3.сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө”, 25.3-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.1-35.3.7-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ” хэмээн,

Байгаль орчны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т “Нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй”, 31 дүгээр зүйлийн 1-т Аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах талаар  “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, байгаль хамгаалагчийн шаардлагыг биелүүлэх” үүрэгтэй хэмээн,

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна”, 9.7-д “Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана”,14 дүгээр зүйлийн 14.1.2-т төсөл хэрэгжүүлэгч нь “байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг нутгийн оршин суугчид, орон нутгийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөгч талууд холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж, тайлагнах” үүрэгтэй хэмээн,

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.4-т “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх” хэмээн,

Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4-т “газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож, цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулан анх зөвшөөрөл олгосон нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх” хэмээн,

Усны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь “усны тухай хууль тогтоомжийн биелэлтийн явцад хяналт тавьж, үр дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах” бүрэн эрхтэй хэмээн тус тус хуульчилсан.

              5. Үүнтэй холбогдуулан шүүх, нэхэмжлэгч “Т****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс Гол, мөрний урсац бурэлдэх эх, усны сан бухий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу батлагдсан хориглосон болон хязгаарласан талбайд компанийн тусгай зөвшөөрлийн талбай багтсаны улмаас ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Үйл ажиллагаа явуулаагүй тул улсын байцаагчийн албан шаардлагад дурдсан тайлан, төлөвлөгөөг гаргах болон нөхөн сэргээлт хийх шаардлагагүй, хог хаягдал болон газрын төлбөрийн асуудал үүсэхгүй байхад бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй шаардлага тавьсан гэсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 02-05-201/763 дугаар албан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

              Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан захиргааны актын “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” байх гэсэн шинж нь дүгнэлт хийх чадвартай хэн бүхний хувьд нийтийн болон хувийн эрх зүйн аль ч салбарт хамаарах асуудлаар бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй үүргийг ногдуулжээ хэмээн дүгнэхүйц байна гэсэн үг.

            Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь хууль тогтоомжоор үйл ажиллагаа явуулахыг хориглосон болон хязгаарласан газар нутагтай давхацсан. Үүний улмаас тухайн жил талбайд үйл ажиллагаа явуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль болон Усны тухай хуулиар хүлээсэн уурхай дээр зайлшгүй байх ёстой баримт бичгийн бүрдүүлэлтийг хангах, тухайн жилийн уулын ажлын тайлан, төлөвлөгөөг батлуулах, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг гаргах, тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу агаар, хөрс, уснаас шинжилгээ тогтмол хийлгэж, хэмжилтээр гарсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч ажиллах, олборлолтын болон үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт эсхүл дүйцүүлэн нөхөн сэргээлтийг хийх, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх зэрэг тухайн жил уурхайн үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамааран хийвэл зохих ажил, хэрэгжүүлэх ёстой үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчаас тухайн нөхцөл байдлыг Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасан журмын дагуу шалгалт тогтоож, маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 02-05-201/763 дугаар албан шаардлагыг үйлдсэнийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт хэмээн үзэх боломжгүй.

              Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8 дахь заалтад тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “Т***” ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Б****, улсын байцаагч О.О***, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Б***, Б.Э***, улсын байцаагч М.М*** нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 тоот албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА