Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/64

 

 

 

 

 

 

  2021             1              12                                          2021/ДШМ/64

 

 

С.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,                         

хохирогч Б.Ц,

            шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1951 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Цын гаргасан давж заалдах гомдлоор С.Тд холбогдох 1706006212678 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овгийн С-гийн Т, 1983 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..................“ ХХК-д хангамжийн ажилтан ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Шүүгдэгч С.Т нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн урд гудамжинд иргэн Б.Цын нүүрэн тус газар гараараа цохиж, духан тус газар нь толгойгоороо мөргөж, улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ашавгад овгийн Сэлэнгийн Тг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тд 10.100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.Тд торгох ял биелүүлэх 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Тд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Б.Ц нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой.

Гэтэл Б.Ц хохирогчид эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хүний биед хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн” үйлдлийг анхан шатны шүүхээс харгалзаж үзээгүй байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1951 дугаартай шийтгэх тогтоолын 4 дүгээр хуудсанд хохирогчийн мэдүүлэгт “...уг нь анх турба байсан, турба нь явж байгаад мод болсон. Хамгийн анх шүүх хурал орох гэж байхад Т.Мөнх-Амгалан прокурор “битгий турба гэж яриарай” гэж хэлсэн. Надад хэлэх газар олдохгүй юм. Хэнд яаж хэлэхээ мэдэхгүй байна. Нэг удаа гомдол гаргах гээд прокурор Т.Мөнх-Амгалан дээр ирсэн. Т ах цохисныхоо дараа “уучлаарай, би чамайг мөнгөтэй болохоороо үзүүлье” гээд алга болсон. Тэгээд би Т.Мөнх-Амгалан прокурорт хүсэлт гаргах гээд очиход “чамд мөнгө өгөх гээд байгаа хүнийг чи хорьж яах гээд байгаа юм” гэсэн. Хэргийн газар турба байсан. Намайг мунхруулаад архины хамааралтай Мөнхбаяр, Золзаяа хоёрыг барьчихсан. Түүгээр мэдүүлэг нь өөр болчихсон...” гэдгээс үзвэл шүүгдэгч С.Т нь намайг ялихгүй зүйлээр согтуурсан байхдаа найзуудтайгаа нийлж тохуурхан доромжилж миний биед хүнд гэмтэл учруулсан. Иймд хэрэг үйлдсэн зэвсэг болон мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдэж хэргийг үнэн зөв шийдээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах “1.1 гэмт хэрэг гарсан байдал, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” зэрэг байдлуудыг тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд шалгаж нотлоогүй байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянаагүй байна. Иймд Б.Ц хохирогчтой хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би прокурор Т.Мөнх-Амгаланд “мөнгө өгнө” гэж хэлсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нийлэхгүй байна. Б.Ц мэдүүлэгтээ “гэртээ байж байгаад ирсэн, маргааш нь Золзаяатай таарсан, 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр шүүх хуралдаан болох үед хагалгаа хийлгэж эмнэлэгт байгаа” гэдэг. Энэ бүх мэдүүлэг нь бүгд худал. Хохирол төлбөр  нэхэмжилбэл төлнө гэдгээ би хэлж гарын үсэг зурсан байгаа” гэв.

 

Шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдлын хувьд нотлогдвол зохих байдал нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдлээс болсон гэдгийг харгалзан үзэж шүүхээс торгох ял оногдуулсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх үүднээс торгох ял оногдуулсан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэж байх тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Т нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн гадаа гудамжинд иргэн Б.Цын нүүрэнд нь цохих, духан тус газар нь мөргөснөөс түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Цын “...би 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хүлгүүнээтэй 22-н товчоон дээр уулзаад 13 дугаар хорооллын Хөдөө аж ахуйн автомашины зогсоол дээр ирсэн. Би мөнгө нэхэхээр явсан ба тэр үед Т “чи юу гээд олон юм яриад байгаа юм бэ” гэж хэлээд заамдаж татаад мөргөж унагаасан. Би унахдаа дагзаараа савж унаад ухаан алдсан байсан. Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо Тгийн машин дотор ухаан орсон. ...” /1хх 23/,

“2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг өнгөрч байх үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн урд талд Тд зодуулсан. Тухайн үед намайг ухаан алдаж сэрэхэд Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо Тгийн машинд суучихсан явж байсан. ...” /1хх 133-134/,

гэрч Т.Золзаяагийн “...2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 13 дугаар хорооллын Миний дэлгүүрийн гадна бид хэд ирээд Ц, Т хоёр хоорондоо маргалдаад зууралдаад авсан. Тэгээд Т Цыг мөргөхөөр би салгаад Тг бариад авсан. ...” /1хх 35-36/,

“...Б.Ц, Т хоёр дух духаараа нийлчихээд “чи яахын, чи тэгээд яахын” гээд маргалдаад эхэлсэн. Тэгээд тэр 2 дух духаараа мөргөлдөж байснаа хоорондоо нэг нэгнийгээ нэг нэг удаа байх цохилцож эхэлсэн тэгсэн чинь Т нь Б.Цын гэдэс орчим нь хөлөөрөө жийж өшиглөөд замын хажууд байсан мод руу Т гүйж очоод мод бариад авахаар нь би араас нь гүйж очоод модыг салгаж аваад хол аваачиж хаях гээд явсан. Тэгээд би буцаад очтол жолооч Ч.Ц нь машины хажууд буюу зодоон болсон газарт Тг гараас нь татсан байдалтай зогсож байсан. Харин Б.Ц нь газар цементэн дээр хэвтэж байсан” /1хх 38-40/,

гэрч М.Мөнхбаярын “...Т, Ц хоёр хэрэлдэж байгаад барьцалдаад авсан. Тэгсэн чинь Т Цыг гараараа нүүр рүү нь цохиод толгой руу нь мөргөсөн. Тэгэхэд Ц газар толгойгоороо саваад унасан. Би ард талд нь зогсож байсан тул Цыг газар уначихаар нь очиж салгасан. ...” /1хх 41-42/,

гэрч Ч.Цын “...Б.Ц, Т хоёр мөнгө төгрөгнөөс болоод маргалдаад байсан. 13 дугаар хорооллын Миний дэлгүүрийн гадаа очоод бүгдээрээ машинаас буучихсан байж байсан чинь Т бие засаж ирчихээд шууд Б.Цын толгой руу мөргөсөн. Тэгсэн чинь Б.Цогбаяр газар хэвтээд босож ирэхгүй байсан. Т цаанаас мод бариад ирэхээр нь бид модыг нь булааж аваад болиулсан чинь дахиад Б.Цыг өшиглөх гэхээр нь би татаад болиулсан. Т Б.Цыг толгойгоороо мөргөсөн чинь Б.Ц ухаан алдчихсан юм шиг хэвтээд байсан. ...” /1хх 46-47/,

гэрч Ө.Наранцэцэгийн “...2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай хүү Ц нь хүнээс цалингаа аваад ирье гээд явсан. Тэр шөнө би хүүгээ хүлээгээд нилээн оройтсон. 23 цаг 40 минутын үед гадаа гарч харахад хүү ирж яваа бараа нь харагдахгүй байсан. 00 цаг болохоор нь дахиад гартал хашааны хаалга онгорхой хажууд нь нэг бөндийсөн юм сууж байхаар нь очтол манай хүү хамаг биеэ хураагаад цагираглаад хэвтэж байсан. Гэрт оруулахад хувцаснаас нь архи үнэртэж байсан. Ар дагз нь хөх няц болсон байсан. Тэгээд яасан юу болсон гэж асуухад юм ярьж чадахгүй байна, хэл ам нь орооцолдоод байна гэсэн. Өглөө нь асуухад цалингаа авах гээд очтол архи уусан, дахиад цалингаа нэхэхэд Т зодсон гэж хэлсэн. ...” /1хх 242-245/,

гэрч А.Чинцэцэгийн “...2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Б.Ц нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулаториор үзүүлсэн. Ирэх үедээ толгой маш их өвдөнө гэсэн зовиуртай, босч чадахгүй байна, хоол идэж чадахгүй, дотор муухайрч гуйвна, хэл яриа ээдэрнэ гэсэн зовиуртай байсан ба тухайн үед ээжтэйгээ хамт ирсэн шиг санагдаж байна. ...тухайн цус хуралт нь 21 хоногоос дээш хугацаагаар үүссэн байх боломжтой байсан. ...” /1хх 65-67/,

шинжээч Т.Номинцэцэгийн “Цын биед үүссэн зүүн чамархайн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь тархийг дарах хүртлээ шинж тэмдэг нь илрэхгүй явж болдог. Учир нь гэмтсэн судасны том жижиг болон цусан хураа нь бүрэлдэж буй их багаас хамааран харилцан адилгүй байж болдог. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /1хх 72-73/,

шинжээч эмч С.Чулуунсүхийн “... Дээрх гэмтлийг аваад хэдий хугацааны дараа шинж тэмдэг илрэх, зовиур илрэх нь гэмтсэн судасны хэмжээ цус алдалтын хугацаа, гэмтлийн байрлал зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Тогтсон тодорхой хугацаа байхгүй. Дээрх гэмтэл нь толгойн зүүн талд буюу цусан хураа үүссэн хэсэгт хүч үйлчилсэний улмаас үүсэх боломжтой” /1хх 79-80/ гэх мэдүүлгүүд,

“Б.Цын биед зүүн талын бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна. Дээрх зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь хуучин гэмтэл ба хэрэг болсон гэх цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8148 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 70-71/,

“Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 8148 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Цын биед учирсан зүүн талын бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 76-78/,

хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1хх 52-64/, хохирлын баримтууд /1хх 60, 82-100/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 1-2/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 3-6/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Тг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч С.Тгийн иргэн Б.Цын нүүрэнд цохиж, духан тус газар нь мөргөсний улмаас хохирогч Б.Ц газар толгойн ар хэсгээр савж унан түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч С.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хохирогч Б.Цын “...С.Т найзуудтайгаа нийлж намайг тохуурхан доромжилж зодсон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд  эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч С.Т нь хохирогч Б.Цыг тохуурхан доромжилж түүний биед хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хүндрүүлж зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Харин шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Б.Цт сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр F07.2 буюу тархи доргилтын дараах хам шинж эмгэг тогтоогдсон байгааг энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэж, хор уршиг арилаагүйг зориуд цохон тэмдэглэвэл зохино гэсэн атлаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн харилцан зөрүүтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ дүгнэлт нь хууль зүйн ямар ач холбогдолтой, ямар үр дүнд хүрч байгаа нөхцөл байдлыг тайлбарлаагүй нь ойлгомжгүй болжээ.

Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, буруу болжээ. Түүнчлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа торгох ялын нэгжийн хэмжээг бичсэн атлаа тухайн нэгж нь хичнээн төгрөг болохыг бичилгүй орхигдуулсан зэрэг алдаа, зөрчил гаргасан байгааг дурдаж давж заалдах шатны шүүх нотлох баримтуудад дүгнэлж хийж зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудыг нэгтгэж 3 дахь заалт болгон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж, 4 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирогч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1951 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тд 10.100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тд 10.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

- 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Тд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.Тд 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ