| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2025/0025/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/101 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Баяр-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
Улсын яллагч С.Баяр-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э д холбогдох эрүүгийн 2409000001743 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч Б.Б ийн цүнхэндээ хийж сандал дээр үлдээсэн байсан 11 дүгээр үеийн Dell I7 загварын зөөврийн компьютерийг сандал дээр байсан цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аваад хөлбөмбөгийн талбайгаас гарч явах үед нь насанд хүрээгүй хохирогч Б.Б найз У.Э гийн хамт түүнийг зогсоож, 2,000,000 төгрөгийн үнэтэй 11 дүгээр үеийн Dell I7 загварын зөөврийн компьютерийг буцаан авч, хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч Б.Б ийн цүнхэндээ хийж сандал дээр үлдээсэн байсан 11 дүгээр үеийн Dell I7 загварын зөөврийн компьютерийг сандал дээр байсан цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аваад хөлбөмбөгийн талбайгаас гарч явах үед нь насанд хүрээгүй хохирогч Б.Б найз У.Э гийн хамт түүнийг зогсоож, 2,000,000 төгрөгийн үнэтэй 11 дүгээр үеийн Dell I7 загварын зөөврийн компьютерийг буцаан авч, хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 17 цаг 00 минутаас 17 цаг 30 минут хүртэлх цагийн хооронд найз Х , Ч , А , А нарын хамт 2 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр тоглож байсан чинь миний нөүтбүүкийг цүнхнээс үл таних эрэгтэй хүн гаргаж байхад хүмүүс барьж авсан. Тэгээд тэр хүмүүс цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд гомдолтой байна уу гэж асуухаар нь гомдолтой гэсэн чинь энд авчирсан. Цагдаа дээр ирээд насанд хүрээгүй учир эцэг, эх рүүгээ залга гэхээр нь залгасан чинь аав ирсэн. 3 жилийн өмнө BSB дэлгүүрээс 3,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч У.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр ангийн 3 хүүхэдтэй байж байхад үл таних нэг хүүхэд хөл бөмбөгийн талбай дээр байх сандлууд дээр байсан үүрдэг цүнхнээс саарал өнгийн дээрээ стикер наасан зөөврийн компьютер хулгайлж байсан гэж бид нартай цуг байсан А хэлсэн. Тэгээд бид хулгай хийж байсан хүүхдийг барьж аваад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэр хүүхэд намхан, туранхай, хүзүү хэсэгтээ шивээстэй, мөн хөл дээрээ шивээстэй бөгөөд тухайн үед цэнхэр жинс, цагаан өнгийн футболктой, хар өнгийн кеттэй,цагаан өнгийн оймстой байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ТХҮ-924/10903 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-35 дугаар тал/
Шүүгдэгч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 9 сарын 03-ны өдөр найзуудтайгаа байж байгаад 2 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр очсон. Би сандал дээр ганцаараа сууж байтал миний сууж байсан сандлын хажууд хар өнгийн үүрдэг цүнх байсан. Тэр цүнхэнд саарал өнгийн нөүтбүүк байхаар нь тэр нөүтбүүкийг цүнхнээс нь нууцаар аваад цамц руу гаа хийсэн. Тэгээд би ганцаараа сургуулийн хөл бөмбөгийн талбайгаас гараад явж байсан чинь араас 3 хүүхэд ирээд надад хандаж “чи хүний юм авчхаж байгаа юм биш үү, буцаагаад цүнхэнд нь хийчих” гэж хэлэхээр нь би хөл бөмбөгийн талбай руу буцаж очоод сандал дээр байсан цүнхэнд нь буцаагаад нөүтбүүкийг нь хийсэн. Тэгсэн тэр хүүхдүүд намайг байлгаж байгаад цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч Б.Б ийн цүнхэндээ хийж сандал дээр үлдээсэн байсан 11 дүгээр үеийн Dell I7 загварын зөөврийн компьютерийг сандал дээр байсан цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аваад хөлбөмбөгийн талбайгаас гарч явах үед нь насанд хүрээгүй хохирогч Б.Б найз У.Э гийн хамт түүнийг зогсоож, 2,000,000 төгрөгийн үнэтэй 11 дүгээр үеийн Dell I7 загварын зөөврийн компьютерийг буцаан авч, хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Насанд хүрээгүй хохирогч нь Б.Б нь 11 дүгээр үеийн Dell I7 загварын зөөврийн компьютерыг буцаан авсан тул шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Э нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Э нь насанд хүрээгүй хохирогч Б.Б ийн 11 дүгээр үеийн Dell I7 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар цүнхнээс нь авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэдэг нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байхаар хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Э нь насанд хүрээгүй хохирогч Б.Б ийн 11 дүгээр үеийн Dell I7 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хөл бөмбөгийн талбайгаас гарах гэж явахад нь насанд хүрээгүй хохирогч Б.Б нь найз У.Э гийн хамт түүнийг зогсоож, компьютерыг буцаан авсан нь гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Б т хохирол учраагүй байх тул шүүгдэгч Б.Э ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Б.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 310 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Э нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Э ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 70 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.