Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2019/00232

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2019/00232

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Согоот баг ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* Ариунзаяа /РД:УМ90062681/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох,

 

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16.316.660 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 19-нд хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 142/2019/000098/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөдөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б/06 тоот тушаалаар ажлаас халагдсан бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00267 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1402 дугаар тогтоолоор тус тус намайг урд ажиллаж байсан ажилд маань эгүүлэн тогтоосон бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөр буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ныг дуустал хугацааны цалин 4375822 төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Иймд миний бие нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш одоог хүртэлх хугацаагаар буюу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал 10 сарын хугацааны цалин болох 16316660 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг хангаж ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 16316660 төгрөгийг Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргуулж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойшхи хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******гаас олгосон итгэмжлэлийн дагуу тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Эрдэнэт-Үйлдвэр' ХХК-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б/06 тоот тушаалаар ******* нь ажлаас халагдсан бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Мөн Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1402 дугаар тогтоолоор тус тус хуучин ажилд нь эгүүлэн тогтоосон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөр ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн. Цалин хөлс нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ныг дуустал буюу анхан шатны шүүхийн шийдвэр дуустал 4375822 төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Шат шатны шүүхийн шийдвэр гарсан боловч ажилд нь эгүүлэн тогтоосон тушаал гараагүй байна. Тиймээс нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал буюу ажилгүй байсан 10 сарын хугацааны цалин хөлс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа 3 сарын дундаж буюу 2017 оны 09,10,11 дүгээр сарын дундаж цалингаар бодож гаргасан. Нэг сарын дундаж цалин 1631666 төгрөг гарч байгаа. 2017 оны 09 дүгээр сард 1500000 төгрөг, 10 дугаар сард 1895000 төгрөг, 11 дүгээр сард 1500000 төгрөг авсан байдаг. Хэрэгт гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байгаа. Сарын дундаж цалин 1631666 төгрөг үүнийг 10 сараар тооцож бодсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш одоог хүртэлх хугацаагаар буюу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал 10 сарын хугацааны цалин болох 16 316 660 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 16 316 660 төгрөгийг Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргуулж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойшхи хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******гийн нэхэмжлэлтэй танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. *******гийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны 00267 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 60 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны 01402 тоот тогтоол, энэ тогтоолоор түүнд олгох 4375822 төгрөгийг олгох тал дээр маргаан байхгүй. Энэ мөнгийг санхүүгийн боломжоос хамаарч тасалж олгоё гэхэд ******* дургүйцсэн. Одоо шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэгжих байх. Ажилд нь буцаан авах тухайд тайлбарлахад:

1.*******г ажлаас халсан Холбооны дарга П.Баттөрийг сонгогдохоос өмнө Холбооны дарга байх үед ажилд орсон байдаг. Ер нь цомхон бүтэцтэй, нэг төрлийн үйл ажиллагаатай ҮЭ-ийн байгууллагын хувьд нярав, бичиг хэргийн ажил бүтэн орон тоо өндөр цалинтай ажиллах ачаалалгүй, бусад зайлшгүй байх зохион байгуулагч, мэдээллийн ажилтан хавсран гүйцэтгэх бүрэн боломжтой тул 2018 оны сүүлийн хагасаас орон тоо хасагдсан. Холбооны даргаар ажиллаж байсан П.Баттөр энэ асуудлыг тус ҮЭ-ийн Холбооны дүрмийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн зохицуулж шийдвэрлэх байтал Тэргүүлэгчидтэй зөвлөлдөж хэлэлцэлгүй дураар авирласнаас шүүхийн шийдвэрүүдэд заасан үр дагавар үүссэн. Ийм ч учраас П.Баттөрийг хамтран хариуцагчаар оролцуулах асуудлыг тавьж байгаа.

2. ******* 2018 оны 12 дугаар сарын 03-нд тэр үед ҮЭ-ийн Холбооны даргын үүрэг гүйцэтгэж байсан над дээр шүүхийн шийдвэрт заасан мөнгөө авах, ажилдаа орох хүсэлтээ илэрхийлж ирсэн. Миний бие шүүхийн шийдвэрт заасан мөнгийг санхүүгийн боломжоос шалтгаалж хоёр тасалж олгоё гэхэд ******* дургүйцсэн. Би түүнд хуучин ажиллаж байсан орон тоо байхгүй тул өөрөөр хэлбэл шаардлагагүй гэж үзэж бүтэц, орон тоогоо баталсан гэдгийг тайлбарлаж, Эрдэнэт үйлдвэрийн жишгээр 13 дахь сарын цалин гэж нэрлэгдэх олговор олгох, цаашид 2019-2020 онд Үйлдвэрчний эвлэлийн Холбооны бодлогоор өөрийгөө санхүүжүүлэх эх үүсвэртэй болохоор төлөвлөж байгаа ажилд ажиллуулъя гэдэг санал тавьсан. Угаасаа над дээр ирэхдээ ******* жирэмсэн, төрөх дөхсөн гэдэг нь илт байсан учраас нэмж мөнгө нэхэмжлэх шаардлага тавиагүй бол түүнээс эмнэлгийн тодорхойлолтыг нь авч, ажилд томилсон тушаал гаргаад Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралтыг олгож, улмаар мөн хуулийн 106.1-д зааснаар ээлжийн амралтыг тооцсоны дараа, хүүхэд асрах чөлөөг нь өгч, уг чөлөө нь дууссан болон дуусаагүй ч ажилд орох хүсэлт гаргавал хуулийн 106.2-т заасныг баримтлан ажлын албаны орон тоо байхгүй тул ҮЭ-ийн Холбооны төсвөөс гадуурх үйл ажиллагаанд ажиллуулах эсхүл ажил олгогч Эрдэнэт үйлдвэрийн зохих албанд хүсэлт гаргах замаар асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх шаардлагатай байсан боловч *******гийн төсөв муутай ҮЭ-ийн байгууллагаас их хэмжээний мөнгө нэхсэнээс уг асуудал зөрчилдөөнт байдалд хүрч одоо дахин шүүхийн асуудал болоод байна.

3. *******гийн ажиллаж байсан орон тоо буюу ажлын байрыг шаардлага багатай холбооны төсөвт үр ашиггүй гэж ҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу шийдвэр гаргах эрх бүхий Тэргүүлэгчид 2018, 2019 онд батлаагүй тул түүнийг хуучин ажиллаж байсан нярав, бичиг хэргийн ажилтан гэсэн ажлын байранд ажиллуулах боломжгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т заасан өөр ажил олж өгөх саналыг ******* зөвшөөрөөгүй тул манай ҮЭ-ийн холбоонд буруу байхгүй. Нөгөө талаар *******гийн ажиллаж байсан орон тоо нь угаасаа манай ҮЭ-ийн Холбооны дүрмийг зөрчиж бий болгосон ажлын байр тул түүнийг байнгын ажлын байр гэж тооцох, тэнд хөдөлмөрийн гэрээг хэн нэгэнтэй байгуулах эрх манай холбоонд үүсэхгүй. Учир нь: Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын эрх зүйн үндсийг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай 1991 оны хуулийн 4 дүгээр зүйлд Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна" гэж тодорхойлсон бөгөөд энэ хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн Холбоо /МҮЭХ/-ны дүрэм батлагддаг. Энэ дүрмийг зөвшөөрсөн Үйлдвэрчний эвлэлүүд МҮЭХ-д элсдэг ба манай холбоо гишүүн нь юм. МҮЭХ-ны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.6-д "Үйлдвэрчний эвлэлийн хороо, холбоод нь дотоод бүтэц, зохион байгуулалтын асуудлаа эвлэлдэн нэгдсэн мэргэжил, үйлдвэрлэлийн ба нутаг дэвсгэрийн ҮЭ-ийн Холбооны дүрмийн дагуу шийдвэрлэнэ" гэж заасан ба мөн дүрмийн 5 дугаар зүйлд гишүүн байгууллагад тавигдах шаардлагыг 5.2.1-д "МҮЭ-ийн Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн байх...", 5.2.2-т "Тухайн ҮЭ-ийн холбооны дүрэм нь МҮЭ-ийн холбооны дүрэмтэй зөрчилдөөгүй байх...", 7 дугаар зүйлд гишүүн байгууллагын үүргийг 7.1.1-д "МҮЭ-ийн холбооны дүрмийг сахин биелүүлж, хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох" гэж тодорхойлсон. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дүрмийн 18 дугаар зүйлийн 18.14-т "Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, орон тоо, үндсэн цалингийн хэмжээг батлах" эрх тэргүүлэгчдийн хуралд хадгалагддаг. Манай ҮЭ-ийн холбооны даргаар ажиллаж байсан 2015 онд *******г нярав, бичиг хэргийн ажилтнаар авахдаа дүрмийн дээрх заалтаар батлагдаагүй орон тоо гаргаж ажилд авсан, болон 2017 онд сонгогдсон холбооны дарга П.Баттөр нар 2016, 2017 онд мөн дүрмийн дээрх заалтаар орон тоо, бүтэц батлуулаагүй ажилласан учраас *******гийн нярав, бичиг хэргийн ажилтны орон тоо манай холбоонд угаасаа байгаагүй одоо ч байхгүй юм.

4.Нөгөө талаар хэргийн оролцогчид хууль, шүүхийн өмнө адил эрхтэйн хувьд хариуцагч тал шүүхийн шийдвэрийг давж заалдсан, хяналтын журмаар гомдол гаргасан, иймд гомдол гаргах үндэслэлтэй гэж мэргэжлийн өмгөөлөгч зөвлөж өөрөө эрхээ хэрэгжүүлсэн, үүнээс болж анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдэх хугацаа сунжирсан нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны буруутай үйлдэл биш болно. Иймээс *******гийн 10 сарын цалин 16 316 660 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу.

*******гийн жирэмсний болон амаржсаны амралт дуусаж, хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссаны дараа ажилд орох хүсэлт гаргавал түүний хөдөлмөрийн харилцааны асуудлыг хуульд заасан журмаар зохицуулах болно.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны 00267 тоот шийдвэрт зааснаар хэрэгжүүлнэ гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зүйлийг Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн хороо биелүүлэх ёстой. Одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас ямар нэгэн бичиг ирээгүй байгаа. Улсын Дээд Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1402 дугаар тогтоол 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр хэргийн оролцогч нарт гардуулагдсан юм шиг байна. ******* 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Төгсбаяртай уулзсан байсан. Ингэж очихдоо 4 асуудлаар ярилцсан байдаг. Нэгдүгээрт шүүхийн шийдвэрийн дагуу урьд нь ажиллаж байсан ажилдаа орно. Хоёрдугаарт шүүхийн шийдвэрт заагдсан 4375822 төгрөг авна. 2018 онд ажиллаж байсан бол дүрмийн дагуу 13 дахь сарын цалин авах ёстой байсан. Тиймээс 13 дахь сарын цалингаа тооцуулж авна. Гуравдугаарт өнөөдрийг хүртэл шүүхээр явсан учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 16.000.000 төгрөгийг гаргуулж авна гэсэн шаардлага тавьсан байсан. Тэгэхээр тэр үед Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга сонгогдоогүй байсан учраас Төгсбаяр би даргын үүрэг гүйцэтгэгч учраас энэ асуудлыг дур мэдэж шийдэх эрх байхгүй. Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2019 оны төсвөөр танд энэ мөнгийг гаргуулж өгөх эрх мэдэл надад байхгүй. Баталсан төсвийн хүрээнд хөрөнгийг зарцуулдаг эрх мэдэлтэй. Харин төрөх дөхсөн учраас энэ ажлыг чинь зохицуулаад жирэмсний амралтыг чинь өгье, мөн ээлжийн амралтыг чинь олгоё, 13 дахь сарын цалинг чинь тэргүүлэгчдийн хэмжээнд ярилцаж байгаад өгье. 4375822 төгрөгийг чинь дансны үлдэгдлээ харж байгаад 2 хувааж өгье. Харин 16000000 төгрөгийг чинь өгөх боломжгүй гэсэн асуудал ярьсан. ******* энэ болзлыг хүлээн зөвшөөрөөгүй. Ийм эрх хэмжээнээс давсан асуудал тавьж байгаа учраас шийддэг газраараа шийдүүл гэсэн шаардлага тавьсан. ******* 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Гүйцэтгэх зөвлөлд өргөдөл гаргасан. Гүйцэтгэх зөвлөлийн хурал 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан байгаа. Хамгийн сүүлд *******тай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Хурал дээр гишүүд саналаа яриад явсан. Хоёрдугаарт Шүүхийн шийдвэрт заасан шаардлагыг л биелүүлэх ёстой. Харин 16000000 төгрөгийг олгох нь үндэслэлгүй байна. Ажилдаа орсны дараа энэ асуудлаа зохицуулаад явах боломжтой байсан. 13 дахь сарын цалин мөн шүүхийн шийдвэрт зааж өгөөгүй асуудал. Шүүхийн шийдвэрт байхгүй 2 шаардлагыг тавьж орж ирсэн учраас үл ойлголцол үүссэн байсан. *******г хуучин ажиллаж байсан ажил дээр нь томилохоор тушаал гаргаж жирэмсний амралт өгөөд дараагаар нь хүүхэд асрах чөлөөг нь олгож, ээлжийн амралтыг нь олгож тодорхой хугацаа өнгөрсний дараа дараагийн ажлыг нь зохицуулах боломжтой байсан. Ажилтан бол энэ саналыг хүлээж аваагүй. Хоёрдугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2-р зүйлд ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэсэн зохицуулалт байгаа. Ажлын байр гэдэг манайхны яриагаар орон тоо гэсэн үг. Гэтэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэж ямар байгууллага вэ? гэхээр ажилтны эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Сонгуулиар томилогддог байгууллага. Үйлдвэрчний эвлэлийн дүрэмд Үйлдвэрчний эвлэлийн хорооны зарчмыг заахдаа Үйлдвэрчний эвлэлийн хороо нь үйл ажиллагаагаа зарчмын хүрээнд чөлөөтэй явуулна гэсэн заалт байдаг. Энэ заалтын хүрээнд Үйлдвэрчний эвлэлийн хороо нь дүрмээ баталдаг. Дүрмийн 11 дүгээр зүйлийн 6 дахь заалтад Монголын Үйлдвэрчний холбоонд эвлэлдэн нэгдсэн Үйлдвэрчний эвлэлийн хороонууд нь үйл ажиллагаа, зохион байгуулалтаа өөрийнхөө дүрмээр тогтооно гэж заасан. Энэ дүрмийн хүрээнд Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн хорооны дүрмийн 4.18.4-т ажлын албаны орон тоо, бүтэц зохион байгуулалтыг тэргүүлэгчдийн хурлаар батална гэж заасан. Гэтэл Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2015 2016, 2017 онд ажлын албаны бүтэц зохион байгуулалт, орон тоог огт батлаагүй дүрмээ зөрчиж байсан байдаг. Хуучин дарга нь өөрийнхөө хүссэн хүнтэйгээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Энэ байдал 2018 оны 05 дугаар сарын 22-ны хурал дээр яригдаж дарга нь огцорч Үйлдвэрчний эвлэлийн хороо дүрмээ барьж ажилъя гээд 2018 оны 09 дүгээр сард ажлын байрны бүтэц, орон тоог баталсан. Энэ жижиг Үйлдвэрчний эвлэлийн хороонд нярав, бичиг хэрэг гэсэн энэ орон тоо байх шаардлагагүй, ийм орон тоо байгаагүй гэсэн шаардлага гаргасан. Энэ ажлын байрны орон тоо нь дүрмийн дагуу батлагдаагүй, ийм орон тоо байгаа учраас *******гийн орон тоо байхгүй болсон учир зохих хэмжээний ажилд томилж жирэмсний амралт нь дуусаад ажилдаа орохоор өөр албан тушаалд шилжүүлж ажиллуулъя гэж яригдаж байсан. Үйлдвэрчний эвлэлийн дүрмээр зохицуулсан ийм асуудлыг хэн нэгэн ажилтан заавал бий бол гэж шаардах боломжгүй. Дараагаар нь *******г ажлаас халсан асуудал бол өмнөх удирдлагын буруутай ажиллагаатай холбоотой харагддаг. Урьд нь Баттөр гэдэг хүн хөдөлмөрийн харилцаагаа хууль, дүрмийнхээ дагуу шийдээд явах ёстой байсан боловч тэгж ажиллаагүйн улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн. Удирдлагын буруутай үйл ажиллагаа байдаг. Хууль шүүхийн өмнө нь эрх бүхий эрх зүйн этгээд адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой. Тиймээс Үйлдвэрчний эвлэлийн хороо давж заалдах болон хяналтын шатанд гомдол гаргасныг буруутай үйл ажиллагаа гэж үзэх боломж байхгүй. Тийм учраас урьд гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг зөвшөөрч байгаа. 16000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16.316.660 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг гаргаж мэтгэлцэж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга 2017 оны 12 сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж түүний нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан хэлэлцээд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар шийдвэрээр *******г Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нярав, бичиг хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.375.822 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1402 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй болохыг заасан байх бөгөөд зохигчийн хооронд үүссэн ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан маргаанд 3 сарын хугацааг баримтлахаар байна.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* биечлэн оролцож төлөөлүүлэгч, нэхэмжлэгч *******гийн эрх ашиг зөрчигдсөнийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн байх бөгөөд түүнээс хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ....*******гийн ажиллаж байсан орон тоо буюу ажлын байрыг шаардлага багатай холбооны төсөвт үр ашиггүй гэж ҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу шийдвэр гаргах эрх бүхий тэргүүлэгчид 2018, 2019 онд батлаагүй тул түүнийг хуучин ажиллаж байсан нярав, бичиг хэргийн ажилтан гэсэн ажлын байранд ажиллуулах боломжгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т заасан өөр ажил олж өгөх саналыг ******* зөвшөөрөөгүй тул манай ҮЭ-ийн холбоонд буруу байхгүй, хэргийн оролцогчид хууль, шүүхийн өмнө адил эрхтэйн хувьд хариуцагч тал шүүхийн шийдвэрийг давж заалдсан, хяналтын журмаар гомдол гаргасан, үүнээс болж анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдэх хугацаа сунжирсан нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны буруутай үйлдэл биш болно... гэж тайлбарлаж байх боловч хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо одоог хүртэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгч *******г ажилд нь эгүүлэн томилсон шийдвэрийг гаргаагүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биеүүлээгүй, ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай юм.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж бүхэлд нь шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 3 сарын 12-ны өдрийн 267 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин хөлсний дундажийг 1.631.666 төгрөгөөр тооцсон байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, цалин хөлсний хэмжээг дахин тооцох, нотлох шаардлагагүй, нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож нэхэмжлэгч *******гийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх нийт 10 сарын цалин 16.316.660 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос 2017 оны 12 сарын 19-ний өдрөөс хойшхи хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын тэмдэгтийн хураамж 239533 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 16.316.660 /арван зургаан сая гурван зуун арван зургаан мянга зургаан зуун жар/ төгрөгийг хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан *******гийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос 2017 оны 12 сарын 19-ний өдрөөс хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын тэмдэгтийн хураамж 239533 /хоёр зуун гучин есөн мянга таван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ