| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/102 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
Улсын яллагч Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгч Ү.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Т т холбогдох эрүүгийн 2409000002198 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ү.Т нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Н.Н гийн эзэмшлийн “Сод Монгол” ШТС-ын хөнгөлөлтийн картаас 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 14 удаагийн үйлдлээр нийт 792,100 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 792,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Ү.Т нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Н.Н гийн эзэмшлийн “Сод Монгол” ШТС-ын хөнгөлөлтийн картаас 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 14 удаагийн үйлдлээр нийт 792,100 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч Н.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Таван шард хувийн компанид том тэрэг Шалаанз автомашин барьдаг бөгөөд “Сод Монгол” ШТС-ын хөнгөлөлтийн карт ашиглаж шатах тослох материал авдаг юм. 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр картаа шалгахад 5,000 төгрөг үлдсэн байсан. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Сод Монгол” ХХК-д хандахад манай ШТС-ын хяналтын ажилтан Т гэх хүн авсан байна гэсэн. Тэгээд “Сод Монгол” ШТС-ын хөнгөлөлтийн картаар 14 удаагийн гүйлгээгээр нийт 792,100 төгрөгийн зарлага гарсан байна, хамгийн сүүлийн гүйлгээ 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17-оос Дарь-Эх явах замд байрлах “Сод Монгол” ШТС-аас 35,000 төгрөгийн зарлага хийгдсэн байна гэхээр нь цагдаад хандаж байна. 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 258,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 10,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 30,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 135,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 34,100 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 30,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 40,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 40,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 30,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 30,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 40,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 30,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 35,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна гэсэн. Тус “Сод Монгол” ХХК-ийн ажилтан байсан Т гэх хүнтэй манай хүүхдүүд ... дугаараар холбогдоход “тийм ээ, би авсан, 258,000 төгрөгөөс эхлээд хамгийн сүүлд 35,000 төгрөг авсан” гэж ярьсан. Иймд хохирлоо барагдуулмаар байна. Миний бие 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 71,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 81,000 төгрөг хөнгөлөлтийн картаасаа авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,
Хохирогч Н.Н гийн хөнгөлөлтийн картаас хийгдсэн гүйлгээний баримт /хх-ийн 19-20 дугаар тал/,
Шүүгдэгч Ү.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би “Сод монгол” ШТС-ийн 121 дүгээр станц буюу Сонсголон салбарт нь түгээгчээр ажилладаг байхдаа манай колонкоор байнга үйлчлүүлдэг байсан Насанбуян гэх хүний СОД бензиний хөнгөлөлтийн картын нууц үгийг ажлынхаа хүрээнд хувийн мэдээллээс нь олж мэдээд би картын нууц үг, картын дугаарыг нь ашиглаж доторх цуглуулсан бонус оноог нь хэд хэдэн удаа хувийн машиндаа бензин авч, хамгийн сүүлд 17-ын уулзвараас Дарь-Эх рүү явдаг шинэ зам дагуу байх “Сод монгол” ШТС-ийн 103 дугаар салбарт ашиглаж дуусгасан. Дахиж ашиглаагүй. Нийт 792,000 төгрөгийн бензин авч хувьдаа хэрэглэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Т өөс: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ү.Т нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Н.Н гийн эзэмшлийн “Сод Монгол” ШТС-ын хөнгөлөлтийн картаас 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 14 удаагийн үйлдлээр нийт 792,100 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 792,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас нийт 792,100 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирол төлбөрийг шүүгдэгч нь хохирогчид бүрэн төлж барагдуулсан учраас бусдад төлөх төлбөргүй байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ү.Т нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Ү.Т нь хохирогч Н.Н гийн эзэмшлийн “Сод Монгол” ШТС-ын хөнгөлөлтийн картаас 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 792,100 төгрөгийг хулгайлсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ү.Т ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н д 792,100 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ү.Т нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “…Шүүгдэгч Ү.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ү.Т нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, тайлбар гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ү.Т ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Ү.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ү.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ү.Т нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү.Т ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Т ийг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Т т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ү.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ү.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.