2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/108

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б т холбогдох эрүүгийн 2409000002337 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 06 цагийн үед согтуурсан байхдаа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS-25” сүлжээ дэлгүүрт хохирогч Л.Н ийг унтаж байхад нь ширээн дээр байсан түүний эзэмшлийн 425,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 425,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 06 цагийн үед согтуурсан байхдаа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS-25” сүлжээ дэлгүүрт хохирогч Л.Н ийг унтаж байхад нь ширээн дээр байсан түүний эзэмшлийн 425,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Л.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ганцаараа 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр байрлах баарнаас гараад гэр лүүгээ харих замдаа 17-ын хойшоо явах чиглэлийн автобусны буудал дээр байрлах GS-25 орж үйлчлүүлсэн. Тэгээд тэндээ сууж байгаад унтчихсан. Сэрээд гар утсаа шалгатал миний гар утас байгаагүй. Өөрийн гар утасны .... дугаарт хүний утсаар залгахад дуудаж байгаад холбогдохоо больсон юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 06-ны шөнийн 06 цаг 43 минут 55 секундийн үеийн бичлэг байх бөгөөд хар өнгийн саравчтай малгайтай, малгайны урд талд цагаан өнгийн дүрс бүхий, ногоон эрээн өнгийн куртик, саарал өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гуталтай, 30 орчим насны эрэгтэй хүн GS-25 дэлгүүрийн ширээ, сандал хэсэгт унтаж буй хохирогчийн гар утсыг очиж аваад гарч буй бичлэг бичигдэн үлдсэн байв. “Гарч явсан” гэсэн бичлэгийг тоглуулан үзэхэд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны шөнийн 06 цаг 45 минут 24 секундийн үеийн бичлэг байв. Тус бичлэгт дээрх сэжигтэй этгээд GS-25 дэлгүүрээс гараад явж буй бичлэг бичигдэн үлдсэн байх бөгөөд дээрх сэжигтэй хүний нүүр царай тодорхой харагдаж байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 17 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №СБ2-24-792 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-36 дугаар тал/

 

Шүүгдэгч Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эрхэлдэг байсан ажлаасаа 18 цагийн үед тараад ажлынхаа газрын 1, 2 хүнтэй хамт пиво уусан. Тэгээд ажлынхнаасаа 23, 24 цагийн орчимд салсан. Би 17-р сургуулийн автобусны буудлын орчимд өөрөө үргэлжлүүлж ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд 17 дугаар сургуулийн GS-25 дэлгүүрээс тамхи авахаар орох үед үүрийн 5-6 цагийн орчим болж байсан. Намайг тус дэлгүүрээс тамхи асуух үед дэлгүүрийн худалдагч тамхи зардаггүй гэж надад хариулсан. Би тус дэлгүүрээс гарах гэтэл хохирогч Н  нь хоол идэх зориулалт бүхий сандалтай ширээ хэсэгт ширээн дээрээ бэлэн гоймон тавьчихсан, түүний хажууд өөрөө унтаж байсан ба ширээн дээр нь түүний эзэмшлийн бололтой хар өнгийн гар утас байсан. Тухайн гар утас нь ямар нэгэн гэргүй, хажуугийн цоожилдог хэсгийн товчлуур байхгүй, дэлгэцийн 1 талын булан дээр хагархайтай хуучин гар утас байхаар нь өөрийн ээждээ бариулах утасгүй байсан тул ээждээ бариулах зорилгоор аваад гарсан. Тэгээд тус дэлгүүрээс гараад гэртээ харихаар явсан бөгөөд 17 дугаар сургуулийн автобусны буудлаас Хайлаастын 16 дугаар хороо руу гэр лүүгээ харихаар автобусанд суугаад явсан. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны буудал дээр автобуснаас буух үед манай тэр орчмын хэдэн архи уудаг ах нар зогсож байсан. Тэгээд намайг цаг харах үед 7-8 цагийн орчим болж байсан бөгөөд тэр ах нарыг дуудахаар нь би очоод тэдэнд 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авч өгөөд тэдэнтэй хамт тус архийг уусан. Би нэлээн муудсан байсан бөгөөд хэрхэн яаж харьсан талаараа тодорхой санахгүй байгаа. Нэг мэдэхэд гэртээ хариад унтаж байсан бөгөөд миний өөрийн эзэмшлийн Samsung А55 маркийн гар утас болон тухайн эмэгтэйгээс авсан гар утас зэрэг нь давхар алга болсон байсан. Би хэрхэн яаж алга болгосон талаараа санахгүй байгаа бөгөөд тэр хавийн хүмүүсээс асуухад “чи дэлгүүрийн үүдэнд утсаар яриад сууж байсан, тэр үед чиний урдуур хамт архи уусан хүмүүс чинь байгаагүй, хажуугаар нь таньж мэдэхгүй хүмүүс зөндөө явж байсан” гэж хэлсэн. Би одоогоор утсаа хэрхэн яаж алдсанаа санахгүй байна. Тухайн охины гар утасны марк загварыг би мэдэхгүй, тэр утсыг өөрийн утастай хамт архи ууж яваад алдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 06 цагийн үед согтуурсан байхдаа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS-25” сүлжээ дэлгүүрт хохирогч Л.Н ийг унтаж байхад нь ширээн дээр байсан түүний эзэмшлийн 425,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 425,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Бусдад 425,000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа учраас шүүгдэгчээс 425,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Б нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Л.Н ийн 425,000 төгрөгийн үнэ бүхий  “Samsung S-20” загварын гар утсыг хулгайлсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Л.Н эд 425,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Б аас 425,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Н эд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Ц.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 510 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Б нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ц.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ц.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.  

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ц.Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б аас 425,000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Н эд олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.