| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2025/055/э |
| Дугаар | 2025/ШЦТ/490 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | С.СҮРЭНХОРОЛ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/490
2025 02 13 2025/ШЦТ/490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч С.Сүрэнхорол,
хохирогч ****,
шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2411000001768 дугаартай хэргийг 2025 оны 01 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *****дугаар сарын ******ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжил эзэмшээгүй, ам бүл ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
**** (РД:*********),
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 28-29 нд шилжих шөнө **** хохирогч **** нүүрэн тус газарт гараараа цохиж дух яс, зүүн ухархай ясны дээд ханын цөмөрсөн хугарал, зүүн алганы 2-р шивнүүр ясны хугарал, духанд зулгаралт, дух, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** мэдүүлэхдээ: Хохирогч **** ахтай 51-ийн автобусны буудал дээр уулзаж машинаа зарчхаад 7 буудал орж хоол идсэн. Тэгээд **** ах утас аваад бид хоёр 17-гийн автобусны буудал орсон. Буудал руу орохдоо нэг ширхэг 0.75 граммын архи, нэг том пивотой орсон. Юм ярьж суунгаа архи, пивоо уусан. **** ах караоке оръё гэхээр нь **** нийтийн караоке руу орж хоёр, хоёр лаазтай пиво уунгаа дуулсан. Караокед 2 ахтай танилцаж авсан буудал руугаа тэр 2 ахтай орж ууж байсан юмаа дуусгасан. Тэр хүмүүс явсны дараа **** ах бид хоёр муудалцсан. Бэт тоглоомоос болж маргалдсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч **** мэдүүлэхдээ: Тухайн өдөр эхнэртэйгээ хэрэлдсэн байсан. Өмнөх машин осолд ороод машинаа зарах хэрэгтэй болсон. Тэгээд **** холбогдоод машин авдаг хүн байна уу гэж асуугаад бид хоёр уулзахаар болсон. Бид хоёр уулзаж машинаа зарсны дараа хоолонд орсон. Дараа нь бид хоёр буудал орж пиво, нэг шил архитай уусан. Караоке орж дуулъя, жоохон сэтгэлээ сэргээмээр байна гэхэд “за” гэсэн. Тэгээд бид хоёр караоке орж 2 залуутай тааралдсан. Тэр хоёр залуутай 1 шил архи хамт уусан. Тэгээд буцаад буудалдаа ороод үлдсэн пивоо уусан. Би архи уухаараа агсам тавьдаг. ****ыг ажил хийхгүй байгаа болохоор уурласан байх. Гомдол, саналгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №Г-8640 дугаартай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
Хохирогч ****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15:00 цагийн орчим би хуурай дүү болох **** уулзахаар тохироод Чингэлтэй дүүргийн нутагт байрлах 57-р сургууль дээр уулзсан, замаараа хоолонд орчхоод 20:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17-р Автобусны буудлын ард байрлах Зочид буудалд ороод 1 шил 75гм архи, 2л пиво ууж сууж байгаад би Ууганаад хандан доошоо бууж нийтийн караокед нь очиж дуулъя гэж хэлсэн тэгээд бид хоёр караокед хоёр хоёр лаазтай пиво уугаад үл таних хоёр залуутай танилцаад бид дөрөв анх авсан буудалд ороод хэсэг ууж байгаад тухайн үл таних хоёр залуутай танилцаад бид дөрөв анх авсан буудалд ороод хэсэг ууж байгаад тухайн хоёр үл таних залуучууд нь гараад яваад өгсөн гэтэл төд удалгүй манай найз болох **** ирээд бид гурав юм ярьж сууж байгаад маргалдсан чинь **** босож ирээд миний нүүрэн тус газар баруун гараараа 1-4 удаа цохисон тэгээд би гарч яваад цагдаагийн хэлтэс рүү ороод юу болсон талаараа хэлсэн тэгээд манай найз болох **** араас ирээд Гэмтлийн эмнэлэг үү явсан.Тухайн үед би ****ын биед халдаж зодсон зүйл болоогүй ээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11-р хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орой 21-22 цагийн орчимд би ажлаа тараад гэртээ харих гээд явж байтал ****, **** нар нь над руу залгаад хаана байна бид хоёр уулзчихсан байна хүрээд ирэх үү гэхээр нь хаана байгаа юм бэ? гээд байгаа газрыг заалгаад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17-н автобусны зогсоолын хойд талын буудлын 3 давхарт гарч нэг өрөөнд ороход ****, **** хоёр нь миний танихгүй хоёр залуугийн хамт 4-лээ архи, шар айраг хэрэглээд сууж байсан тэгээд намайг уу гэхээр нь би машинтай явж байна мөн тухайн өрөөнд байсан хүмүүс хоорондоо маргаантай байх шиг байсан учраас би архи, шар айраг уугаагүй юм тэгтэл удалгүй байж байтал ****, **** хоёр хоорондоо маргалдаад **** ****г барьж аваад хэд хэд цохисон чинь **** **** аваачээ гэсэн тэгээд би дундуур нь орж салгаад ор, сандал дээр суулгаж байтал **** нь дахиж босож ирээд ****г барьж аваад орон дээр дарж байгаад хэд хэдэн удаа цохиод зодсон тэгээд би боль гээд салгатал ****гийн хамраас нь цус гарчихсан байсан тэгээд би ****гийн нүүр гарыг нь угаалгачхаад ****г өрөөнөөс гар гээд гаргасан юм тэгээд араас нь **** бид хоёр гараад цагдаагийн хэлтэс рүү ортол **** сууж байсан тэгээд ****гийн толгой өвдөөд байна гэхээр нь би Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлтэл гавлын яс нь цуурсан, гарын сарвууны савхан яс цуурсан хугаралтай байна хэвтэх шаардлагатай гээд хэвтүүлсэн. ****, **** хоёр өөр хэн нэгэнтэй зодоон цохион хийсэн асуудал бол байхгүй хоорондоо зодолдсон асуудал бол байгаа...” гэх мэдүүлэг /хх- ийн 12-13-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, **** гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №14364 дугаартай “...****гийн биед дух яс, зүүн ухархай ясны дээд ханын цөмөрсөн хугарал, зүүн алганы 2-р щивнүүр ясны хугарал, духанд зулгаралт, дух, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй,” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-24-р хуудас/,
Шинжээч **** “...Тухайн дүгнэлтэд дурдагдсан гэмтэл шархны ****гийн дух ясны хугарал нь дангаараа хохирлын хүнд зэрэгт, зүүн ухархайн дээд ханын цөмөрсөн, зүүн алганы 2-р шивнүүр ясны хугарал гэмтэл нь дангаараа хүндэвтэр...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 28-29 нд шилжих шөнө **** хохирогч **** маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохиж дух яс, зүүн ухархай ясны дээд ханын цөмөрсөн хугарал, зүүн алганы 2-р шивнүүр ясны хугарал, духанд зулгаралт, дух, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан нь:
Хохирогч ****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : манай найз болох **** ирээд бид гурав юм ярьж сууж байгаад маргалдсан чинь **** босож ирээд миний нүүрэн тус газар баруун гараараа 1-4 удаа цохисон гэх мэдүүлэг, Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ****, **** хоёр хоорондоо маргалдаад **** ****г барьж аваад хэд хэд цохисон чинь **** **** аваачээ гэсэн тэгээд би дундуур нь орж салгаад ор, сандал дээр суулгаж байтал **** нь дахиж босож ирээд ****г барьж аваад орон дээр дарж байгаад хэд хэдэн удаа цохиод зодсон тэгээд би боль гээд салгатал ****гийн хамраас нь цус гарчихсан байсан гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, **** гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №14364 дугаартай “...****гийн биед дух яс, зүүн ухархай ясны дээд ханын цөмөрсөн хугарал, зүүн алганы 2-р щивнүүр ясны хугарал, духанд зулгаралт, дух, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй,” гэсэн дүгнэлт, Шинжээч **** “...Тухайн дүгнэлтэд дурдагдсан гэмтэл шархны ****гийн дух ясны хугарал нь дангаараа хохирлын хүнд зэрэгт, зүүн ухархайн дээд ханын цөмөрсөн, зүүн алганы 2-р шивнүүр ясны хугарал гэмтэл нь дангаараа хүндэвтэр...” гэх мэдүүлэг, хохирогч ****гийн өвчний түүх, мэс заслын өмнөх дүгнэлт...төлөвлөгөөт журмаар EMA дор зүүн талын ухархайн дээд хана духны гадна ялтасын нийлтэл хугарлын дефектыг хэвийн байрлалд оруулж цөмрөлийг титан ялтан шургаар бэхлэж нөхөх сэргээх мэс засалд шийдвэрлэв гэв, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож байна.
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч **** нь Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч **** нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.947.760 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч **** гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шалгах хуудсаар тодорхойлогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн хүсэлт болон хохирлыг хүлээж авсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар шүүгдэгчийн эхнэр **** асран хамгаалалтад төрсөн дүү болох **** нарыг өгсөн. Дээрх гэр бүл нь Чингэлтэй дүүрэгт ам бүл тавуулаа оршин суудаг болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч **** нь хохирогч ****гийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч **** нь хохирогч ****гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч ****ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Уг ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч **** эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзаж торгох ялыг ялын доод хэмжээ буюу 10.000.000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Учир нь тухайн гэр бүлд ****аас өөр хөдөлмөр эрхэлдэг хүн байдаггүй гэв.
Шүүх шүүгдэгч ****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирогч ****д хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх байдал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж дүгнэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилжээ. Шүүгдэгч нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд 2.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн байна.
Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.947.760 төгрөг гарсан тухай лавлагааг хэрэгт хавсаргасан байх ба хэрэгт иргэний нэхэмжлэгч тогтоогоогүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул энэ тогтоолоор эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шийдэх боломжгүй гэж үзлээ.
Харин хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч ****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ****т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛГАЛАГЧ ШҮҮГЧ С.АЮУШЖАВ