Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2019/02580

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 11 өдөр

181/ШШ2019/02580

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Кийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г.Х д холбогдох

 

63,199,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-н иргэн К нь Г.Хтэй 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Зээлийн гэрээг байгуулж, 53,000,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эргүүлж төлөх нөхцөлтэйгөөр зээлдэгч Г.Хгийн өмчлөлд бэлнээр шилжүүлэн өгсөн байна. Зээлдэгч Г.Х нь зээлийн гэрээнд заасан хугацаанд 53,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Кд эгүүлэн төлөөгүй тул зээлдүүлэгч Кгийн зүгээс зээлдэгч Г. Хонгорхүүд зээл төлөх үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоож, талууд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээгээр зээлийг тодорхой хугацаанд гурав хувааж төлөхөөр тохиролцсон бөгөөд хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан. Ийнхүү гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээнд заасны дагуу 0,5 хувийн алдангийг төлөх үүрэг зээлдэгчид үүссэн байна. Гэрээнд заасны дагуу зээлдэгч Г.Х нь 2016 оны 09 дүгээр сарын 15-нд 10,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 01-нд 18,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-нд 25,000,000 төгрөг төлөх байсан боловч төлөөгүй. Тиймээс 2016 оны 09 дүгээр сарын 15-нд төлөх ёстой 10,000,000 төгрөгийн алданги 2016 оны 09 дүгээр сарын 16-наас 2016 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл 16 хоногоор тооцоод 800,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 01-нд төлөх ёстой 28,000,000 төгрөгийн алданги 2016 оны 10 дугаар сарын 02-ноос 2016 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл 14 хоногоор тооцоод 1,960,000 төгрөг болсон бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 15-нд 10,000,000 төгрөг төлснөөс алданги 800,000 төгрөг болон 1,960,000 төгрөгийг хасаж, үлдсэн дүнг үндсэн зээлийн дүнгээс хасаж үлдэгдэл 45,760,000 төгрөг болсон. 2016 оны 10 дугаар сарын 21-нд 5,000,000 төгрөг төлснөөс 2015 оны 10 дугаар сарын 16-наас 2015 оны 10 дугаар сарын 21-нийг хүртэл 6 хоногийн алданги 1,372,800 төгрөгийг хасаж, үлдсэн дүнг үндсэн зээлийн дүнгээс хасаж үлдэгдэл 42,132,800 төгрөг болсон. 2016 оны 12 дугаар сарын 20-нд 4,000,000 төгрөг төлснөөс 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 2016 оны 12 дугаар сарын 20-ныг хүртэл 60 хоногийн алданги 12,639,840 төгрөгөөс хассан бөгөөд үлдэгдэл төлбөр хэвээр байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-нд 4,000,000 төгрөг төлснөөс өмнөх алданги 8,639,840 төгрөгөөс хассан дүн дээр 2016 оны 12 дугаар 21-нээс 2017 оны 01 дүгээр сарын 25-ныг хүртэл 36 хоногийн алданги 7,583,904 төгрөгийг нэмж 12,223,744 төгрөг болсон. 2017 оны 02 дугаар сарын 14-нд 10,000,000 төгрөг төлснөөс өмнөх алданги 12,223,744 төгрөгөөс хасаж 2017 оны 01 дүгээр сарын 26-наас 2017 оны 02 дугаар сарын 14-нийг хүртэл 20 хоногийн алданги 4,213,280 төгрөгийг нэмж 6,437,024 төгрөг болсон. 2017 оны 02 дугаар сарын 15-наас 2019 оны 05 сарын 15-ныг хүртэл 820 хоногийн алданги 172,744,480 төгрөг болсон бөгөөд өмнөх алданги дээр нэмж нийт алданги 179,181,504 төгрөг болж байна. Үндсэн гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 42,132,800 төгрөг байгаа бөгөөд дээрх алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 21,066,400 төгрөгийн алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд зээлийн үлдэгдэл 42,132,800 төгрөг, түүний хугацаа хэтэрсний алданги болох 21,066,400 төгрөг, нийт 63,199,200 төгрөгийг Г.Хгээс гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К нь хариуцагч Г.Хд холбогдуулан 63,199,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр БНСУ-ын иргэн К болон Г.Х нарын хооронд Зээлийн гэрээ нэртэй гэрээ /хх-7 тал/ байгуулагдсан байх ба гэрээгээр К нь Г.Хд 53,000,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 10 сар 14 хоногийн хугацаатайгаар, хүүгүй зээлдүүлэх, үндсэн зээлийг хугацааны эцэст төлөх, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ зааснаар зээлдүүлэгч К нь зээлдэгч Г.Хгийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч Г.Х нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тооны мөнгийг зээлдүүлэгч Кд тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дахь заалтад 53,000,000 төгрөгийг К нь Г.Хд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бэлнээр өгсөн талаар дурдсан, уг гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зээлдүүлэгч К нь зээлдэгч Г.Хгийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр К болон Г.Х нарын хооронд Төлбөр барагдуулах гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 53,000,000 төгрөгийг Г.Х нь Кд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 18,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөг төлөх байдлаар бүрэн төлж барагдуулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ.

Дээрх гэрээгээр 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөр төлөх хугацаа болон хуваарийг талууд харилцан тохиролцож өөрчилсөн гэж үзнэ.

Г.Х нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг Кд буцаан төлсөн болох нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Г.Хгийн 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд төлсөн нийт 33,000,000 төгрөгийн 22,132,800 төгрөгийг нэхэмжлэгч тал алдангид тооцсон байх ба үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 42,132,800 төгрөг болсон гэх тооцоог хийж, уг дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алдангид 21,066,400 төгрөгийг нэмж, нийт 63,199,200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ.

Хариуцагчаас төлсөн нийт 33,000,000 төгрөгийн төлбөр нь гэрээнд заасан үндсэн төлбөрийг төлөх хугацаа дууссанаас хойш төлөгдсөн байх ба Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дахь заалтад Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчийн төлсөн 33,000,000 төгрөгийг үндсэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох ба ийнхүү хасаж тооцоход үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 20,000,000 төгрөг болж байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан алдангийн зохицуулалт болон мөн зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас анз шаардах эрхтэй байна.

Үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь заалтад Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасанд нийцүүлэн хариуцагчаас алдангид 10,000,000 төгрөг, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.Хгээс 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К /Kwon Yongjoo/-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 33,199,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 473,950 төгрөгийн 473,946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Хгээс 307,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К /Kwon Yongjoo/-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР