2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/213

 

 

                                                                                            

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэлгэрсайхан,

Улсын яллагч Э.Хилчинбаатар,    

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А т холбогдох эрүүгийн 2406046463839 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2024 оны 7 дугаар сарын 05-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ 100 айл” худалдааны төвийн зогсоол дээр Г.М тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь эрүүний мултрал, баруун хацар, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, 3 шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Б.А нь 2024 оны 7 дугаар сарын 05-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ 100 айл” худалдааны төвийн зогсоол дээр Г.М тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь эрүүний мултрал, баруун хацар, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, 3 шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

 

Хохирогч Г.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн үед манай хамаатны залуу болох А  бид хоёр хамт явж байгаад замаараа А  гэх хүнийг аваад Шинэ зуун айл худалдааны төв орсон. Тухайн газрын авто зогсоол дээр А  нэг шил талын хар гэх архи гаргаж ирээд намайг архи уу гэж шахсан тул би 2-3 удаа уусан юм. Гэтэл А  гэнэт хажуугаас намайг манартал цохисон. Би хэсэг ухаан алдаад сэрэх үед цаана зөндөө залуучууд байсан. Харин А  миний дээр гарчихсан намайг зодож байсан ба нэлээд зодсоны сүүлд А  харж зогсож зогсож байгаад болиулсан юм. Дараа нь А ын дүү гэх залуу намайг зодно гэж ирээд сүрдүүлсэн. Гэхдээ А  болиулаад бид тэр газраас явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

Гэрч Х.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 05-ны өглөө ажил дээрээ байхад М  яриад уулзъя гэж хэлсэн. Би ажлаа тараад өдөр 16 цагийн орчимд Цайзад ахындаа ирэхэд М  ирсэн байсан. Тэгээд машин тэргээ угаачхаад 19 цагийн орчимд гарах гэтэл М  хамт явъя гээд явсан. Замаасаа М  нэг найз эмэгтэйгээ аваад бид гурав манай ажил руу явсан. Ажил руу явж байх замд А  ах залгаад Дүнжингаравын урд талын талбай руу явчхаад ирье, ирээд залгачих гэж хэлсэн. Тэгээд 21 дүгээр хорооллоос А  ахыг аваад ажил дээрээ хуруугаа уншуулаад 22 цагийн орчимд Дүнжингарав руу явсан. Замдаа Хүүхдийн 100 дээр нөгөө эмэгтэйг буулгаад нэг талын хар, хэдэн шорлог аваад явцгаасан. Явж байхдаа нөгөө хоёр талын хараасаа 2-3 удаа татаад халцгаасан байсан. Тэгээд 23 цагийн орчимд Шинэ 100 айлын зогсоол дээр очиж зогсоод тамхи татах гэтэл гал нь олдоогүй ба А  ах гал асуусан чинь “би чиний галыг чинь авч өгөх ёстой юм уу” гээд гэнэт А  ахыг цохиод авах шиг болсон. Тэгээд А  ах машинаас буугаад тэр хоёр зодолдож эхэлсэн. Би буугаад салгах гэтэл дийлдэхгүй байсан. Арай гэж салгаад байж байтал А  ахын дүү цаанаас ирээд ахыгаа аваад явсан. Би М ыг аваад явсан. Замдаа чи яагаад байгаа юм бэ гэтэл харин согтчихжээ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 9149 дугаартай “...Г.М ын биед эрүүний мултрал, баруун хацар, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, 3 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.  Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар тал/,

 

Шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А аас: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.А нь 2024 оны 7 дугаар сарын 05-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ 100 айл” худалдааны төвийн зогсоол дээр Г.М тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь эрүүний мултрал, баруун хацар, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, 3 шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын тухайд хохирогчоос баримтаар нэхэмжилсэн 821,430 төгрөгийг мөрдөн байцаах шатанд төлөөгүй боловч шүүхийн шатанд төлж барагдуулсан, мөн хохирогчийн Эрүүл мэндийн даатгалд 273,736 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсныг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй. Хохирогч нь сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгоогүй, нэхэмжлээгүй байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.А нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 9149 дугаар дүгнэлтээр хохирогч Г.М ын биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учруулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг хөндсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Г.М ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч Б.А ын “...хохирогч Г.М тай маргалдаж, биед нь “...эрүүний мултрал, баруун хацар, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, 3 шүдний хугарал...” учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул түүнийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчоос хэрэгт 814,230 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Г.М д 822,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 273,736 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч Г.М  нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.А нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр тал/, газар эзэмших эрхийн лавлагаа /хх-ийн 52 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 54 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Б.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн...”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд  төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.М  нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.