2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/257

 

                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэлгэрсайхан,

Улсын яллагч Ч.Батбаатар,

Хохирогч Л.С , түүний өмгөөлөгч Д.Гүрдорж,  

Шүүгдэгч О.О , түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О д холбогдох эрүүгийн 2403003050419 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О  нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Жуков”-ын талбайн баруун хойд талын замд 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Kia Sportage” маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Г г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч О.О  нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Жуков”-ын талбайн баруун хойд талын замд 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Kia Sportage” маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Г г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 дүгээр тал/,

 

Хохирогч Л.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр би 16 цаг өнгөрч байхад ....-н ажлаа тарчхаад гэр лүүгээ явж байгаад Жуковын талбайн баруун талын машины замаар урдаас хойд зүг рүү чиглэн явж байсан. Тэгтэл миний баруун гар талаас гэнэт л нэг юм мөргөх шиг болсон. Би хөл муутай болохоор хойшоогоо савж унаад толгой эргээд явчихсан. Би машинд мөргүүлсэн гэдгээ ойлгоогүй. Газарт толгой манараад хэвтэж байхад нэг эмэгтэй хүн ирээд би таныг ёстой харсангүй, уучлаарай гээд байсан. Тэгээд байж байтал миний баруун хөл өвдөөд байсан ба түргэн тусламж дуудуулаад түргэний машинаар ГССҮТ рүү явсан. ГССҮТ-д үзүүлэхэд баруун хөлийн шилбэ хэсэгт хугарал, бяцралтай байна гээд намайг эмнэлэгт хэвтүүлээд хагалгаанд оруулаад, хугарсан ясыг нь хадуулсан. Миний баруун хөлийн түнх төрөлхийн мултралтай, эмчилгээ хийлгэж байгаагүй. Тийм учраас ер нь хурдан түргэн алхаж явж чаддаггүй, удаан явдаг. Би тухайн үед урдаас хойд зүг рүү зам гарах гээд явж байсан. Тэнд явган хүний гарц ойрхон байсан гэдгийг бол би мэднэ. Гэхдээ хөл муу болохоор хол алхахад хэцүү байдаг учраас би амьхандаа товчилж гарсан юм. Цаг агаар дулаахан тогтуун байсан. Замын нөхцөл байдал хөдөлгөөн сийрэг, ачаалал бага байсан. Би тухайн үед тэр машиныг ирж байгааг хараагүй. Чигээрээ явах гэж байгаа юм байна гэж бодсон, эргэх гэж байна гэж бодоогүй. Дохио өгсөн зүйл байхгүй байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Гомдолтой байна. Эмчилгээ хийлгэхэд шаардлагатай эм, тариа авсан зардал, мөн ажил хийдэг байсан хугацааны орлого, намайг асарч сахиж байгаа охин Тунгалагийн цалин, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Иргэний нэхэмжлэгч С.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г  нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,957,454 төгрөг гарсныг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6595 дугаартай: “...Л.Г гийн биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-25 дугаар тал/,

 

2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 54-56 дугаар тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 947 дугаартай: “...Явган зорчигч Л.Г  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Жолооч О.О  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй...” гэх магадлагаа /хх-ийн 30-31 дүгээр тал/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 554119 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-40 дүгээр тал/,

 

Хохирогч Л.Г гаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 71-118 дугаар тал/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр Л.Г гийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлийг тогтоов" гэх хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 119 дүгээр тал/,

 

Шүүгдэгч О.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 40 минутын үед өөрийн эзэмшлийн Kia Sportage маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод 2 хүүхдийнхээ хамтаар Жуковын музейн хойд талын Улаанбаатар шуудангаас гараад Жуковын талбайн хойд замаар явж байгаад зүүн гар тал руугаа урд зүг рүү эргээд төв зам руу орох гээд явж байсан. Яг эргэх үед баруун гар талаас ирж байгаа машин байна уу гэж харчхаад өөр хөдөлгөөн байна уу гэж харахад ямар нэгэн машин болон явган хүн харагдаагүй. Тэгээд зүүн тал руу эргэх үед гэнэт нэг хүн гараад ирэхээр нь би хараад шууд тормос гишгэхэд түг гэх чимээ гараад нөгөө хүний толгой хэсэг нь надад харагдаад алга болчихсон. Би зогсоод буугаад очиход тэр эмэгтэй хүн газарт машинаас зайдуу дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би гар утсаа машинаас аваад 103 дугаарт дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О гээс: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч О.О  нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Жуков”-ын талбайн баруун хойд талын замд 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Kia Sportage” маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Г г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Л.Г хохирлын баримтаар 684,089 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг 3-р зэрэглэлээр нэхэмжилсэн...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Гүрдоржоос: “...2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр болсон гэмт хэргийн ослын улмаас буюу хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсны улмаас хохирогч Л.Г гаас 1,777,000 төгрөгийн хохирлын нөхөн сэргэх зардал гараад байгаа. Дээрээс нь хохирогчийн сэтгэл санаанд учирсан гэм хорыг гуравдугаар зэрэглэлээр тогтоосон мөрдөгчийн тогтоолд талууд маргаж байгаа учраас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилж байгаа. Мөн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу Л.Г г ажилгүй байсан хугацааны хөлсөд 3,805,592 төгрөгийг тус тус нэхэмжилж, нийт 9,873,481 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс шүүгдэгч нь шүүх хуралдаан болохоос өмнө 1,770,889 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 7,995,592 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэдгээ илэрхийлж талууд хэлцэл хийсэн. Тийм учраас талуудын хэлцэл хийснийг шийтгэх тогтоолд дурдаад өгөхийг хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч О.О , түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 947 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.Г гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэж;

Мөн мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 947 дугаартай магадлагаанд: “...Жолооч О.О  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж тус тус дурджээ.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.О гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй, зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Иймд шүүхээс шүүгдэгч О.О г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас Л.Г гийн эрүүл мэндэд хохирол учирсан байх бөгөөд эмчилгээ хийлгэсэн зардал, хор уршигт нийт 9,873,481 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүхийн шатанд 1,770,889 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан, үлдэх 7,095,592 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэдгээ илэрхийлж талууд хэлцэл хийсэн талаар шүүгдэгч, хохирогч нар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчээс хохирол, хор уршигт нийт 7,095,592 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгчээс 1,957,454 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:  

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч О.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгөөс: “...Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэхгүйгээр албадлагын арга хэмжээ авах заалт байдаг. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, зөрчлийн шийтгэл авч байгаагүй байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг бага оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч О.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч О.О гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59, 61 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 67 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч О.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, эрүүл мэндтэй холбоотой хохирол төлбөрийг төлж барагдуулсан, төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч О.О г дээрх хугацаанд байнга оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “...хорих ял оногдуулахгүй тэнсэх эсхүл торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь “...торгох, ...нийтэд тустай ажил хийлгэх, ...зорчих эрхийг хязгаарлах ял...” оногдуулах сонгох санкцтай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалт нь “...хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт...” хэрэглэх хуулийн зохицуулалт тул тус гэмт хэрэгт хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй...” гэж заасан.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байх бөгөөд хохирогчийн хохирол бүрэн барагдаагүй байхад шүүгдэгчид торгох ял оногдуулах нь гэр бүлийн бусад гишүүнд ял халдаах үндэслэл болох бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх үзсэн болно.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.О  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О д шүүхээс оногдуулсан байнга оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч О.О д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

            6. Тус битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.О  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.О гээс 7,095,592 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Г д, 1,957,454 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгосугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.           

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.